Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв
Найрамдал хүүхдийн зусланг зорих төв замаас холгүйхэн цэцэг навч алагласан үзэсгэлэнт уулын ам бий. Амар амгаланг эрэн хайсан олон түмэн зундаа тэр газрыг л хэмээн зорьж очин хүн төрөлхтний соёл, гүн ухааны нэгэн эх булаг болсон өнө эртний түүхт випашяна бясалгалд шамдан суралцсаар 20 орчим жил болж байна. Анхны бясалгалаа майханд эхлүүлж байсан уг төв өдгөө бясалгалын үр шимийг биеэр мэдэрч ойлгосон олны дэмжлэгээр хоёр салбартай болон өргөжиж, төвийн тохижилт ахуйг тасралтгүй сайжруулсаар байх нь урамтай. Өнгөрөгч мягмар гараг буюу зуны адаг сарын шинийн 15-ны өдөр энд 20-90 хоногийн турш нам гүмд бясалгах боломж бүхий уртын бясалгалд зориулсан гурав дахь салбарын шав тавигдсан юм.
Уг ажлыг "Монголын випашяна судлалын төв"-ийн хамт олон, төвийн тэргүүн Д.Ширэндэв ахлаж буй. Оюутан ахуй насандаа Энэтхэг улсыг зорьж пали, санскрит, төвөд хэл дээр буддын гүн ухааныг судалсан тэрээр Буддагийн заан боловсруулсан бясалгалын арга техникийг эх орондоо цэврээр нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд 1997 оноос хойш сэтгэл тавин ажиллаж иржээ.
Байршил:Баянзүрх дүүрэг One family apartment-ийн 16 дугаар давхарт Дхамма Махаана-1 төв, Найрамдал төвийн ойролцоо Дхамма Махаана-2 төв
Эрхэлдэг ажил:Монголын випашяна судлалын төвийн тэргүүн
Хэрэглэдэг гар утас:Samsung Galaxy S23 ultra
Хэрэглэдэг компьютер:Dell notebook
Сошиал хуудсууд:Shirendev Dorlig(Фэйсбүүк),Монголын Випашяна бясалгагчдын клуб
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
1990 оны ардчилсан хувьсгалын дараа оюутан болж, МУИС-ийн өрнө дорно судлалын ангид элссэн юм. Сонголтоо ийн хийх болсон шалтгаан гэвэл хуваарь авсан тэр зун амьдрал, түүний утга учир, оршихуйн тухай эргэлзэл, асуултууд толгойд тасралтгүй орж ирээд байсантай холбоотой. "Төрсөн бие зайлбаргүй үхдэг. Тэгвэл энэ ахар хугацаанд хүн гэгч яаж амьдрах ёстой юм, бидний хорвоод ирсний утга нь яг юу юм, аз жаргал гэж юуг хэлэх юм?" гэх зэргээр. Асуултын минь хариу буддизмд, барааг нь харах битгий хэл нэрийг нь сонсох ч хориотой байсан судруудад байгаа гэж итгэсэн л дээ. Үүний үндсэн дээр мэргэжил сонголтоо хийсэн. Нөгөө талаас энэ чухал сонголтоо хийхтэй зэрэгцэн Монголд ардчилсан хувьсгал гарч бид шашин шүтэх, миний хувьд бол судлах эрхээ олж авсан нь азтай.Оюутан болсон эхний жилдээ Гандангаар их эргэлдсэн. Ухаандаа өнөөх асуултууддаа л хариу олох гээд яваад байгаа юм. Тэгсээр нэгдүгээр дамжаагаа төгсөөд байтал тухайн үеийн Монголд суугаа Энэтхэгийн элчин сайд Бакула ренбүчи Энэтхэгрүү хоёр оюутан явуулах болов оо. Гандангаас нэг, их сургуулиас нэг хүүхэд. Их сургуулиас явуулах хүүхдийг Шинжлэх ухааны академиас бодлогоор томилох ба үүний дотор Г.Бирваа гуай "Гүн ухааны эх нутаг болсон эртний Энэтхэгийн хэлэнд шамдан суралцах залуусыг дэмжиж байж бид цаашдын судалгаа, хэл бичиг, эрдэм шинжилгээний ажлуудаа саадгүй урагшлуулна" хэмээгээд хэлний чиглэлийг чухалчлан дэмжсэн юм билээ. Аз болоход тэр нь бурхан багшийн сургааль номоо айлдсан эх хэлийг сурах юмсан гэдэг хүсэлтэй минь огтлолцож, 1991 онд Энэтхэг улсад санскрит хэл судлалаар оюутан болж явж байлаа.
Тэнд би зургаан жил яг л хүсээд байсан пали, санскрит хэлээ судалсан. Хүний хүсэл гэдэг хүчтэй. Идэвхтэй хичээл зүтгэлийн дүнд тун богино хугацаанд чадвар ахиж, төдөх юмгүй үеийн лам нарыг орхиж чадсан шүү. Магадгүй зорилго хол байсан болохоор хэл сурах нь том даваа санагдаагүй байх. Тэр хэлээр л дамжуулж хүн төрөлхтний оюун санааны гол түлхүүр бүхий гүн ухаантай танилцах нь зайлбаргүй байсан болохоор. Нөгөө талаас өгүүлбэрийн бүтэц, зарчмын хувьд монгол хэлтэй их төстэй байсан нь дэм болсон. Ингээд л буддын онолыг шунаж судалсан даа. Тодорхой хугацаанд хангалттай уншиж судалсан болохоор цаашид шат ахиж практикийг нь хийж туршмаар болох нь баараггүй биз дээ.
