Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага болон 200-250 орчим иргэн өнөөдөр мод тарив. Тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хэрэгжиж байна. Тус ажлын хүрээнд 30 төрөл зүйлийн нийт 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж байгаа аж.
Намрын мод тарих аяны үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тарилтын инженер М.Шүрэнчимэгээс дараах мэдээллийг тодруулав.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ намрын мод тарих ажлаа хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Манай хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр 60 мянган ширхэг, ойжуулалтын чиглэлээр 40 мянган ширхэг буюу нийт 100 мянган мод тарьж ургуулаад байна.
Энэ намрын хувьд бид цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар 12 төрлийн 10 мянган ширхэг мод тарихаар бэлтгэлээ хангаад байна. Есдүгээр сарын 27-ноос эхлэн мод тарих захиалга авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай байгууллагатай хамтран ажилладаг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага болон 200-250 орчим иргэн мод тарих захиалга өгөөд байна. Одоогоор мод тарих бэлтгэл ажлаа бүрэн хангасан.
-Өнөөдөр ямар төрлийн мод тарих вэ?
-Манай орны нөхцөлд ургах боломжтой, гоёл чимэглэлийн ач холбогдолтой хэд хэдэн төрлийн мод тарихаар төлөвлөсөн. Тухайлбал, голт бор, монос, бургас, хайлаас, шар хуайс зэрэг цэцэг, навч, үр жимсээрээ орчноо чимдэг моддыг тарьж ургуулна.Эдгээр мод нь хүрээлэн буй орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна ногоон байгууламжийг өргөжүүлэх, хотын экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой.
-“Мод тарих нь нэг хувь, арчилгаа нь 99 хувь” гэж ярьдаг. Тэгвэл тарьсан моддын арчилгаа, хамгаалалтыг хэрхэн хийдэг вэ?
-Мод тарих нь ажлын эхлэл бөгөөд тарьсан модоо ургуулж, амьдруулан үлдээхэд арчилгаа, хамгаалалт хамгийн чухал байдаг. Бид манай байгууллагад мод тарих захиалга өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудын тарьсан модыг жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн түвшинд арчилж, хамгаалдаг. Арчлахдаа усалгаа, хөрсний арчилгаа, хортон шавжтай тэмцэх, модны ургалт, хэлбэрийг сайжруулах зорилгоор залуужуулах огтлолт хийх зэрэг шаардлагатай ажлыг мэргэжлийн болон мэргэшсэн ажилтнууд хуваарийн дагуу гүйцэтгэдэг. Ингэснээр тарьсан модны ургалтыг дэмжиж, урт хугацаанд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.
-Намрын мод тарих аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Монгол Улс цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай байдаг гэсэн тоон мэдээлэл бий. Тиймээс ой, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нь бидний өмнө тулгамдаж буй чухал зорилтын нэг юм. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олноо мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, тарьсан модоо хайрлан хамгаалж, ургуулан үлдээхийг уриалж байна. Мод тарих нь зөвхөн өнөөдрийн төлөө бус, ирээдүй хойч үеийнхээ эрүүл, ногоон орчны төлөө хийж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 140 сая мод тарьж, ургуулсан бөгөөд хөдөлгөөнийг бэлтгэл үе, тогтворжуулах үе, эрчимжүүлэх үе гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд тарьж, ургуулах модны тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж буй.
Намрын мод тарих аяны хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ийн ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Тэд ирээдүй хойч үедээ эрүүл, цэвэр, ногоон орчныг үлдээхийн төлөө иргэн бүрийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриалав





