iNet.mn дагах

Ч.Ганбат: Нэг спортоор дагнахын давуу нь тамирчдынхаа өрсөлдөгчийн ямар мэх хийх, ямар агшин гарахыг ч мэддэг болдог

Ганбаа ах. Сэтгүүлчид, тэр дундаа спортын сэтгүүлчид түүнийг андахгүй. “Ах аа, найз аа...” гэцгээн тэмцээнээс тэмцээн дамжин явж, дурандаа буулгасан сонирхолтой агшнуудыг үзэж сонжин ярилцах. Мэргэжлийн гэрэл зурагчин биш ч спортын гэрэл зургаар дагнан тив, дэлхийн болон олимпын наадмуудын торгон агшныг аргамжин үлдэх ажилдаа тун чиг дуртай ахын тухай сонсож байв. Gogo.mn сайтын спортын сэтгүүлч байсан  манай У.Бадамцэцэг “Ганбаа ах өөрийн бизнестэй, ардаа ажил ихтэй. Гэвч спортын олон улсын тэмцээн уралдаанд явах цагийг яаж ийгээд гаргана. Нэг удаа Парисын ДАШТ-д цуг явахад Ганбаа ах “Эхнэртээ хэлэхгүй ирсэн, очоод алуулсаан” гээд инээж байсан гэж ярихыг сонсоод үнэхээр л дуртай хүн юм байна гэж бодож байлаа. Эхнэртээ хэлчихвэл явуулахгүй байж магадгүй тул билетээ авчихаад тас нуучихсан байх нь.

Ажил, хообий хоёроо хоршуулан авч явдаг тэр ахтай дараа нь 2018 оны намар Ерөнхийлөгч Х.Баттулгын Европын хэд хэдэн оронд хийсэн ажлын айлчлалын томилолтын багт цуг явж таарав. Нэг орноос нөгөө рүү нислэгээс нислэг солин явах тэр хооронд онгоцонд зэрэгцэн суусан ямар ч хүнтэй орос, англиар ярьж, гэрэл зургуудаа үзүүлээд, Монголоо, өөрийгөө хэдийнэ ойлгуулчихсан, ”сельфидчихсэн” ярилцаж суугаа харагдана. Хообийгоо ажил болгон амжилттай яваа Монголын нэгэн жаргалтай ахыг тэр үеэс таних болсон билээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Чулуунбаатарын Ганбат “Парис-2024” олимпын наадмын гэрэл зурагчнаар ажилласнаар зуны дөрөв, өвлийн хоёр олимпын наадмыг сурвалжилжээ. Олимпын наадам сурвалжилна гэдэг спортын гэрэл зурагчдын хувьд дээд үнэлэмж хийгээд   хүсэл мөрөөдөл нь байдаг болов уу. Түүнийг Парис хотод сар шахам болж, зургаа дахь олимпын наадмаасаа ирээд байхад нь уулзаж, ярилцсан юм. Ярианы сэдэв мэдээж гэрэл зураг, спорт...
-Зургаан олимпын наадам сурвалжилсан гэхээр сонирхолтой ч, олимп сурвалжлах мандат авах нь гэрэл зурагчид дундаа бас багагүй шалгууртай биз?
-Мэдээж мэргэжлийн өндөр шалгуурууд бий. Монголын үндэсний олимпын хороонд ОУОХ-ноос гэрэл зурагчин, сэтгүүлчдийн мандат ирдэг. Хэнийг явуулахаа Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хурлаар шийддэг.
Улсын нэрээр мандат авна, бусад бүх зардлаа өөрөө хариуцна. Парисын олимпод явсан манай улсын хэвлэлийн групп хоёр зурагчин, хоёр сэтгүүлч дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Олимпын овогтой Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Отгонцагаан буюу Ото ах, MGL спортын сувгийг үүсгэн байгуулагч спортын сэтгүүлч Ж.Цэцэгмаа, гэрэл зурагчин Д.Нямбилэг бид дөрвүүлээ Парис хотод сар шахам болж, олимпын наадмын мэдээ мэдээллийг дамжууллаа. Зурагчин Д.Нямбилэг маань сая гурав дахь олимпдоо яваад ирлээ. Нямбилэг бид хоёр Парисын олимпод бүх төрлийн спортын гэрэл зураг авах эрхтэй мандаттай давуу тал ихтэй байлаа. Тэгэхэд нэг спорт сурвалжлах мандат байтугай, огт гэрэл зурагчингүй орнууд ч олон байсан.

Манай улс ч гэсэн саяхныг хүртэл олимпын наадамд зурагчингүй явдаг байлаа. Олимпын хорооны Ото ах олон жил явсан туршлагаараа танил, найзууддаа хэлж Монголынхоо тамирчдын зургийг боломжоороо даруулна. Гэхдээ нээлт, хаалт зэрэг ерөнхий зураг л олж авна, зурагчид нь завгүй тамирчдын зураг бараг л өгөхгүй дээ. Нээлтэн дээр багууд цуварч гарч ирдэг учир “Монголиа” гэнгүүт “Ото ах гуйсан даа” гээд авах жишээтэй. Ийм үе байсан. Түүх сөхвөл, 1964 оны Токиогийн олимпод Монгол Улс анх оролцоход “Үнэн” сонины эрхлэгч С.Жамбалдорж гуай сэтгүүлчээр явсан, олимпын анхны гэрэл зургуудыг авсан гэдэг.

-Та тэс өөр мэргэжилтэй хүн атал яагаад спортын гэрэл зураг руу оров оо. Юу нь таны сонирхлыг ингэж хүчтэй татав?
-Би барилгын инженер мэргэжилтэй. Тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг “Монгол буйдан” компаниа байгуулж, бизнесээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Би 1989 оноос зураг авч эхэлсэн. Анх бөхчүүдийн зураг их авдаг байлаа. Тэр үед зургаан заан залуухан, Б.Бат-Эрдэнэ аваргын ид барилдаж байсан үе. Дээр нь Мөнхбат, Дамдин, Баянмөнх аварга нарын  домгууд бол миний дурангийн гол баатрууд. Хальсны аппаратаар холоос авахад дуран хүрэхгүй, олигтой зураг гарахгүй. Бөхийн өргөө анх нээгдэхэд зураг авч байлаа, гэрэл муутайг хэлэх үү. 36 кадраас 3-4 гайгүй зураг гарвал их юм, бусад нь хог. Плёнк үнэтэй, хайран мөнгө л болно.

2001 оны наадмаар бөхчүүдийн зургийг анх удаа ойроос авсан. Тухайн үед спортын “Таван цагариг” сониныхон мандаттай, цагдаа хамгаалалтынхан хөөхгүй, ямар амар юм бэ. Яаж мандат олж авах вэ? гэж бодол боллоо, 1990-ээд оны сүүлч л дээ. Ямар нэг байгууллагад харьяалагдах ёстой юм байна гэж ойлгоод “Таван цагариг”-т оръё гэхээр би сэтгүүлч биш, зүгээр нэг бизнесмэн. Бөхийн зураг авч явахдаа анх нутгийн дүү тухайн үеийн улсын заан, одоогийн арслан Х.Мөнхбаатартай ойр болсон. Арслан “Та бизнес хийдэг хүн, нутгийн хоёр дүүг дэргэдээ авч дэмжээч” гэж санал тавихад дэмжиж, улсын цолонд хүртэл нь гурван жил цалинжуулж байлаа. Одоогийн улсын арслан Ц.Содномдорж, начин А.Батмөнх хоёр л доо. Тэр үеэс би жүдогийнхонтойгоо танилцаж, дараа нь Спортын сэтгүүлчдийн холбоонд элссэн. Холбоонд элссэнээр хэзээ, хаана, ямар тэмцээнтэйг сонсдог, мэдээлэлд ойр болж эхэлж байгаа юм. 


Спортын гэрэл зурагт ашиг гэж байдаггүй учир зурагчид төдийлэн ордоггүй-Таны явсан анхны олон улсын тэмцээн юу байв?
-Хамгийн анх 2009 онд Хонгконгод болсон зүүн Азийн наадамд явсан. Олимп шиг бүх төрлийн спортын зураг авлаа. Заалны уур амьсгал, зеритель, спорт нь ч янзын гоё байна аа. Хамт олны уур амьсгал ч тэр, яг бодож явсан гоё юм руугаа орчихож байгаа юм. Гаднынхантай танилцана, англиар хагас хугас ярина. Би жүдогийнхонтой явсан учир түлхүү жүдогоо авна. Сэтгэгдэл ч өндөр, тэр үеэс л спортын гэрэл зураг руу эрчимтэй орсон доо. 2010 оны хавар нь Токиод болсон жүдогийн ДАШТ-д явсан.  М.Бундмаа, Х.Цагаанбаатар хоёр хүрэл медаль авсан, бас л гоё тэмцээнд боллоо. Дараа нь Гуанжоугийн Азийн наадамд явсан.

2011 онд  Парист болсон жүдогийн ДАШТ-д явлаа. Алдарт Тедди Ринер дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо гэж дөрвөн хуруугаа гозойлгосон, хөлс нь дусалсан зураг хажуунаас нь авч байлаа. Тухайн үед олимпын хүрэл медальтай, аварга болоогүй байлаа. Теддитэй таарсан бөхчүүд гараад л савуулж байсан. Харин манай одоогийн дархан аварга Н.Батсуурь хамгийн удаан гурван минут гаруй барилдсан санагдаж байна. Сүүлд нь ярилцлага өгөхдөө  “Та яагаад Монголын бөх Батсуурьтай хамгийн удаан барилдав?" гэхэд “Бас нэг Найдан ч юм бил үү гэж болгоомжилсон” гэж хэлсэн байдаг. Н.Түвшинбаяр аварга танигдаагүй байхдаа аваргуудыг бүгдийг нь хаяж олимпын аварга болж байсан. Тедди ч босоо байсан л даа, хэнэггүйтэж байгаад уначих вий гэж Н.Батсуурьтай нямбай барилдсан гэж хэлсэн байдаг.
-Та бизнес эрхэлдэг хүн. Гэрэл зураг Таны хувьд хэр зэрэг бизнес вэ?
-Спортын гэрэл зурагт ашиг гэж байдаггүй учир зурагчид төдийлэн ордоггүй. Дуртай хүмүүсийн л хийх ажил. Гэрэл зурагчин гэдэг нь ажил мэргэжил юм бол түүгээрээ мөнгө олж, амьдралаа залгуулах хэрэгтэй баймаар. Залуучууд “Дуртай” гэж Азийн наадамд нэг явж ирээд л хаячихдаг. Миний хувьд нэг төрлөөр 20 гаруй жил дагнаж, давуу тал, үр дүн нь одоо л гарч байна. Нэг үеийг бодвол хүмүүс спортын гэрэл зургийг сонирхож эхэлж байна. Цаг үеэ дагаад сүүлийн үед шинэ залуу зурагчид спорт руу орж байна. Сагс, волейболоор дагнасан залуу зурагчид гарч ирж байна. Сая паралимпт Парис руу олон жил хамт спортын зураг авсан миний найз Ж.Адилбиш явлаа. Өмнө нь Азийн наадамд нэг явсан залуу л даа. Парисаас лайв хийгээд, одоо яах вэ гээд асууж, зөвлөгөө аваад маш сайн ажиллаж байна.

Бид залуу үеэ бэлдэх ёстой. Аппарат барьсан хүн бүхэн спортын гэрэл зурагчин. Наадмаар бүгд л эрийн гурван наадам, бөхчүүдийнхээ зургийг авдаг биз дээ. Юмандаа үнэнч бай. Надаас асуух юм байвал хэлээд өгч болно, үнэхээрийн сурахыг хүсэж байвал би дэмждэг. Миний аппарат, хэрэгслийг аваад яв гээд өгдөг, тууштай явбал гэрэл зурагт боломж их бий. 