Гэтэл лам нар зааж өгөөгүй. Яав? гэтэл тухайн үед Будда Гоутамагийн номлосон бясалгал Энэтхэг улсад алдагдаж мартагдаад, олон жилийн хугацаанд хадгалагдаж ирсэн шашны судрууд л үлдсэн юм билээ. Аз болоход сургууль дээр маань випашяна бясалгалын их багш С.Н.Гоенка багшийн томилсон Л.Н.Ратхи багш заларч, яг л хайгаад байсан шашны элдэв зан үйлд дарагдаж өөрчлөгдөөгүй, ориг буюу цэвэр ариунаараа дамжигдаж ирсэн бясалгалыг зааж эхэлснээр тэнд өнгөрүүлсэн хамгийн жаргалтай цаг хугацаа минь эхэлсэн дээ. Үндсэндээ бясалгал өөрөө над дээр ирчихсэн юм. Шавь бэлэн болоход багш өөрөө ирдэг гэдэг нь тэр байсан байх. Ерөөс би Энэтхэгээс хоёр эрдэнэ олж ирсэн. Нэг нь 2500 жилийн тэртээ амьдарч асан бурхан Буддагийн өөрийнх нь зааж үлдээсэн випашяна бясалгал болон түүний гэгээрэл, амар амгалангийн тухай буюу бясалгалынхаа философийг тайлбарлан үлдээсэн ТипиТака судар (Ганжуур Данжуур).
Төгсөж ирээд хийх зүйл тодорхой байлаа. Олонд "Элэгний Хатанбаатар" хэмээн эчнээ хоногшсон Ж.Хатанбаатар эмчтэй хамтран 1997 оны долоодугаар сарын 16-нд Энэтхэгээс Гоенка багшийн томилсон анхны дөрвөн багшийг нэгийг урьж авч ирэн Монголд бясалгалыг заан түгээх ажлаа эхлүүлж байв. Хоёр жил орчим болоод гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон ч бясалгалаа огт орхиогүй, явуулсаар таниулсаар л байлаа. Нуулгүй хэлэхэд тэндээ үлдээд амьдрахаар төлөвлөж байхад 2002 онд Гоенка багш АНУ-д ирэхтэй таарч уулзсанд "Монголдоо буцаж, бясалгалыг түгээх үйл хэрэгтээ шамд" хэмээн захисан нь шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлсөн юм. Ирснээсээ хойш өнөөг хүртэл тасралтгүй энэ ажилдаа бүрэн анхаарч явна даа. Өнгөрсөн 20 жилд амаргүй үе олон байсан ч номын үр шим гэх асар хүчтэй юм байдаг юм байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Миний өөрийн мэргэжил буддын гүн ухаан, эртний хэл судлал. Сая хэлсэнчлэн Энэтхэгээс хоёр эрдэнэ олж ирсний нэг нь бясалгал, нөгөө нь гүн ухааны судар. Аль нь боловч өглөөний эртийг чухалчилдаг салбарууд. Иймд өглөө эртлэн босож, орой эрт унтах дадал тогтоод удаж байна. Үүрээр 5-6 цагийн үед босоод нэн тэргүүнд бясалгалаа хийхэд дор хаяж нэг цагийг зарцуулна. Төв дээр бясалгал явагдаж байх үед бол үүрээр дөрвөн цаг гэхэд босчихсон байдаг.Дараа нь өдрийн 11 цаг хүртэл бясалгалын төвүүд дээр гарч байгаа асуудал, ажлуудаа багийнхантайгаа ярьдаг. Багийнхны хүч энд их нөлөөтэй. Миний үүрэг гэвэл хооронд нь холбох, ажлыг тэгш хуваарилалттай хуваан томилох л юмуу даа. Сайн дурын ажлыг их гоё зохион байгуулдаг, хүнд төвөггүй, дарамтгүй байлгах хэрэгтэй.
Үдээс хойш бол номын, орчуулгын ажлуудруугаа ордог. Оройдоо харин бясалгалаа хийгээд унтдаг. Ер нь ямар ч их ажилтай байсан өглөө, оройны бясалгалаа тасалдаггүй. Учир нь амьдрал өнөөдрөөр дуусахгүй, маргааш гэж бий. Түр зуурын их ажлаас болж маргаашийн бүтээмжээ, эрч хүчээ нураадаг байвал яаж амьдрах билээ дээ. Иймд өдөр тутмын "заавал хийх" зүйлсээ нэн тэргүүнд тавьж, юугаар ч түүнийг золиосолдоггүй.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Баг маань. Нэг үеэ бодвол их сайн бүрдэж байна. Эхэндээ бол өөрөө л бүх ажлаа хийдэг байлаа шүү дээ. Тухайн үед хүний хийж байгаа юм ч таардаггүй байсан байх. Одоо бол хүнд даатгаж, ачааллаа хуваалцаж, бас аливааг хажуугаараа өнгөрөөж ч сурсан. Нөгөө талаас багийнхан ч хийж байгаа юмандаа дадаж эхэлсэн. Ер нь багаараа ажиллаж байгаа, тэр тусмаа хүнтэй тулж харьцаж байгаа тохиолдолд нэн тэргүүнд өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Суурь сэтгэлээ нинж байлгаж чадсан цагт хэнээр юуг яаж хийлгэхээ, хэрхэн харьцахаа ойлгодог. Сэдэл минь ашгийн бус, басхүү уур хилэн, гомдол, сандрал, атаархал дээр тулгуурлаагүй байж гэмээн зөв зорилгод зангидагдан цугласан сайн, сэтгэлтэй, зүтгэлтэй баг бүрдүүлнэ шүү дээ. Ийм үед багийн гишүүнээ загинаж зэмлэх үе гарсан ч өнөөх хүнд үг хатуу буудаггүй. Ардаа өөр сэтгэлтэй загинаад байна уу, үгүй юу, одоо ингэж ширүүлж байгаа ч энэ бүхний ард намайг гэсэн сэтгэл байна уу, үгүй юу гэдгийг хүн мэдэрнэ шүү дээ.