iNet.mn дагах

Д.Эрдэнэбилэг: Хатуу цагийн шалгуурыг давсан бүхэн БААТРУУД

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Сэтгүүлч Б.Ганчимэгийн түүнтэй хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-ы өнөөдрийн буюу 2019 оны гуравдугаар сарын 15-ны Баасан гарагийн дугаарт хэвлэгдсэнийг бид тус сонины ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа хүргэж байна.
НЭГ. ЗЭЭЛ ОЛГОНО ГЭДЭГ ЧИНЬ БАНКНЫ БАЙНГЫН АЖИЛ БИЗ ДЭЭ
-Миний хувьд онцгой уулзалт тохиож байна. Учир нь та ярилцахыг ихэд хүсэж байсан зочин төдийгүй олон нийтийн таньж мэдрэхийг хүсэж байгаа, тайлбар хүлээж байгаа хүн шүү дээ. Бидний уулзалт таны бизнесийн амьдралын тун сонирхолтой, нэг талаас давалгаа савлагаатай үед болж байна. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа.
-Би анх удаа л сэтгүүлчтэй уулзаж, ярилцаж байна. Тэгэхээр надад энэ талын туршлага байхгүй. Ер нь нэг их юм яриад явдаггүй болохоор жаахан тааруухан зочин чинь болох байх шүү. (инээв)
-Хэд хоногийн өмнө улс орон даяар сүр дуулиантайгаар таныг болон ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Гэтэл энэ нь шүүхийн зөвшөөрөлгүй ажиллагаа байсан болж таарав уу?
-Тэгсэн.
-Шинэ нийгмийн босго алхангуут нэг гараанаас гарцгааж, шилжилтийн үеийг даван өнөөдөрт хүрсэн бизнесмэнүүдээс ер нь баригдаж хоригдоогүй хүн байхгүй шахам. Өмнө нь танд ийм юм тохиолдож байсан уу?
-Янз бүрийн л юм үзэж туулсан. Яг ийм зүйл бол болж байгаагүй.
-Манай ялгуусан хоёр том нам чинь таалагдахгүй, үгэндээ орохгүй байгааг нь “Ганц худаг”-т хорьж байгаад нугалж авдаг практиктай шүү дээ.
-Арван жилийн өмнө бас нэг бужигнаан болж байсан. Бараг хоёр гурван жил үргэлжилсэн дуулиан явсан байх. Та санаж байгаа биз.
-Худалдаа хөгжлийн банк (ХХБ) тойрсон дуулианы үе байх аа?
-Тийм. ХХБ-ыг худалдан авсан үед.
-Тэгэхэд таныг хориогүй биз дээ?
-Үгүй.
-Сая бол их л сүржин юм болох шиг боллоо. Хэвлэл мэдээллийнхэн ч бэлэн. Хуулийн дагуу бол та бүхэнд зарлан дуудах ирсэн байх ёстой. Дуудахад нь очоогүй юм уу. Яагаад гэнэт ийм үйл явдал болов?
-Зүй нь бол тийм. Зарлан дуудах ирүүлээгүй л дээ.
-Дуудаагүй гэж үү?
-Дуудаагүй.
-Та үнэн хэлж байна уу?
-Тийм ээ, үнэн.
-Дуудалгүй байж байгаад шууд нэг өглөө л баривчилчихдаг?
-Тийм л юм боллоо. Ямар нэг тайлбар ч хийлгүйгээр л... Засгийн газрын эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан хэргийн шүүх хурал болсон өдөр энэ баривчилгаа нь явагдлаа. Үүнийг би 51 хувийнхаа эзэмшил дээр төрийнхний өерсдийнх нь хийсэн тэр маапаантай хэрэгтэй нь холбоотой зориудын давхцал гэж бодож байгаа. Хоёр дахь юм нь нөгөө сонгууль гэдэг нь ойртож байгаагийн шинж юм болов уу. Үе үеийн сонгуулиар аль аль нам нь л хэдхэн аж ахуйн нэгжээ тойрч, элдэв юм хийж гүйдэг дээ.
-Барьцааны хөрөнгө байршуулах, хилийн хориг тавих гэх мэт уламжлалт технологийн дагуу суллагдав уу?
-Бид гомдол гаргасан. Тэгээд улайм цайм хууль бус үйл ажиллагаа явагдсан учраас шүүхээс таслан зогсоосон. Шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тогтоол гаргасан нь өөрөө Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн явдал болжээ гэсэн дүгнэлт гарсан байна билээ.
-Мэдээж таны хэмжээний хүнд санаа сэтгэлийн тэнцвэрээ алдах мэтийн асуудал байхгүй байх. Гэхдээ гэнэт л тийм зүйлтэй тулгарахаар ямархуу мэдрэмж төрөх юм. Баахан хар машинууд ирээд л, гав гинж болоод явчихаар?
- Ямар л олигтой сэтгэгдэл төрөв гэж.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан сэдвээр л асуух юм уу. Эсвэл өөр зүйлс ч байв уу?
- Үнэндээ юу ч ойлгосонгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь гэх сэдвээсээ илүү эрх мэдлээ хэтрүүлэн нэг компанид давуу байдал олгож, санхүүжилт олгосон гээд байна лээ. Би үүнийг нь ерөөсөө ойлгоогүй.
-Өөрийхөө компанид зээл олголоо гээд үү?
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан компанид гэсэн үг.
-"Монголын зэс” корпорацид?
-Тийм.
-Эрх мэдлээ хэтрүүлсэн тухай заалт ихэвчлэн албан тушаалтнууд дээр хөндөгддөг биз дээ?
-Миний гайхаад байгаа нь энэ л дээ. Хувийн банк хувийн хэвшилд зээл олгосон, манайх чинь төрийн компани ч биш. Төрийн банк ч биш шүү дээ. Энэ процесс манай өдөр тутам л хийдэг ажил. Зээл олгоно гэдэг чинь банкны бидний байнгын ажил биз дээ.
-Одоо хоёулаа шууд л ярья. Мэдээж “Монголын зэс корпораци” таных гэдэг нь ойлгомжтой?
-Яг минийх гэж хэлж бас болохгүй байх. Банк тэдэнд санхүүжилт өгсөн. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Энэ нь хэлцлийг үндсэндээ банк удирдаж хийсэн гэсэн үг.
-“Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсын цорын ганц том үйлдвэр байж ирсэн. Тэжээгч маань байлаа шүү дээ. Өнөөдөр ч улс орны ачааг хуваалцсаар байгаа. Тэр үйлдвэрийн гадны эзэмшилд явсан 49 хувийг та бүхэн аваад ирж. Энэ 49 хувь хэзээ ч Монголын өмч байгаагүй. Оросуудын л өмч байсан. Оросууд олон жил энэ хувийг Төрийнхөө мэдэлд байлгасан. Дараа нь хувийн хэвшилдээ өгсөн.
-Яг зөв.
-Тэр алдарт 49 хувийг та нар авчээ. Ийм юм болно гэж хэн ч зүүдлээгүй. Манай талд бөөн дуулиан босож ирсэн.
-Зүүдлээгүй нь үнэн байх.
-Хэн, яаж авч ирэв. Ямар гэрээ хэлцэл хийгээд, хөрөнгийн юун эх үүсвэрээр энэ нөхдүүд олоод ирэв гээд л. Хоёр нам хоёулаа энэ үйл явдлаас ашиг олох гэж улайрсан. Эрх барьж байсан АН-ыг ялагдал хүлээхэд энэ 49 хувийн асуудал том түлхэц өгсөн ч гэж зарим нь дүгнэдэг
-Намуудын ялалт, ялагдалд нөлөө үзүүлсэн гэдэг тухайд би сайн мэдэхгүй байна. Би улс төр судлаач биш учраас. Хийсэн хэлцлийн хувьд бол дэлхийд үйлчилдэг тэр стандартын дагуу л болсон.
-Гадны улсын өмчлөлд байсан хувийг Монголд аваад ирсэнд нь хүмүүс уурлахгүй байгаа. Бухимдал нь худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг л тойрч байна.
- Асуудал юундаа байсан юм гэхээр оросуудын зүгээс энэ үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй юм аа гэдэг дүгнэлтээ нэгэнт гаргачихсан. Тэд 37 жилийн ТЭЗҮ-тэйгээр баригдсан, хоёр улсын хамтарсан энэ үйлдвэрийн өөрсдийн мэдэлд байсан 49 хувийг 37 дахь жил дээрээ л зарсан хэрэг.
-Үндсэндээ оросууд манайхны очиж тонодог, шамшигдуулдаг, дүрэмгүй тоглоомноос салахыг хүсэж. Нөгөөтэйгүүр тэдний хувьд сүйдтэй ашиг байхгүй нэг төслөө л арилжсан гэж үү?
-Үйлдвэрлэлээс хуваарилагдаж байгаа, олж байгаа ашиг гэж тэдэнд байгаагүй гэхэд хилсдэхгүй. Лав сүүлийн 20 гаруй жилд. Түвэгтэй харилцаа нүүрлээд удчихсан. Эд чинь хоёр гурван жил хурлаа хийж чадахгүй хэрэлдэцгээгээд сүйд болсон юм шүү дээ. Сүүлдээ Ерөнхийлөгчийнх нь айлчлалаар хүртэл хөндөгдөж байсан. Путин Монголд айлчлахдаа "Эрдэнэт”-ийн асуудлаар байр суурь илэрхийлж байсныг санаж байгаа биз дээ. Учраа олж чадахаа байсан, ойлгомжгүй ийм байдалд тэр үйлдвэр маш удсан. Үндсэндээ энэ хувийг зарах шийдэлд тэд эрт хүрцгээсэн гэсэн үг.
2015 оны арваннэгдүгээр сард Оросын Засгийн газрын дэргэдэх Төрийн өмчийн хорооноос “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийг “Ростех” компанид шилжүүлэн өгөх тогтоол гарсантай холбогдуулан манай УИХ тогтоол гаргасан. “Ростех" компанийг өөрийн өмчийн менежментийг худалдан борлуулах бүрэн эрхтэй өмчлөгч гэдгийг Хууль зүйн яам болон хуулийн зөвлөгөө үзүүлсэн компаниуд нь нотолдог.
2016 оны зургаадугаар сарын 2-нд ОХУ-ын Ерөнхий сайд Медведев, Ерөнхийлөгч Путинтэй зөвлөлдсөний дагуу ОХУ-ын эзэмшиж буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдах захирамж гаргасан байдаг.
Энэ захирамжинд ОХУ-ын Хууль зүйн яамны сайд, Худалдааны сайд, Сангийн яамны сайд нар болон бусад холбогдох албан тушаалтнууд нь бүгд оролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. ОХУ-ын Хууль зүйн яамнаас ирүүлсэн бичигт “Ростехнологи” компани өөрөө энэ хэлцлийг хийх бүрэн хуулийн чадамжтай гэж цохон тэмлэглэсэн байгаа.
ХОЁР. ДУУГҮЙ БАЙХ НЬ БУРУУТАЙН ШИНЖ ГЭЖ БИ ҮЗДЭГГҮЙ
-Монголд тодорхой зиндаанд оччихсон цөөн боловч группүүд байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах болжээ, худалдаж аваач гэдэг саналыг дотооддоо нээлттэй тавьсангүй гэж тэр үеийн Засгийн газрыг бас шүүмжилдэг. Бүр анх худалдаж авах саналыг аль талаас та бүхэнд тавьсан юм бэ?
-Зарах гэж байгаа компани нь ОХУ-ын компани. Тэр дундаа өндөр технологийн компани. Тийм болохоор нээлттэй байх эсэх нь тэд нарын л шийдэх асуудал. Өмчөө зарах гэж байгаа хүн тодорхой нөхцөл тавиад, тэрийгээ биелүүлсэн л байвал арилжаа хийгдэнэ. Энэ хэлцлийн явц удсан шалтгаан юу юм гэхээр оросуудад авахаар санал тавьсан өөр орны компаниуд байсан. Тэдэн дээр монголчууд нэмэгдээд ороод ирсэн. Бид бас сонирхож байна аа гээд. Ердөө л энэ.
-Оросын тал танайд “Та нар аваач” гэдэг хүсэлт тавьсан гэж сонссон юм?
-Тодорхой мэдээлэл бидэнд ирсэн. Оросууд зарахаар шийдэж байгаа юм байна гэж. Тэгээд “Монголын зэс корпораци” худалдан авах хүсэлт тавьсан л даа. Энэ үед Казахстан, Хятадын компаниуд мөн санал тавиад, оросуудтай ажиллаад эхэлчихсэн байсан. Энэ нь өөрөө үнийн их өрсөлдөөнийг бий болгосон. Анхны “Монголын зэс корпораци”-ийн өгсөн үнэ бол ийм үнэ байгаагүй, 200 орчим сая доллараар авчихаж болох юм гэсэн тооцоотой байсан. Гэтэл явцын дунд үнэ өсчихсөн. Хэлцэлд оролцогч талуудын өгч байгаа үнийн саналууд нэмэгдээд байсан учраас үнэ дээшээ өссөн л дөө. Тэр өсөлт нь 400 сая ам.доллар орчим дээр хүрч зогссон. Энэ нь “Монголын зэс корпораци”-ийнхны хувьд авахад бараг хэрэг байна уу даа гэдэг түвшинд л очсон юм. Гэхдээ авах гэж байгаа залуу хүмүүсийн хувьд бол авахаа л боддог болохоос өндөр намаа мэдэхээ больчихдог юм л даа. Энэ чинь яг дуудлага худалдаа яаж явагддаг тэр л зарчим шүү дээ. Асуудал юун дээрээ хүндэрсэн гэхээр нэгдүгээрт, үнэ өссөн. Хоёрдугаарт, Оросын тал төлбөрийн 50 хувийг төлчих юм бол бусдыг нь зээл хэлбэрээр өгч болно оо гэсэн юм. Өөрөөр хэлбэл, “Ростех” корпораци гурван жилийн дотор цувуулаад төлж болно гэх нөхцөл санал болгосон.
-Ер нь бол уг үйлдвэрийн 51 хувь Монголын талд байдаг учраас монголчууд нь авчихаасай гэж дэмжих тал оросуудад байсан байж болох юм.
-Магадлалтай. Уг хувийг авах шийдэл гаргасан монгол компанийн түших давуу тал бол тэр мөн. Бусад өрсөлдөгч талууд бол том айлууд байсан. Хөл дээрээ зогсчихсон, Төр нь оролцоотой ийм компаниуд байгаа учраас мөнгөний асуудал тэдэнд байгаагүй юм. Манай залуусын тавьсан 200,0 сая орчмын санал гэдэг бол яав ч тэр хувийг олж авч чадахгүй үнэ байсан. Авъя гэж үнэхээр зүтгэж байгаа юм бол тэдний өгсөн үнийг давуулж өгөх л арга байсан. За яахав, тийм түвшинд очиж өрсөлдье гэж шийдэж болно.
Үнэндээ мөнгийг хоёр хувааж төлнө өө гэдэг нь өөрөө “Монголын зэс”-ийн хамгийн сонирхож байсан хэсэг нь л дээ. Өөрсдийнхөө мөнгөний хэмжээндээ таарсан тал мөнгийг нь төлчихөөд, үлдсэнийг цувруулж төлөх нөхцөл байгаад байна шүү дээ.
-Зүтгэхээс аргагүй, боломжийн хувилбар?
-Одоо тэгээд яахав дээ, ажиллацгаасан. Монголд 400 сая доллар тэвэрчихээд юу авдаг юм билээ гээд явж байдаг компани бий юу. Ойрын үед лав байхгүй дээ. Тийм учраас нөгөө л мөнгөндөө захирагдсан. Талыг нь зээлээр авах боломжтой болсон. Нийт 400.0 сая ч яахав дүүрч, авна гээд зүтгэдэг юм байж. Хэлцэл цаашаа өрнөсөн. “Baker McKenzie” гээд Лондоны том хуулийн фирм бий. Олон улсын том гэрээ хэлцлүүдэд байнга ордог. Оросын талаас тэрииг авсан. Монголын талаас “Skadden” гээд Америкийн 1,800 орчим хуульчтай том компанийг хөлсөлж авсан. Ингэж хуулийн үйчилгээ үзүүлэх гэрээнүүд хийгдсэн.
ХХБ анхнаасаа энэ бол олон улсын том хэлцэл, тиймээс тэр стандартаар л явах шаардлагатай гэж үзэж, өөрийн шаардлагуудаа тавьж байсан. Тэр дагуу “Skadden” гэж Америкийн компанийг тэд авсан. Энэ бүхэн чинь бүгд ажлын явц шүү дээ. Гэтэл энэ үеэр Орос маань өөрөө эмбаргонд орчихсон байсан. Олон улсын хоригт орсон байсан. Тэгэхээр хориг тавиулчихсан айлтай харьцаж бизнес хийнэ гэдэг өөрөө ухаан зарсан асуудал болсон л доо. Сайн зөвлөхүүдийн л хүчээр хийж дуусгах ажил.
Тэр үед мөнгө хаанаас, яаж олох нь чухал байсан болохоос үүний дараа эх орондоо ирээд ийм зүйлстэй учрана гэж хэн ч бодоогүй
Ингээд ажиллаж байтал хуулийн зөвлөгөө өгч байсан айлууд нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн. Та нар төлбөрийнхөө 50 хувийг нь өгчихөөд, үлдсэн 50 хувийг нь цувуулж төлөх нөхцөлтэй ажиллавал олон улсын хууль дүрэм зөрчих буюу санхүүжилт хийсэн гэсэн ангилал руу орчих юм байна. Төлбөрөө 100 хувь төлөөд авчих юм бол худалдан авалт гэж үзнээ гэж. Олон улсад мөрдөгддөг зарчим тавьж байна шүү дээ. За, ингээд нэг бол бүгдийг нь төл, үгүй гэвэл баяртай гэсэн хоёр л ойлголт үлдлээ дээ. Тэр үед мөнгө хаанаас, яаж олох нь чухал байсан болохоос үүний дараа эх орондоо ирээд ийм зүйлстэй учрана гэж хэн ч бодоогүй. Уг нь Оросын банк өөрөө зээл олгоё л гэсэн. Нэгэнт Оросоос Оросын өмчийг худалдаж авчихаад ахиад Оросын банкинд барьцаалах нь бидний хүсээгүй зүйл байсан.
Хэлцэл амжилттай дуусах нь чухал байсан, хугацаа богино байсан. Асуудлууд ар араасаа дагаж гарч ирсэн. Үнийн дүн өссөн, бүтэн төлбөр хийж дуусгахаас өөр хуулийн гарц байхгүй байсан учраас нэмэлт санхүүжилтийн асуудал яригдсан. Нэмэлт санхүүжилтийг ХХБ нь хуулийн хүрээнд шийдвэрлэж, мөн зөвөлгөө өгсөн. Энэ болгоны ард дүгнээд үзэхээр бид дуугүй байсан л харагддаг юм. Үүнээсээ болоод мөн буруутан болж харагдаад байгаа юм. Гэхдээ дуугүй байх нь буруутайн шинж гэж би үздэггүй л дээ.
-“Монголын зэс корпораци” бол ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, тухайн үед байгуулагдаад хэдхэн сар болж байсан, тоглоомын компани. Хэн ч ойлгомжтой зүйл дээр л ингээд цэмцгэр юм яриад байна гэж та бид хоёрыг хүмүүс шүүмжлэх биз ?
-Хүн юм авах шийдвэрт хүрч байгаа бол компани байгуулна, тийм үү. Юу ч авахгүй мөртлөө тамга тэмдэг бариад хаагуур, яах гэж гүйх юм бэ. Хэлэлцээрт орох л зорилгоор “Монголын зэс корпораци” гэдэг компани байгуулагдсан. Нүүрс авах гэж байсан бол “Монгол нүүрс” гэдэг нэртэй байх байсан байх л даа. Энд би хүн эргэлзэх зүйл байгаа гэж боддоггүй.
