Б.БАТ-АМГАЛАН:БАЛ ДАРГЫН ТҮҮХ ГАНЦ ХҮНИЙХ БУС МОНГОЛ ТӨРИЙН ХАГАС ЗУУНЫ ТҮҮХ...
Сэтгүүлчийн үг
“Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” хөдөлгөөний тэргүүн Б.Бат-Амгалантай уулзаж ярилцлаа.- “Ю.Цэдэнбал” сан байгуулагдаж, үйл ажиллагаа эхлэх болсон учгаас яриагаа эхлэе?
- Хүмүүс, олон нийт "Ю.Цэдэнбал сан" гэж ойлгоод, бас тэгж хэлээд дасаж дээ. "Ю.Цэдэнбал сан"-г анх 1993 онд ахмад зохиолч Н.Батбаяр санаачлан байгуулсан. Бал дарга намаасаа хөөгдөж, гутаагдан доромжлогдож, гадаадад нас барснаас нь хойш ард түмэн эргэлзсэн байдалтай болсон үе л дээ. Анх тус сан байгуулагдахад, ард түмний дэмжлэгийг хүлээж бас шүүмжлэгдэж ч байсан. Нөгөөтэйгүүр сан бол ашгийн төлөө байгууллага. Тэр ч утгаараа ард олноос хандив хуримтлуулаад үйл ажиллагаагаа явуулсан. Ямартай ч нийгэмд Бал даргыг анх өмөөрсөн хүн нь Нордогийн Батбаяр гуай. Хүнд хэцүү цагт, албан ёсоор ил гарч Ю.Цэдэнбалын төлөө дуугарсан гавьяатан... 2003 онд Н.Батбаяр гуай бурхан болсон доо. Дараа нь Ю.Цэдэнбалын намтар судлаач, МУИС-ийн түүхийн багш, доктор, профессор Ц.Жамбалсүрэн, "Орос хэлний" хэмээгдэх, доктор профессор С.Галсан нар Ю.Цэдэнбал даргын бага хүү Ц.Зоригтой хамтарч "Эрдэм судлалын төв Цэдэнбалын Академи" гэдгийг байгуулсан түүхтэй. Бал даргын намтар судлалаар дагнасан байгууллага л даа. Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлж байсан коммисарууд болон ах дүү, үр хүүхэд, Ю.Цэдэнбал даргыг хайрлаж хүндэлдэг хэлмэгдсэн нэр төрийг нь цагаатгах ёстой гэсэн байр суурьтай хүмүүсийн нэгдэл дээр бидний үйл ажиллагаа оршдог. Нөгөөтэйгүүр Ю.Цэдэнбал даргын асуудал зөвхөн Увс аймгийнхны асуудал биш. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан, манай улсын хагас зуун жилийн түүхийг бүтээлцсэн эрхэм хүн, Монгол төрийн тэргүүн, нэрт зүтгэлтэн хүмүүн... Нуулгүй хэлэхэд, зарим хүмүүс зөвхөн Бал даргыг дөвийлгөн магтаж бусдын дургүйг хүргээд байдаг тал бий. Үнэндээ Бал дарга манлайллаараа бүхэл бүтэн Засгийн газар, Ардын Их хурал, аймаг сум нэгдэл, Сангийн Аж Ахуйн дарга нарыг манлайлж, удирдан зохион байгуулж улс орны хөгжлийг урагшлуулсан удирдагч. Нөгөөтэйгүүр тэр хүний агуу их хувь заяа байна.
Түүхэн цаг хугацааны тохироо бүрдэж, ЗХУ-ын хувьд хоёр дахь социалист орон нь Монгол Улс байж, хань нь ЗХУ-ын иргэн байсан учраас төрийн алтан жолоо барихад бусдаас амар байсан гэж үзье л дээ. Тэгсэн ч түүний гэргий Цэдэнбал-Филатова Монголын хүүхэд, залуучуудын төлөө ямар их зүйлсийг санаачлан бий болгосныг үгүйсгэх хүн гарахгүй байх. 1971 онд Хүүхдийн төлөө фондыг санаачлан, олон аймаг сум, нийслэл дүүрэгт цэцэрлэг сургууль, Гэрлэх ёслолын ордон, цаашлаад Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, олон улсын хүүхдийн Найрамдал зуслан гм маш олон чухал төсөл хэрэгжүүлсэн түүхтэй хэн ч маргахгүй. Хүүхдийн пионерын зуслангууд, аймаг бүрт ерөнхий боловсролын сургууль барьж байгуулж бэлэглэсэн. Бүгдийг нь "Хүүхдийн төлөө фонд"-оор дамжуулан хийж бүтээсэн түүхтэй. Хүн бүр цалингаасаа тодорхой хувийг "Хүүхдийн төлөө фонд-од хуримтлуулж, мөнгө сахнүүгээ босгон эхлүүлсэн ажил. Өөрийн хань Цэдэнбалынхаа цалингаас хүртэл тодорхой хэмжээний мөнгө авч байсан юм шүү. Дээр хэлсэнчлэн "Бал дарга Увсын хүн", "Б.Бат-Амгалан дөрвөд хүн учраас даргыг өмөөрөөд байна" гэвэл огт үгүй. Монгол орны маань өнцөг булан бүрт Бал даргаа судалж байсан, судалдаг хүмүүс ч байна. Дорнодын гаралтай Болд-эрдэнэ гэж хорь дөнгөж гарч байгаа залуу судлаач бий.
Түүгээр ч зогсохгүй, тэр хүнийг дэлхийн түүхчид судлаад үнэлэлт дүгнэлтээ өгсөн байдаг юм. Бал дарга бол дэлхийн хүн. Монголын удирдагч төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч. Социалист улс орнуудын удирдагч нараас хамгийн анх АНУ-д айлчилж байсан хүн шүү дээ. Социалист, капиталист гээд хар цагаан өнгө шиг, бие биенээ үзэн яддаг, үзэл бодол таардаггүй эсрэг тэсрэг хоёр нийгэм тэр үед оршиж байлаа. Хүйтэн дайны жилүүдэд бие бие рүүгээ цөмийн пуужин онилсон, улс төрийн хүнд нөхцөлд, цаг үеийг туулж Монгол орныг удирдан чиглүүлж өнөөдөртэй золгуулсан хүн нь Бал дарга. Хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдсан Монгол орныг зөв бодлогын үр дүнгээр авч үлдсэн гэх дүгнэлтийг би биш, намтар судлаачид, түүхчид, дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачид хэлдэг юм.
Бал даргыг "хэтэрхий аядуу зөөлөн" гэх шүүмж, улс төрийн өрсөлдөгч нараа ч шоронд хийхгүй, зөвхөн албан тушаал бууруулж, аймаг сумдад томилж байснаас сөрөг хүчин нь байр суурийг нь ганхуулсан гэх яриа байдаг. Үнэхээр тийм, хэтэрхий аядуу зөөлөн байсан уу гэвэл бас үгүй. Хүний аяар явж байсан хүн энэ улс орныг 44 жил удирдаж, бүтээн байгуулалт хийж чадахгүй ш дээ.
1940-1984 онд Монгол төр удирдсан хүн шүү дээ, Бал дарга...
Бие бараад 30 жилийн нүүр үзлээ. Энэ хооронд өнөө цагийн улс төрчид, Засгийн газар, төрийн тэргүүнүүдийн хийсэн зүйлс, Бал даргын 44 жилийн хугацаанд удирдан бүтээн байгуулалтын хаана нь ч хүрэхгүй.
- Тэр ч тийм шүү. Мэдэх нэгэн нь их л сонин түүх ярих юм билээ?
- Монгол орон хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаад суурьшмал соёлд шилжсэн. Том том хотууд тэр үед л байгуулагдсан. Филатова юу хийсэн бэ? ЗХУ-ын тусламжтайгаар бүхнийг босгосон уу гэдэг нь гол асуудал биш. Бал даргын засаглалын, манлайллын он жилүүдэд бий болсон нь маргашгүй үнэн. Тэр үеийн Горбачёв тэргүүтэй ЗХУ-ын удирдагчид, “Энэ Цэдэнбал найрамдал дружба гэж биднийг тэврэх мөртлөө, цаанаа биднийг саалийн үнээ шиг хардаг” гэж хэлсэн байдаг. Үнэндээ Ю.Цэдэнбал дарга өөрөө болон үр хүүхэддээ авсан хөрөнгө нэг ч үгүй байжээ.
Хүүхдүүддээ ганц өрөө байр ч авч үлдээгүй. Тэр хүний өмч бол бид "Ю.Цэдэнбалын гэр музей" болгох гээд хөөцөлдөөд байгаа, Төв шуудангийн урд талын GRAND KHAAN IRISH PUB-ын ар талын нэг давхар байшин л байна. 44 жил төр удирдсан хүн тийм л энгийн дан байшинд амьдарч байж. Гэтэл зарим социалист улсын удирдагч жорлонгоо алтадсан байсан ч гэдэг биз дээ. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл нэгдүгээрт, Бал дарга бол нүүдэлчин удмын малч хүний уламжлалаа мэддэг, гэрийн хүмүүжилтэй хүүхэд. Өөрийн хэм хэмжээгээ мэддэг, хүний үг сонсдог хүн байсан юм. Г.Бумцэнд гуай, Ж.Самбуу гуай, Маршал Х.Чойбалсан нарын үгийг маш сайн сонсдог, ажлаа зөвлөлддөг байсан байжээ.
- Судлаачийн хувьд хүмүүст ярих, ойлгуулах юм их л байдаг байх...
- Бал дарга, хүнтэй зодолдох нь бүү хэл маргалдах хэрэлдэх ёс зүйгүй үйлдлээс хол, төлөвшилтэй, тэвчээртэй үлгэр жишээ хүн байсан. Маршал Х.Чойбалсанг эцэг шигээ санадаг, нэгэндээ итгэдэг, жинхэнэ дайны болоод энх цагт хэн гэдэгээ таньсан, төрийн төлөө хамтран зүтгэгчид байсан нь түүхэн үнэн. Орост сургуулиа төгсөж ирээд нутагтаа очиж, гэртээ ч очиж амжаагүй байхад эцэг нь нас барж, ээж нь ганцаараа үлдсэн байсан... Томчууд буюу тухайн үеийн төр засгийн удирдлагуудын хувьд, Бал даргыг, энэ залуу бидэнд хэрэгтэй, бас ирээдүйтэй хүн гэдгийг олж харсан. Тэр үүднээс Маршал Х.Чойбалсан өөрийн залгамжлагчаар түүнийг итгэж үлдээсэн байдаг юм. Тухайн үед төрийн эрхийг атгах эрдэм боловсролтой залуус зөндөө л байсан. Тэр дундаас сонголт хийж ЗХУ-ын удирдагч Сталинтай ёсоор зөвлөлдөж, Монгол улсыг энэ хүн удирдана гэж л итгэл хүлээлгэсэн гээд ойлгочиход болно. Маршал, Бал дарга хоёрын дунд үл ойлголцол, жаахан ч гэсэн эргэлзээ байсан бол тийм том итгэл хүлээлгэх үү. Ю.Цэдэнбал 24-хөн настай цэл залуухан байсан шүү дээ. Ямартай л Халх голын дайнд манай талыг хамгаалан удирдан оролцсон Жуков, “энэ залуу ер нь юу л хийдэг бол доо” гэж басангуй бодож байснаа сүүлд нуугаагүй хэлсэн байдаг. 24-хөн настай залуу жанжны нүдэнд чамлахаар харагдаж л таарна. Тэгж чамлангуй байхад нь асуудалд маш хариуцлагатай хандсаныг түүх гэрчилнэ. Хувийн зохион байгуулалтын хувьд тун дажгүй, бас хариуцсан ажлынхаа иөөлөө нойр хоолоо умартан зүтгэдэг хүн байжээ. Засгийн газар, АИХ, намаа тэргүүлээд, манлайлаад бүгдийг амжуулаад, эвийг нь олоод явж ирсэн хүн шүү дээ. МАХН чинь тухайн үедээ улс орныг удирдан чиглүүлэгч гол хүчин. Энэ тал дээр одоо бид нар тэгсэн, ингэсэн эсвэл тэгэх байсан гэж ярих нь утгагүй хэрэг. Гагцхүү Бал даргын удирдсан 44 жилийн хугацаанд Монгол улс ямар байгаад ямар түвшинд хүрсэн, бидний аав, ээжийн туулж ирсэн амьдрал ямар байв... Монголын эрүүл мэнд, урлагийн салбарын үүсэл хөгжил энэ үетэй л холбоотой. Тайз, дэлгэцийн уран бүтээл хийдэг мэргэжлийн боловсон хүчний бүхэл бүтэн арми бий болж, хүүхэд багачуудыг хүмүүжүүлэн сургадаг цэцэрлэг сургууль, их дээд сургууль бий боллоо. Хагас зуун жилийн дотор ийм хэмжээнд хүрсэн атал дараагийн 30 жилд ямар өсөлт дэвшил гарав. Өмнөх 44 жилийн хурдаар тийм хэмжээний үсрэлттэй явсан бол бид ямар хэмжээнд очих байсан бол гээд бодоод үзэх хэрэгтэй.
Түүхэн хүмүүс зөв цагтаа төрөөд зөв бодлого, үйл ажиллагаа явуулж чаддаг. Улсын төсвийг зөв зарцуулбал улс эх оронд л хэрэгтэй. Зөв зарцуулалт, зөв тайлан ард түмэнд хэрэгтэй. Бал даргыг ард түмэндээ үнэнчээр зүтгэсэн гээд ард түмэн үнэлчихсэн, сэтгэлдээ тээж, хайрлаж явдаг нь Монгол орны хаа сайгүй мэдэгдэж, мэдрэгдэж байдаг.
/Халимаг ноёд Тундутов, атаман Балзанов, А.С.Пушкин нарын удам Сээрж Гравенизын хамт.../
Би сүүлийн 11 жилийн хугацаанд Бал даргын намтар судалж байна. Би боддог юм, "МАХН 1984 онд Бал даргыг ганцаардуулж гадаадад цөлснөөрөө, өнөөгийн МАН болж хувирчээ, 1990 оны 3 сарын 14-ний өдөр намын эгнээнээс хөөснөөрөө түүнийгээ баталжээ" гэж л ойлгогдож байна. Элчин сайд Гүрбадам МАХН-ын YIII Бүгд Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарч намаас Ю.Цэдэнбалыг санал нэгтэй хөөсөн тухай мэдэгдэхэд, "Намайг намаас хөөсөн юм уу? тэгвэл тэр миний нам биш байна" гэж Бал дарга бие нь муу байхдаа хэлсэн юм.
Бүгдээрээ Ю.Цэдэнбалын эсрэг хуйвалдсан байхгүй юу? ганцхан хүнийг харлуулан буруутгаж, бусад нь энхийн цагаан тагтаа болж үлдсэн. 1984 онд МАХН, ЗХУ-ын коммунист намтай нийлээд тэр хүний өвчний оношийг ард түмэнд буруугаар ойлгуулж, ард түмэн намын жирийн иргэдээ хууран мэхэлсэн. Ажлын чадваргүй болж, эмчлүүлэх шаардлагатай болж гэсэн тайлбар байсан... Тэгээд Орос улсад гэрийн хорионд оруулаад, паспортыг нь хурааж аваад хаашаа ч хөдлөх аргагүй байдалд “хашсан”. Дожоодорж гэдэг хүн бие нь тааруу байхад очоод янз янзын юм асуугаад тавгүйтүүлээд, бичлэг хийгээд л... Мэднэ дээ Монголчууд... Тэр хүний амьдралын сүүлийн мөчийг хэцүү ч гэсэн харах боломжийг олгосон сэтгүүлч Дожоодорж очоогүй бол, бид даргын амьдралын сүүлийн мөчийг харахгүй, нэг л том маршалын хувцастай хүмэн байж байгаад бурхан болсон мэтээр төсөөлөөд үлдэх байсан байх. Маршалаараа л байж байгаад бурхан болсон юм шиг санана шүү дээ. Харамсалтай... Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ядруу амьдарч, маш их ганцаардаж, зүдэрсээн тэр хүн. 1989 онд л эрүүл саруул байсан хүн хоёрхон жилийн дараа нас барчихсан. Гэхдээ энэ хүнийг Монголын ард түмэн аль хэдийнээ ойлгоод, юу болсон тухайд дүгнэлтээ хийчихсэн гэдгийг дахиад хэлчихье. Одоо энэ хүнийг хууль бусаар ажлаас нь өөрчилж, Үндсэн хууль зөрчиж хууль бусаар хэлмэгдүүлэн гэрийн хорионд оруулсныг хүлээн зөвшөөрч, нэр төрийг нь сэргээх, улс төрийн таалаар цагаатгахыг Монголын ард түмэн хүсч, бас шаардаж байна.
-Одоо болтол хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрч цагаатгаагүй юм уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 1997 онд энэ хүнийг Үнлсэн хууль зөрчин байж хэлмэгдүүлжээ, хууль бусаар цол тэмдгийг нь хурааж иргэнийг хохироожээ гэдгийг батлаад, цол тэмдгийг нь хураасан АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигийг хүчингүй болгох зарлиг гаргасан. Нэр төрийг нь сэргээх, түүний гутаагдаж сэвтсэн нэр хүндийг эргээд төрөөс албан ёсоор сэргээн зарлах шаардлагатай. Н.Багабанди Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийсэн дүгнэлтийг үндэслээд цагаатгах, нэр хүндийг нь сэргээх ёстой биз дээ. Тамгын газрынхан нь үндэслэлтэй, түүхэн зөв дүгнэлт барьж ажиллаж, шийдвэр гаргасан байж таарна. Тэд, хүчин төгөлдөр Үндсэн хууль зөрчиж иргэнийг хэлмэгдүүлэн, хууль бусаар цол шагналыг нь хураасан байна гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл 1990 оны дөрөвдүгээр сарын 18-нд баталсан АИХ-ын Тэргүүлэгчдийн 97 дугаар зарлиг шийдвэрийг Н.Багабанди Ерөнхийлөгч хүчингүй болгосон юм шүү дээ.
Одоо бол би, энэ түм түүхэн хүний асуудлыг үл ойшоох байдал гаргаж байгаагийн ард Бал даргын асуудлыг энэ хэвээр нь байлгаж байх сонирхол байна гэж хардаг. "МАН-ын нэр хүнд унана" гэж хаширлаад Цэдэнбалын асуудлыг сөхөхгүй байна гэж ойлгодог. Эргэн сануулахад, 1965-1966 онд урд хөрш рүү олон мянган иргэнийг нутаг буцаасан даа.
Юуг нь нуух вэ? Бал даргын намтар судлаад явж байхад янз бүрийн хүмүүс ханддаг. "Наадахаа зогсоо, асуудлаа шийдчихвэл, та нар академиа тараана биз дээ?" гэхчлэн янз бүрээр л элдэвлэж, гаднаас нөлөөлөх гэж оролддог. Саяхан төрийн эрх барьж байгаа намын УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэдэг хүний зохиолоор кино хийсэн байна лээ. Зохиогч нь өөрөө ерөнхий продюссер. Ж.Мөнхбат, төр засгийг 44 жил удирдсан хүний түүх, цаашлаад монголчуудын түүхийг гуйвуулж засах, түүхэн баримт үгүй үйл явдлыг болсон явдао мэтээр харуулсан байна лээ. Боловсон жорлон гэдэг чинь 100-н жилийн өмнө нь дэлхийн хаана ч байгаагүй. Тэглээ гээд дэлхийн соёлт нийгэм түүхэн кино хийхдээ ёс зүйн хэмжээгээ зөрчиж, ийм тэнэг байдлаар дүрслэн үзүүлдэггүй. Түүхийг уран сайхны аргаар илэрхийлэх хэм хэмжээ гэж байх ёстой.
Кино шүүмжлэгчид, мэргэжлийнхэн ч үгээ хэлэх байх. Түүхэн үйл явдлыг уран сайхны аргаар дүрслэх илэрхийлэх арга гэж бий. Түүнээс биш Монголчууд нийслэл хотынхоо гудамжинд зэрэгцэж суугаад бие засч байсан гэдэгт итгэхэд хэцүү. Бидний өвөө эмээ нарын түүх шүү дээ. Арай дэндүү бүдүүлэг зураглал тэр кинонд олон бий. Ард түмний, Монгол улсын имиджийг дордуулж, доромжилсон. Нөгөөтэйгүүр Бал даргын ах дүү, үр хүүхдүүд нь байсаар байхад түүхэн бодит хүний намтар засч гуйвуулж болохгүй.
Орост дээд сургууль төгссөн залуу, Филатоватай гэр бүл болоод Монголд анх ирэхдээ шалгүй, дан монгол гэрт амьдарч байсан. Үүнийг нь өрлөг жанжин Х.Чойбалсан гуай мэдчихээд, “Улс орныг удирдах хүн иймэрхүү байдалтай байж болохгүй ээ. Ах дүү зөвлөлтийн ард түмний төлөөлөл шинэ бэр ирсэн” гээд одоогийн Маршал цогцолборыг бариулж наад талынх нь нэг давхар байшинд оруулсан байдаг юм. Тэр байр бол Монгол Улсын, ЗХУ-ын ч төсвийн хөрөнгө биш. Жуков жанжин дайн удирдаж, армийн хөрөнгөөр Маршалдаа зориулж барьсан байшин. Жуков жанжин өөрөө амьдраад штабаа удирдаж байсан түүхэн барилга.
/Ц.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Цэдэнбала Анастасия Зориговна нарын хамт.../
Японыг ялсны дараа Маршал Х.Чойбалсанд хувьд нь бэлэглээд явсан байр. Өөрөөр хэлбэл, Х.Чойбалсан гуай өөрийнхөө хувийн байшинг Цэдэнбал, Филатова нарт бэлэглээд өөрөө Маршал цогцолборыг улсын төсвөөр бариулж орсон түүхтэй. Өдгөө тэр байшинд гэр музей байгуулъя гэхээр зарим хүмүүс Б.Бат-Амгалан, Цэдэнбалын Зориг ч юмуу, хэдхэн хүн улсын хөрөнгөөр барьсан нэг давхар барилгыг өөртөө авч академийн хөрөнгө болгохоор явж байна гэж яриад байх юм билээ. Эндүүрээд байна... Зарим нь бүүр зорилготой тэгж тайлбарлаад байдаг. Энэ асуудлыг 2012 онд Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг хамгийн зөвөөр биднийг ойлгож хүлээж аван Спорт, соёлын сайддаа үүрэг өгч байсан.
-Гэр музей байгуулахад татгалзах юм баймгүй юм. Ингэхэд одоо тэр байшинд ямар үйл ажиллагаа явагддаг юм бэ. Арай нураачихаагүй биз дээ?
-Бид соёлын асуудал эрхэлсэн яам тамгын газрын мэдэлд Монгол улсын хагас зуун жилийн түүхтэй холбоотой түүхэн удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн "Ю.Цэдэнбалын гэр музей"-г байгуулъя гэсэн хүсэлт л тавьдаг. Тэр хүний 44 жил амьдарсан гал голомт яагаад гэр музей хэлбэрээр хойч үедээ түүхээ үнэн зөвөөр түгээн таниулах газар болж болохгүй гэж... Өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цуглуулсан уран зургуудаа хадгалж байршуулдаг байсан. Одоо юу болсон нь тодорхойгүй. Саяхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Их тэнгэрт амьдардаггүй гэх яриа гарах үеэр Бал даргын байшинд амьдарч байна гэх сураг дуулдсан. Үнэн худлыг мэдэхгүй юм. Ямартай ч нурааж сүйтгэсэн зүйлгүй ээ. 1939 он, Халх голын дайны үед барьсан гэхэд янзаараа сайхан байгаа. Уг нь гэр музей байгуулчихвал... Бидний зүгээс төрийн гурван өндөрлөг, Үндсэн хуулийн цэц, ХЭҮК гээд хандаагүй газар байхгүй. Н.Энхбаяр ерөнхийлөгч, дараагийн ерөнхийлөгч мөн одоогийн Ерөнхийлөгчид хандсан ч бидний хүсэлт дандаа үгүйсгэгдэж, эсвэл цаг хугацаа хожиж мартуулах гэсэн оролдлогуудаар дуусдаг.
Ний нуугүй хэлэхэд, Бал даргын үйл хэрэг, үнэн түүхийг мэддэг хүмүүс бүгдээрээ “номын хүмүүс", эрдэмтэд, “боловсорчихсон” ахмад хүмүүс байдаг тул тэднээс маань гэнэтийн нийгмийг цочроосон, увайгүй үйлдэл гардаггүй юм. Жишээлбэл, Монгол эмч нар буурал даргын цогцост хийсэн задлан шинжилгээний хариуг уншиж танилцсан цөөхөн хүмүүсийн нэг нь би. Задлан шинжилгээний хариуг, дураараа олон түмэнд яръж отг болохгүй. Дашрамд дурьдахад би 2014 онд ач охиныг нь “Ю.Цэдэнбалын гал голомт” хөдөлгөөний шугмаар Монголд урьж авчирсан. Тэрнээс хойш ах дүүгийн харилцаатай байж байна. Угтаа бид төрөл садан биш. Гэсэн ч бидний хооронд итгэлцэл бий. Тэдэнд аав, өвөөгийнхөө нэр хүндийг сэргээх чин хүсэл бий. Миний хувьд бүхий л засгийн үед захидал бичиж хүсэлтээ илгээж байсан гэж хэлсэн дээ. Л.Цогийн үед л жаахан дэвшил гарч, Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн дэргэд, шилдэг хуульч, түүхч, судлаачдыг хамарсан комисс байгуулж, Бал даргыг улс төрийн хувьд хэлмэгдсэн гэдгийг тогтоосон. Бал даргын амьдрал бүх талаасаа судлагдаж байж тодорхойлолт гаргасан. Паспортыг нь ч өгөхгүй барьцаалаад... Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй, өвчин зовлон ирэхэд, эмчлүүлж сувилуулахдаа ах дүү, үр хүүхдийнхээ саргаанд байх эрхтэй гээд заачихсан байдаг ч, Бал дарга хамгийн наад захын тэр эрхээ эдэлж чадалгүй бурхан болсон. Москвад ганцаараа орос сувилагчийн гар дээр л амьсгал хураасан. Эмгэнэлтэй түүх, харамсалтай хэрэг шүү!
-11 жил нэг хүний амьдралыг судална гэхээр их том архив мэдээлэлтэй болсон байх даа?
-Хүний амьдралын нэг мөчлөг... 11-н жилийн хугацаанд олон хүнтэй уулзаж, унших материалаа уншиж, архив ухаж явлаа. Тэгж яваад л хэн хүний олж харахгүй “Бал даргын цогцост задлан хийсэн” дүгнэлтийг олж уншсан хэрэг. Төрийн тэргүүн байсан хүнийг намаас нь хөөгөөд, шагнал урамшууллыг нь авснаараа зөвхөн Бал дарыг баалсан юм биш. Тэр гэр бүлийн гишүүдийн хувь заяаг орвонгоор нь эргүүлж харлуулсан, одоо ч дээрдсэн юм алга. Өнөөдөр ч хүүхдүүдэд нь Монгол Улсын иргэншил өгөөгүй. Өвөг дээдсээрээ, уг удмаараа бол Монгол хүмүүүс ш дээ, тэд чинь. Монгол аавын мах, цусны тасархай... Монголын төрийн тэргүүний хүүхдүүд. Тэдэнд Монголд хувьчлаад авчихсан байр орон сууц нэг ширхэг ч байхгүй. Тийм юм угаасаа Ц.Зоригт ч, ач охин Цэдэнбал Анастасия Зоригиевнад нь ч хэрэггүй. Тэд төрийн тэргүүн, маршалын удам гэдгээ л хүлээн зөвшөөрүүлэхийг, аавынхаа, өвөөгийнхөө нэр төрийг албан ёсоор сэргээхийг л хүсдэг. Үнэндээ Монголд тийм олон маршал байхгүй.
Х.Чойбалсан. Ю.Цэдэнбал дарга хоёр л байна. Тэдний үр удам гэдгээ, өвөө эмээ нь энэ улсын төлөө шударга зүтгэсэн гэдгийг л хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрүүлэх л тэдний хүсэл. Өөр юу ч хүсээгүй, хүсдэггүй. Гагцхүү өвөө, эмээгийнхээ амьдарч байсан нэг давхар байрыг гэр музей болгож өгөөч л гэдэг. Гуйгаад хүсээд бүтэхгүй болохоор нь бид "Маршалуудын гэр музей болгоё" гэж хүртэл хүсэлт тавьж байлаа. Надаас өмнө С.Галсан гуай, Ц.Зориг хоёр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдлөө өгч байсан юм билээ. Үр дүнгүй.
Угтаа тэр нэг давхар байшин бол хувь хүний өмч. Яагаад тэр гэрийг үр хүүхэд нь өмчилж болдоггүй юм бэ. Гэрээс нь хамгийн үнэ цэнэтэй зүйл болох Бал даргын үнэлж баршгүй номын сан алга болсон шүү дээ. Болохгүй биз дээ, хүний өмчид халдаж. Эрдэмтэн, эрдмийн хүмүүс чинь ном бүртээ тэмдэглэлээ хийдэг. Ном нь тэдний амин чухал эд зүйл байдаг. Хожим гудамжны худалдаанаас нэлээд хэд нь гарч ирсэн. Бал дарга улаан харандаагаар, монгол бичгээр номд тэмдэглэгээ хийдэг байсан юм билээ. Бүх юмаа тэмдэглэж зурж, анализ хийж уншдаг хүн байж л дээ. Мэдэх хүмүүс нь ном, тэмдэглэгээг нь хараад л таньдаг. Хулгайлагдсан номын сангаас алдагдсан номноос нь Увс аймагт байгаа Бал даргын музейд, намтар судлаач нарт авчирч өгсөн тохиолдол их байдаг. Үнэндээ, Монголын төрийг 44-н жил удирдсан Бал даргын хувь тавилан их хатуу төгссөн дөө... Хүний нутагт паспортыг нь хураагаад авчихсан. Намаас хөөсөн тухай тухайн үед Элчин сайд байсан Гүрбадам гуайгаар бие нь тааруу байхад нь хэлүүлсэн байдаг юм. 1990 оны гуравдугаар сарын 14-д намаас хөөгөөд, МАХН шийдвэр гаргаж цол тэмдэг бүх гавьяа шагналыг нь хураасан. Тэгээд 1990 оны дөрөвдүгээр сарын 17-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гаргачихаж байгаа юм. Намаас хөөх тогтоол дээр Г.Очирбат, П.Очирбат гэх хэд хэдэн хүний нэр байдаг. Гарын үсгээ зурчихсан. Энэ бүх зүйл 1984-1990 оны хооронд л болоод өнгөрсөн.
Бал даргын амьдралынхаа эцэс хүртэл "нутагтаа ясаа тавих юмсан, хийж амжуулах зүйлсээ гүйцээгээгүй минь тоогүй" гэж монгол бичгээр бичсэн нь одоо ч хадгалагдсаар байдаг. Удалгүй ууган хүү Владислав нь учир битүүлгээр нас барж, Анастасия Ивановна ч нас барсан. Филатоваг нас бараад олон хоносных нь дараа олсон гэж ярьдаг. Бас хөргөгчинд нь юу ч байхгүй хов хоосон байсан гэдэг. Иймэрхүү зүрх шимшрүүлсэн яриа их бий. Миний өмнөөс намаа хамгаалсан хүмүүс босч, "чи юу яриад байгаа юм бэ? Наад хүнд чинь Бүгд найрамдах уншиж, ял өгөөгүй шүү дээ" гээд байдаг. Яг үнэндээ ял өгснөөс долоон дор эмгэнэлтэй хувь заяа тулгасан биз дээ. Ах дүү, амраг садандаа, эх нутагтаа ирж чадахгүй. Ганцаараа байж байгаад л бурхан болсон. Зарим хүмүүс нас барлаа гэхэд нь "тэнд нь оршуул, ирүүлж хэрэггүй", нөгөө хэсэг нь "шарилыг нь Увс руу явуулчих" гэж байсан. Тэр үед Жадамбаа генерал, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын аав, "төр нь тэргүүнээ авдаггүй юм бол арми нь маршалаа авна" гэж хэлээд Москва явж байсан байдаг. Түүхэн үнэн... Бал даргын гэр бүлийг дайрсан эмгэнэлтэй хувь заяа Монголын төрийн түүхийн нэг хэсэг. Шуудхан хэлэхэд туулаад өнгөрсөн гашуун бас хар бараан дурсамж. Гэхдээ түүх үнэнээрээ үлдэх ёстой, хойч үеийнхэндээ. Монголын түүхийг үнэнээр нь үлдээхийн төлөө би амьдралынхаа 11-н жилийг зориулсан. Цаашдаа ч зориулна. Бал даргын түүх бол хувь хүнийх гэхээсээ илүүтэй Монголын түүх юм шүү дээ... Бодоод үз дээ. Өнөөдрийг хүртэл цагаатгасан тухай ганц тогтоол байхгүй. Зөвхөн намаас хөөсөн тогтоолыг нь л хүчингүй болгосон гэхээр арай л дэндүү байгаа биз дээ?
-Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан байшинг гэр музей болгох хүсэлтийн хариуд яг ямар хариу өгдөг юм бэ?
