САРЬДАГ ӨНДӨР УУЛСЫН ОРОН САДАРГА ИХТ ГОВЬ НУТГААР ШУДАРСАН ТЭМДЭГЛЭЛ
ӨНДӨР МӨРТЛӨӨ НАМХАН ӨЛГИЙН ДЭНХЭР УУЛС –
“Өдтэй малгай тэргүүндээ дээдэлсэн
Өлөн бүргэд мөрөндөө залсан
Аксакал өвгөд дууль хайлсан
Аялгуут домбороор дуу зохиосон” нутаг бол Баян-Өлгий. Манай улсад амьдрах гэж дагаар орсон Хасаг иргэдэд аж төрөх боломж гаргаж өгсөн Урианхайчуудын өлгий нутаг. Эдүгээ Урианхайчууд үндсэн нутгаасаа үргэж дайжсан юм шиг эх орныхоо өнцөг булан бүрд тархан суурьшжээ. Эсрэгээрээ соёлын цөөнх өнөржин дэлхэж, үндэсний цөөнх зожгирсон аймаг.
Урианхай нар Ховд аймгийн төв болон Дуут, Мөнххайрхан сумдад, Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Бугат, Булган, Буянт, Ногооннуур, Өлгий, Сагсай сумдад харьцангуй бөөнөөр болон хэсэг бүлгээр амьдарч байна. Нутагтаа байгаа урианхайчуудын амьдрал дийлэнх нь тийм ч сайнгүй. Ер нь жаахан нүд үзүүрлэгдсэн талдаа. Аймгийн захиргаанд л гэхэд тоотой хэдэн Урианхай ажилладаг. Үндсэн хэлээ үгүйсгэсэн маягтай. “Эх орноо бүтэн байлгая гэвэл тарж суурьшаарай” гэж захисан Лодонгийн Түдэв гуайн үгийг үргээснээс үүдэлтэй нутаг эзэнгүйдэж бусдад боломж олгож, магадгүй нам төрийн зарим харалган бодлогоос газар усны нэр хүртэл харьжиж оорцог хүмүүст орон зайгаа алдсаны гор одоо ч зарим талаар алдаа болон нүүрлэсээр байгаа нь Баян-Өлгий аймагт очих болгонд анзаарагдаж сэтгэл сэвтдэг юм.
1928-аас 1930 оны хооронд хасгуудын олонх нь Дөрөө хангинахын даваагаар амь зулбан орж ирсэн бололтой. “Мал хуйгүй ирсэн учраас түрүүчээсээ өлбөрч үхэж байсан.
Эмээлтэй морио хөтлөөд гарах төдий нарийхан дөрөө нь шүргээд хангинан дуугарч байдаг учраас Дөрөө хангинахын даваа гэж нэрлэсэн алдартай даваа юм. Тэдний зарим нь миний эмэг эх Гэсгэлэн самганы хонийг, Өлзийт гуайн өвгөн хөх Баяр гуайн малыг маллан амь зуудаг байсан тухай эмээ минь ярьдаг байсан” гэж Буянт сумын уугуул 74 настай Оорцог удирдах овогт Батаагийн Тогтох хуучилж байсан. Сонин болгоход Хөхбаяр гуай миний эмээ Гэсгэлэн самганыг 22 настайд нь Цэнгэл сумын Харганатын голоос морин дээрээ дүүрэн, 44 настай Нэмэг гуайд авчирч бэр буулгасан байдаг. Ирэхэд нь Нэмэг гуай самгантайгаа гэртээ сууж байж. Хотных нь баруун урд том цагаан шинэ гэр барьчихсан намайг оруулж байсан гэж ярьдаг. Тэгээд миний эмээгээс 6 хүүхэд гарсан. Хамгийн том хүү Нэмэгийн Мөнх Буянт сумын Засаг даргаар ажиллаж байсан. Мөнхийн удаах нь Өнөр. Тэгээд миний ээж Мухаан. Урианхай нар хүү гарахгүй бол эхнэрээ солиод л байдаг. Би Цагаан ноёны удам. Дөрөв дэх эхнэрээ авч байж хүүтэй болсон. Дөрвөн эхнэрийн 10 хүүхэдтэй. Миний анхны эхнэр Улсын Бага Хурлын Нарийн бичгийн дарга асан Урианхай Сурахбаярын хүү Чойшидын охин нь. Миний одоогийн хань надаас 30 дүү. Хүү минь одоо 16-тай. Миний тэнгэр. Урианхайчууд хүүгүй хүнийг удам тасарна гэж үздэг. Танай халхаас өөр. Би л гэхэд Цагаан ноёны анхны эхнэрийн хүүгийн хүүгийн хүүхэд. Ачинцар нь. Урианхай нарт бас нэг чухал юм байна. Хасгууд манай нутагт ирээд ийм олон жил болж байхад хасгаас нэг ч бэр мордуулаагүй. Хүргэн ороогүй. Гэтэл танай халхууд хасагтай сууж байна. Хасаг нь ч халхтай сууж байх юм гэв. Энэ хуучийг түр орхиод үндсэн асуудалдаа орьё.