-Олон улсын түвшинд буюу тэнд үйлчилдэг хууль тогтоомжийн хүрээнд явагдсан зүйл л гэсэн хариулт уу ?
-Яг үнэн. Энд бол нэр хүнд болоод туршлагын хувьд ХХБ оролцож ажиллахаас өөр арга байгаагүй. Дахиад хэлэхэд Оросоос аваад Орост нь барьцаалж яахав дээ л гэсэн юм ш дээ. Тэгээд ч ХХБ-ны зөвлөгөө өгөх үйлчилгээ, санхүүжилтийг нь шийдэх гэрээ байсан учраас бид өгч болох хэмжээнийхээ зээлийг өгсөн. “Монголын зэс корпораци”-ийн санхүүжилт гурван зүйлээс бүрдэж байгаа. Өөрийн хөрөнгөөсөө бүрдэж байгаа, банкнаас авсан зээлээс бүрдэж байгаа. Бусад компаниудаас авсан зээлээс бүрдэж байгаа.
-Гэвч мөнгө угаалт явагдсан, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, луйвар хийсэн гэж буруутгаж байгаа?
-Би бол үүнийг анхнаасаа л улстөржилт гэж хардаг. Түрүүн надаас та асуусан шүү дээ. Сонгуулиар л пижигнэлдсэн, намууд өөр өөрсдийн эрх ашигт нийцүүлж ашигласан гэж. Уг нь сонгууль л болж байгаа болохоос дайн болоогүй байх л даа . Ялахын донд автсан улстөрчид цаадах наадахыг бодоогүй. Ёстой юу дуртайгаа хамаагүй л хийсэн. Тэрийгээ их хорлонтой хийсэн. Сонгуулийн сурталчилгаа хаачихсан мөчид л Төрийн мэдэлд байдаг 51 хувийн маань 49-ийг нь зарчихжээ гэж бүр цацсан шүү дээ.
-Санал хураалтын өмнө.
-Тийм. Тэр үед хүмүүс 51 хувийнх нь 49-ийг нь зараад Монголд хоёрхон хувь нь л үлдсэн юм байна гэж ойлгоцгоосон. Эд нарын сонгуулийн тоглоомынх нь пиар болж хувирсан л даа. Үр дүнд нь пиар хариуцан ажиллаж байсан хүн нь хүртэл сайд болсон шүү дээ. Нам дээрээ гавьяагаа үнэлүүлсэн нь тэр л дээ. Бүх гэрээ хэлцэл олон улсын стандартаар явсан. Банкны хувьд угаасаа л байнгын явуулдаг үйл ажиллагаа. Зээлийн үйлчилгээ гэдэг бол манай үзүүлж байгаа санхүүгийн 100 гаруй төрлийн үйлчилгээний л нэг. Юмыг албаар мушгин гуйвуулж, ард иргэдийнхээ тархийг угаадаг нь угаасаа эдний үндсэн, бараг төрмөл гэмээр арга барил нь юм билээ л дээ. Би түрүүн танд хэлсэн. Яахаараа хувийн банк, хувийн компанид зээл олгохоор хууль зөрчсөн болох вэ гэж.
-Энэ их мөнгө “Монголын зэс корпораци”-д хэрхэн яаж төвлөрснийг л тойрч хэрэлдээд байгаа шүү дээ. Монголбанк хууль зөрчиж зээл өгсөн гэж улстөрчид толгой дараалан буруутгаж байгаа. Зээл гэж бүр томьёолдог шүү?
-Засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мэдээж энэ хөтөлбөр УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр батлагдсан байж таарна. Экспортыг дэмжих, импортыг орлох, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд л дээ. Олон компани ч авсан байх. Буруу санаагүй бол бараг бүгд л хамрагдсан. 1,000-аад компани авсан байдаг. “Монголын зэс корпораци” аль ч хөтөлбөрт нь хамрагдаагүй. Төрөөс мөнгө аваагүй. Аваагүй гэдгийг нь нотолсон баримт бичгийг Монголбанк, Сангийн яам, Төрийн банк, Хөгжлийн банк бүгд л уг нь хуулийн байгууллагуудад ирүүлсэн байгаа. Валют оруулж ирж байгаа юу, валют хэмнэж байгаа юу. Валютыг орлох зүйл үйлдвэрлэж байгаа юу гэсэн асуултууд л тавигдана. Угаасаа энэ хямрал гэдэг зүйл чинь 2008 оноосоо хойш одоог хүртэл үргэлжилж л байгаа шүү дээ.
-400.0 сая доллар гэдэг бол үнэхээр том тоо. Маш том ачаалал. Монголынхоо өөр групптэй хамтрах тухай бодол байгаагүй юу ?
-Тэр талаар бодоогүй дээ.
-Тийм үү. Та ерөөсөө хүнтэй хамтардаггүй юм биш үү?
-Хамтардаггүйдээ биш юм. Өөрийхөө сайн мууг хүн өөрөө үүрэх нь л сайхан биз дээ.
-Тодорхой ажиглагчид Монголбанк энэ төслийн түшиц нь байсан, хуйвалдаан явагдсан гэх хатуу байр суурьтай. Засгийн газрын зарим гишүүд нь, УИХ-ын гишүүд нь ил тод ингэж мэдэгддэг. Мэдээж та бүхэн тайлбараа хэлсээр. Гэвч нөхцөл байдалд ахицтай үзүүлэлт гарахгүй байна. Зээлийн тоолуур эргэсээр...
-Түрүүний хэлдэг л дээ. УИХ-ын баталсан, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг Засгийн газар л шийддэг. Төв банк арилжааны банкуудаар дамжуулж л хөтөлбөрүүдийн санхүүжилтийг олгодог. Аль компани ямар банкинд данстай байна түүгээрээ авна. ХХБ-аар бас олон айл дамжиж авсан байгаа. Тэр хөтөлбөрт гэхэд нэлээн олон банк оролцсон. Миний санаж байгаагаар зургаа долоон банк оролцсон. Нэг удаагийнх ч биш, олон удаагийн төсөл хөтөлбөрүүд бий. Экспортыг дэмжих гэдэг дотроо л олон задарна. Энэ хөтөлбөрийн мөнгө өөрөө ХХБ болон бусад банкуудаар дамжиж л орж, гарсан. Компаниуд авцгаасан. Жишээ нь, манай дээр гэхэд хамгийн том хэл ам болоод байгаа хоёр айл байж л байна лээ. Бүгд л авах ёстой журам дүрмийн дагуу авцгаагаад явцгаасан.
-Төрийн мөнгө гэдэг ойлголт юу юм гэдгээс эхлээд оюутны лекц шиг тайлбарласаар 20 жилийг барлаа гэж нэг улстөрч хэлж байсан нь санаанд орж байна.
-Төрийн мөнгө гэж энэ хүмүүсийн яриад байгаа чинь дээрх хөтөлбөрийг л хэлээд байгаа юм билээ. Хэрэв төрөөс авсан байсан бол адаглаад хаа нэг газраа сох дутна шүү дээ. Уг нь төрд байгаагүй зүйлийн тухай л хоёулаа яриад байдаг. Санаатай, санаагүй андуурал их том явдаг л даа. 49 хувийн асуудал дээр гэхэд хувьчлал гээд л ярьж бичицгээх юм.
-Худалдан авалт шүү дээ гээд ахиад тайлбарлаад байж дээ.
-Тэгэхээр энд хувьчлагдсан юм ерөөсөө байгаагүй. Гадаадынхны эзэмшиж байсан хувьцааг л монгол компани худалдаж авсан асуудал.
-“Эрдэнэт”-ийн бодит байдал юу юм гэдэг талаар ярья. Анх энэ үйлдвэрийн ТЭЗҮ нь 37 жилийн нөөцтэй гэж хийгдэж байжээ. 37 жил өнгөрчихлөө. Яг энэ огноон дээр нь үйлдвэрийн 49 хувь нь Монголд ирлээ. Энэ мэдээж гоё үйл явдал. Гэвч бөөн “байлдаан” босож ирсэн. Тэгэхээр яг юун дээр бооцоогоо тавьсан юм бэ?
-Ахиад энэ жишээн дээр хэлье. Хүсэл мөрөөдөл том байж болно. Гэхдээ байгалийн тогтцод л захирагдана даа. Одоогоор бол 10-аад жилийн нөөц байгаа. Нөөц нэмэгдэнэ гэж тооцсон гэсэн үг. Үйлдвэрлэлийн ашигтай юу, үгүй юу гэдэг асуудал л чухал. Яахав агуулга нь анхны байсан ТЭЗҮ-д тусгагдсан үеэсээ гурав дахин унасан байгаа л даа. Зардал нь их өндөр яваа юм. Нэг тоннын өртөг нь 5,000 орчим доллартай яваа байх. "Оюу толгой"-н жишээ бол 2,200 орчим доллар байдаг.
-51 хувийг эзэмшигч тал буюу төртэй үл ойлголцсон түвэгтэй байдал гурван жил шахам үргэлжилж байгаа ч хувийн хэвшил орж ирснээр татвар төлөлт өндөр өсөлттэй байгаа.
-Аль ч хувийн хэвшил зардал дээр их анхаардаг. Дээр нь мэдээж таны хэлж байгаа үзүүлэлт өөрөө юуг хэлж байна вэ гэхээр олон жил нүүрлэж ирсэн замбараагүй, санхүүгийн сахилга батгүй байдлын дүнд ямар их нөөц боломж байсан байна вэ гэдэг л гарч ирж байгаа хэрэг. Нөгөө аймшигтай шахааны асуудлууд яригданаа даа. Уг нь тэр явдал ил болоод удаж байгаа зүйл шүү дээ. Ярьдаггүй л байсан болохоос бүгд л мэддэг байсан явдал.
-Олон жил амь бөхтэй байсан тэр далд амьдралын сувгийг боогоод ирэнгүүт л ийм том цохилт ирж байна гэж дүгнэж болох уу?
-Дарга нар, улстөрчдийн эрх ашиг л их томоор хөндөгдөж байна л даа. Хувийн компани мэдээж үр ашигтай ажиллах гэж зүтгэнэ. Энэ залуучуудын алдаа бий. Үнэн. Орж ирээд хэтэрхий сайн ажиллах гэж оролдсон. “Эрдэнэт” жилд 400 орчим тендер зарладаг болсон. Үндэсний компаниуд оролцдог болсон. Энэ нь залуучуудын буруу болсон юм даг уу даа. Урд нь жилд нэг, хоёрхон л тендер зарладаг байсан даа.