-Харамсалтай нь, ямар ч хариу ирдэггүй. Тэгсэн атлаа сонгууль болохоор л Бал даргын асуудал босоод ирдэг. За, даргын нэр төрийг сэргээнэ. Гэр музей байгуулахад тусалъя гэдэг. Харамсалтай нь сонгууль дуусаад л таг чиг болчихно. Хүн байна даа, ядаж ганц үлдсэн хүү, цорын ганц ач охин, отгон дүүгийн нь сэтгэл санааг нь амрааж болно доо. Гэтэл тэгдэггүй. МАН хэрэгтэй үедээ л Бал даргынхаа заасан замаар, чиглүүлсэн мөрөөр явлаа гэж худлаа хэлдэг. Уг нь гэр музейг нь байгуулчихвал гэр бүлийнхнийх нь төдийгүй Монголын ард түмний санаа амарна. Төрийн тэргүүнийхээ нэр төрийг сэргээнэ гэдэг цаашлаад зүгээр л түүхийг байсан байдлаар нь буюу үнэн зөвөөр хадгалж үлдээхийг хэлээд байгаа юм шүү дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг... Гэтэл юун цагаатгах... Түүх гуйвуулсан уран сайхны кино хийчихээд сууж байна. Бал даргын төлөө хийсэн гээд байгаа юм аа, бас... Хүний нэр хүндийг гутаасан киногоо ичихгүй ард түмний татварын мөнгөөр хийчихсэн. Ард түмний татварын мөнгөөр улсын төсөвт "түүхэн киноны зардал" хэмээн тусгаж санхүүжүүлсэн. Мэдээж УИХ-ын гишүүд дэмжсэн л байж таарна. Кино эхлэхэд Монгол Улсын Засгийн газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам гэсэн бичиг гардаг. Удирдаж явсан намынх нь залгамж халаа, хойч үеийнхнийх нь хандлага гэхэд арай дэндүү. Мэддэгүй юм бол мэддэг судлаачдаас нь асууж лавлах нь яасан юм бэ. Мэдэхгүй биш албаар л хийчихлээ гэж хардаж байгаагаа би нуухгүй ээ...Үнэн бодит түүхийг гуйвуулж, гутаан доромжилсон байна лээ. Дашрамд тайлбарлахад, “Эрдэм судлалын төв Цэдэнбал академи” ашгийн төлөөх байгууллага биш.
Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, нэг зорилгын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хүмүүсийн нэгдэл. Гэтэл бидэн дээр МАН, МАХН төлөөллөө оруулна гээд баахан бантан хутгасан. Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд Бал даргын төрсний ойг бид буюу “Эрдэм судлалын төв” буюу Цэдэнбал академ үүсгэн байгуулагчид, Бал даргын хамтран зүтгэгчид, ах дүү нарын төлөөлөл, нам төрийн ахмад зүтгэлтнүүдтэй хамтран хурал хийж, Академийг шинэ зохино байгуулалтанд оруулсан. За тэгээд ажил хийж явахад асуудал гардаг л юм билээ. Сэтгэл нийлэн зүтгэнэ гэж байсан хэсэг нөхөд хувийн амбицаараа асуудалд хандаад, Академийн үйл ажиллагаа нь ойлгомжгүй болсон байсан. Ямартай ч бид Цэдэнбал дарга, мөн академийн нэр төрийг хувийн амбицдаа ашиглаж байсан явдлыг зогсоож чадсан.
-“Бид мартахгүй” киног би үзэж амжаагүй л дээ. Үзэх хэрэггүй юм болов уу гэж бодогдоод байна. Үнэндээ мэдэхгүй хүн киног үзээд ийм л байж гэх ойлголттой болох болохоор түүхэн киног ихээхэн болгоомжтой бодолтой хийх ёстой л доо. Түүхэн гэдэг чинь баримтат гэсэн үг биз дээ?
-Миний ойлголтоор түүхийн үнэнийг барьж л кино хийх ёстой баймаар... Үнэндээ “Түүх мартахгүй” УСК сэтгэлд хүрээгүй. Уг нь Бал даргын тухай кино гэх сурагаар ард түмэн асар их хүлээлттэй байсан. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат зохиолоо бичээд, киногоо продюссерлээд зогсохгүй өөрөө “тоглосон” байна лээ. Ёстой л түүхээр “тоглосон” байгаа юм. Эх орон, өөрийнхөө намын удирдагч байсан хүний түүхийг төсвийн мөнгө зарлагдан байж гуйвуулсанд үнэхээр сэтгэл дундуур байгаа. Оросууд “дайснаас долоон дор” гэдэг дээ... Үнэхээр таалагдаагүй.
Киног АНУ хийсэн бол эд нар үнэнг буруу өнцгөөс харж, сэтгэхүй нь өөр байна гэхсэн. Гэтэл монгол хүн ийм юм хийж болох уу? Түүхийг хүчирхэг байгаа тал нь өөрийн тааллаар бичдэг түүхэн жам байдаг ч энэ явдал хэрээс хэтэрсэн. Гэтэл Бал даргын түүх бол саяхных... Мартагдаагүй түүх шүү дээ. Амьд гэрчүүд нь байсаар байхад ийм увайгүй зүйл хийх гэж... Үнэндээ хэлэх үг олдохгүй юм. Бид түүхийг олон талаас нь харах ёстой. Ю.Цэдэнбал гэдэг хүн залуухан байхаасаа төр засгийг удирдсан, алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Бидний мэдэх, бас мэдэхгүй юм зөндөө л байгаа. Гэхдээ л түүхэнд үлдсэн зүйл юу вэ гэдгийг харах ёстой. Түүхэн материал барьж байж түүхэн кино хийх ёстой. Үнэнээс гажуудсан өөр түүх харуулах гээд байгаа нь ямар зорилготой юм бэ? Бид хүний амьдрал, хувь заяаг харлуулсан үйлдлээ залруулах байх, киногоо зогсоож засах байх гэж МАН-ыг, Засгийн Газрыг, УИХ-ын гишүүн, бусад гишүүдийг нэлээд харлаа. Залруулсангүй. Ах дүүстэй нь зөвлөлдөж зүгээр орхиж болохгүй гэж шийдсэн. Орхивол үргэлжлүүлээд доромжлоод унана. Түүхийг улам гуйвуулна. Тиймээс шат дараалсан арга хэмжээ авна. Ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй биз дээ.