1940 оны 7-р сарын 5-нд БНМАУ-ын VIII Их хурлаас Засгийн газрын тайлан илтгэл гаргасан тогтоол байна. Уг тогтоолын 14-ын хоёрт: Аливаа нэг үндэсний дээрэнгүй үзлийг гаргах ба ажил дээрээ ялзрах явдал лугаа эрс шийдвэртэйгээр тэмцэх, бүх хөдөлмөрчин ард ба олон үндэстний дунд улс төрийн хүмүүжлийн ажлыг хүчтэйгээр явуулбаас зохимуй. Хуучин Бага хурал нь улсын дээд эрхийг барьж удирдах үүргийг хангасангүй болохыг тэмдэглэж Улсын VIII Их хурлаас шинээр сонгогдох Бага хуралд даалгах нь:
“Бага Хурлын Тэргүүлэгчдийн ажлыг сайтар зохион байгуулах ба орон нутгийн засаг захиргааны газруудыг тус улсын улс төр ба аж ахуйн байгуулалтын үүрэг зорилгод тохируулан шинээр зохион байгуулсугай. Үүнд ялангуяа Казахын ба Урианхайн ард түмний хүсэлт, эрэлтийн ёсоор Ховд аймгийг хувааж Казак, Урианхай үндэстний нэгэн аймаг болгох ба мөн засаг захиргааны байгууллагыг ард түмэнд хэрэгцээтэй болгон Завхан аймгийг хувааж хоёр аймаг болгохыг Бага Хуралд даалгасугай” гэжээ.
МУҮТА. ТБА. Х-11. Д-1. ХН-455. 897-898. Ингэж нэг тогтоолоор Ховдоос Баян-Өлгий аймаг, Завханаас Говь-Алтай аймгийг өрх тусгаарлаж замыг нь засаж байсан байх юм. Мөн оныхоо 9-р сарын 12-ноо Баян-Өлгий аймгийн Яамны Тэргүүлэгчдийн VII Хурлаас гаргасан тусгай тогтоолоор: Алтанцөгц, Цагаангол, Улаанхус, Жаргалантсагсай, Хужирт, Толбо, Дэлүүн, Цэнгэлхайрхан, Цагааннуур, Баяннуур зэрэг 10 сумын 104 тэргүүлэгчдийг баталж байжээ.