Мэргэжлийн өндөр чадвартай залуучууд хувьцаа худалдан авсаныхаа төлөө хулгайч дээрэмчнээрээ өчнөөн дуудууллаа. Хөшөө мөшөө босгох нь ч яах вэ. Эх оронч байсных нь төлөө төр урмын ганц үг хэлчихэд л болох юм л даа.
-“Эрдэнэт” үйлдвэр дээр 49 хувийг төлөөлж ажиллаж байгаа баг яг бүтэн утгаараа байгаа юм уу?
-“Монголын зэс” өөрсдөө ажиллаж байгаа. Гэхдээ хяналт тавьж, ТУЗ-ийн түвшинд л ажиллаж байгаа. Энэ хэрчихсэн ужиг байдал өөрчлөгдөх шинжгүй юм байна л даа. Хүссэнээр компаниа удирдах тийм боломж бол байхгүй юм билээ.
-10 жилийн өмнө та ХХБ-ыг гадныхны эзэмшлээс авч ирсэн. Мөн л бөөн дуулиан, шуугиан болсон.
-Санхүүгийн зах зээл дээр ажиллаж эхлээд олон жил болж байна. Анхны банк маань их жижигхэн банк байсан. “Интер” банк гээд. Тухайн үед би багавтар мөнгөөр л хувьцаа авч байсан. Дараа нь 2003 онд “Улаанбаатар” гэж банк дампуураад, шинээр ахин үүсгэн байгуулагдахдаа хөрөнгө оруулагч хайж байсан. Тэгээд би дүрмийн санд нь 50 хувийнх нь мөнгийг оруулсан. Энэ бол хоёр дахь банк.
Угаасаа би улстөрчдөөс асууж бизнес хийх тухай ойлголтгүй хүн
Бид босгож ирэх гэж нойр хоолгүй л ажилласан. Шөнө болгон л гэрэл асаалттай байдаг байлаа. Орох овоохой, барилга байшин ч байсангүй. Тэгж байж анх өөрийн гэх таван давхар жижиг байшинг энэ талбайн хажууд барьж байсан даа. Шатныхаа чулуу болгоноо бид өөрсдөө зөөсөн. Тэр бол хэцүү цаг байсан. Хүнд үе. Санхүүгийн бизнес гэдэг бол хүний тамир шавхсан ажил. Дараагийн шат руу ахихын тулд ямар нэгэн шинэ хэлцэл хийх шаардлага гарч ирж байгаа юм. Тэгээд тэр үеийн ХХБ-ны хувь эзэмшигч талд санал тавьсан.
Анх санал тавихдаа бас ч тийм боломжтой зүйл гэж бодоогүй. Уйгагүй ажилласны дүнд хэлэлцээрт орсон. Үнийн дүнгийн хувьд өндөр орж ирсэн. Тухайн үедээ бол нэлээн том дүнгийн хэлцэл болсон.
Бараг 70,0 орчим сая долларын хэлцэл болсон юм даг. Энэ нь Монгол Улс гаднаас өмчөө худалдаж авсан анхны тохиолдол байсан. Гэвч удаан хугацааны хэрүүл дагуулсан. Улстөрчдийн хүсээгүй зүйлийг л бас хийчих шиг болсон. Угаасаа би улстөрчдөөс асууж бизнес хийх тухай ойлголтгүй хүн. 30 жил бизнес хийлээ.
-Өрөөсөн чихээ улс төрд атгуулж байж л цаашаа явдаг бичигдээгүй хууль үйлчилдэг шүү дээ. Та атгуулаагүй явчихсан юм уу?
-/инээв/ Тэрнийхээ горыг амссан л даа. Хоёр жил хагас элдвээр хэлүүлсэн.
-ХХБ-д одоо ч гэсэн америкчуудын эзэмшдэг 10 орчим хувь байдаг гэж үнэн үү?
-Америкийн Хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк 4.99 хувь эзэмшдэг. Энэ нь банкны маань хөгжил, залуучуудын боловсролд том хөрөнгө оруулалт болдог. Хөрөнгийн зах зээл дээр ажиллах чадварын хувьд бол бидэнд маш том тус нэмэр болсон доо.
-Гадныхны өмчлөлд байсан хувийг авах анхны төсөл тань амаргүй, хэцүү байж. Гэтэл та “Эрдэнэт” дээр ахиад яагаад ийм алхам хийсэн юм бэ?
-Угаасаа асуудлын зөв талд зогсож байгаа хүнд санаа зовох юм байдаггүй шүү дээ. ХХБ-ыг авснаараа шууд л сайхан болчихоогүй л дээ. 12 жилийн өмнөх явдал. Тэр үед улсын нүд, чих, хамар болсон нэг л хүн байсан шүү дээ. “Хаан”-тай тохиролцоогүй хэлцэл хийсэн гэж хоёр жил гаруй элдвийг үзсэн. Уг нь гаднаас, гадны эзэмшиж байсан хувьцааг л авсан юм л даа. Гэтэл “хааны” хөрөнгөнд хандив өргөөгүй гэж дарамталсан.
-“Хаан” танаас юу хүссэн юм бэ?
-20 хувиараа хандив өргөхийг шаардсан. Олон компанийг өмч хөрөнгөнөөс нь салгасан даа. Хаан хэрэв хүсвэл хуулийн хаалган дээр уулзаж болно. Тэр үед ганцхан би ч биш, бид угтаж авах болно. Тухайн үед түүнд банкнаас бусад нь бүгд л байсан даа.
-“Хаан” шууд л компаниа, эсвэл тэдэн хувийг нь надад өг гэж санал тавьдаг байсан гэж олон бизнесмэн ярих юм билээ. Энэ домог уу, эсвэл үнэн зүйл үү гэдгийг хэлж чаддаг хүн байдаггүй?
-Ер нь ганцхан намайг тэгдэг байсан юм биш л дээ. Тэр үеийн бизнес хийж байсан олон хүн энэ зовлонг амссан байх. Би тэр хүсэлтийг нь биелүүлээгүй л дээ. Одоо би тэгж чадсанаараа өөрөө өөртөө баярлаж явдаг. Гэхдээ би хүний тухай сайн муугаар ярих дургүй.
ГУРАВ. ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БИД ХОЁР 40 НАС ХҮРЭЭД АМЬДРАЛЫНХАА ЖАМААР Л ӨӨР ӨӨРСДИЙХӨӨ ХИЙХ ЗҮЙЛЭЭ ХИЙГЭЭД Л ЯВЦГААСАН
- Олон жил Д.Эрдэнэбилэг гэдэг хүн яригдаад л яваад байсан. Далд явсан хэрээрээ домог үйлдвэрлэгдсэн. Таны хувийн түүхийг жаахан сонирхох гэсэн юм. Сүүлдээ бараг монгол хүн биш болох гээд явж байгаа шүү, та. Хамтрагчид чинь Хятадын эрлийзүүд болцгоосон.
-(инээв) Өө, бүр тэгсэн үү.
-Та ингэхэд ямар мэргэжилтэй билээ?
- Эдийн засагч.
-Ингэхэд аль аймгийн гарал үүсэлтэй хүн бэ. Таны эцэг эх ямар хүмүүс байв. Бага нас тань хаана, хэрхэн өнгөрсөн гээд хүмүүсийн сонирхож байгаа зүйлсэд хариулт авмаар байна. Уулзчихаад энэ тухай асуухгүй бол хамгийн тэнэг сэтгүүлч болох гээд байна.
-(инээв)... Тэгэх байх. Ээж, аав маань Баянхонгор аймгийн улсууд. Аав маань багад нас барсан. Тэр бүр би сайн санадаггүй. Миний ах дүү, садан төрлүүд одоо ч тэндээ амьдарч байгаа. Жирийн л улсууд.
-Ээж тань одоо байгаа юу?
-Ээж маань бурханы оронд байгаа.
-Баянхонгор аймгийн аль сумын улсууд вэ, танай ээж, аав хоёр?
-Бөмбөгөр, Галуутынхан. Би өөрөө Улаанбаатар хотод төрсөн. Зургаан сартайгаасаа л эмээ дээрээ өссөн.
-Эцэг, эхээсээ олуулаа юу?
-Дөрвүүлээ байсан. Одоо хамгийн том эгчтэйгээ л бид хоёр үлдлээ дээ. Эгч, ах хоёр маань залуугаараа зуурдаар өөд болсон.
-Та бага сургуулиа хаана төгссөн бэ?
-Дэнжийн мянгын 61 дүгээр бага сургууль гэж байлаа. Эмээгийн маань гэр ойрхон учраас тэр сургуульд орсон. Дэнжийн мянгын захаас урагшаа хоёр гудамжны тэнд байдаг сургууль л даа.
-Тухайн үеийн арилжаа наймааны хамгийн том цэгийн хажууд өссөн юм байна ?
-Хүүхэд байхад бидэнд юм юм элбэг байгаагүй ээ. Сургуулиа тараад зах руу орж л үймүүлдэг байсан. Задгай мөнгө цуглуулбал хуушуур авч иддэг. Ийм л цаг байсан.
-Нүдэн дээр хүмүүс мөнгө олж байна. Хүмүүс бужигналдан ажиллаж, амьдарч байна. Бүгд л харагдах маш том дэлгэц байсан байх. Жаахан хүүхдэд тэр ертөнцөөс олон сонирхолтой өгөгдөл ирж таарна?
-Бидэнд өөр очих газар байсангүй дээ. Манай тэнд кинотеатр ч байх биш. Тэгэхээр очдог ганц газар нь зах байсан. Тэр үед манайхны хол ойр, хот хөдөөгүй очдог газар өөр байгаа ч үгүй байх.
-Та тэгээд тэнд юм зарах уу?
-Хэрэндээ таарсан жижигхэн бизнес хийдэг байж дээ. (инээв) Хүнээс юм авдаг, хүнд юм зардаг. Бид нарын хийж үзээгүй ч наймаа гэж байхгүй л дээ. Хичээл тараад л ангиараа очдог байсан. Тэрүүгээр нийлээд арав хориороо тэнэдэг байлаа. Сургуулийн нас маань ингэж захын хажууханд өнгөрч байгаа юм. Тухайн цагтаа л юм юм холилдсон, өвөрмөц том газрын хаяанд. Одоогийн энэ том бизнесмэн гээд байгаа нөхдүүдтэй тэнд л бүгд тааралддаг байлаа. Одоо Монсоникийн Баярхүү, Буянгийн Жагаа гээд бүгд. Төрийн тэргүүнээсээ авахуулаад тэнд л уулзалддаг байлаа.
-Өнөөгийн Ерөнхийлөгч биз дээ. Өөр бизнесийн салбараас гарсан төрийн тэргүүн байхгүй.