Бидний онцлог гэвэл хэн нь ч эдгээр ажлыг хийлээ гээд үүнийхээ төлөө цалин хүсдэггүй. Бүгд өөрсдийн итгэл үнэмшил, бясалгалаас хүртсэн үр шим, мэдрэмжээ өөр бусдад түгээн хүргэх гэдэг нэг сэтгэлд л түшиглэн ажлуудаа явуулдаг. Ер нь дэлхийн аль ч випашяна бясалгалын төв бясалгалын курсээ мөнгөөр үнэлдэггүй, үнэ төлбөргүй байлгадаг. Тасралтгүй үйл ажиллагааг хангадаг ганц зүйл нь өмнөх бясалгагчдын дараагийн бясалгагчдадаа өгдөг хандив. Ингэж гэмээн ашиг сонирхол оролгүй ном цэврээрээ, бясалгал үнэн мөн чанараараа, үүний ард байгаа баг чин сэтгэлээсээ ажиллах нөхцөл бүрддэг болохоор. Ийм сэтгэл дээр явдаг болохоор л төв тасралтгүй өсөж, цэцэглэж байдаг даа. Ганц Монголд биш шүү, дэлхийн хаана ч. 130 гаруй оронд ийм төв байгаа шүү дээ. Үндсэндээ бидний ажлын арга барил, соёл үргэлж нинж сэтгэл дээр тулгуурладаг болохоор л багаа тогтоох гэж, бүрдүүлэх гэж, бясалгалд хүн ирүүлэх гэж ухаан сийлэх шаардлагагүй байдаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Бид хэрэндээ л хичээж ирсэн ч өнгөрсөн хугацаанд бясалгалд хамрагдсан хүний тоо дөнгөж 40 мянгад (давхардсан тоогоор) хүрч байна. Үүнийг бүр их болгохын тулд мэдээлэл хүргэх нь нэн чухал ажил болдог. Иймд facebook, twitter зэрэг нийгмийн сүлжээг идэвхтэй ашигладаг. Ажлын шаардлагаар энэтхэгчүүдтэй байнга холбогддог тул whatsapp, viber-ийг бас хэрэглэнэ.Бясалгалын үеэр бол дуу өсгөгч байнга ашиглана. Гоенка багшийн амьд ахуйдаа дуу хураагчид бичиж үлдээсэн чиглүүлэг бясалгагчдад хүрдэг. Энэ нь номыг ариунаар нь, цэврээр нь хүргэхэд онцгой ач холбогдолтой. Аливааг эх ундаргаас нь боломгүй бол ундаргаас нь холгүй газраас авах тусам тунгалаг байна биз дээ. Тэгэж л итгэдэг. Хүмүүс намайг багшаа л гэдэг юм. Үнэндээ би заадаггүй шүү дээ. Гоенка багш заадаг, i am just supporting him (инээв).
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Бясалгал өөрөө супер цаг хэмнэгч. Хүн ажлыг хийх нь л үнэн. Тэгвэл энэ явцдаа цаг хэмнэе гэж бодвол байж болох хамгийн бага цаг зарцуулна гэсэн үг байх нь ээ дээ. Гол нь стандартын дагуу байх хэрэгтэй. Гэдэг нь хэмнэж байгаа нь энэ гээд хоёр хийхдээ хүрээд байвал харин ч тусгүй юм тэр болно. Цагийг хуурна гэж байх биш. Тэгвэл бага цагт чанартай юм гаргах хамгийн сайн арга нь төвлөрөл. Харин төвлөрөл бол дасгал. Түүнээс хүсээд л болчихдог юм биш, өдөр тутмын дадлаар бий болдог зүйл. Түүнийг бясалгал өгдөг.Хүн бодлоо нэг цэгт хэр удаан төвлөрүүлж чаддаг байна, түүнийгээ дагаад сэтгэлээ тайвшруулж сурдаг. Сэтгэл нь тайван бус, өөрийгөө тайвшруулж чаддаггүй хүмүүс хий л энийг ч хийх үү, тэрийг ч хийх үү гэж сандраад энийг барьж авахаар тэр нь бодогдоод, тэрийг барьж авахаар энэ нь бодогдоод нэг л их ажилтай ч дороо хий эргээд, хийсэн юмгүй бөөн дарамт, стресс болоод өдрөө дуусгах нь олон. Бүх бүтээмж сэтгэл бодол дээр тулгуурлаж байхад цаг хэмнэдэг 1000 сайхан технологи байгаад ямар хэрэг байх билээ.
Нөгөө талаас бясалгал хийх үед толгойд олон гоё санаа орж ирдэг. Тархиа суллаж, бодох цаг өөртөө өгч байгаад учир байгаа юм. Санаа хайж байна, түүнийгээ боловсруулж байна гээд нүсэр ажил болох шаардлагагүй. Та бүхний мэдэхээс гэвэл зохиолч Аюурзана, Төрмөнх, Саранцацралт нар бүгд л бясалгагчид. Бүтээлч салбарынхан яагаад энд дурлаад байна вэ? Хариулт нь ердөө л энэ. Уймарч, санаа зовж байгаа үедээ хийх гэж хий хүчлэлгүй зүгээр л нэг цаг бясалгаад үз. Сэтгэл тайвширна. Тэр цагт юу хийсэн ч гараас юм зовлонгүй гардаг.
