iNet.mn дагах

Энэ өдрийг дурсахын учир

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 15. Энэ өдрийг “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сонинынхон бид жил бүр дурсдаг болоод арав гаруй оныг үдэж байна. Учир нь энэ өдөр Монголын сэтгүүл зүйн гарамгай зүтгэлтний нэг, нэрт сэтгүүлч, зохиолч, “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж эрхлэгчийн маань төрсөн, тэнгэрт дэвшсэн өдөр юм. Бид эрхлэгчийнхээ тухай дурсахын зэрэгцээ, энэ өдрийг утга учиртай болгохыг хичээж ирсэн билээ.

Эрхлэгч маань амь, амьдралаа зориулсан, чигийг нь заагч байсан Монголын сэтгүүл зүй нийгмийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаатай хэн ч маргахгүй биз ээ. Өнөөгийн ээдрээтэй цаг үе дэх Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийн нэр хүнд, чадвар чансаа шүүмжлэл дагуулж байгаа нь маргашгүй үнэн. Монголын сэтгүүл зүйн армийнхандаа санаж, сэрэхэд нь тус болох болов уу гэдэг үүднээс тэртээ 1983 онд “Сэтгүүлч” сэтгүүлд эрхлэгчийн маань бичиж, нийтлүүлсэн нэгэн материалыг хүргэж байна.
Мэдээллийн зууны гурвалсан морьтон

Л.Түдэв
...Сониныхоо зөвлөлийн даалгаврыг биелүүлэхийн тулд залуу сэтгүүлч олон хоног тун идэвхтэй, шаргуу ажиллаад гайгүй ч юм бичээд ирж билээ.
Бичихээс нь өмнө бид санал солилцсон учраас сонинд нийтлэхийн өмнө уншихдаа гарчгийг арай өөрчилж “Далай ээж маань цаазын тавцанд” болгосныг зохиогч баяртайгаар хүлээн зөвшөөрснийг мэдэх хүмүүс цөөрсөн ч энэ номыг эмхэтгэн бэлтгэсэн хоёр сэтгүүлч лавтай санаж байгаа юм байна. Тэр өгүүлэл сонинд гарсны дараа уншигчдаас талархсан, дэмжсэн олон захидал сонинд ирж, нэг хэсгийг нь тоймлон, заримыг сониндоо бүрэн эхээр нь нийтэлж, Хөвсгөлийн дархлааг бид лавтайяа 20 гаруй жил бэхжүүлж өдий хүрч ирэв. Өнгөлзлөг ч бас гарсаар байсан тул цаашид цаазын тавцан босгуулахгүй байхыг тэр нийтлэлээрээ Балдорж гэрээсэлжээ.
Өгүүлж буй эл өгүүлэл 1987 онд анх “Үнэн” сонинд нийтлэгдсэнээсээ хойш 1990 онд “Үнэн” шилдэг бичлэгийн түүвэр”-т, 1996 онд “Цаг цагийн аяс” цувралын нэгдүгээр ботид, 2007 онд “Өнөөдөр” сонинд дахин гарсан өвөрмөц түүхтэй. Энэчлэн “Далай ээж маань цаазын тавцанд” өгүүлэл, энэ сэдвээр ахин дахин бичсэн зүйлүүдийн талаар бичих гэвэл бас нэг шинэ ном болно. Уншигч таны дэлгэн унших энэ номд багтсан “Хүр хорхой үржүүлж, хөвөн тарих хүмүүсээ яах вэ? (“Үнэн” 1987 он ¹ 206), “Хомсдол” (“Үнэн” 1988 он ¹ 181), “Ганц жил наслуулах гэж арван сар тээдэггүй” (“Үнэн” 1989 он ¹ 24), “Дүрс бичлэгийн түймэр” (“Үнэн” 1989 он ¹ 82), “Монголын амьсгаа бачимдаж байна” (“Ардын эрх” 1992 он) зэрэг бичлэгийг уншихад өчигдөр бичээд өнөөдрийн сонинд гарсан юм шиг санагдах байх аа.