-Тийм. Тэнд л анх бизнес хийж танилцсан. Таван төгрөгний майкийг малгай болгож оёод зарахаар 15 төгрөг болчихдог ч юм уу. Жижиг сажиг оёдлоос ямар л бизнес байна, хүн хийж болдог юм бүгдийг л хийдэг байлаа. Зарим нэг нь пянз зардаг, зарим нэг нь жийнс зардаг. Бид нарын үе тэгж л эхэлж байсан.
-Тэр үеэс та Х.Баттулга Ерөнхийлөгчтэй танил гэсэн үг үү?
-Тийм ээ, бид нар хүүхэд байхын найзууд. 15-16 настай үеийн хүүхдүүд анх нөхөрлөж байсан.
-Таныг түүний жолооч нь байсан гэх яриа явж байна билээ.
-Бид нарын үед машин байтугай дугуй ч байгаагүй. ( Инээв)
-Найзууд гэдэг чинь их том ойлголт шүү дээ. Найзууд гэж хэлж болохуйц уу?
-Хүүхэд цагт бид сайхан нөхөрлөсөн. Насанд хүрээд хамт сайхан бизнес хийцгээсэн. Тэгээд 40 нас хүрэхээр амьдралынхаа жамаар л өөр өөрсдийхөө хийх зүйлээ хийгээд л явцгаасан. Уулзаагүй 10-аад жил болж байна л даа.
-Та нөгөө анхны сургуульдаа л 10 дугаар ангиа төгссөн үү?
-57 дугаар сургуулийг төгссөн. Ээж маань багш хүн байлаа. Насаараа 10 жилийн сургуулийн багш байсан. Орос хэл, уран зохиолын багш. Ээж намайг багш болгоно гэсэн. Миний дургүй юм тэр. (Инээв) Тэгээд СЭЗИС төгсөөд түүнээс хойш одоо хүртэл өөрийн дуртай зүйлээ хийж байна даа.
-Уучлаарай, элдвийн хачирхалтай мэдээллүүд урсаж байгаа учраас заримыг нь асуухгүй өнгөрч чадахгүй байна. Нас зүсний хувьд ч Т.Бадамжунайгийн хүргэн гэхээр болохгүй болчихоод байгаа юм л даа.
-Эхлээд ч энэ олон хачин яриа надад маш гайхмаар сонсогддог байсан. Сүүлдээ дассан байна билээ. Жунайгийн хадам, Баярын хадам аав одоо удахгүй чиний нөхөр болох байх даа.
-Та гэхдээ ерөөсөө эмзэглэдэггүй гэж үү. Энэ олон мэдээллийн дайрлага. Бараг нийгмийн дайсан гэж үзэж байна шүү дээ, таныг. Атаа хорсол, магадгүй том өс хонзон цаана нь байж болох уу. Олон жилийн бизнесийн амьдрал шүү дээ?
-Бүх л юм байгаа. Би хүүхэд наснаасаа л бизнес хийсэн. Төрд ч очно гэж боддоггүй. Улстөрч болно ч гэж бодоогүй. Эхэлсэн замаараа л яваа.
-Санхүүгийн бизнест яг хэдэн оноос хөл тавив?
-1995 оны наймдугаар сарын 31 шиг санаж байна. Хоёр дахь зах зээлийн нээлт болж байх үед Хөрөнгийн биржийн нээлтэн дээр анх удаа очсон. Зөв газраа зөв цагтаа очиж зогссондоо хувь заяандаа талархдаг. Энэ үеэс Хөрөнгийн биржийн анхны брокеруудын нэг болж санхүүгийн салбарт эргэлт буцалтгүйгээр орсон доо. Нэг зүйл дээр л тодорхой түвшинд хүрэх гэж зорилго тавьсан. Тэрийгээ олсон, төвлөрч ажилласан. Багын уншсан ном, мөрөөдөл хоёр л намайг ийшээ явуулсан юм болов уу даа.
-Та ямар чиглэлийн ном багадаа уншдаг байв. Уран зохиол уу?
-За олон ном бидний үед байгаагүй дээ. Сонгож унших боломжгүй. Ном сонингийн тасархай байсан ч сонирхолтой л зүйл болдог байж. Зургадугаар ангид байхдаа Теодор Драйзерын гурван ботийг уншиж байлаа. Их хуучны ном шүү дээ.
-1900 оны эхэн үеийн зохиол.
-“Санхүүч” , “Мундаг эр”, “Гудиггүй эр” гэж гурвал. Тэр үеийн л миний мөрөөдөл болж хувирсан. Тэгж л том мөрөөдөлтэй хөвгүүн болсон гэх үү дээ.
-Теодор Драйзер бол дэлхийн уран зохиолын натурализмын том төлөөлөгчдийн нэг. Бага насны амьдрал нь их хүнд, ядуу тарчиг өссөн. Ингэхэд танайх амьжиргааны хувьд ямар айл байсан бэ?
-Манайх бусдын л адил энгийн айл байсан. Тэр үед баян айл ч гэж байсангүй, учиргүй ядуу айл ч гэж байгаагүй. Ээж маань багш хүн байсан. Дундаж сэхээтэн айл ямар байдаг, тэр л жишгийн айл. Эмээгийн эрх хүүхэд болохоор танхил л өссөн дөө, би.
ДӨРӨВ. ТӨРӨӨС АВСАН МӨНГӨ БИДЭНД БАЙХГҮЙ. ХАРИН ТӨРӨӨС АВАХ АВЛАГА БИЙ
-Таны үеийн бизнесмэнүүдэд хамтарч явж байгаад салсан түүх элбэг байдаг. Хамгийн сүүлд 20 жил хамт явсан “Бодь”-ийнхон задарсан. Эрчүүдийн нөхөрлөл амаргүй л байх. Яагаад ингээд бутарчихдаг юм бол. Танд бол хамтарсан түүх сонсогддоггүй. Өмч хөрөнгийн маргаан болоод салж байсан гэх мэт баримт дуулаагүй. Зожиг, ганцаараа алхах дуртай хүн юм уу?
-Бодвол өөрөө өөртөө эзэн байх гэсэн хүсэлтэй л хүн юм байх даа. Эмээ, ээж нарын маань хэлдэг байсан зүйлээс цөөхөн юм л санаж явдаг. Хүнд гай болохгүй амьдрах, өөрөө өөртөө эзэн байх гэсэн хоёрхон л зүйлийг.
-Таныг хамтран зүтгэгчид тань болохоор их нээлттэй, даруухан хүн гэж хэлдэг юм билээ. Зарим бизнесмэн ерөөсөө хүнд итгэдэггүй, ааш муутай хүн гэх юм?
-Аль талаар нь ойлгохоос л болох байх даа. Би хүнд итгэл өгдөг. Янз бүрийн сэдэв дээр өөрийхөө философиор ярьчихвал тэрэн шиг амархан юм алга л даа. Бусдад тааруулж ярих чинь хэцүү юм байна. Ер нь хол явъя гэвэл чимээгүй яв гэдэг.
-Танай групп нийт хэдэн ажилтантай вэ. Төрд жилдээ төлдөг татварын хэмжээгээ хэлж болох уу. Манайхан тоон үзүүүлэлтэд хайнга ханддаг. Татвар төлөгчид бол тэр занд нь их дургүй. Төр нударгаа буулгаж байгаад авахаа авдаг, тэгээд эргээд нөгөө пирамидаа нураах гэж дайрдаг гэх шүүмжлэл элбэг хэлдэг.
-Банкинд татвараас зугтах гээд байх мэтийн шаардлага байдаггүй юм л даа. Өдөр тутамд баланс нь гардаг. Компаниас ялгаатай нь тэр л дээ.
ХХБ өнөөдөр банкны секторын 25 хувийг бүрдүүлж байгаа. МИАТ-ийн онгоцноос эхлээд цахилгаан станц, төмөр зам, "Эрдэнэс таван толгой" хүндрэхэд ч бид зээл олгодог. Тийм атал “Эрдэнэт”-ийн хувьцааг авах гэж байхад зээл өгөхгүй байх юм уу. ХХБ зургаан удаа Олон улсын зах зээл дээр бонд гаргасан. Чингис, Самурай, Панда бүгдэд нь л явсан даа, хөөрхий. Өнгөрдөг 10 жилд бид зах зээл дээрээс 1.2 тэрбум долларын бонд, 1.5 тэрбум долларын худалдааны санхүүжилтийг амжилттай татаж, улсынхаа эдийн засагт нэмэр болсон шүү дээ . Нийт 2.7 тэрбум доллар шүү дээ. 300 номын сангийн хөтөлбөр хэрэгжүүлээд жил болж байгаа. Одоогоор 24 сургуульд номын сан байгуулсан л байна. Жижгээс эхэлсэн бизнес маань 30 жилийн дараа дэлхийн өндөр өсөлттэй 500 компанийн нэг болохыг харлаа. 2015 онд Дэлхийн эдийн засгийн форумаар өндөр өсөлттэй 500 компани нэрлэхэд ХХБ нэрлэгдсэн. Бид ажиллаж байгаа. Намайг хэн ч гэж хэлж чадах ч, миний бизнесийг муу гэж хэлж чадахгүй.
-Ойлгож байна. Гэхдээ өнөөдөр төрийн мөнгөөр л бүх өмчлөлөө гартаа оруулсан гэх зүйлийг л их ярьж бичицгээх юм. Төрөөс хулгайлагсад гэж?
-Төрөөс авсан мөнгө бидэнд байхгүй. Харин Төрөөс авах авлага бий. Жишээ нь, Засгийн газрын гаргасан нэг триллион төгрөгийн үнэт цаасыг ХХБ санхүүжүүлэн эзэмшиж байгаа. Ойлгох нь ойлгох биз ээ. 
-Та бол Төрөөс тавьж өгсөн хууль журмынх нь хүрээнд ажилласан гэх хариулт өгч байна. Тэгвэл тэр тоглоомын дүрмийг гаргасан Төр эргээд бизнесийг тань зогсоох алхам руу явж байна. “Монголын зэс”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Улсынхаа нэр нүүрийг бодож их тэвчиж байна. Одоо арбитрын шүүхэд хандах алхмыг хийх болох нь” гэж хэлж байна билээ.
-“Монголын зэс корпораци” олон улсын шүүхэд хандах бэлтгэлээ хийсэн.
-Тэгэхээс өөр аргагүй юу?
-Хандахаас ч өөр аргагүй байдалд орлоо. Хоёрдугаарт, өмч хөрөнгөө алдах тухай ямар ч асуудал байхгүй. Эндээс авсан өмч хөрөнгө байхгүй учраас. Өмч хөрөнгийн хохирлын асуудал яригдвал оросуудтай л бид ярина. Шийдээд өгье л гэсэн. Тэд авбал энийгээ хэн нэгэнд л зарах юм байгаа биз. Юутай ч мөнгөний хувьд бол бид хохирохгүй.