Үүнийг би өөрөөрөө гэрчилнэ шүү. Өглөө оройн бясалгалаа тасалдаггүйн ачаар Ганжуурын 13 ботийг орчуулсан. Сүүлдээ нэг ботийг 15 хоногт дуусгаж байсан шүү. Коронагийн үе ч таарч, элдэв хүн залгахгүй байсан нь сайхан завшаан болсон. Угтаа пали хэлнээс Ганжуурын нэг судар орчуулахад ойролцоогоор 2-3 жил болдог. Яах вэ, миний хувьд дан бясалгалаас гадна үндсэн философио ойлгохгүйн бэрхшээлгүй, үүнээс өмнө дасгал болгож олон судар ном дээр ажиллаж туршлагажсан нь цаг их хэмнэж өгсөн байх. Гэхдээ л нэг барьсан ажилдаа 100 хувьд төвлөрч сурсны ачаар хийснээ ахиж шалгахгүй, эргэж харахгүй итгэлтэйгээр шууд урагшлаад явсан нь гарцаагүй бясалгалын нөлөө. Ерөөс нэг ажлыг нэг л удаа, чанартай, төвлөрөлтэй хийнэ.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Түрүүн хэлсэнчлэн випашяна бясалгалын ийм төвүүд дэлхийн 130 орчим улсад байдаг. Тэд бүгд ажлуудаа нэг жилийн өмнөөс төлөвлөдөг cоёлтой. Маш ойлгомжтой, амар. Багийнхантайгаа ажлаа төлөвлөж, нэг ойлголттой болохын тулд дотооддоо Word, Excel-ээ ашиглаад хөтлөөд төлөвлөөд явдаг. Төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүн байдаг болохоор аль болох л энгийн, хүртээмжтэй програмууд ашиглахыг хичээнэ. Гэхдээ сүүлийн үед залуус илүү дэвшилтэт технологи ашиглахыг, сурахыг, судлахыг шаарддаг болоод байгаа. Бясалгагчидтайгаа байнга холбоотой байх, асуултад нь хариулж байх хялбар аппаас эхлээд олон санаачилга гардаг. Одоогоор бидbyasalgal.mn-ээ мэдээлэл хүргэх, бүртгэл хийхдээ ашиглаад явж байна. Энэ байдлаараа бол залуустаа түрэгдээд мөдхөн төрөл төрлийн юм сурч, турших шинжтэй.Хувьдаа гэвэл тогтмол бясалгал хийдэг хүний нэг давуу тал байдаг юм. Бүх юм толгойд. Барагтай бол мартахгүй шүү.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх сайхан байлгүй яах вэ. Дотнын хүмүүстэйгээ ярилцаж, инээлдэж, тоглон хөгжилдөх хэнд ч болов эрч хүч өгдөг байх. Надад ч адил.Мөн бага залуу наснаасаа л амьдралын тухай, оршихуйн тухай асуултуудыг өөртөө тавьж, түүнд сониучирхаж ирсэн болохоор бурхан багшийн олж нээсэн энэ арвин өв бүхий бясалгалыг хийснээр мэдрэгддэг ойлголт ухаарал, амар амгалан нь эрч хүчийг гайхалтай сайн сэлбэдэг. Амьдрал илүү утга учиртай болдог гэх үү дээ. Өөрөөр хэлбэл онгод орохоор л урамтай сайхан болдог биш байнга эрч хүчтэй, тэнүүн байх боломжийг бясалгалаар дамжуулж өөртөө өгдөг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би тийм ч мундаг сайн орчуулагч биш ч одоогоор Монголд эртний гүн ухааны судруудыг эх хэл дээр нь ойлгож унших төвөд, пали, санскрит хэлтэй хүн байхгүй гэхэд болохоор байна. Иймд дараагийн үедээ бамбараа унтраалгүй шилжүүлэхийн тулд, мөнхүү хүн төрөлхтний агуу их ухаануудын нэгийг бясалгагчдад илүү сайн ойлгуулж хүртээхийн тулд орчуулгын ажлуудаа тасралтгүй хийсээр байдаг. Энэ чиглэлээрээ тун дажгүй, чанартай номын сантай гэж өөрийгөө боддог ч өөр хүний нүдэнд ойлгоод сөхчихөөр ном бараг л байхгүй. Өөрөө л харж баясаад байна уу гэхээс биш. Үүнд юу саад болж байна гэхээр хэл л байгаа юм. Тэгэхээр бусдад ч бас энэ гоё юмыг мэдүүлчих, мэдрүүлчих юмсан гэдэг бодлоос орчуулгын ажил ундраад ирдэг.Ер нь аливаа судар номыг эх хэл дээр нь унших дуртай. Орчуулгын бүтээл болоод ирэхээр тухайн агуулгын эх чанар алдагдаж хэлний хэв, уур амьсгал нь тодорхой хэмжээнд гажиж, хүнээсээ шалтгаалаад орчуулагчийн өнцөг, үгийн сонголтын зөрүү үүсэх гээд байдаг талтай. Үүнээс үүдэн орчуулгын ном уншсан хүмүүс тухайн агуулгын хэчнээн агуу болохыг ойлголгүй дутуу үнэлэх, ойлгохгүй үлдэх, улмаар "энэ өөр хүмүүст зориулсан эд бололтой, миний юм биш байна." гэхчлэн буруу ойлгох нь бий. Яах вэ, хүн хүний итгэл үнэмшил болон зохиогч, уншигч хоёрын дунд гарч буй цаг хугацааны зөрүүний улмаас сэтгэлгээний ялгаа гарах нь мэдээж ч түүнийг бол харьцангуй дараагийн асуудал гэж хардаг. Иймд би айхтар яруу сайхан, урсаж уншигддаг гэхээс илүү байгаа агуулгыг яг л тэр чигээр нь илүү үггүй, дутуу үггүй буюу элдэв чамирхалгүйгээр шууд буулгахыг хичээдэг.
Сонирхуулахад, бурхан багш амьд ахуйдаа сургааль номлолоо пали хэл дээр айлдсан байдаг юм. Түүнийг нь тухайн үеийн сэхээтнүүд санскрит хэл дээр буулгах санал гаргахад огтоос зөвшөөрөөгүй гэдэг. МЭӨ 5-6 дугаар зуун гэсэн үг л дээ. Үүнээс хойш буддаг таалал болсны дараа 500 орчим жилийн хойно түүний сургаалийг санскрит хэлрүү хөрвүүлсэн байдаг. Учир гэвэл санскрит хэл маш сайн боловсруулагдсан, сэхээтнүүдийн дээд хэл гэж явдаг юм. Үнэхээр ч тийм л дээ, миний мэдэх хамгийн төгс хэл. Сонсоход, уншихад ч их сонсголонтой. Гэсэн ч буддын сургаалийн хувьд эх хэл биш болчихож байгаа юм. Гэтэл тэр нь ахиад МЭ 9-10 дугаар зуунд төвөд хэлрүү, түүнийг нь монголчууд бид 17-18 дугаар зууны үед өөрсдийн хэл дээр хөрвүүлж авсан байдаг. Мэдээж хятад хэл дээр бас давхар хөрвүүлэгдсэн.
Ингэж буддын сургааль бидэнд орчуулгаас орчуулга гэсээр 3-4 хэл дамжиж ирснийг өдгөө уншигчид Ганжуур Данжуур хэмээх нэрээр нь сайн мэднэ. Угтаа бол уг судрыг буюу ТипиТака гэх бөгөөд яаж яваад ийн өөр нэрээр нутагших болов гэхээр төвөд хэл дээр "Га" гэдэг бурхны айлдсан зарлиг, "Да" гэдэг нь шастир, "Жүр" гэдэг нь орчуулга гэсэн утгыг заадаг. Тодруулбал "бурхны зарлигийн орчуулга, шастирын орчуулга" гэсэн үг. Жинхэнэ ТипиТака гэх нэр нь бол "гурван сав аймаг" гэх утгатай бөгөөд задалбал, эхнийх нь энгийн ард олон уншиж ойлгох "судрын аймаг", хувраг, бясалгагчдад зориулсан "винай аймаг", буддын гүн ухааныг нарийн тайлбарласан "абхи дхамма аймаг" гэсэн гурван хэсгээс бүрддэг. Орчуулга буюу Ганжуур Данжуур 108 боть судартай ч, эх хэл дээрээ Типи буюу Ганжуур нь 45 боть, Така буюу Данжуур нь 95 боть болдог. Нийлээд 140 боть судар бий. ТипиТака бол бурхан багш өөрөө надад ярьж өгч байгаа юм шиг тийм ойлгомжтой бичигдсэн ч олон орчуулга, он удаан жилийн дараа бүтэц нь их хувирч монгол хэлд буусныг ойлгох хэрэгтэй.
Үүнээс сүүлийн буюу абхи дхаммагийн аймагт багтах долоон судрыг одоогоор аль ч хэл дээр бүрэн орчуулж чадаагүй л байна. Абхи дхаммаг орчуулж чаддаг болох мөрөөдөл бий. Үүнээс урьтаж бас винайн аймаг байгаа. Энэ бүхнийг пали хэл сурсан гээд л шууд орчуулах боломжгүй болохоор бэлтгэл болгож олон жилийн өмнөөс эртний үлгэр домгуудаас эхлээд бага багаар ахисаар саяын хэдэн жилээс л судрын аймгийн эхний 13 ботийг эх пали хэлээс нь орчуулж дуусаад байна. Яаж ч бодоод, энэ насанд минь дуусах ажил биш, бас хүссэн хүн хийчихэж чадахгүй болохоор мөрөөдөлдөө хүрэх гэж яарч адгахгүй ээ.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Юун түрүүнд одоо хийж буй зүйл минь их гоё ажил. Ийм ажилд бэрхшээл нь хүмүүжил болж байдаг. Тэгээгүйсэн бол бид хэнийг ч цалинжуулдаггүй байхад яахин 20-иод жилийн турш үйл ажиллагаагаа бясалгагчдад тасралтгүй хүргэсээр байх билээ. Одоогоор бид Баянзүрх дүүрэг Дхамма Махаана-1 төв, Найрамдал төвийн ойролцоо Дхамма Махаана-2 төвүүд дээрээ хүүхдийн болон насан хүрэгчдийн нэг өдрийн бясалгал, 10 хоногийн випашяна бясалгал, найм хоногийн сатипатхана бясалгал, цаашлаад 20 ба түүнээс дээш хоногийн уртын бясалгалуудыг явуулж байна.Эдгээр курсуудэд бүртгүүлэн явахын тулд бясалгалыг үр дүнтэй байлгах үүднээс зайлшгүй тавьдаг хэдэн дотоод дүрмийг ягштал сайн мөрдөх учиртай. Жишээ нь, 10 хоногийн турш өглөө 04:00 цагт босож орой бүр 21:30 гэхэд орондоо орохоос гадна, бясалгалын үеэр зөвхөн цагаан хоол идэж, хэнтэй ч юу ч ярихгүй харьцахгүй байж, бүх цагаа завилан сууж бясалгахад зарцуулдаг. Ингэхдээ анхаарлыг сарниулдаг гэж үздэг тул ямарваа гоёл чимэглэл, тод хувцас, элдэв идэвхтэй дасгал хөдөлгөөн, унших бичих зэргээс эрс татгалздаг. Өдөрт дунджаар 10-12 цаг төвлөрч бясалгах ба сая хэлсэнчлэн хоол, ахуйд санаа зоволтгүй тул эдгээр өдөрт зөвхөн өөрөө өөртэйгөө л тулж ажиллах ёстой. Тэр боломж нөхцөлийг л бүрдүүлж өгөх гэж бид хичээдэг. Гэсэн ч бясалгал гэдэг үгнээс нь болдог ч юмуу, эсвэл үнэ төлбөргүй болохоор ч юмуу хүмүүс анх энд ирэхдээ амралтад ирж байгаа шиг сэтгэл зүйтэй, тийм ойлголтын зөрүүтэй байх нь цөөнгүй. Алив юуг ч амар сурахгүй шүү дээ. Улмаар төсөөлснөөс нь өөр, маш шахуу хөтөлбөр, хуваарьтай байгаад нь цочирдож гайхах, дуусгаж чадалгүй буцах нь бий.
