Монголын анхны AI Native жишиг сургуулиудыг бий болголоо
"Зургаадугаар ангийнхан их хөдөлгөөнтэй, сахилгагүй, юм бүхнийг сониучирхдаг. Хичээлийн үеэр хиймэл оюун ухааны тусламжтай эртний хүмүүсийн дүр бүтээж, сурагчдад хичээл заалаа. Эртний хүмүүс усыг яаж уувал зөв бэ гэж асуухад хүүхдүүд химийн хичээлд үзсэн мэдлэгээ сэргээн санадаг болжээ.
Шинэ арга барилаар хичээл ороход хүүхдүүдийн нүд сэргэж, хичээлдээ их идэвхтэй, анхааралтай оролцож байна. Хиймэл оюун ухааныг хэрэглэж сурснаар хичээлийн арга барил, ажлын бүтээмжээ нэмэгдүүллээ. Цаашид хуучин арга барилаа ашиглалгүй, хичээлээ илүү үр бүтээлтэй заах болно" хэмээн 57-р сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш С.Мөнгөнхундага ярилаа.
МОНГОЛ УЛСАД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ БОЛОВСРОЛЫГ УЛ СУУРЬТАЙ ТҮГЭЭНЭ
Мобиком группийн санаачилга, санхүүжилтээр, Боловсролын яамны дэмжлэгтэйгээр, AI Academy Asia-тай хамтран хэрэгжүүлж буй AI Native School хөтөлбөрт нийслэл, орон нутгийн 4 сургуулийн 130 гаруй багш, удирдах ажилтан хамрагдлаа. Ингэснээр AI Native School болсон анхны жишиг сургуулиуд бий болжээ.
Хоёр сар гаруйн хугацаанд багш нар хиймэл оюун ухааныг сургалт, өдөр тутмын ажилдаа үр дүнтэй ашиглах, өөрсдийн хэрэгцээнд нийцсэн технологийн шийдэл хөгжүүлэх арга барилд суралцаж, сургалтаа амжилттай дүүргэн Нийслэлийн Ерөнхий боловсролын 79, 57-р сургуулийн багш нар олон улсын сертификат гардан авлаа.
Ингэснээр багш нар хуучин арга барилаар хичээл заахаа больж, хиймэл оюуны тусламжтай илүү сонирхолтой заадаг болжээ. Мөн сурагчдадаа хиймэл оюун ухааны зөв хэрэглээг түгээж байна. Дээрх сургуулийн сурагчид хиймэл оюун ухааны хэрэглээнд зохицуулалт хийж чаддаг болсон гэж ярьж байлаа.
Цаашид Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд хүрэх зорилготой.Хүүхэд бүр хаана сурч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжтой байх ёстой. Энэхүү зорилгын хүрээнд технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг зөв ашиглах мэдлэг, ур чадварыг багш нарт эзэмшүүлэхэд анхаарч, AI Native school хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
АI Academy Asia Мобиком групптэй хамтран "AI Native school" төслийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь Монгол Улсад хиймэл оюун ухааны боловсролыг ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй түгээх юм. Нөгөө талдаа Монголоос гарч буй хүний нөөц, сургууль төгсөж буй хүүхдүүдийг олон улсаас дутахааргүй технологийн ур чадвартай болгох зорилготой ажиллаж байгаа ажээ. Мобиком групп Smart education төслийг санаачилж, 30 гаруй сургуульд амжилттай хэрэгжүүлсэн билээ.
"Багш нар боловсрол түгээж буй гол хүмүүс учраас өөрсдөө хиймэл оюун ухааны ур чадвар, мэдлэгтэй байх чухал.
Нөгөө талдаа багш нарт цаашид хүүхдүүддээ заах хичээлийг нь бэлдэж өгч байгаа учраас олон хүүхдэд түгээнэ гэж бодож байна. 57-р сургуулийн долоодугаар ангиас дээш бүх хүүхдэд хиймэл оюун ухааны хичээл ороод эхэлчихсэн.
Тэднийг онол, практикийн түвшинд шат дараалалтай хөтөлбөрөөр сургасан.
Тиймээс хиймэл оюун ухааны тусламжтай ажлаа автоматжуулж, чадавх бүтээмжээ илүү сайжруулах ур чадвартай болсон.
Цаашид Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд хүрэх зорилготой. Ялангуяа хөдөө орон нутаг, хотын захын сургуулиуд руу чиглэхээр төлөвлөж байна. Мөн Үндэсний хиймэл оюун ухааны аян гэх улсын сургуулийн 1000 багшийг сургалтад хамруулсан. Цаашлаад энэ тоог нэмж, 2500-д хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж буй.
Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Тиймээс хиймэл оюун ухааны ур чадвар, боловсролгүйгээс болоод багш нар хүүхдүүдийг хиймэл оюун ухаан хэрэглэхийг хориглодог асуудал бий. Харин хиймэл оюун ухааны боловсрол байхгүй хүүхдүүд хичээлээ хуулах, даалгавраа хийлгэхэд ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хиймэл оюуныг асуудал шийдвэрлэх, гүнзгийрүүлж тайлбарлах зэрэг зөв талаас нь тайлбарлах шаардлага гарч ирдэг" хэмээн AI Academy Asia академийг үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ хэллээ.
АЖИЛ, ГЭР БҮЛИЙН ХАЖУУГААР ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ СУРГАЛТДАА ТАСРАЛТГҮЙ, ТУУШТАЙ СУРАЛЦСАН
"Төсөл эхлэхээс өмнө манай багш нар ChatGPT, Gemini зэрэг хиймэл оюуны хэрэгслийг голчлон асуултад хариулт авах зорилгоор ашигладаг байлаа. Хиймэл оюун ухааныг сургалтад хэрхэн үр дүнтэй ашиглах, ямар арга барилаар ажиллах талаар нэгдсэн ойлголт, хангалттай мэдлэг байгаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэглээ нь нэлээд хязгаарлагдмал байсан.
Сургалтын явцад хиймэл оюун ухаан бол багш нарын өдөр тутмын ажилд үнэхээр хэрэгтэй хэрэгсэл юм байна гэдгийг маш их ойлгож авлаа.Харин төсөлд хамрагдаж, цахим ур чадвараа хөгжүүлснээр багшийн ажлыг ихээхэн хөнгөвчлөх боломжтойг ойлгосон. Мөн хичээл сургалтыг илүү сонирхолтой, бүтээлч хэлбэрээр зохион байгуулж болохыг бодитоор харлаа. Өнөөгийн хүүхдүүд ийм төрлийн хичээлд илүү дуртай, идэвхтэй оролцдог юм байна гэдгийг ч анзаарсан.
Төслийн хүрээнд нийт 54 цагийн академик сургалт зохион байгуулсан. Багш нар долоо хоногт гурван удаа цахимаар хичээллэдэг байлаа. Ажлынхаа хажуугаар гэр бүл, хүүхдүүдийнхээ асуудлыг зохицуулж, сургалтаа таслахгүй суралцах хэрэгтэй. Сургалтын ирц мөн үнэлгээнд нөлөөлдөг учраас багш нар маань хариуцлагатай хандсан гэж бодож байна.
Эхний үед онолын мэдлэг түлхүү үзэж байсан бол тав, зургаа дахь хичээлээс эхлэн сурсан зүйлээ шууд туршиж, хичээлдээ ашиглаж эхэлснээр сургалтыг илүү сонирхолтой болгож байсан. Сургалтын явцад хиймэл оюун ухаан бол багш нарын өдөр тутмын ажилд үнэхээр хэрэгтэй хэрэгсэл юм байна гэдгийг маш их ойлгож байлаа.
Хамгийн гол нь хичээлийн бэлтгэлд зарцуулах цагийг хэмнэж, чанартай хичээл боловсруулах боломж нэмэгдсэн.Одоо багш нар маань өөр өөрийн судлагдахууны онцлогт тохируулан хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Түүхийн хичээлд түүхэн үйл явдлыг илүү ойлгомжтой, дүрслэлтэй хүргэж байгаа бол химийн хичээлд туршилтыг сурагчдад нүдэнд харагдтал тайлбарлах боломжтой болсон. Багш нар хуучин арга барилаа ашиглахаа нэгэнт больжээ.
Бид өмнө нь ChatGPT, Gemini зэрэг цөөн хэрэгсэл мэддэг байсан бол одоо зургаа, долоон төрлийн цахим хэрэгслийг ашиглаж сурсан.
Тэдгээрийн заримыг үнэ төлбөргүй ашиглах боломжтойг ч мэдэж авлаа.
Хамгийн гол нь хичээлийн бэлтгэлд зарцуулах цагийг хэмнэж, чанартай хичээл боловсруулах боломж нэмэгдсэн.
Нэгэнт сайн боловсруулсан хичээлээ дараа дараагийн удаа дахин ашиглах давуу талтай.
Бидний ойрын зорилт бол сургалтад хамрагдаагүй үлдсэн багш нараа мөн энэ арга барилд сургах. Оролцсон багш нар маань сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцаж, хамтран хичээл боловсруулах замаар мэдлэг, туршлагаа түгээнэ. Ингэснээр сургуулийнхаа нийт багш нарыг хиймэл оюун ухааны зохистой хэрэглээнд сургахыг зорьж байна.