Нэг спортоор дагнавал спортоо ойлгоно, тамирчдаа сайн мэддэг болно. Волейбол бол бөмбөг давуулахад аль өнцгөөс авбал ямар харагдах вэ гэдгээ мэддэг болохоос эхлээд мэргэшдэг. Би сая Парисын олимпын сагсан бөмбөгийн алтын төлөөх тоглолт авлаа. Яах вэ,  туршлагаараа авч л байна. Яг мэргэшсэн зурагчид илүү сайн зураг авах байх. Тэр тоглолтод гэхэд Америкийн Леброн Жэймс, Степен Көри гээд супер одууд бүгд байна. Цэнгэлдэх дүүрэн үзэгчидтэй, хамгийн хямддаа 1000 долларын билет авч орсон хүмүүс шүү дээ. 1000-аас эхлээд 10 мянган долларын үнэтэй суудлуудтай. Өндөр түвшний хамгаалалттай тэр одуудын дундуур мандаттай  сэтгүүлч, зурагчид л чөлөөтэй явж зураг аваад, тэдэнтэй гар барьж, хамт зураг татуулаад байгаа юм. Тэд нар өөрсдөө бол сельфидэхэд татгалзахгүй ч дагаж яваа менежерүүд нь хатуу хориглодог юм билээ, тэд чинь үнэ цэнтэй байхгүй юү. Нэг сельфи хийвэл заалнаас шууд гаргана. Шүтэн бишрэгчид нь тэднийг холоос харах гэж л бөөн юм болдог шүү дээ. 


“Монгол баян улс уу?”-Ашиг байдаггүй юм бол Та яагаад энэ олон жил олимп, ДАШТ, Азийн наадмуудад тасралтгүй яваад байдаг юм бэ?
-Яах вэ, дуртай л байхгүй юү. Үнэнийг хэлэхэд би анх удаа Парисын олимпод л хувиасаа мөнгө гаргалгүй явж үзэж байна. Ивээн тэтгэгчдийн буянаар манай гэрэл зурагчин, сэтгүүлчдийн багийнхан сая Парис хотын төвд Эйфелийн цамхгийн ойролцоо, Олимпын наадмын Хэвлэл мэдээллийн төвтэйгээ /MPC/ 700-хан метрийн зайтай байранд байрласан. Парис хотод нэг сар амьдарч, ажиллах дөрвөн хүний байр, хоол, унаа болон бусад өртөг зардал бага биш л дээ. Спортод дуртай, дэмждэг найз нөхөд, дүү нар ивээн тэтгэсэн.

Бид нар олимпын үеэр өдөржин цэнгэлдэхүүдээр явж зураг аваад, орой нь MPC-д ирж, зургуудаа оруулж, сэтгүүлчид мэдээ, сурвалжилгаа бичсээр байтал шөнө болно. Метро зогссон ч хамаагүй Монголын хэвлэлийн группийнхэн бид алхаад байрандаа оччихно. Тэгэхэд зарим улсын зурагчид “Метрогоор цаг, 30-40 минут явах газар, шөнө яаж харина аа” гэж байгаа юм. Бид нар япон, солонгос гээд бусад улсын гэрэл зурагчдыг байрандаа урьж Монголоос авчирсан махаараа бууз, хуушуур хийж өгч байлаа. Тэгэхэд тэдний биднийг харах өнцөг шал өөр болсон. “Монгол баян улс уу?” гэж асууж байгаа юм. Үнэндээ тэднээс ядуу шүү дээ.

Энэ тал дээр манай Монголын багийнхан үнэхээр давуу талтай байсан. Спортын гэрэл зургийг ойлгож, дэмжин ивээн тэтгэсэн “Рояал хаус” компанийн “Агарта резиденс” төсөл, “Доичи Вилли” компанийнхандаа баярласан талархсанаа энэ ярилцлагаар дамжуулж дахин уламжилмаар байна. Ивээн тэтгэгчид маань бидний Парис хотод нэг сар амьдрах бүх зардлыг хариуцсан. Хариуд нь бид бүх зурган дээрээ ивээн тэтгэгчдийнхээ логог тавьж нийтэлсэн. Парисын зургууд дээр логогүй нэг ч зураг тавиагүй. Гэрэл зурагчдын хувьд ивээн тэтгэгчид маш чухал. Ивээн тэтгэгч байгууллагынхаа тугийг Эйфелийн цамхгийн өмнө барьж, жүдогийн тамирчдадаа бариулж зураг авлаа. Спортод хөрөнгө оруулсны хариуд бидний чадах зүйл энэ л дээ. Нэг зүйл хэлэхэд би үргэлж олимпод явна гэж байхгүй, үүнийг дараа дараагийн олимпод явах залуучуудад үзүүлэх үлгэр жишээ гэж болоосой гэж хүсэж байгаа юм.

Сонин болгож хэлэхэд, Узбекистанаас 80 гаруй тамирчин олимпын наадамд оролцсон. Тэднийх хоёр гэрэл зурагчинтай. Бүх аппарат хэрэгслийг улс нь цоо шинээр авч өгсөн. Хамгийн сүүлийн үеийн миний мөрөөдлийн аппаратуудыг задалж байна. Яаж ашиглахаа сайн мэдэхгүй, тэднийг нь бүгдийг тохируулж, зааж өгсөн. Улс нь олимпын гэрэл зурагтаа тэгж ач холбогдол өгч, хөрөнгө зарцуулсан. 


Өглөөний барилдаанууд илүү агшинтай, сайн зураг гарах магадлал өндөр байдаг-Таны анхны олимпын наадам Лондон-2012-д явсан сэтгэгдэл ямар байв?
-Лондонгийн олимпын наадамд гэрэл зурагчны ганцхан мандат ирсэн. Өрсөлдөөн ихтэй учир Олимпын хорооноос нэг бүрчлэн нарийн шалгасан. Миний хувьд өмнө нь ДАШТ-д хоёр,  Азийн наадмуудад хоёр, спортын олон улсын дөрвөн том наадамд амжилттай яваад ирсэн туршлагатай. Тэгэхэд би таван зүйл амласан. Нэгдүгээрт, олон улсын тэмцээнд явсан туршлагатай, хоёрдугаарт аппарат хэрэгсэл сайтай, гуравдугаарт, бүх зардлаа өөрөө хариуцна. Дөрөвдүгээрт, Олимпоос ирээд үзэсгэлэнгээ гаргана. Тавдугаарт, гэрэл зургийн архиваа Олимпын хороонд өгнө гэж амлалт өгч явсан, амлалтаа ч биелүүлсэн.

Тэгэхэд танай GoGo.mn сайтад ивээн тэтгээч гэж хандсан, миний анхны олимпын наадмыг GoGo.mn гэрээ хийж, ивээн тэтгэсэн сайхан дурсамж байдаг. GoGo.mn-ээс спортын сэтгүүлч У.Бадамцэцэг жүдогоор бичдэг, бид хоёр Парисын ДАШТ-д цуг явж байв. Зургийн 50 хувийг сэтгүүлч амьдруулдаг. Сэтгүүлч ямар ч сайн нийтлэл бичсэн зураггүй бол бас хүрэхгүй. Ялангуяа спортод тухайн өдөр, тухайн агшны фото, сэтгүүлчийн мэдээ цуг байж амттай нийтлэл болдог, хүнд хүрдэг. Бусад сэдэв болж магадгүй. Лондонгийн олимпын наадмын нээлтийн болон манай топ спортын төрлүүдийн гэрэл зургуудыг хамгийн түрүүнд давуу эрхтэй нийтэлснээрээ GoGo.mn-ий хандалт тав дахин бил үү нэмэгдсэн гэж надад хэлж байсан шүү. Яагаад гэвэл ганцхан GoGo.mn-д зураг нийтлэгдэнэ.

-Олимпын наадамд өөрийн улсын зурагчин явахын давуу тал их л дээ. Гадаадын зурагчид манай тамирчдын зургийг дараад байхгүй биз?
-Өөрийн зурагчингүй бол манай тамирчдын эхний үеийн зурагнуудыг хэн ч авахгүй, дараа нь тэр агшин хаанаас ч олдохгүй. Медальд үлдвэл манай тамирчдын зураг ховор олдоно. Би улсаа төлөөлж явсны хувьд тамирчдынхаа бүх барилдааны зургийг авна. Жишээ нь, Лондонгийн олимпод  Х.Цагаанбаатар өглөө унасан. Монголчууд яаж барилдсаныг хармаар байдаг. Эхний барилдаануудад уначихсан юм чинь гадныхан зураг авахгүй. Өөрийн орны зурагчин би байсан учир зураг авна, сэтгүүлч нь мэдээгээ бичнэ. Тэр мэдээг хүн бүхэн олоод харчихна. Тийм давуу талтай. Дараа нь Рио-гийн олимп бас GoGo.mn-тэй хамтарч ажилласан. 

Ер нь зурагчид тэмцээн дөнгөж эхэлж байх үеийн өглөөний зургуудыг бараг авдаггүй. Гэтэл  хамгийн гоё агшнууд өглөөний барилдаануудад гардаг. Ах, дүү Абэ, Дэгүчи нарын томчууд шинэ бөхчүүдтэй таарчихаад дуртай мэхээ хийдэг, нисэлттэй агшнууд өглөөний барилдаануудаас гардаг юм. Эндээс гоё юм гарна даа гэж манадаг, яг л гарч байгаа юм. Яг финалын барилдаанд алдаа гаргахгүй гэж бие биеэ анаж, тулаад зогсчихдог. Яах вэ, гоё мэх хийнэ л дээ. Магадлалын онолоор бол өглөөний барилдаан илүү агшинтай. Хамгийн сайн зураг гардаг. Гадны бөхчүүдийн барилдаан байсан ч ялгаагүй би өглөө эрт очоод манадаг.

-Тухайн спортынхоо дүрэм журам, тамирчдынхаа онцлогийг мэддэг зурагчин л сонирхолтой агшныг хүлээж, хараагаа тааруулсан анчин шиг отож хүлээдэг байх нь дээ?
-Нэг спортоо дагнаад өдөр бүр аваад байхаар огцом сайжирдаг. Жишээ нь манай зурагчдаас Түмээ сагсаар , Ууганаа волейболоор дагнаж, маш сайн зурагнууд авч байгаа. Би жүдогоор олон жил дагнаад одоо бөхчүүдийнхээ өрсөлдөгчийг сайн мэддэг, тэр ямар мэх хийх, ямар агшин гарч болохыг хүлээдэг болох жишээний.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаж Х.Баттулга Ерөнхийлөгчид тамга  гардуулаад буух, хоёр Ерөнхийлөгч зөрөх агшин байдаг даа.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн харц уу?
-Тэр агшныг би тооцож хүлээсэн. Зөрөхдөө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч харна. Яг яаж харах бол? гэж хүлээсэн. Хараагүй бол тэр биз дээ, гэхдээ яг тэр агшинд харсан л байхгүй юү. Тэр зургийг “Өгөө, аваа...” гэж нэрлэсэн. Тэр зураг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Монголын гэрэл зураг-2017” уралдааны "Фото сэтгүүл зүй, баримтат гэрэл зураг" номинацийн шилдгээр шалгарч байлаа.  