МҮТА. ТБА. Х-1. Д-2. ХН-807. Т. 1-7. Дээрх тогтоолыг: … тус улсын улс төр ба аж ахуйн байгуулалтын үүрэг зорилгод тохируулан шинээр зохион байгуулсугай. Мөн… ялангуяа Казакын ба Урианхайн Ард иргэдийн хүсэлт, эрэлтийн ёсоор Ховд аймгийг хувааж Казак Урианхай үндэстний нэгэн аймаг болгох гэсэн нь Баян-Өлгий аймгийг байгуулах болсон шалтгаан нөхцөлийг тодотгож, улс төрийн нөхцөл зорилгод нийцүүлсэн хэрэг байжээ. БНМАУ-ын бүх ард түмэн хийгээд хайрт удирдагч маршал Х.Чойбалсангийн шууд удирдлагаар байгуулагдсан аймаг эдүгээ цэцэглэн хөгжиж хүн зоны хөлд дарагдаж, хөгжин дэвжиж байна. Уг нь маршал өөрийн биеэр очиж Шар нуурын хөвөөнд Урианхай иргэдийг зарлан дуудаад удтал хүлээн сайтар хэлэлцсэний эцэст энэ хасгуудгүйгээр бид малаа яаж адгуулах вэ хэмээсэн чавганцын эрэлт, дайн дажны хөлд нэрвэгдэж зовсон хасгуудын дагаар орохоор удаа дараа хандсан хүсэлт зэрэгт тулгуурлан улс төрийн шийдэл гаргасан учиртай юм билээ. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараа 1944 онд хийсэн хүн амын тооллогоор Жаргалантсагсай сумын хүн ам 2343, Баян-Өлгий аймгийн хүн амын тоо 30664 байсан бол 1956 оны хүн амын тооллогоор Жаргалантсагсай сумын хүн амын тоо 2047, Баян-Өлгий аймгийн хүн амын тоо 39046 болсон байжээ.
“Аргал янгиртай цохио айлынх нь тооноор өнгийсөн
Алтай Таван Богд цагаан шонхор шиг харуулдсан
Мөсөн голууд цэцэгт дулаацаж харгиатсан
Мөнх сарьдгууд тэнгэр мөрлөж ханхайсан” Өлгий аймгийн хөдөөг зорьж Алтай сум руу хүлгийн жолоо залав.
Бид 200 км замыг туулан байж Их хайртын даваан дээр гарч бичлэг хийх гэсэн боловч азгүйтэв. Даваа хэдийнээ цасан дуулгаа хөдөрчээ. Тэгээд улсын сайн малчин Төмөрчулуун гуайнд дөрөө мултлав. Сарьдаг уулын тагд, Сагсай голын эхэнд Урианхай малчин айл хотондоо сарлагийн хөшөө босгосон нь ёстой нүд орой дээр гаргав. Уулын мухарт, улсын хил дээр шахуу ийм урлагийн бүтээл сүндэрлэх нь ёстой гайхамшиг юм. Тайлал нь их энгийн. “Өвөг дээдсээс өвлөсөн нутагтаа өдий хүртэл жаргаж сууна. Намайг 3000 сарлагтай боллоо. Нутгийнхаа Урианхайчуудынхаа баян тарган явсан сайхан цагийг билэгдлээ гэж нутгийн ах дүү нар санаачилж энэ буянтай амьтны хөшөөг босгосон юм” гэж Төмөрчулуун гуай хөөрсөв. Гэтэл тэдний гадаа нэг ч сарлаг алга. Мал байтугай амьд амьтан байдаг юм уу гэмээр цалин цагаан сарьдаг руу зааж тэнд яваа хэмээв. Байгалийн шалгарлыг хүн, малгүй давж тэсвэр хатуужлын оргил болсон, шимт чанарын гайхамшиг монгол малаа уулын буга хараад унасан морио мартахын үлгэрт хуурталгүй адгуулаарай гэж захих минь. Тэднийх 1000 гаруй хоньтой. Төллөөд бараг шувтарч байгаа гэнэ. Хотынхныг үзэн хууч хөөрөх хот айлынхан хөл хөөрцөг ихтэй. Зун ирж амрахыг санал болгов. Сагсай голын загасыг савлаад авахаар үсчинэ. Тарвага зурам сонирхдог бол бууны хэрэггүй гэж ам ангайлгав. Урд уулынх нь хярд арав гаруй буга хариулгатай мал шиг идээшилнэ. Амгалан хөдөөдөө очоод амьдарвал аз жаргал бялхмаар хөөрсөнө.
