Н.Мөнхзул: Монголын шилдэг өвлөн уламжлагчдыг нэг дор харах боломж бүрдэнэ
Б.МӨНХЗУЛ
Одоогоос яг дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотын Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байсан билээ. Уг арга хэмжээнд ЮНЕСКО-гоос 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийн хамгаалах тухай конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу таван төрөл жанрын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагч хамрагдаж байсан. Тэгвэл хоёр дахь удаагийн фестиваль ирэх сарын 12-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болох гэж байна. Энэ удаа долоон төрлөөр зохион байгуулах “Нүүдэлчин Монгол-2022” наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Соёл урлагийн газрын дарга Н.МӨНХЗУЛТАЙ ярилцлаа.-Соёлын биет бус өв гэж чухам юу юм бэ. Энэ талаар монголчууд янз бүрийн ойлголттой байдаг. Заримд нь мэдээлэл хомс яваа. Тиймээс ярилцлагынхаа эхэнд товч тайлбар өгөх үү?
-Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга юм. Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг” ойлгоно хэмээн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд тодорхойлсон байдаг. Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдэж, өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд Соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан юм. Үүний дагуу бид хоёр дахь удаагаа зохиох гэж байна.
-“Нүүдэлчин Монгол” наадмын талаар товч мэдээлэл өгөөч. Хүмүүс тодорхой мэдээлэлтэй очих нь зөв байх?
-Энэ онд соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилтот арга хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд ирэх сарын 12-14-нд гурван өдөр зохион байгуулна. Тодруулбал, нүүдлийн соёлын дахин давтагдашгүй байдал, онцлогийг харгалзан соёлын биет бус өвийг эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд, ардын язгуур урлаг, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, уламжлалт арга ухаан, мал маллах арга ухаан, уламжлалт гар урлалыг дэлгэн үзүүлэх юм. Соёлын биет бус өвийн их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Энэ жилийн фестивалийн гол онцлог юу байх бол?
-Дөрвөн жилийн өмнөх наадамд таван ай сав буюу төрөлд зохион байгуулагдсан. Харин энэ жил хоёроор нэмэгдэж долоо болсон. Мал маллах ухаан, уламжлалт анагаах ухааныг нэмснээрээ онцлогтой. Тэр утгаараа өмнөхөөсөө ч өргөн хүрээнд болно гэсэн үг. Сонирхуулаад хэлэхэд, Монгол Улсын “Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-д соёлын биет бус өвийн долоон ай савын төрөл зүйлд хамаарах 279 өв, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д долоон ай савын 83 өвийн төрөл зүйл зэрэг нийт 362 өв хамрагдсан байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр л баяр наадам төдий арга хэмжээ биш юм. Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д 102 өвлөн уламжлагч бүртгэгдсэн бол 2022 оны байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн анхан шатны бүртгэлд 11189 өвлөн уламжлагчийг бүртгэсэн байна. Ер нь энэ наадам маань 1950-аад оноос эхлэлтэй. Анх язгуур урлагийн наадам, ардын урлагийн наадам гэх зэргээр нэрээ өөрчилж явсаар 2018 оноос “Нүүдэлчин Монгол” болсон юм.
-Жил бүрийн яг өдийд жуулчид олноороо Монголд ирдэг. Тэдэнд маш сайхан боломж нээгдэж байгаа юм байна даа?
-Тэгэлгүй яах вэ. Энэ бол маш сайхан боломж. Зөвхөн гадаадын жуулчин гэлтгүй монголчууд маань ч өв соёл, биет бус өв гэж юу яриад байгааг нүдээрээ үзэж, чихээрээ сонсож, биеэрээ мэдрэх хэрэгтэй. Монгол хүн болж төрснийх юугаар бахархах ёстой юм бэ, бид ямар түүхтэй, өв соёлтой улс вэ гэдгээ танин мэдэх боломж гэж ойлгож болно. Хамгийн гол нь 21 аймгийн хамгийн шилдэг өв тээгчид Улаанбаатар хотод нэг дор цугларна гэдэг ховор шүү. Уг наадамд зөвхөн монголчууд л эртээс өдгөөг хүртэл уламжлуулж ирсэн бүхнийг л дэлгэнэ.
-Дөрвөн жилийн өмнө Хүй долоон худагт болсон арга хэмжээ энэ удаа Тэрэлжид болох нь ээ. Энэ газрыг сонгож авсан гол шалтгаан юу вэ?
-Зуны дэлгэр цагт иргэд маань амрангаа биет бус өвийн наадмаа үзэж сонирхох боломжтой юм. Энэ арга хэмжээ давхар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Гурван өдрийн турш фестивальд оролцохдоо юм үзэж, нүд тайлахын зэрэгцээ Тэрэлжийн эргэн тойрон дахь баазуудад тухалж болно. Хүй долоон худагийг тойрсон жуулчны бааз алга. Нэг ёсондоо аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж байгаа юм.
“Нүүдэлчин Монгол” наадмаар дамжуулж жуулчны баазууд болон аяллын компаниуд тодорхой хэмжээний орлого олох боломжтой гэсэн үг. Хотыг тойрсон аялал жуулчлалын гол бүс нь Тэрэлж. Жуулчид, үзэгчид ая тухтай байх ёстой. Энэ мэтчилэн олон шалтгаанаар байршлаа сольсон.
-Хөдөө хээр болж байгаа арга хэмжээг үнэ төлбөргүй гэж манайхан ойлгодог. “Нүүдэлчин Монгол” фестивалийн такс ямар үнэтэй байх вэ. Эсвэл үнэхээр үнэгүй юү?
-Мэдээж тодорхой хэмжээний төлбөртэй. Такс төлнө гэсэн үг. Гэхдээ иргэдэд ямар нэгэн байдлаар үнийн дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч байна. Таксын үнийг эцсийн байдлаар тогтоогоогүй. Мөн хөтөлбөрийг ч зарлахад арай эртэднэ. Наймдугаар сар дөнгөж гаргаад хөтөлбөр болон үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм. Арга хэмжээний таксаар олсон төлбөрийг тохижилт үйлчилгээ, тухайн газар нутгийн байгаль орчныг хамгаалах ажлуудад зориулах юм.