-Таны дарсан гэрэл зураг сая Парист нэг өдрийн шилдэг зургаар шалгарсан байсан?
-Олимп эхлэхээс хоёр хоногийн өмнөх зураг л даа. Миний сайных ч биш байх, тэр үед зурагчид ирээгүй байсан байж магадгүй. Түүх нь ийм. Францчууд үнсэлддэгээрээ алдартай. Нас нь бол 50 нэлээн гарсан олимпын сайн дурын ажилтнууд. Энэ хоёр хүн Парис хотын гудамжинд үнсэлдэж байхад би явж таарсан.
Олимпын үеэр “One day-One фото” гэж тэр өдрийн шилдэг зургийн уралдааныг Canon-оос зарласан. Парист байгаа дэлхийн бүх зурагчид зургаа явуулж байгаа шүү дээ. “Таны зураг өнөөдрийн шилдэг зургаар шалгарлаа” гээд миний дарсан зургийг томоор угаагаад дурсгасан. Сайхан л юм билээ. Парисын олимпод 45 мянга гаруй сайн дурын ажилтан ажилласан, цалингүй ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Олимпын үеэр сайн дурын ажилтнуудыг маш их хүндэтгэдэг. Canon-оос   хэвлэж өгсөн энэ зургаа би дугуйны дэлгүүртэй үеэлдээ бэлэглэсэн. Түүхтэй сайхан зураг л даа.  


Б.Баасанхүү мөнгөн медаль аваад их баярласан л даа. Япончууд бол ялчихаад, ямар ч сэтгэл хөдлөлгүй ёслоод л буучихдаг-Парис-2024-өөс олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүгийн зураг сонирхол татаж байна. Энэ зураг дээр Та тамирчны харцыг онцолсон байсан. Яагаад тэр вэ?
-Спортод тамирчны харц, нүд хамгийн чухал. Нүдэн дээр л фокус таарсан байвал уг зураг сарнисан байх хамаагүй юм, уг нь. Зарим хүн ойлгохгүй фокусгүй зураг гэж л байдаг. Тугал шиг тунгалаг нүд харагдаж байгаа биз дээ. Б.Баасанхүүгийн түүхийг мэдэж байгаа биз дээ, энэ жил үнэхээр гайхууллаа.
-Б.Баасанхүү 2024 онд Монгол Улсын аварга, Ази тивийн аварга, Туркт болсон Их дуулгын алт, “Абу Даби-2024” ДАШТ-ээс алт, сая Парис-2024 олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ шүү дээ.
-Хэдхэн сарын өмнө олимпод оролцох тооцоонд байгаагүй юм. 48 кг-д өөр бөх яригдаж байсан. Гэтэл гуравхан сарын дотор өмнөх тамирчныхаа амжилтыг гүйцсэн. Улсын аварга, Азийн наадам, Гранд Слам-д алт авчихаад байхад л нөгөө бөх нь чансаагаараа илүү байсан. Дараа нь ДАШТ-д алт авсны дараа олимпын эрх нь нээгдсэн. “Дэлхийн аваргаас алт авчихлаа. Олимпод оролцох тухай биш, олимпын медаль авах боломж байна. Чи хичээх ёстой шүү” гэж хэлж байлаа. Ямар ч байсан мөнгөн медаль авлаа. Би Баасанхүүгийн олимпын үеийн бүх барилдаанд хажууд нь зураг аваад явж байсан. Олимпын өмнөх тэмцээнүүдэд нь ч ойр байж, хажуунаас нь ярьж зөвлөж байсны хувьд хэлж байгаа юм.
Бэлтгэл, сэтгэл зүй тийм сайтай гарч ирсэн гэхэд олимпын наадмын эхний өдрөө шинэ бөхтэй таарсан мөртлөө унах шахсан. Олимп тийм эвгүй, тамирчид олимп гэхээр сүрддэг үү, биеэ барьдаг. Тэмцээний үндсэн цаг дууссан, нэмэлт цагт хоёр торгуультай хожигдож яваад арай гэж ялсан. “Ёхх...” гэж гүнзгий санаа алдаад, тэр барилдаанаас хойш сандрал нь арилсан уу таарсан бөхчүүдээ арван хэдхэн секундэд савсаар байгаад, финалд гарч ирсэн дээ. Энэ бол эхний тэр хүнд барилдааны дараах зураг. 


Мөнгөн медаль аваад их баярласан л даа. Япончууд бол ялчихаад, ямар ч сэтгэл хөдлөлгүй ёслоод л буучихдаг. Японы болон манай бөхчүүдийн сэтгэл зүйн ялгаа харагддаг. Тэгэхэд Баасанхүүд би хамгийн ойр байсны хувьд “Ахын дүү, болоогүй шүү. Дахин нэг барилдаан байгаа шүү дээ” гэж хэлж байлаа. Алтын төлөө Нацүми Цүнода-тай сайн барилдаж чадаагүй. Мөнгөн медаль аваад ер нь бол ханачих шиг болсон.  

-Манай тамирчид олимпын наадамд сэтгэл зүйчгүй явсан гэж баахан шуугилаа шүү дээ?
-Манай тамирчид сэтгэл зүйчтэй явах ямар ч боломжгүй. Сэтгэл зүйч гэдэг багийн хэмжээнд ажилладаг хүн биш, багийн 20-30 тамирчны онцлогийг мэдэрч, зөвлөгөө өгч дийлэхгүй. Нэг хүнтэй тулж ажиллаж, түүндээ зөвлөгөө өгдөг. Тэр олон тамирчны хэн нь медаль авна гэж тооцож, сэтгэл зүйч авч явах вэ. Нэг хүнд сэтгэл зүйч томилоход бусад нь яах вэ. Тэр утгаараа манай улсын хувьд сэтгэл зүйч авч явах боломжгүй. Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа бол хувиараа төлөөд, сэтгэл зүйч авч явж байсан. Ямар ч хөрөнгөтэй улсын хувьд тамирчдынхаа  тоогоор сэтгэл зүйч авч явдаггүй, тийм олон тооны хүнийг олимпын хотхоны багтаамж ч дийлэхгүй. Б.Баасанхүүгийн хувьд онлайнаар зөвлөгөө өгч байсан гэж үнэнээ л хэлсэн дээ.