Их хайртын давааг нүдээр олзолж олзолж буцах болов. Уг нь тэнд улсын минь хил байгаа юм. Сагсай гол Өлгий ортол замчилж, Ховд голд түрлэг нэмдэг ажээ. Сагсай гэснээс Нийслэлийн Прокурорын орлогч бөгөөд Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих дарга хийж амьтны араанд зуугдан, шударга байсныхаа төлөө хэлмэгдэж явсан Сагсай энэ нутгийн унаган, 13 хүүхдийн эцэг Ноко гуайн хүү аж. Тэдний 13 хүүхдийн 5 нь хурандаа цолтой бөгөөд алдарт уулчин, гарамгай хилчин Жуков, бидэнтэй Баян-Өлгий аймагт хамтран ажилласан Хилийн цэргийн бэлтгэл хурандаа Галбадрах нар Ноко гуайн хүүхдүүд юм. Тэд олуулаа өсөхийн зовлон жаргалыг хүчрэн туулж тугаллах гэж байгаа хайнагийн үнээгээ шилрэхээс сэргийлэн уяатай нь манаж, Худалдаа бэлтгэлийн ангид ирсэн ачаа буулгалцан хөлсөнд нь малын тэжээл авч ижийдээ туслан сайртай хөлөөрөө цэцэг зайчлах мэт чулуу зайчлан уул нуруугаар хэжэн гүйсэн танхил бага насаа ам уралдан ярих нь аз жаргалын домог мэт. Урт холын аянд түүртэлгүй урсах өргөн голдиролтой Сагсай гол Сагсай прокурорын ажилд хандах арга барилын хөтөч, улсынхаа хилийн баганыг босголцож явсан Ноко гуайн ясны шулуун шударга зангийн залгамж мэт санагдсаныг нуух юун.
Урианхайчууд одоогийн 13 сумын нутаг дэвсгэрийг багтаасан өргөн уудам нутагтай, мал сүрэг арвин чинээлэг голдуу улс байсан нь тэдний хууч ярианаас анзаарагдана. Харин малаа хасгуудаар харуулан тарвалзаж, дараа нь нийгэмчилж, амь зуулга тасалдаж, хийх ажил хомсодсоноос төв суурин бараадах нь түгээмэл болж түүнд нь Баян-Өлгий аймгийн тухайн үеийн удирдлага “холч мэргэн” хандаж ташуур өгснөөс уугуул иргэд нь эрс цөөрч, суугуул иргэд суга өсөж үндэсний цөөнх хажиглагдах урьдач нөхцөл бүрджээ.
“Савдагтай тулам булаалдаж ид хаваа гайхуулсан
Сарьдаг өндөрт ангуучилж өлөн бүргэдтэй нөхөцсөн
Эзэн Богдод хүчээ өгч бойжсон Найманы удам
Эрлэг ирсэн ч дутаахааргүй мах цусны тасархай”
Хасаг, Урианхай ахан дүүс төрд уламжилсан “хүсэлт эрэлт”-ийнхээ ёсоор аж төрөн сууцгаана. Самуун цагийн зовлонг тэд хамтдаа үүрч, бас аз жаргалтай амьдралаа зохицлоожээ. Одоо юу нь ташаа гэж…
Баян-Өлгий бол сүү шиг цагаан болон Потанины, Цамбагаравын мөсөн голуудтай, загас жараахай нь голио царцаа шиг үсчин байдаг, аргаль угалз мянга мянгаараа арсалдан шивээлсэн, тарвага зурам таварцаглаж унамаар язганасан, тас, ёл, бүргэд тэнгэрт нь элэн хальсан, уул нуруудын хотгор, олон нуурын орон, аялал жуулчлалын дагшин өлгий, амар жаргалангийн диваажин юм. Эдүгээ Баян-Өлгий аймаг 120 гаруй мянган хүн амтай, түүний 7 орчим хувь нь Урианхай, 29 үндэстэн ястны цөөнхийн төлөөлөл амьдарч байгаа өвөрмөц аймаг гэдгээрээ онцлог. 1990 оноос хойш Казакстан руу 70 гаруй мянган хүн шилжин суурьшсан мэдээ байдаг. Хүн амын өсөлт хамгийн өндөр аймаг.