Гурвалсан морь хөллөсөн тэргийг “Тройка” гэж оросууд нэрлэдгийг Орост боловсрол олсон Ц.Балдорж андахгүй сайн мэддэг байлаа. Тэгээд ч тэгсэн юм уу гурван морь хөллөсөн тэргээр XX зууныг үдэж, XXI зуунд ороод, мэдээллийн зууны хамгийн чухал албанд улаач хийж явав. Түүний хөллөгөө морины нэг дэх нь “сэтгүүлч” халиун, хоёр дахь нь “зохиолч” зээрд, гурав дахь нь “менежер” шарга. “Сэтгүүлч” халиунаараа говийн манхнаар ч, Хөвсгөлийн хөвөөгөөр ч, Москвагийн олимпоор ч галигуулж явсан эр. Монголын сэтгүүл зүйн талбайд шинэчлэгч сортын үр тарьж, ороо бусгаа халиун мориороо тоосны үзүүрт торойж явсан эр.
“Зохиолч” гэдэг зээрд мориороо ордоггүй айлд ч орж, буудаггүй шон дээр ч бууж, тайзны урлагт зэрэглээ татуулж, хэрээг гуаглуулж явсан эр. Бас “Шөнө амталсан нулимс”-аар иргэдийг ухааруулж, “Элсний нүүдэл”-ээр залуусыг гижигдээд авсан удаатай.
“Менежер” гэдэг шарга мориороо тэр нам, төр хоёрт үйлчилдэг нэг сониныг зааглаж, төрийг бие даасан анхны хэвлэлтэй (“Ардын эрх”) болгож, дараа нь дан ганц төрийн бус, үндэсний хэвлэл мэдээллийн шинэ айл үүсгэж, “Өнөөдөр” сонин, “МN-25 дугаар суваг” телевиз буй болгон, “Монгол ньюс” компанийн гал голомтыг бадрааж, “Оюуны өргөө” дээд сургуулийн үүдийг нээж, 2002 онд “Шилдэг менежер”, 2003 онд “Сонины шилдэг менежер”, 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан нэгэн. Түүний жинхэнэ нэр нь Цэрэндоржийн Балдорж. Бас “Нууц нэр” ч бий. Дөрөв дэх хүлэг морь ч бий, түүнд. Тэр нь “эрдэмтэн” гэдэг цоохор морь. Тэрээр 1987 онд Москвад эрдмийн анхдугаар зэргийг амжилттай хамгаалсан болой.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч, авьяаслаг менежер, бас эрдэмтэн Цэрэндоржийн Балдоржийн залуу цагийнх нь хороон дарга явсны хувьд надад нэгэн шинэ үүрэг ногдлоо.
Ц.Балдорж “сэтгүүлч” халиунаараа хагас жарны турш галигуулахдаа олж цуглуулан бичиж туурвисан бүтээл хэдэн зуугаар тоологдох болжээ. Тэр бүхнээс сорлон “Далай ээж маань цаазын тавцанд” ном зэхсэн нь уншигч түмний гар дээр очих нь ээ.
Номын энэхүү нэр цөөнгүй хүнд танил юм шиг санагдаж байж магадгүй.
Уул нь цаг хугацааны хувьд одоогоос хорь гаруй жилийн тэртээ 1987 оны намар “Үнэн” сонинд (1Х.29 ¹ 233) эл өгүүллийг гарч байх үед дээр дурдсан шиг бид нэг багт ажиллаж, залуучуудад нийгмийн амьдралд үүсээд буй, үүсэх магадлалтай сэдвээр даацтайхан зүйл бичих санал хэлж, зарим чадалтай, авьяастайд нь бүр даалгавар өгч захиргаадан “Үнэн” сониныг гаргаж явснаа энэ цөөн мөрийг тэрлэх үед санаж байна.
Монгол орны төдийгүй дэлхийн цэнгэг усны ховор сан Хөвсгөлийг хамгаалах үүднээс тэр үед “Үнэн” сонин, тодруулж хэлбэл Ц.Балдорж удаа дараа хүчтэйхэн дуугараагүй бол нүүр царайг сэвхтэй бол сэвхтэй нь, үрчлээтэй бол үрчлээтэй нь, толиотой бол толиотой нь байгаа байдлаар нь өдөр бүр тольдон харуулж байдгийн хувьд, тэрчлэн ямарваа нэгэн нам юм уу, байгууллагын “хамжлагат” ард нь биш, биеэ даасан тоонотын дуу хоолой болж байдгийн хувьд “Өнөөдөр” сонин одоо 10 хэдэн настай хүүхэд биш, арван мянгатын бүрээч нь гэгдэхээр байгаад хэргийн гол нь оршиж буйг хэлэх хэрэгтэй.
Улсаас ч юм уу, намаас, эсвэл ивээн тэтгэгчээс царайчлахгүйгээр өрх гэрээ төвхнүүлж, өргөө сууцаа байгуулж, өргөн олноо мэдээллийн сайн чанарын ундаагаар дайлдаг улсад хамгийн том бөгөөд олон хуудас, өнгөтэй гоё дээлтэй, Өрнөдийн загвараас дутахааргүй дэгжин сонин бол “Өнөөдөр”.
“Өнөөдөр” бол Монголын хэвлэл мэдээллийн хэвлийгээс төрсөн ер бусын хүүхэд. Учир нь тэрээр эцэг, эхтэйгээ огт адилгүй цэнхэр туяатай индиго хүүхэд. Түүнийг төрсөн өдөртөө хэлд орж, хөл дээрээ боссон гэлтэй. Тэгээд ч Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд шинэ хуудас нээж, төр болоод намаас хамааралгүйгээр хувийн санаачилгаар айл гэр болон төвхнөсөн анхны хувийн сонин, хувийн телевиз атлаа ямагт хувийн бус, нийгмийн асуудал ярьж, олон нийтийг мэдээллээр хангах алба хааж эхэлснээрээ онцгой түүх намтартайгаар “Өнөөдөр” сонин, “Монгол ньюс” ХХК сэтгэлгээ, үйл ажиллагааны шинэ үзэгдэл, XXI буюу мэдээллийн зууны “алаг шаазгай” болж байна. Алаг шаазгай айлын шон дээр суугаад аливааг шулганахад бэлгэшээдэг монголчууд алаг сонин “Өнөөдөр”, алаг (өнгөт) телевиз “MN-25 дугаар суваг” хойморт нь залраад алтан дэлхийн сониныг, аж байдлын ухааныг ярьж, үзүүлэхэд монголчууд оюунаар болон ахуйгаар баяжиж байгаа билээ.
“Өнөөдөр”-ийг ийм төрх байдалтай болгоход Цэрэндоржийн Балдоржийн хөдөлмөр, авьяас нэвт шингэснийг эрхлэгчийн ажлыг таньсны хувьд хэлж байна.
Жич: Хөвсгөл нуураас маань хэд дахин том Байгал нуурыг ариун тунгалаг байлгахад Оросын зохиолчид (Распутин тэргүүтэй) олон жилийн туршид үзэг, үгээрээ тулалдаж, улмаар Монголын Хөвсгөл, Японы Бива нуурын гурвалсан хөдөлгөөн болгож хувиргахад Монголоосоо сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийгоо “Үнэн” сонин томилон илгээж, Балдорж ч Байгал нуурын эрэгт болон Бива нууран дээр болсон уулзалтад оролцохдоо гурвал зохиолчдын дуу хоолойтой ая айзам нэгтгэн ажилласныг би санаж байна. Бива нуураас эргэж ирэхдээ Японд олон найзтай болж улмаар 33-ын холбоо байгуулснаар Балдоржийн менежерийн шарга морь хурдаа авсан түүхтэй.2008 оны долдугаар сарын 24
Журам алдах эрх байхгүй, ХОРИОТОЙ МЭХ ХЭРЭГГҮЙ
Ц.Балдорж
Сэтгүүлч хүний эзэмших ёстой гол чанар юу юм бэ? Энэ асуултад ганц үгээр хариулахад хэцүү. Сэтгүүлч өргөн мэдлэгтэй, авьяаслаг, шуурхай, зарчимч, ер нь янз янзын чанарыг эзэмшсэн байх ёстой учраас дээрх чанарын алийг нь ч нэрлэсэн зөв болох боловч тэр хариулт өрөөсгөл юм.

Зөвлөлтийн нэрт сэтгүүлч, Лениний шагналт Василий Песков сэтгүүлчийн мэргэжлийн гол чанар нь үнэнч шударга чанар гэж хариулаад энэ ойлголт нь өргөн дэлгэр учир манай ажлын олон талыг ажиглан харахад тус болдог гэжээ. Үүнийгээ үнэн хэрэгтээ зөвхөн сонссон хэрнээ “би харсан” гэж бичих нь үнэнч шударга биш, түгшүүрийн дохио татах ёстой байтал баярын бөмбөр дэлдэх нь үнэнч шударга биш, харыг цагаанаар, цагааныг хар болгож дүрслэх нь үнэнч шударга биш, “сайн материал” бичихээр очсон газарт нь ажил хэрэг шүүмжлэхээр муу байхад заавал “сайн материал” авчрах нь үнэнч шударга биш гэж тайлбарлажээ. Дээр өгүүлсэн бүх чанар сэтгүүлчийн ёс журам гэдэг ойлголтод хамаатай. Эмч, сурган хүмүүжүүлэгч, хуульч, уран бүтээлчдийн адил сэтгүүлчийн ёс зүй бий. Сэтгүүлч, сурвалжлагчдын ёс журмыг тодорхойлсон албан ёсны баримт бичиг байхгүй. Сэтгүүлчийн ёс журам нарийн түвэгтэй, бас тэгээд маргаантай. Энэ тухай мэргэжил нэгт нөхөдтэйгөө санал бодлоо хуваалцъя гэж шийдлээ.
Бидний ёс журамд маргаантай зүйл нэлээд бий. Бидний ажил аль нэг газарт очиж сурвалжлахаас эхэлдэг. Яаж очих ёстой вэ? Мэргэжлийн сэтгүүлч, тэр тусмаа өөрөө өөрийгөө, өөрийнхөө редакцийг үнэлдэг хүндэлдэг сэтгүүлч урьдчилан тохирохгүйгээр, дор хаяад өөрийнхөө очих зорилгыг ерөнхийд нь танилцуулалгүйгээр албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн газарт очихгүй. Үүнийг ердийн ажил хэргийн харилцааны ёс шаардаж байгаа юм. Мөн уулзах хүний ажлын болон амин хувийн үнэт цагийг үрэхгүй байх ёс ч бас үүнийг шаарддаг. Нөгөөтэйгүүр сэтгүүлч очсон газраа “хувь хүн биш”, редакцийн бие төлөөлөгч. Тэгэхээр редакцаас өгсөн зөвлөмж, шийдвэрийн дагуу ажил хэргээ явуулах ёстой. Энэ тухай зөвшөөрөх хүн байхад маргах хүн ч гарна. Тухайлбал ингэж маргана.
Ямар газарт яаж очих нь бичих материалын шинж байдлаас шалтгаална. Шүүмжлэхээр очих гэж байгаа тухайгаа урьдчилаад хэлчихвэл муугаа далдлан, аль болох бага дутагдал харахаар бүхнийг зохион байгуулна. Ер нь урьдчилж тохирно, мэдэгдэнэ гэдэг дэмий хэрэг. Малчныд утас байхгүй. Хэлэхгүй гадаа нь буучихаар ажил хэргийн харилцааны ёсыг алдсан хэрэг болох уу?
Сэтгүүлч хэзээ ч, хаана ч сэтгүүлч. Тийм болохоор сайн, муутийн аль алиных нь хажуугаар дуугүй өнгөрөх ёсгүй.
Тэгэхээр редакцаас зөвлөмж шийдвэртэй ч бай, шийдвэргүй ч бай ажлын бус цагаар, аль ч сэдвээр төлөвлөгөөгүй материал бичих эрхтэй төдийгүй, үүрэгтэй. Энэ хоёр ойлголтын аль нь зөв бэ? Аль ёсыг нь баримтлах вэ? Бас нэг маргаантай зүйл. Сургууль дөнгөж төгсөж ирсний дараах тохиолдол.
Нэг ахмад сэтгүүлчтэй хамтарсан сурвалжлагад явж билээ. Тэр үед хүнтэй ярилцаж чаддаггүй байж. Үйлдвэрийн дарга, нөхөр хоёрынхоо яриаг сонсож тэмдэглээд л ганц ч асуулт тавилгүй буцсан юм. Нөхөр маань гараад:
-Чи ч болоогүй байна даа. Сэтгүүлч хүн яриа хөөрөөтэй, хэлүүлэх гэснээ хэлүүлдэг, өөртөө итгэлтэй, зоримог шийдэмгий байх ёстой юм. Эс тэгвэл хүнээс өөдтэй юм олж дуулахгүй гэж зөвлөж билээ. Тэр үед уг зөвлөгөөг хүлээж авсан. Одоо бол авахгүй. Учир нь нөхрийн маань үйлдвэрийн даргэтай ярилцаж байсан байдал, гараад хэлж байсан үгэнд ярилцагчаас өөрийгөө дээгүүр тавих гэсэн эрмэлзэл илэрч байжээ. Сэтгүулч бидний ажиллах арга барил олон янз. Хүнтэй уулзаад, олон янзын шаардлага тавьж, “та нар ингэх ёстой, тэгэх ёстой, хэвлэл, мэдээллийн ажилтан бид нар...” гэж айлгаж сүрдүүлэх аястай ажлаа амжуулчихаад яваад өгдөг танилууд ний нуугүй хэлэхэд надад цөөнгүй бий. Ийм арга барилыг, эсвэл арай зөөлрүүлсэн тиймэрхүү арга барилыг дэмжих хүн бас байгаа байх. Редакцийн ашиг сонирхол, шуурхай байх нөхцөл байдал нь аль болох их зүйл ярилцагчдаас олж авахыг шаарддаг нь мэдээж. Гэхдээ л яриа хөөрөөтэй байх нь бүдүүлэг ёсыг, эелдэг даруу байх нь шуурхай зарчмыг ялдаг, үгүйсгэдэг байх хэрэгтэй. Ер нь яриа хөөрөөтэй байхыг бүдүүлэг ёстой хутгаж болохгүй. Хүнтэй уулзаад яриагаа эхлэхийн өмнө тэр хүн завтай эсэх, одоо ярилцах боломж, хүсэл бий эсэх талаар бид тэр болгон асуудаг гэж үү?
Харамсалтай нь, бушуухан яриагаа эхэлж сонирхсон асуултдаа хариу авахыг урьдал болгох нь олонтаа. Хүнийг сонсох, асуулт тавих, ярьсан зүйлд нь дүн шинжилгээ хийх нь том урлаг. Өөрийнсонирхсон асуултаар ярилцагчаас хамгийн үнэн зөв зүйлийг аль болох их сонсож мэддэг тийм чадварыг эзэмших нь бас том сургууль. Ярилцлагаа ингэж зохион байгуулж чаддаг ахмад туршлагатай сэтгүүлчдийн арга барилаас “Сэтгүүлч” сэтгүүлийн хуудаснаа уншвал бидэнд их тус болох сон. Нэгэнт хүнтэй ярилцах ёсыг хөндсөн хойно дахиад хэдэн зүйл нэмж өгүүлье. Сэтгүүлч яриаг удирдах ёстой. Гэхдээ яриаг удирдана гэдэг нь цаад хүнээс өөрийгөө дээгүүр тавина гэсэн үг огтхон ч биш гэдгийг мартаж болохгүй. Бас нөгөөтээгүүр, тэр хүний алдар нэр, албан тушаалыг үл харгалзан, нөлөөнд нь орохгүй байж, өөрийн дүгнэлтийг бие даан хийдэг байх хэрэгтэй. Ер нь сэтгүүлчийн хувийн соёл нь ярилцаж байгаа хүнийг сахилгажуулдаг, ажил хэрэгч уур амьсгалд шилжүүлдэг ёстой. Үүний тулд сэтгүүлч бид даруу, соёлтой байх нь зүйтэй. Яриа илэн далангүй нь сайхан ч, бас хэм хэмжээтэй байх хэрэгтэй.
Хүний хэлмээргүй зүйлийг хэчнээн их сонирхсон ч хэлүүлэх гэж оролдвол хэм хэмжээ алдсан болно. Аль нэг зүйлийг заавал зөвшөөрүүлэх гэж үнэн, худлын сүүлчийнхийг нь давуулах гэж оролдох нь бидний хувьд хориотой мэх. “Сурвалжлагч аа, миний тухай битгий бичээрэй. Нэг удаа хамаг байдгаа дэлгэчихсэн чинь гай болсон. Ер нь би болхи буйд хүн. Ойлгогдохоор яриагүй байх. Гэхдээ хүний ярьсныг тэгж гуйвуулж болохгүй л дээ” гээд олон цагийн яриа үр дүнгүй шувтарч тэр тухай бичих эрхийг минь хасчихсан тохиолдол бас бий. Бид хүний ярьсан бүхнийг тэмдэглэдэггүй, тэр тусмаа материалдаа оруулдаггүй шүү дээ. Тэгэхээр хүний ярьсан зүйлийг, тэр тусмаа сурвалжлагчид итгээд, хувийн журмаар ярьсан зүйлийг зөвшөөрөлгүйгээр материалдаа оруулбал нэг ёсны гэмт хэрэг болно. Энэ нь маш их хор уршигтай. Сэтгүүлч болоод удаагүй ч үүнийг олон дахин мэдэрсэн.