-Чөлөөтийнхөн бас?
-Чөлөөтийнхөн бол их сайн байсан, адаг гарт дөрвөн медаль авах боломж байсан. Медалийн оосроос бариад бариад л алдсан. Миний бодлоор чөлөөт бөхийн баг үнэхээр сайн байсан, дээд удирдлагууд нь тааруу байсан. Жүдо бол сахилга баттай, нэг удирдлагатай тулдаа явж байна. Жүдогийн тамирчид энэ жилийн циклд тийм сайн байгаагүй. Сумъяа, Урнаа аваргуудынх шиг үе одоо байхгүй. Спорт ч уналт, сэргэлттэй байдаг. Харин дараагийн олимпын циклд жүдод сайн баг орж ирэхээр байна. Хар л даа, Перу-д болсон өсвөрийн ДАШТ-ээс манай хүүхдүүд алт, мөнгө, хүрэл медаль авлаа. Өмнө нь өсвөрийн ДАШТ-ээс медаль авахад хэцүү байсан. Одоо бол гурван медальтай, эд нар 2028 оны олимпын тамирчид байхгүй юү.

-Та дараагийн олимпод явах тухай бодож байна уу?
-Би биш, мэргэжлийн холбооны шийдэх асуудал л даа. Парисын олимпод эхлээд гэрэл зурагчны нэг мандат ирсэн. Нэг мандат дээр аз туршаад яах вэ, туршлагатай хүнээ явуулья гэдэг шийд гарч, намайг явуулахаар болсон. Итгэж явуулсан Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар болон холбооны хамт олондоо баярласнаа илэрхийлье. Эхлээд нэг мандат ирсэн хойно манай Олимпын хороо хөөцөлдөж, гэрэл зурагчны дахин нэг мандат авч, Д.Нямбилэг нэмэгдсэн. 2028 оны олимпод ч тэр манай хамт олон, мэргэжлийн холбоо л шийднэ. Намайг яв гэвэл явна, одоо манай залуучууд сурцгааж байна. 


“Ran, чи миний охины краш юм байна” гэсэн чинь “Үнсчих үү?” гээд инээдэм болцгоосон-Та сая Парисын олимпод охинтойгоо яваа зураг харагдсан?
-Тийм ээ, Германд сурдаг охиноо дуудсан юм. Манай охины ангийнхан волейболын Японы шигшээ багийн тамирчин 12 номертой, эрлийз Ran Takahashi-г крашилдаг юм байна л даа. Манай охин “Аав аа, танаас ганц л юм гуйя. Та билет нь ямар ч үнэтэй байсан хамаагүй волейболын Японы багийн тоглолтыг үзүүлж чадах уу?” гэсэн. “Чадна аа, хүрээд ир” гэлээ.
Үзүүллээ, зерительд дээгүүр суусан хүнийг монгол зангаараа яаж ийгээд доош нь оруулж, яг гарч ирэхэд нь уулзуулж гар бариуллаа. Хамт зургийг нь авч өглөө. “Ran, чи миний охины краш юм байна” гэсэн чинь “Үнсчих үү?” гээд инээлдэж байгаа юм. Тэр мэтчилэн “хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” гэж яагаад нэрлэв, олимпын гоё нь энэ л дээ.
Охин зургаа сошиалд тавих уу, болих уу? найзуудын хүзүү нь гажна аа гээд инээж байсан даа. Охин гурав хоноод буцна гэхээр нь “Аавтайгаа олимпоор дахин ингэж таараа ч уу, үгүй ч үү. Олимп дуустал цуг бай” гээд үлдээсэн. Парист надтай цуг арваад спортын тоглолт үзээд явсан.
-Таныг яагаад спортын гэрэл зураг руу тэмүүлдгийг гэрийнхэн тань одоо ойлгодог болсон уу?
-Би тэмцээнд явах болгонд зардал гарна. Парисын олимпод ивээн тэтгэгчдийн буянаар анх удаа зардал аваагүй, бэлэгтэй ирсэн. Эхнэр гайхчихсан “Чи ямар зардлаар яваад байгаа юм бэ?” гээд байдаг /инээв/. Намайг олимп, тэмцээн гээд бүтэн сар явахад арын ажил, компаниа хариуцаж үлддэг хүн боял манай эхнэр. Хообийгоо хөгжүүлэх, энэ амжилтын цаана баталгаатай гэр бүл байна л даа. Манай эхнэр “Монгол буйдан” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирал Н.Оюунчимэг гэж хүн бий. Эхэндээ бол эхнэр ойлгохгүй шүү дээ. Заримдаа хэлэхгүй, өөр ажлаар явлаа гэдэг. Парисын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахдаа өөр ажлаар явна гэж хэлчихсэн. Ирэхэд “Чи жүдо руугаа л явсан юм байнашдээ” гэх жишээтэй. Орчин үеийн компанийн захирал залуучууд спортод дуртай, спорт ойлгодог ивээн тэтгэдэг болж байна.
-Таны “Шүүрэхийн өмнө” нэртэй зураг 2019 онд дэлхийн спортын шилдэг гурван гэрэл зургийн нэгээр шалгарсан. Тэр зургийнхаа түүхийг яриач?
-Би Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны /AIPS/ гишүүн. Холбоо 1924 онд байгуулагдсан, энэ жил 100 жилийн ой нь болж байна. Тэр жил дэлхийн 126 улсын зурагчны 1796 бүтээл өрсөлдсөн. Тэндээс аль улсын, хэн гэдэг зурагчны бүтээл болохыг харахгүй, зургуудаа кодлоод 34 улсын шүүгч шүүдэг. Холбооноос эхлээд шилдэг 100-д үлдсэн зургийг зарладаг. Тэр 100-д нь миний 5831 кодтой “Шүүрэхийн өмнө...“ зураг үлдсэн. 100-д багтаж, зарлагдана гэдэг гэрэл зурагчны хувьд нэр төрийн хэрэг. 100-д үлдэхэд зурагчныг улстай нь нэрлэж эхэлнэ. Миний хувьд Чулуунбаатарын Ганбатын зураг Монгол Улсаас анх удаа шилдэг 100-д орж, дэлхий дахинд зарлагдсан нь амжилт байсан.