Гэхдээ энэ бүхнийг тэсээд, бясалгалыг, түүний ард нуугдаж буй асар их амар амгалан, ойлголт ухагдахууныг ойлгоод 10 хоногоо дуусгасны дараа бясалгагчдын нүүрэнд ямар сайхан инээмсэглэл, тэнүүн сайхан амьсгаа авсан мэт гэгээн энерги цацардаг гэж санана. Түүнээс авах сэтгэл ханамж ёстой сайхан. Ялангуяа хорих ангид явуулж буй бясалгалуудаас энэ мэдрэмжийг гайхамшигтай мэдэрдэг. Амьдралдаа нэг л удаа буруу хүрээлэлд, буруу хүмүүс, буруу эргүүлгэд автсанаасаа болж сэтгэлзүйн асар хүнд дарамтад орсон тэдэнд бясалгал хэрхэн бүтэн амьсгаа авах, өөрийгөө тайвшруулах боломж өгч байгааг харах их сайхан. Энэ бүрээс хийж байгаа ажилдаа дурлана шүү дээ.
Ийм ч болохоор энд бүх шашны хүмүүс ирдэг юм. Бодоход л амьсгалыг, мэдрэмжийг ажиглахад ямар шашин байх вэ дээ. Бясалгалын туршид таван сахил сахина гэдэг нь харин шашны номлол шиг сонсогдож магадгүй л юм. Будда заасан гэхээр бусад шашныханд барьертай, болгоомжлолтой, айдастай байх нь аргагүй л дээ. Гэхдээ аваад үзэхээр тэдгээр нь амь таслахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, архи тамхи хэрэглэхгүй, буруу бэлгийн хавьталд орохгүй зэрэг л болно. Өөрөөр хэлбэл аль ч шашинд байдаг л баримтлалууд. Ер нь би бясалгалыг шашинтай холбоход таатай ханддаггүй.
Будда шашин үүсгээгүй, зөвхөн амар амгаланд хүрэх арга техникийг л хайж олсон. Зөвхөн бясалгал, түүнтэй холбоотой гүн ухааны ойлголтуудыг сургасан. Тэр нь яван явсаар, цаг хугацааны явцад олон хүний гар орж, шашин болж хөгжсөнөөс үүдэн энэ цаг үед бясалгалд шашнаар талцан хуваагдан хандаж байдаг нь тоогүй. Бидний хувьд үүнийг цэврээр нь авч явах л хамгийн чухал, хүндлэлтэй, нэр төртэй ажил болдог. Шашин, улс төр, элдэв зан үйлтэй холбуулмааргүй байна. Сайшаалтай нь, олон улсад харьцангуй ойлгоод эхэллээ. Оксфорд тэргүүтэй дэлхийд шилдэгт эрэмбэлэгдэх сургуулиуд хөтөлбөртөө бясалгалыг оруулаад ирсэн. Шашнаас ангид байдал, хийснээр гарах үр дүнг нь хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ. Гэм нь агуулгыг нь бүрэн ойлголгүй, судраас шууд авч заагаад жаахан буруу арга техниктэй явж байна лээ. Яваандаа засрах биз дээ.
Аливаад удаан бодоод байлгүй хийгээд эхлүүлэх нь чухал. Өөр шашин шүтдэгээсээ болоод хүссэн ч ирж чадахгүй байгаа хүмүүст хэлдэг юм. Эцэст нь Христ өөрийг нь цовдлоод алж байхад ч тэдгээр хүмүүсийг хайрлаж байсан. Дайснаа ч гэсэн хайрлаж байвал чи Христ гэж сургадаг. Энэ философи л чухал. Үндсэн философио л ойлгосон байхад аль ч шашинд харшилдаад байх зүйл харьцангуй бага. Тиймээс тэр барьертайгаа ажиллаад, эргэлзээнийхээ эсрэг босоод энд ирсэн хүмүүс маш гоё. 10 хоногийн бясалгалд сууснаас болоод шашнаа өөрчлөөд гарсан хүн би л лав мэдэхгүй юм байна. Ямар шашинтай тэр л хэвээрээ, зүгээр л бясалгаж, өөрийгөө тайвшруулж сураад явдаг. Өнгөрсөн 20 жилд энд ирсэн 40 мянган хүн дундаас шашны маргаан гаргаж байсан нэг тохиолдол ч байхгүйгээр үүнийг гэрчлэх байна.
Сүүлийн үед нээрэн нэг бэрхшээл хүчтэй мэдрэгддэг болсон юм байна. Бясалгах хүсэлтэй олон хүн байгаад байдаг, тэр бүрд заах багшийг бэлдэх их хэцүү. Энэ ганц Монголд гэлтгүй олон улс даяар, ганц одоо гэхгүй ихэнх цаг үед байсан асуудал. Багш бэлдэх нь санасны зоргоор биш, тийм хүн гарч иртлээ их уддаг. Олон сайхан багштай болохсон гэсэн бодол байна. Хувьд гардаг сорилт гэвэл бясалгал хийх гэж ирээд, чадахгүй хямардаг үе олон байдаг. Тэдгээр хүмүүсийг хараад, мэдрээд, дуудаад, туслах нь миний ажил. Стресс, хямрал нь хэр гүнзгий байна тэр чинээгээр ажиллахад бэрх болно. Хувь хүнтэй тулж ажиллах л амаргүй. Гэхдээ хэнд ч таарах түлхүүр, ойлгох өнцөг байж л байдаг. Би өөрөө ч тэр бүгдээс сурж л явна.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
2004 онд бид Найрамдал дах төвийнхөө газрыг авчхаад майхан бариад анхны бясалгалаа явуулж байлаа. Яваандаа нэг гэртэй болоод, тэр нь хоёр, гурав болоод, дараагаар нь дүнзэн байшин гэх мэтээр бага багаар ахисаар одоо хотын төвд нэг төвтэй, Найрамдлын энэ салбар маань тун боломжийн ахуй бүрдүүлсэн гурван байгууламжтай болж өргөжөөд байна. Саяхан бид зөвхөн 20-90 хоногийн уртын бясалгалууд явагдах гуравдахь салбарынхаа шавыг тавьлаа. Энэ бүхэн хандив дээр явдаг болохоор санасны зоргоор хурдан босохгүй л дээ. Гэхдээ тасралтгүй, тогтмол, бага багаар урагшлаад л байдаг, зогсдоггүй. Энэ ажлаа урамтай эхлүүлсэн.Дараа нь гэвэл одоогийн төвийн загвараа аймаг бүр дээр нээмээр байгаа. Хөдөөний хүн хотод ирж бясалгалд сууна гэдэг хэцүү. Номыг, бясалгалыг хүсэж буй олон хүн байна. Үүнийг би хийхгүй, бясалгалыг нутаг орныхондоо түгээхсэн гэсэн хүмүүс л хийж, цааш нь авч явна. Бид зөвхөн одоо байгаа арга туршлага, барилгын зураг төсөл зэргээ харамгүй хуваалцаад, ярилцаад явах байх. Эхлээд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод босгохоор ярилцаад байгаа. Дараагийнх нь Дархан, Эрдэнэтийн аль нэгд. Энэ мэтээр аймаг бүрд биш гэхэд эхний ээлжинд бүсчлээд хийхсэн гэсэн хүсэл байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Бага залуугаасаа олон хэл сонирхон судалсан минь л их тус болдог доо. Гүн ухаан, бясалгалын арга техник, амьдрал, оршихуйн тухай сэдвүүдийг пали, санскрит, төвөд хэлүүд дээр уншдаг. Харин олон улсад болж байгаа зүйлс, мэдлэг мэдээлэл, орчин үеийн чиг хандлагуудыг англи, орос хэлээр авдаг. Авъя, ойлгоё, суръя гэснээ хэлний барьергүйгээр хүлээж авах нь өөрийгөө хөгжүүлж, сурах гол арга зам минь.Үүнээс би яруу найрагчид, хэлний хүмүүсийг санскрит хэлийг заавал нэг сонирхоод үзээсэй гэж хүсдэг. Санскрит хэлийг одоо гол төлөв энэтхэгийн бандида, бармян язгууртай айлд төрсөн хүүхдүүд үздэг юм. Зөвхөн дүрмийг нь 11 жил үздэг, ханатал нь тулгаж хөгжүүлээд түүнийгээ хэрэглээ дүрмээр нь маш нарийн түгжээд, цаашид хөгжиж өөрчлөгдөх боломжгүй болгосон хэл. Яруу найраг нь ямар баялаг, уран гэж санана. Зохиолч, яруу найрагчид маань онгодоор шүлэг бүтээлээ бичдэг шүү дээ. Тэгвэл зүйрлэл, ёгтлол, арга барил тал дээр санскрит хэлнээс санаа аваасай гэж боддог юм. Их баяжина даа.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Ном гэвэл Дхамма-пада гээд судрыг уншаад үзээсэй гэж боддог. Орчуулаад бэлдсэн байгаа. Одоо PDF болгоод онлайнаар нээлттэй цацъя гэж бодоод л байна.Кино гэвэл бясалгал хийгээд мэдэрдэг зүйлтэй их дөхөхүйц ойлголт, мэдрэмжийг төрүүлдэг бүтээлүүд хэд хэд бий. Дурдвал хоосон чанарын ойлголтруу нэлээд дөхсөнөөр нь Matrix-ийн нэгдүгээр ангийг нэрлэнэ. Хүний оюуны потенциалыг нэлээд уран сайхны, энтертайнмент харагдацруу хөрвүүлсэн ч агуулгыг нь алдагдуулаагүй Lucy байна. Үзэхэд тун сонирхолтой дүрсэлсэн байсан.
Ер нь энэ мэтээр өрнийн соёлтой орнууд дорнын гүн ухааныг ойлгохоор тэмтрээд, эрж хайгаад, хичээгээд байгаа нь сайхан санагддаг. Энэ дээр их сонин юм анзаарагддаг нь залуус дорнын үгээр илэрхийлээд байгаа энэ ухааныг бидний амаас сонсохдоо хойрго хүлээж аваад байгаа хэр нь яг тэр философиор нь Холливүүд кино хийхээр дурлаж хүлээж аваад байдаг. Аа харин гүн ухаан талаас нь ярьвал дорнынхон энэ бүгдийг шууд ойлгодог байхад өрнийнхөн ойлгодоггүй. Орос хүмүүст хойд төрөл гэвэл ерөөс ойлгохгүй шүү дээ, гэтэл монгол, япон, хятад гээд дурын ази орны хүмүүс "Аан тийм тийм, за тэгээд" гээд сонсоно. Өөрөөр хэлбэл азиуд энэ бүхнийг ойлгодог хэрнээ хүлээж авахдаа өрнийн хэв маягийн урлагаар хүлээж авах дуртай байдаг бол, барууныхан тэр бүрийг сайн ойлгодогггүй мөртөө урлагтаа илүү орчин үежүүлсэн энтертайнмент хэлбэрээр дүрсэлж чадаад байдаг.