Аль нэг газрын ажлын дутагдлын талаар хувийн байдлаар нөхөр журмын ёсоор илэн далангүй ярьж байсан ажилтнууд “Аа, чи бас нөгөөх хэн шиг тэндхийн нэг ажилтан тэгж ярьсан гээд “Тоншуул”-даа биччихнэ. Больё” гэхэд нь хэлэх үг олдохгүй юм билээ. Уг нь ийм илэн далангүй яриа байдлыг тодруулах, сонирхож байгаа асуудлаа үндэслэхэд үнэлж баршгүй хэрэгтэй. Гэтэл хоногийнхоо хоолыг бодоод хойчийн өдрөө мартдаг зарим нэг сэтгүүлчээс болоод тийм ярианы цар хүрээ багасах явдал байх юм. Ний нуугүй хэлэхэд хүнээс нэг удаа сонирхсон материалаа ямар ч аргаар авчихаж болно. Харин тэр хүн дахиад сурвалжлагчдад, хэвлэл мэдээллийн байгууллагад итгэхээ болино. Гол аюул үүнд л байгаа юм. Сэтгүүлчдийн ажлын онцлог нь алдаа гаргах эрхгүйд байдаг гэж боддог. Учир нь тэр алдааг дахиад засаж болдоггүй. Нөгөөтээгүүр, алдаа хийснээ анзаарч мэдэлгүй өнгөрчих тохиолдол ч олон гардаг. Харамсалтай нь, энэ алдаа өөрт мэдэгддэггүй ч сурталчилгааны ажлын үр нөлөөг бууруулах, хүнийг гомдоох, итгэл алдуулах зэрэг муу үр дагавартай байдаг. Энэ талаар онцолж ярихыг хүсэж байна. Нийтлэлийн үр нөлөө нь манай ажлын хамгийн гол үзүүлэлт. Тэгэхээр сэтгүүлч хүн энэ тухай үргэлж бодож, санаа тавих нь зүй ёсны хэрэг. 
Нийтлэлийн үр дүн, олон түмэнд нөлөөлөх үр нөлөөний цаана зөвхөн материалын баатруудын ирээдүй, амьдралд нөлөөлөх “явцуу” үр нөлөө бас байдгийг санаж байна уу? Өөрөөр хэлбэл, материалаа аль болох сонирхолтой, болж өгвөл гялалзсан хурц болгох гэж санаа тавихынхаа зэрэгцээ уг материалын гол баатар нь болсон бодит хүний цаашдын хувь заяанд ямар үр нөлөө үзүүлэхийг бодолцож байна уу? Ялангуяа ёс суртахууны сэдвээр бичихэд үүнд онцгой анхаарах хэрэгтэй юм. Манай сонин хэвлэлд энэ сэдвээр ховорхон бичиж байгаа нь харамсалтай. Туйлын нарийн түвэгтэй, төдийчинээ сонирхолтой, үр нөлөө ихтэй энэ сэдвээр бичих ажлыг материалын баатрын цаашдын ирээдүйг халамжлан анхаарахаас эхэлдэг гэхэд хилсдзхгүй болов уу. Материалын баатар эерэг ч бай, эсрэг ч бай түүний ирээдүйг хөсөр хаяж, зөвхөн сонирхолтой материалын амтанд орж, түүнд өөрийгөө захируулбал тун тусгүй хэрэг болно. Дор хаяад л материалын баатрын жинхэнэ нэрийг хэлэх эсэхийг хүртэл буурь суурьтай тунгаан бодох ёстой. Зөвхөн энэ шийдвэр л сэтгүүлчийн мэргэжлийн болон зан суртахууны түвшний хэмжүүр болж чаддаг. Бодит хүнийг материалаа сонирхолтой болгох хэрэгсэл болгож ашиглах юм бол тэр сэтгүүлч мэргэжлийн хувьд ёс алдлаа гэсэн үг. “Хэрэгсэл болгож ашиглах” гэж хэтэрхий хатуу сонсогдож магадгүй. Найруулал бичигч гол баатраа магтах гэж ядахдаа намхан давжаа биетэй хүнийг “дунд зэргийн нуруутай, өргөн ханхар”, ердийн ажилсаг хүнийг “туйлын ажилсаг” гэж бичих нь тэр хүнийг хэрэгсэл болгон ашигласан хэрэг биш гэж үү? Энэ нь хэрэгсэл болгон ашиглахын наад захын жишээ.