Мөн багш нарынхаа боловсруулсан сайн хичээлүүдийг сургуулийн хэмжээнд төдийгүй дүүргийнхээ бусад сургуультай хуваалцах зорилготой" хэмээн 57-р сургуулийн захирал Г.Цолмон сэтгэгдлээ хуваалцлаа.
МАТЕМАТИКИЙН БОДЛОГЫГ ХАРИУГ НЬ ХЭЛЭЛГҮЙГЭЭР ЗААЖ ӨГӨӨРЭЙ ГЭЖ ЗААЛГАДАГ БОЛСОН
"Би өмнө нь хиймэл оюун ухааныг зөвхөн ChatGPT, Gemini зэрэг хэрэгслээр асуулт асууж, хариулт авах хэмжээнд ашигладаг байсан. Шалгалтын үеэр хуулж, гэрийн даалгавраа хийлгэдэг байсан бол сургалтад хамрагдсанаар илүү өргөн хүрээний мэдлэг, зөв ашиглах арга барилд суралцаж байна.
Математикийн хичээл дээр бодлогоо явуулаад л хариугаа харчихдаг байсан бол одоо хариуг нь хэлэлгүйгээр алхам, алхмаар зааварчлаарай гээд өөрөө бодохыг хичээдэг. Ингэснээр хариуг нь цээжлэх биш бодох аргад суралцаж байгаа юм. Хиймэл оюун ухааныг зүгээр л хариулт өгдөг хэрэгсэл биш, суралцах үйл явцад тусалдаг багш гэж хүлээж авдаг болсон.
Тухайлбал, түүхийн хичээлээр өмнө нь зөвхөн номоос уншиж судалдаг байсан зүйлсээ дүрслэлээр харж, тухайн газар орчинд очсон мэтээр ойлгох боломжтой болсон. Биологийн хичээл дээр ч үзэж байгаа сэдэв болох эсийн тухай илүү тодорхой, дэлгэрэнгүй харж чаддаг. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар ойлгохгүй байгаа зүйлээ тайлбарлуулж, илүү сайн ойлгож авах боломжтой болсон нь надад таалагддаг.
Багш нар маань хичээлийн материалуудаа цаасан дээр бэлтгэх, олон зүйл гараар боловсруулах шаардлагатай байдаг байсан байх. Миний бодлоор гараар бүхнийг хийвэл багш нарт нэлээд ачаалалтай байдаг гэж боддог. Харин одоо хиймэл оюун ухааныг ашигласнаар хичээлийн материалаа бэлтгэх, тайлбарлахад нь илүү хялбар болсон байх гэж бодож байна" хэмээн 11в ангийн сурагч Э.Буянхишиг ярилаа.
СУРАГЧДЫН ДҮНГ ГАРААР БОДОХОО БОЛЬЖ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАЖ ЭХЭЛСЭН
"Энэ сургалтад хамрагдсанаар миний хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, хэрэглээ 100 хувь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Би 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд бэлтгэгдсэн хиймэл оюуны 1,000 багшийн нэг болсон. Үүний хүрээнд AI Native School төсөлд сургуулийнхаа чиглүүлэгч буюу ментор багшаар ажилласан.
Төслийн хүрээнд манай сургууль хоёр capstone төсөл хэрэгжүүлсэн. Эхнийх нь багш нарын ажлыг хөнгөвчлөх, цаасны хэрэглээг багасгах зорилготой сургуулийн веб сайт байгуулах төсөл юм. Харин хоёр дахь нь манай сургууль ногоон жишиг сургууль болсонтой холбоотойгоор хэрэгжүүлсэн хог ангилах веб сайт юм.
Би гурав дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш. Өмнө нь хиймэл оюун ухааны талаар хангалттай мэдлэггүй байхдаа ChatGPT, Gemini зэрэг хэрэгслийг голчлон ашигладаг байсан. Харин одоо илүү өргөн хүрээнд, олон төрлийн хэрэгсэл ашиглаж сурсан.
Тухайлбал, сурагчдын шалгалтын дүнг шинжлэх, дүнгийн анализ хийх зэрэг ажлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар богино хугацаанд гүйцэтгэдэг болсон.
Мөн хичээлийн үзүүлэн, симуляц болон интерактив хэрэглэгдэхүүнийг HTML ашиглан боловсруулж, хичээлдээ тогтмол ашиглаж байна. Ингэснээр хичээлийн бэлтгэлд зарцуулах цагаа хэмнэж буй.
Сурагчдын хувьд хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа төдийлөн өргөн ашигладаггүй байсан.
Бид сургалтаа эхлүүлэхээс өмнө гарааны судалгаа авахад сурагчдын 64 хувь нь хиймэл оюун ухааны талаар мэдлэггүй гэж хариулсан.
Үүнд үндэслэн сурагчдад хиймэл оюуны хэрэглээний талаар хичээл заасан. Ингэснээр тэд цахим орчинд өөрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, хувийн мэдээллээ хэрхэн зөв зохистой ашиглах талаар анхан шатны мэдлэгтэй болсон. Мөн хиймэл оюун ухааныг зөв, зохистой ашиглах арга барилд суралцсан. Ялангуяа ахлах ангийн сурагчид өөрсдийн жижиг веб сайтыг үүсгэж сурсан нь үр дүнтэй байлаа" хэмээн AI Native school төсөлд хамрагдсан 57-р сургуулийн англи хэлний багш Б.Баасансүрэн сэтгэгдлээ хуваалцлаа.
Шархадны эцсийн буудал. Нийслэлийн ерөнхий боловсролын 79-р сургуулийг зорьж ирсэн минь энэ. Хүүхэд шуугьж, хонх жингэнэсэн сургуулийн нэгдүгээр байрны урлаг зааланд AI Native school сургалтад хамрагдаж, анхны дөрвөн сургуулийн нэгээр шалгарсан 79-р сургуулийн 33 багш, мэргэжилтэнд сертификат гардуулах ёслол болж буй.
Багш нар өөрсдийн сурсан мэдлэгээ хичээлдээ хэрхэн хэрэгжүүлснээ танилцуулж, төслийг хэрэгжүүлсэн хүмүүст талархал илэрхийлж байлаа.
ХҮҮХДҮҮДИЙГ ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГЭЭР ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ИРГЭН БОЛОХ СУУРИЙГ ТАВЬЖ БАЙНА
Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Н.Мөнхсанчир "Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд сургууль эрүүл, аюулгүй, ногоон орчинтой байхаас гадна ухаалаг байх асуудлыг чухалчилж байгаа юм.
Ухаалаг сургууль бий болгохын тулд сургалтын үйл ажиллагаандаа цахим болон шинэ технологиудыг нэвтрүүлж, үр дүнтэй ашиглах шаардлагатай. Технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан маш хурдацтай хөгжиж байгаа энэ үед бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүр хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглах боломжтой болсон. Тиймээс түүнийг зөв ашиглах ур чадвартай иргэдийг, ялангуяа хүүхэд залуусыг бэлтгэх нь чухал юм.
Энэ хүрээнд өнөөдөр хэрэгжиж буй AI Native School хөтөлбөрийг Мобиком Корпораци, AI Academy болон бусад хамтрагч байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд дөрвөн сургуулийг сонгон оролцуулж, өнөөдөр хөтөлбөрийн хаалтын арга хэмжээнд оролцож байна.
Эдгээр сургууль бусад сургуулиа манлайлан багш, сурагчдад хиймэл оюун ухааныг хэрхэн зөв, бүтээмжтэй, эерэгээр ашиглахыг зааж сурч байна.
Багш нарын хувьд сургалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглах арга барил эзэмшиж байгаа бол сурагчид бүтээмжээ нэмэгдүүлэх, мэдээллийг шүүн тунгаах, найдвартай мэдээлэл боловсруулах, бие даан суралцах чадвараа хөгжүүлж байна.
Ингэснээр хүүхдүүд зөвхөн технологи ашигладаг бус, түүнийг ойлгож, хариуцлагатай хэрэглэдэг, цаашлаад дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвшихөд чухал суурь тавигдана гэж үзэж байгаа.
Боловсролын яамны зүгээс энэ ажлыг дэмжиж ажиллаж байна. Учир нь зөвхөн төрийн байгууллагын санаачилга, нөөц бололцоонд тулгуурлах бус хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө санаачилга гарган, сургуулиудын чадавхыг бэхжүүлж, ирээдүйн иргэдэд хөрөнгө оруулж байгаа нь сайшаалтай. Цаашид энэ хөтөлбөрийг өргөжүүлж, 30 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй" гэлээ.
Хиймэл оюун ухааны зөв, зохистой хэрэглээг түгээж буй уг төсөл цаашид ч хэрэгжих бөгөөд технологийн мэдлэгтэй дэлхийн иргэдийг төрүүлэх чин хүсэлтэй байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Сургалтад суусан багш нар хуучин арга барилаар хичээл орохоо больжээ. Хүүхэд, багш нар хиймэл оюун ухааны хариуцлагатай хэрэглээг хамтдаа сурч байна.