Зураг хөгжмийн хувьд олон жил бясалгаад ирэхээр байгаль өөрөө хамгийн гоё симфони, уран зураг болоод хувирчихдаг. Сэтгэл нэг цэгт төвлөрч, тархи аливаа зүйлийн гоо үзэмжийг элдэв чамирхалгүй, яг байгаагаар нь таашаадаг болохоор царцаан дуунаас ч хамгийн гоё мэдрэмжийг авч сурдаг юм байна.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хэрвээ хүнд аз гэж байх бол тэр нь гарцаагүй сайн хүмүүстэй л учрах байх. Өөрийгөө яагаад азтай гэж үнэлдэг вэ гэхээр би зүгээр л сайн хүмүүстэй, зөв үедээ учирч чадсан юм. Муу хүнтэй, муухай газар таарсан бол өдийд хаана, юу бодоод явж байхыг хэн мэдэх билээ.Түүний дотроос би Бакула ренбүчитэй таарсан тохиолоо хамгийн азтай хувь зохиол гэх байна. Багш минь надад "Бусдыг хайрлаж яв, өөрийгөө мартаж сур" гэж хэлсэн. Энэ бол тэр чигтээ багшийн өөрийнх нь амьдралын философи л доо. Үүнийг бидэнд үйлдлээрээ батлан харуулсан хүн. Өөртөө юу ч үлдээлгүй, юунд ч шуналгүй бүхнээ хүмүүст зориулсан тийм агуу нэгэн байлаа. Хүнд төрөх, үхэх олон төрөл байхад би нэг амьдралдаа ч гэсэн хувиа бодохгүй явахад, бусдын төлөө явахад яав л гэж гэсэн сэтгэлээр ажлаа хийдэг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Монголчууд маань дэндүү их стресстэй, оюуны ачаалал, дарамттай болжээ. Үүнээсээ үүдээд бүгд их уцаартай, төвлөрөл багатай, бүтээмж муутай, түүндээ өөртөө их цухалдсан, амьдралдаа гутарсан, бусдад тэр бүх буруугаа тохсон, нэг нэгэндээ уураа гаргасан хүмүүс болж. Ерөөс 5-6 хүн тутмын нэг нь сэтгэлзүй, сэтгэцийн асуудалтай энд ирж байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд бол бүр эрс мэдрэгдэх болсон. Материаллаг хөгжил хэр их явна, стресс тэр чинээгээр нэмэгдэх нь хууль. Яагаад гэвэл мэдээлэл асар хурдан дамжиж байна. Нэг хүний стресс хормын дотор тэрбум хүний стресс болж байна. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ?Үүнээсээ болоод эндээс л, Монголоос л явчихвал аз жаргалыг олчих мэт боддог болсон байх.Гэхдээ хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийг учрыг олж сураагүй цагт хаана ч очоод жаргалыг, угтаа амар амгаланг мэдэрч чадахгүй. Хөлөө нугалж, газарт сууж чадахгүй, өдөр бүр хүчтэй эм уухгүй л бол болохгүй болтлоо ядарч буй ахмадууд яагаад энд махан биеийг зовоон, 10 хоног суух гэж тэгтэл хүсээд байна вэ? Яагаад нэг өдөр ч орхиж явж болохгүй гэсэн чухал алба амьдралтай байж бүх юмаа хаяад эндэхийг зориод байна вэ? Ердөө л энэ. Сэтгэлдээ асар их хямралтай, тэр нь нойргүйдэлд хөтөлж, нойргүйдлээсээ болоод "юмтай" гэж хэлэгдэх хүртлээ хүндэрч, Шархаданд үзүүлэх гээд дугаарлаж байна шүү дээ. Сэтгэлийн зовлон бол маш хэцүү. Хүнд ийм байна гээд харуулж чадахгүй зовлонтой. Тийм гээд тайлбарлаж мэдэхгүй бэрхтэй. Иймд бидэнд одоо бие сэтгэлээ дотроосоо тайвшруулж чаддаг, өөрийгөө ойлгодог болох хэрэгцээ нэн тэргүүнд байна. Сэтгэлзүйдээ, сэтгэцдээ зөв аргаар анхаарч сур.
Бас өөрийгөө биш бусдыг нэгт тавиад үзээрэй. Хувиа л бодсон, жижигхэн зайтай хүн ямар нэг асуудал гарлаа гэхэд тэдгээрийг өнөөх давчуу ертөнцдөө багтааж чадахгүй түүндээ зовж явдаг. Бусдыг бодож, саваа томосгож явбаас аливаа нэг асуудал далайд гарсан жижиг давалгаа мэт л санагдахвий. Нинж сэтгэлээ хөгжүүлж, бусдын жаргалыг өөрийнхөө дотор багтааж яваарай гэж хэлмээр байна. Өрөөлийн инээмсэглэлийг өөрийнхтэйгээ адил мэт мэдэрдэг болсон цагт эрх чөлөө, амар амгаланг мэдрэхэд илүү амархан болно шүү.
БЯСАЛГАЛ БИДЭНД ЮУ ЗААДАГ ЮМ БЭ?
"Намо тасса бхагавато арахато самма самбуддхасса". "Өөрийн муу бүхнийг ялан дийлээд, хэн нэгний туслалцаагүйгээр төгс өөрөө гэгээрсэн энэ бурханд мөргөмү" гэсэн утгатай пали үг. Бурхан багшийг хэлж байгаа юм. Амар амгаланд хүрэх замыг өөрөө хайсаар, хэн нэгний тусламжгүй гэгээрэлд хүрснийг илтгэдэг. Амар амгалан, гэгээрлийг буюу бясалгалыг хамгийн богиноор илэрхийлбэл ерөөс мөнх бус болон тэгш оршихуйг биеэсээ олж мэдэх, ойлгох л явдал юм.Бясалгал гэхээр нүдээ аньж суугаад л гоё болоод байдаг юм бодож болохгүй. Их хугацаа, хичээнгүй хичээл зүтгэл шаардана. Хүмүүс бясалгалаас зөвхөн гоё болохыг л хүсэж ирдэг. Харин бодит амьдралд сайхан, муухай бүхэн ээлжлэн, зовлон жаргал ээлжлэн учирч байдгийг мартаж болохгүй. Тийм учраас бясалгалаас гоёыг олж хайхаас гадна бодит амьдралын сайхан муухай, зовлон жаргалын аль ч үед сэтгэлийн тэнцвэрээ хадгалж чадах тэр хандлагыг хайвал зохино. Випашяна бясалгал энэ л тэгш орших чадварыг хүнд суулгаж өгдөгөөрөө онцлогтой.
Хийж үзэхгүй бол, оролдохгүй бол, хичээхгүй бол миний хэлснийг бүрэн ойлгохгүй. Хийгээд, хичээсэн ч тодорхой цаг зарцуулахгүй бол бас л бодитоор мэдрэхгүй. Үгээр ойлгох, үйлдлээр ойлгох шал өөр юм шүү. Үүнийг бид "Туршлагаар онож мэдэх" хэмээдэг.