Хүний аль нэг талыг хэт дөвийлгөн магтаж, өөр бусад хүнд байхгүй өвөрмөц онцлог шинж чанар болгон бичих нь чухам үүнээс эхэлдэг байх. Ёсоо гээсэн сэтгүүлч ажил амьдралдаа зарчимч, шударга байж чадахгүй. Нэг үгээр хэлбэл үнэн бодитойгоор урлан бичих чадваргүй болно. Ёс суртахууны сэдвийн адил шүүмжлэлтэй материал бичих нь сэтгүүлчийн ёсны том шалгуур болдог. Энд хамгийн гол зарчим нь баримт материалыг дахин дахин шалгах явдал. Үүнээс огтхон ч ичиж зовох хэрэггүй. Хүнд эндүүрэх, тэгэхдээ санаатай бус эндүүрэх тохиолдол алийг тэр гэх билээ. Үүнээс болж алдаанд орох явдал ч бишгүй. Нэг баримтыг олон талаар нягтлан шалгах нь дээр.
Шүүмжлэл хэдийчинээ гэнэтийн санамсаргүй байвал төдийчинээ үр нөлөөтэй, нэр хүндтэй гэж зарим сэтгүүлч үздэг. Тэгээд ч энэ онолынхоо үүднээс албан конторын хонгил, үйлдвэрийн цехээр холхин, тэндхийн удирдлагаас зорилгоо нууж халхавчлан, тэдний асуултад олон утгатай хариу өгөн булзааруулж, өөртөө ашиг болох хүнийг далдуур эрж хайдаг явдал бий. Би тийм хүмүүстэй санал нийлэхгүй байна. Сурвалжлагч бидний зорилго ажил сайжруулах явдал. Тэгэхээр тэр зорилгоо нуух хэрэг юу байна? Харин алдаа дутагдал гаргасан шалтгааны талаар санал бодлоо солилцвол сурвалжлагчийг бас алдаа гаргахаас сэргийлэх төдийгүй материалыг гүн гүнзгий болгоход ч тус болно.
Ер нь шүүмжлэлийн өнгө аяс, уг материалыг бэлтгэсэн аргын аль аль нь сэтгүүлч дутагдлыг соргог нүдээр олж харан ажил үйлсэд нь туслах гэсэн сайн санаатай байжээ гэсэн байдлыг уншигчдад харуулдаг байх ёстой. Тэгвэл шүүмжлэлтэй материалыг эсэргүүцэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, давхар бодол, далд муу санаа, атаа жөтөө, хүнийг чадах гэсэн эрмэлзэл энэ бүхэн бидний материалд харш юм. Сонин хэвлэлийн газар, сурвалжлагчдыг ч улам илүү хүндэлдэг болно. Хэвлэл, мэдээллийн нэр хүндийн талаар ташрамд өгүүлэхэд, сурвалжлагчдын гаргасан алдааны тухай хөндлөнгийн хүмүүс бидэнд тэр болгон хэлдэггүй. Энэ нь хэвлэл мэдээллийг гүнээ хүндэлдгээс болж байгаа бөгөөд уг байдал нь зөөлнөөр хэлэхэд сэтгүүлч биднийг ур чадвараа дээшлүүлэхэд муугаар нөлөөлдөг. Сэтгүүлчийн мэргэжил явууртай, сайхан мэргэжил. Сэтгүүлч бид амьдрал, үйл явдалд шууд оролцож, заримдаа түүнээс түрүүлж амьдралын гүнд байж тэр тухайгаа мэдээлдэг улс. Тэгээд ч зарим хүн сэтгүүлчдээр бахархаж байхад зарим нь тэднээс эмээсхийж байдагт гайхах явдалгүй. Хүн мэргэжлээрээ бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ хэзээ бахархаж болох вэ?