-Хоёр жил урсгасан алдагдлаа яах уу ?
-Үгүй, яахав дээ. Тооцоод нэмж л авах биз. “Монголын зэс”-ийн хувьд бол бүх зүйл л нээлттэй байгаа шүү дээ. Эх оронч байгаадаа л их хохирч байгаа юм даа, ер нь.
-Ц.Пүрэвтүвшин гэдэг залууг олон нийтийн сүлжээгээр бол багагүй шүүж байгаа. Ийм залуугаараа яагаад энэ тавцан дээр гарч ирэв. Яаж дансандаа тэрбум төгрөгтэй болов гээд л...
-Би ярилцлагын эхэнд хэлж байсан даа. Бэлэн мөнгө барьчихаад юм худалдаад авах гээд явж байгаа компани лав манайд олон байгаа гэж би итгэхгүй байна. Угаасаа л зах зээлийн ихэнх цаг үед мөнгө босгож л бизнес хийдэг. Олон улсын зах зээл дээр бол иймэрхүү хэлцлүүд өдөрт хэдэн арваараа л явагддаг. Тэрний л нэг шүү дээ. Санхүүжилтийн схемийг нь ч мөн ийм аргаар босгодог. Шууд зээллэг авна. Эсвэл buy-out гэж нэрлэдэг, зээлээр худалдаж авах л процесс явагдсан. Энэ бол олон улсад угаасаа л байнга хийгддэг, санхүүжүүлдэг өөрийн механизмтай зүйл шүү дээ. Монголын хувьд анхных учраас хүмүүст гайхал төрүүлээд байгаа юм. Олон улсын зах зээл дээр бол үргэлж л ийм арга барил үйлчилдэг, ийм хэлцлүүд л явагдаж байдаг.
-Сонин хийгээд шинэ зүйл биш гэж үү?
-Тийм, сонин биш. Угаасаа л бидний ажил энэ. Энэ ажил дээрээ л сайн мэргэших ёстой. Арилжааны банк өөрөө хоёр шатлалтай. Одоо хууль явж байна. Хөрөнгө оруулалтын банкны хууль гарах юм шиг байна. Тэгвэл энэ тун ойлгомжтой болно. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол ийм л ажил хийж явдаг. Үндсэн ажил нь энэ. Хууль дүрэмгүй ажилласан юм биш. Шинэ хууль өнгөрдөг 2018 онд батлагдсан. Энүүгээр хязгаарлалтууд орж ирсэн. Нэлээн сайн хязгаарлалт хийсэн. Арилжааны банк хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулахыг зогсоосон байгаа.
-М.Энхболд даргатай таныг яагаад холбоод байдаг юм бэ. “Улаанбаатар” банкны хувьчлалтай холбоотой юу?
-“Улаанбаатар” банкны хувьчлал гэдэг юм болоогүй л дээ. “Улаанбаатар” банк дампуураад, "Улаанбаатар хотын банк" болж шинэчлэгдэж, шинэ банк байгуулагдахад нь би дүрмийн санд нь мөнгө хийсэн.
-Тэндээс эхэлж холбодог уу?
-Бүү мэд. Хотын банк мэдээж хоттой холбоотой л ажиллана шүү дээ.
-Тэр үед хотын дарга байсан уу?
- Хотын дарга байсан.
-Ер нь бол сайн харилцаатай юм байна, тийм үү?
-Ер нь Монголд миний насны хүмүүс хоорондоо нэгийгээ муу мэднэ гэж байхгүй дээ. Манайх чинь жижигхэн газар. Үеийнхээ улсуудтай хэнтэй нь ч би муу харилцаатай байдаггүй. М.Энхболд л гэх юм. Жишээ нь, сонгуульд ялаад гарснаас нь хойш хоёрхон удаа л уулзсан. Нэг удаа баяр хүргэсэн, хоёр дахь удаад нь хүнтэй уулзаж байхад нь таарсан. Тэгэхээр бид тийм ойрхон, өглөө оройгүй уулзалдаж гүйлдээд байдаг хэмжээний хүмүүс биш байх.
-Монгол эрчүүд чинь морь, ан ав тойрсон харилцаа ихтэй байдаг юм биш үү. Та ийм зүйлсэд хэр ханддаг вэ?
-Бага залуугаасаа л би зах зээл гэдэг юм уу, хөрөнгийн зах, санхүүгийн бизнес сонирхдог байсан. Тэгээд тэр бизнесийн маань өөрийх нь онцлог байдаг л даа. Энд тэнд дэрвээд, салхилаад давхиад байдаггүй. Ажлын онцлогоос шалтгаалаад цаг зав багатай байдаг. Секторын өрсөлдөөн ширүүн гэх үү дээ. Хөдөө ажилладаг нэг компанийн захирал байсан бол би морь уяад л явах байсан байх.
-Хуучин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой бас таныг их холбож байгаа. Та сонссон байх ?
-Миний залуу нас Ардчилал гарч байх үетэй таарсан. Тэр жилүүдийн олон жагсаал цуглаан дунд миний залуу нас зогсож л байсан. Анх эд нар хоёр давхар цагаан байшинд ороход бид нар доор нь хоршоолол байгуулаад, хоршооллын оффис хийгээд байдаг л байсан. Тэр үеэс л Ц.Элбэгдорж гэлтгүй хэн хэнийг нь л танина. Тэд өөрсдийнхөө замаар явсан. Бид бизнесийнхээ замаар л явсан.
-Улс төр оролдоод болохгүй болохоор нь төлөөллөө УИХ-д оруулж бизнесээ хамгаалах гэх мэт олон л монгол хувилбарууд явж байна л даа. Нэг талаас монголын бизнесийн салбарынхан ингэтлээ зовлон амсаж яваа л гэсэн үг. Одоо ер нь тийшээ явъя даа гэсэн бодол төрдөг үү?
-Би өөрийгөө хамгийн зөв замаар л явж байна гэж боддог. Улс төр миний дуртай ч ажил биш, чадах ч ажил биш. Улс төр надаас дэндүү хол асуудал. Хол сэдэв. Улстөрч байх шинж надад байхгүй. Олон юманд баас явснаас нэг юманд асс байсан нь дээр гэдэг биз дээ.
ТАВ. СҮҮЛИЙН 10 ЖИЛД БИД 400 ГАРУЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН БАЙНА 
-Цаашид санхүүгийн бизнесээс өөр зүйл рүү орох уу ?
-Угаасаа л миний сүүлийн 20 жилийн явсан зам нь аж үйлдвэр. Би аж үйлдвэрийг л дэмжиж явсан. Одоо ч манай банкны үндсэн зорилго. Ядуурал хүндрэлээс энэ улсыг гаргах юм нь л аж үйлдвэржилт. Хэдэн том үндэсний үйлдвэрлэлтэй болчих юм бол энэ олон компаниуд татагтаад, чирэгдээд явчих юм. "Оюу Толгой", "Таван толгой", "Эрдэнэт" шиг ийм аж ахуйн нэгжүүд олшрох л юм бол бид хөгжинө.
Монголын өнөөгийн эдийн засаг нь өөрөө том corporate-business рүү чиглээгүй байгаа. Хэрэв "Эрдэнэт", "Таван толгой", "Оюу Толгой" шиг аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаад эхлэх юм бол энэ олон жижиг дунд үйлдвэрүүдийг араасаа хэдэн зуугаар нь чирээд л явчихна. Зүйрлээд хэлэх юм бол вагоны чиргүүлүүд олон байна. Харин вагоны зүтгүүрүүд цөөхөн байна. Зүтгүүр болсон үндэсний том компаниуд л улсыг босгоно. Дэлхийн түүх өөрөө ийм юм. Бид ажиллах л хэрэгтэй. Өөрсдөө бид үнэт зүйлтэй. Ардчилсан улс, чөлөөт зах зээлтэй. Одоо яаж хөгжих нь биднээс л шалтгаална. Үнэ цэнэтэй ийм хоёр том зүйл бидэнд бий шүү дээ.
-Монголын хөрөнгө оруулалтын орчинд дайсагнасан жилүүд бага байгаасай л гэж бизнесмэнүүд хэлдэг. Гэтэл өнөөдөр нэг сайд нь очоод л уурхай хааж байна. Эдгээр үйлдлүүдээс нь болоод Монголын Төр хувийн хэвшлүүд рүүгээ дайраад эхэллээ гэж харцгааж байна. Гишүүд нь шууд хураа, зогсоо, хаа гэж уриалдаг болж.
-Монгол өөрөө ер нь хөрөнгө оруулахад учиргүй таатай улсад ордоггүй юм. Хөрөнгө оруулалтыг дэмжих зөв сайн бодлоготой л байвал хөрөнгө оруулагчид мундахгүй. Тогтворгүй бодлого нь хөгжлийн явцыг сааруулаад, уяад байна л даа. Нөгөөтэйгүүр өмч хөрөнгө хурааж хөгжсөн улс гэж ерөөсөө сонсоогүй шүү. Хэдэн дарга нарын хоол болоод л дуусах байх даа. Төрийн өмчид 100 гаруй аж ахуйн нэгж байдаг ч өр алдагдал нь 10 триллион бараг л давсан байсаншүү дээ. Одоо чухам хэд болсон юм бол доо. Би улстөрч хүн биш учраас өөр олон юм яримааргүй байдаг. Нийгэм эрүүлжээд улс хөгжөөд ирвэл тэгээд зүгшрэх л байлгүй. Миний үүрэг бол би урдах ажлаа сайн хийх.
-Улс төр, хэвлэл мэдээлэл хоёр бол зарим талаар нэг юмны хоёр тал. Та энэ бүхнийг сонирхдоггүй гэж хэлсэн. Гэтэл танд хэвлэл мэдээллийн компаниуд байгаа. “Forbes”, “Bloomberg” гээд энэ хоёр алдартай төслийг та оруулж ирсэн. Дээр нь “Засгийн Газрын Мэдээ” сониныг сэргээсэн хувилбараар танай охин компани гаргаж байгаа. Энэ таны хувьд ямар төслүүд юм бэ?
- Манайх зөвхөн санхүүгийн чиглэлийн хэвлэл мэдээлэл л эрхэлдэг. Санхүүгийн боловсрол гэдэг юман дээр одоо анхаарал өгөх цаг болсон. Монголчуудын оюуныг цэнэглэх нийгмийн хариуцлагын томоохон төсөл гэж болно. Энэ миний үүрэг. Санхүүгийн боловсрол нимгэн болоод л манайхан энэ эдийн засгийн асуудлуудыг ойлгохгүй байгаа шүү дээ. Улстөрчид нь юу ярьж, яаж дур зоргоороо тайлбарлацгааж байна. Бид залуучуудын эдийн засгийн боловсролд зориулж хөрөнгө оруулалт хийж байна. Хэцүү шүү, намайг ХХБ-ыг 12 жилийн өмнө авч байх үед “Бонд” гаргачихаад ирэхэд банкаа зарчихаад иржээ гэж ярьдаг байсан. (инээв) Санхүүгийн боловсрол гэдэг юм үнэхээр чухал л даа. Санхүүгийн боловсролыг санхүү хамгийн өндөр хөгжсөн газраас л олж авдаг. Дэлхийд гарч ирж байгаа мундаг залуус хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн хэсгээс л ихэвчлэн гарч байдаг. Монголынхоо залуусыг New-York, Wall street-ийн хэмжээний боловсрол мэдлэгтэй болгоход зориулагдсан, санхүүгийн чиглэлийн л хэвлэл мэдээллүүд.
Анх зах зээлд хөл тавихдаа индексийг нь харж арилжаа хийдэг байсан Bloomberg TV-тэйгээ хамтарсан компани байгуулаад ажиллаж байна. Би хүссэн, дуртай ажлаа хийж яваа.
Монгол хүн “Forbes”-ийн жагсаалтад зогсож байх цаг нь ирнэ гэж би боддог. Монгол хүн эхнээсээ барууны том компаниудыг удирдаад аваад явж байна. Дэлхийн том компаниудыг удирдаж эхэлж байна. Болд гээд сайхан залуу байна. Дэлхийн дөрвөн том уул уурхайн компанийн нэгнийх нь удирдлагын багт ажиллаж байна.
-Таны хүн олж хардаг, сонгодог тэр хэмжүүр тань юу вэ. Мэдээж мэдлэг боловсролоос гадна өөр хүчин зүйлс бий.
-Хүний үндсэн гол чанарууд нь чухал. Том мөрөөдөлтэй, хичээл зүтгэлтэй хүн л амжилтад хүрнэ. Би залуучуудаа том мөрөөдөлтэй, урсгал сөрөх чадвартай, уйгагүй хөдөлмөрч, бас азанд итгэдэггүй байгаасай гэж л хүсдэг. Эрсдэл даах, хөрвөх чадварт суралцах ёстой. Энэ чадварууд маш чухал л даа. Мэдээж өндөр боловсрол эзэмших хэрэгтэй.
-Манай бизнесмэнүүдээс цөөн хэдэн хүн дэлхийн том том эдийн засагчдын амьдрал, намтарчилсан түүхийн номууд, эдийн засагт гаргаж тавьсан онолын бүтээлүүдийг орчуулж гаргах ажлуудыг хийдэг. Өөрийг тань ч бас ийм төрлийн ажлууд их хийдэг гэж сонссон. Гэхдээ таныг бараг Монголд байдаггүй гэх. Яаж энэ олон талтай амьдралын хэмнэлийг зохицуулдаг юм бол?
-Монголдоо байна аа байна. Байлгүй яахав. Гэхдээ миний ажлын онцлог нь гадагшаа их явдаг ажил л даа. Дээр нь манайх Toкиo дахь төлөөлөгчийн газраа нээгээд долоон жил болж байна. ХХБ-ны эхнийхээ зорилгыг бол бид хэрэгжүүлээд явж байгаа. Үндэсний аж үйлдвэрийг сэргээх, татаж босгох ажлууд дээр төвлөрч ажилладаг. Сүүлийн 10 жилд бид 400 гаруй аж үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлсэн байна билээ. Аж үйлдвэрийн шүү. Энд төрөл бүрийн, хөнгөн, хүнсний, уул уурхайн, боловсруулах үйлдвэрлэлүүд хамрагдсан.
ХХБ-ны хоёр дахь зорилго бол Олон улсын банк болох ёстой юм. Гадаад зах зээл дээр бид банкны үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна. Азийн зах зээлээс эхэлж байна. Toкиo дээр бид нар их төвлөрч ажиллаж байгаа. Тэнд жижгэвтэр банк худалдаж авах уу, эсвэл банкныхаа салбарыг нээх үү гээд судалгааны ажлууд хийгдэж байна. Энэ чиглэлээр сүүлийн гурван жил их эрчимтэй ажиллаж байгаа. Үр дүн нь бас удахгүй гарна гэж би бодож байгаа. Монголын компаниуд дэлхийн компани болох цаг удахгүй ирнэ ээ. Үүнд би бүрэн итгэлтэй байдаг. Гадаад зах зээл дээр ажиллаж чаддаг компаниуд болно.
-Манай зах зээлд гадны банк орж ирвэл яах вэ гэж олон жил бид хэлэлцлээ. Зарим нь эрс эсэргүүцдэг. Ялангуяа банкныхан. Нөгөө талаас олон нийтийн зарим хэсэг арилжааны хэдэн банкаа зээлийн хүү бууруулдаггүй, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг угаадаг, банкны халхавчин дор өөр бизнес явуулдаг гэх мэтээр шүүмжилдэг. Танд өгөх хариулт бэлэн байгаа байх л даа?
-Орж ирээд үзсэнийх нь дараа, ердөө хэсэг хугацааны дараа л үр дүнг нь амархаан харчих байх. Гэхдээ ниргэсэн хойно нь л хашгирах байх даа.
Та Монголынхоо бизнесмэнүүдээс хэнийг илүү хүндэтгэдэг вэ. Тийм хүмүүс бий юу?
- Байна аа, байна. Юм хийж бүтээж байгаа айл болгоноор л бахархдаг. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтгаа хайдаг гэж үг бий шүү дээ. Бүх тогтолцоо нь боломжтой цаг үед бид нар өдий хүрээгүй шүү дээ. Байсан боломжоо л тултал ашиглацгаасан. Бүгд л 30 жилийн өмнө гарааны зурхайнаас зэрэг уралдсан. Тодорхой амжилтад хүрцгээсэн. Хөдөлмөрлөсөн нь ч байгаа, заримд нь аз ч таарсан байгаа байх. Тэсч гарсан, одоо байгаа компаниуд бүгд л сайн компаниуд. Хатуу цагийн шалгуурыг давсан болгон баатрууд. Хүн ирээд бидэнд ажлыг маань хийж өгөөгүй шүү дээ. Монголчууд өөрсдөө л компаниа улаан гараараа босгоцгоосон. “Компанийн түүх – Монголын түүх” гээд бид нарын санаачилсан сайхан нэвтрүүлэг бий. Bloomberg TV-ээр зөндөө явдаг. Энэ контентоор бид өнгөрсөн 30-аад жил дотор босож ирсэн үндэсний компаниудын зовлон жаргалыг л гаргах гэж оролдсон юм. Хүнд хүчрийг туулаагүй компани гэж байхгүй дээ. Хатуу цаг үед цалингаа тавьдаг байсан, бензинээ хийдэг байсан, аж ахуйгаа унагачихгүй аваад явсан олон хүн бий. Энэ бол бахархал. Монголчуудын л бахархал.
-Бизнесийн явцад бусдын зүгээс ирдэг хамгийн дургүй хүрмээр араншин юу вэ. Нэг нэгнээ мэхэлдэг, бизнесийг нь унагах гэж элдэв явуулгууд хийдэг гээд зөндөө юм болдог?
-Шударга бус өрсөлдөх л юм болов уу. Өнөөдөр хэн ч, хаана ч, юунд ч хүрэх боломжтой цаг үед амьдарч байгаа. Ардчилсан улсад, чөлөөт зах зээлтэй нийгэмд. Бусад нь бид нараас шалтгаална шүү дээ. 27-той байна уу, 67-той байна уу, хүрэх гэсэн юмандаа хүрэх боломж бүгдэд бий. Сая тэр Кайли Женнер билүү нэг залуухан охин уруулын будаг зарсаар байгаад тэрбумтан болчихлоо. Тэр чинь Ц.Пүрэвтүвшингээс залуухан юм байна лээ шүү дээ. Монгол хүн дээр л болохгүй. Энэ хандлага сонин санагддаг юм. Мэдээж энэ залуус сайн хамтрагчтай, сайн дэмжигчтэй, тэр тусмаа ХХБ-тай хамт байж л амжилтад хүрсэн. Ганц Ц.Пүрэвтүвшин ч биш, олон хувь хүний хөгжил, бизнесийн хөгжил шинэ шатанд гарахдаа бидэнтэй хамт байсан. Зөв зүйлийн төлөө зөв цагт далайцтай хөдөлсөн эх орончид, мэдрэмжтэй бизнесмэнүүд гэж энэ залуусыг би боддог. Ц.Пүрэвтүвшинг цаг үеийхээ урд яваа, шинэ цаг үеийн төлөөлөл болсон олон залуучуудын нэг гэдэгт итгэлтэй байна. Тэдний үе ирсэн гэдэгт би эргэлздэггүй. За, одоо өндөрлөе, тэгэх үү. Маргааш гэдэг нэг өдөр байгаа шүү дээ. Дараа дахиад ярилцъя.
-Тэгье ээ. Хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа зочинтой ярилцлаа. Гэхдээ нэг удаагийн, тэр тусмаа анхны ярилцлагаар тэдгээр үй олон сонирхолд хангалттай хариу өгөх боломжгүй л дээ. Гэсэн ч урилгыг маань хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа.
- Би тийм сонирхолтой хүн гэдэгтээ эргэлзэж л байна. Эх орондоо өөрийнхөө чадах зүйлээрээ л би нэмэр болж байгаа. Татвараа сайн төлж байгаа. Бизнесээ сайн хийж байгаа. Хүн болгонд л өөр өөрийн хийх юм байдаг. Миний хувь нэмэр бол энэ л байх.
 
