Ахмад настанд амрах эрхийн бичиг олгох ажил түр зогсчээ
Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, амралт сувиллын газарт амрах эрхтэй байдаг. Одоогийн байдлаар Засгийн газрын 2016 оны 94 дүгээр тогтоол хүчингүй болсон тул ахмад настанд амрах эрхийн бичиг олгох ажлыг түр хугацаагаар зогсоож байгаа ажээ.
Хөдөлмөр, нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын тендерт шалгарсан болон Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжилсэн рашаан сувиллын 100 гаруй газарт ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр амардаг. Өнгөрсөн онд Орхон аймгаас 1200 гаруй ахмад настан амарчээ. Тиймээс амрах эрхийн бичиг олгож эхлэхээр хүсэлтээ харьяа баг дээрээ хүлээн авна гэж аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн хэллээ.
Ахмадууд амралт, рашаан сувиллын газар амрахдаа хоёр төрлийн эрхийн бичгээр хөнгөлөлт эдэлдэг. Тухайлбал, амралт сувиллын газруудын энгийн өрөөний тарифаар хоногт 30.000 төгрөг төлөхөөс 20.000 төгрөгийг Халамжийн сангаас буцаан олгохдог байна. Өөрөөр хэлбэл, ахмадууд 10 хүртэл хоногт 300000 төгрөг төлж амарсны дараа эрхийн бичгээ тухайн оршин суугаа газрынхаа нийгмийн халамжийн мэргэжилтэндээ өгч 200000 төгрөгөө буцаан авна.
Мөн эрхийн бичгийн үнийг урьдчилан төлөх боломжгүй ахмадуудын хөнгөлөлтийг Нийгмийн халамжийн сангаас тухайн амралт сувиллын дансанд шилжүүлэх эрхийн бичиг юм. Үүнийг төлбөрөө урьдчилан төлөх боломжгүй ахмадууд бичиг баримтаа бүрдүүлэн харьяа халамжийн хэлтсээс авч амарна. Түүнчлэн хүндэт донор ахмадууд 100 хувийн хөнгөлөлттэй үнээр рашаан, сувилалд амардаг ажээ.
45 сэтгэгдэл