Сэтгүүлч хүн өөрийн ажил хэрэгт жинхэнэ эзэн болсон, мэргэжилдээ хамаатай бүхнийг мэддэг, бас түүн дээр нэмээд бүх зүйлийн талаар аль болох их мэддэг байсан цагт мэргэжлээрээ бахархаж болно гэж бодох юм. Энэ бол сэтгүүлчдийн онцлог. Гэхдээ тэр бахархлаа харуулах гэж оролдсоны хэрэггүй. Энэ бахархал тэртэй тэргүй харагдана, ойлгогдоно. Энэ бол манай ажлын онцлог. Төвөөс ирсэн сэтгүүлч нийслэлд шинээр тавьсан бүжгэн жүжгийн талаар, аймгаас малчны суурьд очсон сурвалжлагч Ливанд болж байгаа хэрэг явдлын талаар чихнийхээ үзүүрээр сонссон, бага сага мэддэг байж болохгүй. Харин маш сайн мэддэг, мэддэг зүйлээ анхаарал таттал ярьж тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Сурвалжлагч биднийг хүмүүс янз бүрээр угтдаг. Хүндэтгэн, хүйтэвтэр, тоомсоргүй, заримдаа бүр илт дургүйцэн угтана. Амжилтыг нь сонирхож байвал зөөлөрч дулаараад явчихна. Харин “ашиггүй” зүйлийг нь сонирхож байвал хуурай эелдэг байдал гаргаж, болгоомжлон сэрдэж эхэлнэ. Энэ бүхэнд бид дасчих юм. Мэдээжийн хэрэг, ирээдүйн шог найруулал, шүүмжлэлтэй материалын баатраас сэтгэл булаасан инээмсэглэл хүлээгээд хэрэггүй л дээ. Ёс ёсоороо л байна. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын ажлыг үл тоомсорлон “ихэмсэг зан” гаргаж, сурвалжлагчидтай илт хүйтэн хөндий харилцдаг үйлдвэр, аж ахуйн газрын зарим удирдагч байдаг л даа.
...Хөдөө аймагт томилогдож очоод удаагүй байлаа. Дарга нь төвөөс албан ажлаар ирсэн хүмүүсийг хүлээж авдаггүй, заримдаа ажил ихээр шалтаглаж хөөж туудаг нэг нэгдэлд очих хэрэг гарсан юм.
Нэгдлийн даргатай яаж уулзах, юу ярих, ямар эсэргүүцэлтэй тулгарч болох талаар бодож боловсруулан нэлээд бэлтгэлээ. Үнэхээр ч эсэргүүцэлтэй тулгарсан. Өөрийнх нь дутагдлын талаар хэлтэл тэр дарга дүрэлзэн асаж “Энэ тухай анх удаа сонсож байна. Тэгэхдээ нам, засгийн “Үнэн” сонины сурвалжлагчаас сонсож байгаадаа их гайхаж байна” гээд намайг буцаагаад буруутгаж эхэллээ. Гэвч өөрийнх нь бурууг гэрчилсэн хөдөлшгүй баримт миний гарт байсан болохоор яаж ч чадаагүй л дээ. Одоо тэр нэгдэлд сэтгүүлч бидний ажлыг ойлгон хүндэтгэдэг өөр дарга ажиллаж байгаа. Тааруухан юмаа хүнд харуулъя гэж хэн хүсэх билээ дээ. Тэгээд ч шүүмжлэлтэй материал бичих болоход “Энэ тухай бичээд хэрэггүй болов уу. Зөв л гомдол байна. Гэвч биччихээр бөөн шуугиан дэгдэнэ дээ. Бид өөрсдөө шийдээд арга хэмжээ авчихъя” гэх тохиолдол гардаг. Ийм тохиолдолд яах билээ.
Эцэст нь сэтгүүлч нөхдөдөө хандан өөрөө тодорхой хариу өгч чадахгүй байгаа зарим асуултыг тавьж сэтгүүлчийн ёс журмын талаар “Сэтгүүлч” сэтгүүлийн хуудаснаа зөвлөлдөн ярилцах саналтай байна. Жишээ нь, сурвалжлагч хүн удирдах ажилтны адил үүрэг даалгавар өгөх ёстой юм уу? Сэтгүүлч бол мөрдөн байцаагч биш. Гэвч бас шалгах, шинжлэн судлах тохиолдол гардаг. Үүнийг ямар замаар хийх вэ? Танай хамт олон олон төрлийн сэдвээр шуурхай зөвлөлгөөн хийдэг байх. Харин сэтгүүлчийн ёс журам, мэргэжлийн алдаа онооны талаар ярилцдаг уу? гэх мэт сэтгүүлчийн ёс журмын талаар ярилцах олон асуудал байх шиг санагдана.
“Сэтгүүлч” сэтгүүл, 1983 он
скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өчигдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19