Ярилцсан: Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
 скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Шоронд хий даварсан л

    2019/03/15 21:03:57

    САХАЛ ХОЧИТ ЭРДЭНЭБИЛЭГ ШИГ БУЗАР ЯЛ БАЙТУГАЙ ЦЦАЗЛУУЛАХ ЯЛТАН ЭНЭ НӨХӨР ЭЛБЭГЭЭ БАЯР ЭНХБОЛД БАДАНЖУНАЙГИЙН ХАМСААТАН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ЭЛБЭГЭ ЭНЭ ХОЁР ХАМГИЙН ТҮРҮҮНД ЦААЗЛУУЛАХ ЯЛТАНУУД ШҮҮ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛСАН ӨМГӨӨЛСӨН ЯРИА СОНСОХИЙГ ХҮСЭХГҮЙ БҮХ НО НЬ ИЛ ТОД БОЛСОН ЮУЧ ГЭЖ ХУЦСАН Ч АРД ТҮМЭН ТЭНЭГ МАЛ БИШ ГЭДЭГИЙГ ХАТУУ ХЭЛЧХИЙ БУЗАР ЛАЛАР

    САХАЛ ХОЧИТ ЭРДЭНЭБИЛЭГ ШИГ БУЗАР ЯЛ БАЙТУГАЙ ЦЦАЗЛУУЛАХ ЯЛТАН ЭНЭ НӨХӨР ЭЛБЭГЭЭ БАЯР ЭНХБОЛД БАДАНЖУНАЙГИЙН ХАМСААТАН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ЭЛБЭГЭ ЭНЭ ХОЁР ХАМГИЙН ТҮРҮҮНД ЦААЗЛУУЛАХ ЯЛТАНУУД ШҮҮ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛСАН ӨМГӨӨЛСӨН ЯРИА СОНСОХИЙГ ХҮСЭХГҮЙ БҮХ НО НЬ ИЛ ТОД БОЛСОН ЮУЧ ГЭЖ ХУЦСАН Ч АРД ТҮМЭН ТЭНЭГ МАЛ БИШ ГЭДЭГИЙГ ХАТУУ ХЭЛЧХИЙ БУЗАР ЛАЛАР

    САХАЛ ХОЧИТ ЭРДЭНЭБИЛЭГ ШИГ БУЗАР ЯЛ БАЙТУГАЙ ЦЦАЗЛУУЛАХ ЯЛТАН ЭНЭ НӨХӨР ЭЛБЭГЭЭ БАЯР ЭНХБОЛД БАДАНЖУНАЙГИЙН ХАМСААТАН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ЭЛБЭГЭ ЭНЭ ХОЁР ХАМГИЙН ТҮРҮҮНД ЦААЗЛУУЛАХ ЯЛТАНУУД ШҮҮ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛСАН ӨМГӨӨЛСӨН ЯРИА СОНСОХИЙГ ХҮСЭХГҮЙ БҮХ НО НЬ ИЛ ТОД БОЛСОН ЮУЧ ГЭЖ ХУЦСАН Ч АРД ТҮМЭН ТЭНЭГ МАЛ БИШ ГЭДЭГИЙГ ХАТУУ ХЭЛЧХИЙ БУЗАР ЛАЛАР

Сэтгэгдэл үлдээх

“IT PARK”-ЫН ЗАХИРЛЫГ МЕРИТ ЗАРЧМААР ТОМИЛОХ ЁСТОЙ

Өнөөдөр, 15:10

Амралтын өдрүүдээр 180 орчим дуудлага иржээ

Өнөөдөр, 11:11

Шинэ жолооч нарын эрхийг хязгаарлах журам Британид нэвтрэх гэж байна

Өнөөдөр, 11:10

А.Туяабаатар: Налайх дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолбор арваннэгдүгээр дүгээр сард ашиглалтад орно

Өнөөдөр, 11:09

Монгол Улс үндэсний сайн дурын илтгэлээ анх удаа НҮБ-д танилцуулав

Өнөөдөр, 11:05

Японы хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэв

Өнөөдөр, 11:03

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс

Өнөөдөр, 11:01

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 68

Өчигдөр, 15:40

Наадмын өдрүүдэд 606 эх амаржжээ

Өчигдөр, 15:36

Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээв

Өчигдөр, 14:53

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хоёр сар хаана

Өчигдөр, 14:50

Н.Номтойбаяр: "RFC Mongolia 2019” уралдаанд оролцогчид шавар, ус, уулын оргил зэрэг 16 давааг туулна

Өчигдөр, 14:47

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

Өчигдөр, 14:42

З.Энхболд: Найман дүүрэг аймгийн түвшний засаг захиргааны нэгж болно

Өчигдөр, 14:41

Японд сүүлийн 60 орчим жил тохиолдоогүй сэрүүн зун болж байна

Өчигдөр, 14:40

Олон нийтээс ирсэн саналуудыг багцалсан Ерөнхийлөгчийн төслийг ОЛОН НИЙТ нь дэмжихгүй байна

Өчигдөр, 14:38

Н.Цагаанхүү, Л.Эрдэнэчулуун дарга аа, Нийтийн эзэмшлийн 10-хан алхам газарт барилга бариад байна

Өчигдөр, 14:01

Сэтгэл зүйн зөвлөгөө авах ач холбогдол

16/07/2019, 16:30

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 67

16/07/2019, 12:40

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 66

16/07/2019, 12:39

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 65

16/07/2019, 12:37

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 64

16/07/2019, 12:35

Баярын өдрүүдэд 15 хүн усанд осолдсоны 3 нь хүүхэд байв

16/07/2019, 12:23

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ - 2019 ТОЙМ ЗУРГУУДААС

16/07/2019, 12:17

“Далай ээж” олон улсын эко аян Хөвсгөл нуурт үргэлжилж байна

16/07/2019, 12:07

Н.Шагай: Нэг түмэн инженер бэлдэж чадвал жилдээ тэрбум долларын цалингийн орлого Монголд орно

16/07/2019, 12:06

Уяачдын наадамд Б.Нямжавын зээрд түрүүллээ

16/07/2019, 12:06

Шинэ аварга Э.Оюунболдод шагналын автомашин гардуулав

16/07/2019, 12:02

“Нарантуул” худалдааны төв маргаашнаас ажиллаж эхэлнэ

16/07/2019, 12:00

Үндэсний их баяр наадмаар Рейлбус 19.40 цаг хүртэл үйлчилнэ

10/07/2019, 13:31

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Онцгой байдлын алба хаагчид 17 мянган хүний амийг авран хамгаалжээ

20/06/2019, 12:06

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55