Дараагийн шатны дүн сарын дараа гарч, 70 нь хасагддаг. Миний зураг шилдэг 30-д үлдлээ, дахин и-мэйл ирлээ. Манай зурагчид баяр хүргээд сүйд болцгоолоо. Тэгээд сарын дараа дахин 20 нь хасагдаж, шилдэг 10-т үлдчихдэг байгаа. Шилдэг аравт Азиас Хятад, Монголын хоёр зурагчин үлдсэн. Аравт үлдээд би хувь гэрэл зурагчид биш дэлхийн есөн том агентлагтай өрсөлдөж байгаагаа мэдсэн. Хятадын Синьхуа, AFN зэрэг агентлагуудтай. 


Тэрний дараа и-мэйл ирлээ. “Дэлхийн спортын шилдэг гэрэл зураг шалгаруулах ёслол  Унгарын Будапешт хотод болно. Та гэр бүлийн хамт ирнэ үү” гэсэн урилга ирсэн. Эхнэр бид хоёрт онгоцны бизнес класс-ын билет, гурван хүүхдэд экономик классын билет илгээсэн.  Тийм өндөр түвшинд зохион байгуулдаг нэр хүндтэй тэмцээн байсан. Шилдэг аравт багтсанаа өмнө нь мэдсэн ч, гуравдугаарт орсноо яг ёслолын үеэр дугтуй задлахад мэдэж байгаа юм. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах, Дэлхийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нарын томчууд шагнал гардуулсан. Миний шагналыг Визер гардуулж өгсөн.

-Дараа нь таны Токиогийн олимпоор авсан зураг мөн шилдэгт үлдсэн байх аа?
-Спортын шилдэг гэрэл зургийг жил бүхэн шалгаруулдаг. Азаар миний зураг шилдэг гуравт үлдчихэв үү гэтэл хоёр жилийн дараа миний бас нэг зураг шилдэг 30-д үлдсэн. Токиогийн олимпын жүдо бөхийн 63 кг-д барилдсан Францын тамирчин Агбегненоу-гийн  /Clarisse Agbegnenou/ олимпын аваргын алтан медалиа авах гэж шагналын тавцан дээр зогсож байх үеийн зураг л даа. Тамирчид медалиа авсны дараа “Одоо маскаа авна уу” гэж зарлахад нь түр авах хооронд дарсан зураг. Маскаа авахаар тонгойх агшинд нүднийх нь харцанд олимпын таван цагариг ойх агшин буусан.


Миний хувьд энэ бол “Уурга шүүрэхийн өмнө”-өөс илүү, олон өгүүлэмжтэй зураг. Маскаа авч байгаа залуухан тамирчин бүсгүйн гар шалбарч, сайртсаныг  хар л даа. Франц эмэгтэйчүүд гоо сайхандаа маш их анхаардаг, энэ бол ямар их хөдөлмөр, зүтгэл гаргасны гэрч, нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, олимпын наадам гэдгийг баталж нүдэнд нь таван цагариг ойсон. Гуравдугаарт, хүн төрөлхтний түүхэнд олимпын наадам ковидын цар тахалтай жил дахин таарахгүй байх. Дөрөвдүгээрт, тамирчны баярын нулимстай зураг. Агбегненоу сая Парист хүрэл медаль авсан. Энэ зураг Азийн спортын хамгийн том сэтгүүлийн 2022 оны нэгдүгээр сарын дугаарын нүүр зураг болсон. Надаас зөвшөөрөл авч, хэвлүүлсэн. Дараа нь сэтгүүл ирсэн. 
-Та сая Парист Агбегненоу-тай санаандгүй таарав уу?
-Тамирчдын хувцас солих өрөөнд зурагчдыг аппараттай оруулдаггүй юм. Би уулзаж, энэ зургаа өөрт нь үзүүлье гэж зорьж орсон. Агбегненоу “Энэ зургийг надад олон хүн хэлсэн. Ямар зурагчин авсныг би хайгаад олохгүй байсан юм. Энэ хүн авсан юм байна шүү дээ” гээд тэрүүгээр нэг шуугиулж, намайг тэвэрч баяр хүргээд сүйд болсон. Надад гарын үсгээ зурж өгсөн, бал нь энэ байна. Хажууд нь +100 кг-ын домогт Тедди Ринер сууж байна “Алив, би бас гарын үсгээ өгье” гээд зурсан. Энэ гарын үсгийг балтай нь дурсгал болгон хадгалсан, жүдогийн жинхэнэ одууд л даа. 


Спортын гэрэл зургийн нэг онцлог нь зураг авсан даруйдаа л үнэ цэнтэй-Та Парисын олимпоор бусад орны гэрэл зурагчдын нэгдэл байгуулж, хамтарч ажилласан талаар сонирхуулаач?
-Олон улсын гэрэл зургийн шагнал авснаас хойш гадаадын спортын гэрэл зурагчид намайг таньдаг, хүндэлдэг болсон. Киргиз, Молдав, Тажикистан гээд нэг зурагчингүй хэд хэдэн улс байсан. Узбекистаны зурагчин Анвар гэж найзтайгаа “Дундын телеграм групп нээвэл яасан юм бэ, нэгнийхээ амжихгүй зургийг аваад групптээ оруулаад байя” гэж ярилцаад групп нээсэн. Жишээ нь би  буудлага руу явж амжихгүй бол манай зурагчдаас хэн байгаа нь дарна. Монгол гараад ирвэл дарах жишээний. Би ч мөн адил өөрийн тамирчдаа авахын хажуугаар узбек гараад ирвэл дарна. Усан спортоор би өөдөөс нь авч байхад, хажуунаас нь манай группийн нэг зурагчин авчихна. Тэгэхээр манай усан спортын тамирчны зураг хоёр өнцгөөр орох боломжтой болно.

Би зургаа, Анвар долоо дахь олимпдоо явж байгаа зурагчин. Намайг AIPS-ын шагналтай том ах гэдэг. Орос Сергей Киврин гэж Москвагийн олимпоос хойш тасралтгүй явсан жинхэнэ мастер гэрэл зурагчин бий. Хэр баргийн хүнтэй найзлахгүй, их зантай ч гэж жигтэйхэн. AIPS-ын шагнал авснаас хойш “Привет, Ганбаа” гээд сүйд болно. Хоёулаа фэйсбүүкээр найз боллоо. Тэгэхээр орон орны зурагчдын холбоос ороод ирдэг, найз болдог юм байна.  
-Өвлийн олимп зуныхаас ямар ялгаатай вэ?
-Би 2014 онд Сочи, 2018 онд Пёнгчаны өвлийн олимпод явж байлаа. Өвлийн олимпоор  харьцангуй завтай байсан. Монголын тамирчид цөөхөн учир бусад үед нь чөлөөтэй явж, дуртай спортынхоо зураг аваад яваад байгааг манай нэг найз Хятадын зурагчин анзаарчихаад “Ганбаа, чи өнөөдөр ямар зураг авах вэ?” гэж байна. “Ямрыг ч авсан яах вэ” гэсэн чинь “Хоёулаа цуг явъя, чи миний аппаратуудаас дуртайгаа аваад яв. Чи дуртай зургаа ав. Гэхдээ Хятадын тамирчин гараад ирвэл зургийг нь дараад байгаарай” гэсэн.

Надад бол хэнийг нь ч авсан ялгаагүй болохоор зургаа дараад явна. Хятад гараад ирвэл арай илүү дарна. Тэгээд аппарат руугаа хоёр карт хийж, хоёр тийш нь зургаа хуулчихна. Тэр хүн өөрт хэрэгтэй зургаа хуулаад, бусдыг нь устгачихна. Тэгэхээр тэр хүн хоёр дахин илүү хүчээр ажиллачихаж байгаа юм. Яг тэр сургаар маргааш нь намайг хоккей дээр Германы зурагчин, нөгөөдөр нь Солонгосын зурагчин гуйсан. Би замень зурагчнаар ажилласан даа. Тэр бүхнээс суралцана, хэл сайжирна. Өвлийн спорт маш цэвэрхэн орчинд их гоё болдог.

-Парисын олимпын сургамж юу байв?
-Спортын гэрэл зургийн нэг онцлог нь зураг авсан даруйдаа л үнэ цэнтэй. Барилдаан боллоо шууд зургаа нийтлэхгүй бол цагийн дараа, маргааш нь тэр зураг хэнд ч хэрэггүй. Хувийн архивт л үлдэнэ. Спортын гэрэл зурагчин, сэтгүүлч хоёр хамтарч тэр мэдээг, зурагтай нь хүргэж чаддаг. Сэтгүүлч нь ялсан, ялагдсан гэсэн хоёр хувилбараар мэдээгээ бэлдчихсэн байдаг. Барилдаан дуусангуут шууд зурагтайгаа нийтэлдэг. Токиод нэг тэмцээн дээр Японы гэрэл зурагчидтай гэрээтэй ажилласан. “Зургаа маш хурдан өгөх ёстой. Наад зураг чинь 10 секундын дараа хэрэггүй шүү” гэж хэлдэг. Японы зурагчдаас би их зүйл сурсан. Мэдээ нь нэгэнт гарсны дараа бол зураг өгөөд хэнд ч хэрэггүй. Ер нь бусад үйл явдал ч ялгаагүй дээ.
Тийм учраас спортын гэрэл зурагчид фото редактортой явдаг болсныг сая Парисын олимпоос харлаа. Зурагчин картаа өгөнгүүт редактор хэрэгтэй зургуудаа ялгаад шуурхай нийтэлдэг. Манай улс том тэмцээн дээр туршиж үзмээр юм билээ. скачать dle 12.0

ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

Өнөөдөр, 15:11

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

30/09/2024, 20:29

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо

30/09/2024, 20:25

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

30/09/2024, 20:10

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

30/09/2024, 11:34

Д.Дуламсүрэн: Аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна

30/09/2024, 11:32

МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

30/09/2024, 11:30

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

30/09/2024, 11:28

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

30/09/2024, 11:26

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

30/09/2024, 11:23

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

25/09/2024, 09:53

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

25/09/2024, 09:51

“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохирчээ

25/09/2024, 09:49

"Баавгай болохсон" киног улс төрийн зорилгоор цензурдэж байна"

25/09/2024, 09:48

“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

25/09/2024, 09:47

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа

25/09/2024, 09:45

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 20:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

18/09/2024, 20:20

Зуслангийн бүсийг Шаргаморьт хот, Партизан-Жаргалант тосгоныг хотын хүнсний хангамжийн хөнгөлөлттэй бүс болгоно

18/09/2024, 20:17

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

18/09/2024, 20:16

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байраар урагшилжээ

18/09/2024, 20:13

Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

18/09/2024, 13:52

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 13:48

Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

18/09/2024, 13:46

Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна

18/09/2024, 13:44

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

17/09/2024, 12:10

ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

17/09/2024, 12:06

Өнөөдөр болох үйл явдлууд

17/09/2024, 12:03

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ

17/09/2024, 12:01

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

17/09/2024, 11:57

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19