Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд энэ сарын 27-нд нээнэ.
Уг үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”-ы олдвор, алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж бүрдэл 450 гаруй ховор нандин үзмэрийг анх удаа цогцоор нь дэлгэж буйгаараа онцлогтой юм.
Үзэсгэлэнгээс “Чэнь-Гуо гүнжийн бунхны олдвор, гүнжийн алтан баг, мөнгөн гутал, алтан чимэгтэй мөнгөн дэр зэрэг хосгүй үнэт үзмэрийг үзэх боломжтой.
Энэ үеэр Хятаны соёл, түүх археологийн дурсгалын талаар Өвөр Монголын музейн захирал доктор, профессор Чень Ён Жи, Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шин нар лекц уншина.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын тэнхим ажиллаж байгаа юм. Үзэсгэлэн хоёр улсын соёлын солилцоог улам гүнзгийрүүлж, тал нутгийн торгоны замын соёлын цар хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Хятан улс X-XII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж асан нүүдэлчин угсааны үндэстэн билээ. Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил оршин тогтносон. Хятан нарын уугуул нутаг тул тэдний үлдээсэн хот суурины туурь, булш бунхны арвин дурсгал хадгалагдаж байна.
Тус үзэсгэлэн 9 дүгээр сарын 6-ныг хүртэл үзэгчдэд үнэ төлбөргүй ажиллана.
463 сэтгэгдэл