Уг нь тэд ийм сонин кино хийх албагүй л байхгүй юу. Монгол орныг тэгж харуулах хэнд хэрэгтэй юм бэ. Яагаад тусгаар улсын имижийг тэгтэл харлуулахыг зорив. Тэр кинон дээр хуриман дээр нь хоёр хүүхэн хоорондоо ярьж байгаа тухай гаргаж байна лээ. "Залуухан даргын өвөрт тагнуулаа шургуулчихдаг шар толгойтууд" ч гэх шиг. Хэрвээ хуриман дээр тийм яриа гаргавал тухайн үед юу болох байсан нь тодорхой ш дээ. Аль ч өнцгөөс нь харсан тэр киног “зорилготой” л хийлээ гэж харж байна. Цаг хугацаа бүхнийг харуулдаг. Сонгуультай давхцуулаад 2.5 тэрбум төгрөгөөр Ж.Мөнхбат ийм кино хийж, Ю.Цэдэнбалыг, Монголыг доромжлох ямар шаардлага байв. Одоо уг УСК-г ард түмэнд төлбөртэй сувагаар үзүүлж байна. Хүү, ач охин хоёр нь үзье гэсэн. Москвад ямар Монголын төлбөртэй суваг байх биш. Зохиогчийн эрх зөрчиж шууд бичлэг татаж болохгүй учраас тодорхой хэсгийг нь бичээд илгээсэн. Дараа нь бүтэн эхээр нь үзье гэхээр нь хайтал олдохоо байчихсан. Тэгэхнээ уран сайхны киноны драм гэдэг цэс рүү оруулчихсан байна лээ. Түүхэн кино биш гэх гээд байгаа бололтой. Түүхэн хүний тухай киног уран сайхны аргаар үзүүлж байгаагаа умартсан л байгаа юм даа. Бид чинь хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулах гээд байгаа улс биз дээ. Төр гэгээн бодлогоороо төрийн тэргүүнээ цагаатгах ёстой юм биш үү. Тэгдэггүй юм гэхэд түүхэн хувь заяанд нь үнэнч шударга хандах ёстой баймаар юм. Яаж ч бодсон цагаатгахад ямар ч асуудал байхгүй. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзмаар байна. Цаашид энэ асуудлаар дорвитойхон шиг ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилъя. Юу ч болсон эцсийг нь хүртэл явна. Одоогоор Ерөнхийлөгчид өмнө нь өргөн барьж байсан бичгээ он сартай нь хадгалсныгаа постолж, янз бүр болохыг хүсэхгүй байна. Өмнө нь төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асуудалд нааштай хандаж байсан, өнгөрсөн жил... асуудлыг шийдэх байдлаар хандаж байсан, хэн хэнд нөлөөлж, бидний өргөдлийг зогсоосон гэдгийг ч би мэдэж байгаа.
-Хэн гэж?
-Сангийн сайд зогсоосон гэдгийг би мэдсэн. Одоо би албан бичгээ үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичигт ч юм уу болж өгвөл Ерөнхийлөгчид яг өөрт нь өгөхийг хүсч байна. Энэ бол миний хүсэлт гэхээсээ илүү Монголын ард түмний хүсэлт юм шүү. Өнгөц харахад, Ю.Цэдэнбал даргын эрхийг яриад байгаа боловч уг чанартаа Монгол Улсын иргэн эрхээ хамгаалуулах тухай асуудал. Дашрамд хэлэхэд, манайхан их л нутгархах юм. Нутаг жалга ярих юм. Ховд, Увс, Хэнтий, Архангай, Баян-Өлгийгийнхөн гэж талцаад эв нэгдлийнхээ эсрэг л юм хийдэг. Коммунист дэглэмийн үед Ховдын хязгаарыг задлаад хаячихсан болохоос бүгд л нэг хошууны харьяа нутаг шүү дээ. Бүгдээрээ нутаг усаараа талцахаа л зогсоомоор байна. Тэрэндээ тулбал, Цэдэнбал даргыг Ховдын хүн гэж хэлж болно. Чандмань уулын хошуу гэдэг чинь тэр чигтээ нэг нутаг байсанюм. Одоогийн Увс, Ховд, Баян-Өлгийн нутаг... Дунд сургуулийн сурагч Ю.Цэдэнбал Улаангомдоо суралцаж явсан хэдий ч гэр сургууль нүүж явсаар Ховд аймгийн нутагт очиж, тэндээсээ төгсөж нийслэл явсан түүх бий. Товчхондоо, Бал даргын бага нас өнөөгийн Увс, Баян-өлгий, Ховдын нутагт л өнгөрсөн гэсэн үг. Увсын Өмнөговь, Баян-өлгийн Баяннуур, Ховдын Дөргөн сумдыг дамжаад нүүж Ховдод очиж суралцаж, нийслэлд ирсэн хүн шүү дээ, угтаа. Хаана 10 жилийн сургууль дүүргэлээ гэж асуух юм... Тухайн цаг үед 10 жилийн сургууль гэж байгаагүй, долоодугаар анги төгсөж байсан.
Нөгөөтэйгүүр, би дөрвөд хүн учраас, Увс аймгийн харьяат болохоороо л Бал даргыг өмөөрдөггүй гэдгээ ахиад хэлье. Бал даргыг Монголын ард түмэн өмөөрч, хайрлдаж байна. Бал даргыг Увс аймаг өмчлөхгүй шүү. Бахархаж болно. Маршал бол олон улсын хэмжээний улстөрч, Монгол төрийн зүтгэлтэн.
Төр засгийг 44-н жил удирдаж, Монголын хувь заяаг мандан бадрахад өөрийн чин сэтгэл зүтгэлээр гавьяа байгуулсан Бал даргын 40 гаруй жил амьдарсан гал голомтыг түүний Гэр музей болгох санаачилгыг дэмжицгээгээрэй!
- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Зорьсон ажил хэрэг тань бүтэж, Монголын төрийн тэргүүн асныг цагаатгах цаг удахгүй байх аа...