“Арьсан туламтай
Аялгуут домбортой
Тоорцог малгайтай
Догшин бүргэдтэй” Өлгийчүүдийн өөдлөх заяа дээшээ, өрнөх үйлс дэлгэр сайхан байна.
– ҮХРИЙН БӨӨР ШИГ АЛАГ ХЭРНЭЭ ИХРИЙН СЭТГЭЛТЭЙ ХОВДЧУУД –
Энэ гарчиг Монголын Маяковский гэгдсэн Ц.Гайтав гуай Ховдынхны урилгаар очоод зочид буудалд хэд хоног тухлан буцахынхаа өмнө чихрийн цаасан дээр бичиж үлдээсэн шүлгийнх нь хоёр мөр. Цохолж оносон, гүн утга агуулсан энэхэн хоёр мөр Ховдыг бүтэн зурдаг юм.
“Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө” зүгээр л гуниг нүүрлэсэн дууны энэ үгийг Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуай бичиж, улс төрийн шүлгээр гаршсан мөнөөх Ц.Гайтав гуай “Хар ус нуурын зэгс” гэж байсныг “шагшуурга” хэмээн редакторлаж 24 настай оюутан Шараа ая хийж байсан гэдэг. Алдарт “Тунгалаг буянт”-ын дараа мөр дарах энэ гайхамшигтай дуу агуу Зангадтай цуг насан хутгийг олсон шигээ Ховдын аялгуу болон хэзээ мөнхөд зүрх аргамжсаар байх буй за.
Торгуудын их нүүдлээр Ховдынхон мөнхөрч баатарлаг туульс туурвихын хамт дууль болгон дуурссаар байх болно.
Тэр нь 1947, 1948 оны Баруун хязгаарын тулгаралт хэмээн нэршсэн багаар бодоход 20 гаруй жил өрнөсөн байлдааны ажиллагаа. Уртаашаа 1200 км, гүнээрээ 250 орчим км өргөн фронтыг хамарч 1000 гаруй хүний амь насыг авч одохдоо 300 гаруй зөрчил, тулгаралт, байлдаанд оролцож хэдэн арван мянгаар яригдах дүрвэлтийг зогсоож эгүүлэн татсан үзэл суртлын далд дайн, хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуул туршуул, отолт, хориглолт, тулгаралт гээд дайны бүхий л төрөл хэлбэрийг ашигласан, аль аль талдаа сургагч багш нартай, тухайн үеийнхээ шилдэг техник зэвсгээр хангагдсан, 3 их гүрний ашиг сонирхлын орон зай байснаараа онцлог юм. Ийм өвөрмөц, ярвигтай байлдааны урт фронтын гол цэг нь Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг, үүнд Байтаг богд, Мэргэн, Наранмандах уул, Бүдүүн Харгайтын гол орчимд болсон шийдвэрлэх тулалдаан багтаж байсан нь тодорхой.
Мориныхоо хөлстэй тохмыг хуу татаж ирүүт дээр нь 41 чулуугаа татаж үзээд хүний санаанд оромгүй шийдвэр гаргадаг, газар орныхоо нөхцөл байдлыг сайтар судалсан, тахласан, уул хаданд явж дадсан шилмэл сайн морьд хүлэглэсэн эрэмгий дайчин, харгис хэрцгийгээрээ алдартай, эх оронгүй тэнэмэл золбин хасгуудтай, бас эзгүй шил газрын элчилгүй их говьд торгоны зам тосон амь дүйсэн тонуул дээрэмд гаршсан, тэдэн дундаасаа шалгарч цолорсон, тэгээд бас гоминданы ивээлд орж тусгай хороо болон зохион байгуулагдаж, өвч зэвсэглэсэн хуй хуй нартай зуд зурханд туйлдаж ядарсан, ард талын хангалт төдийлөн сайнгүй эх оронч халуун сэтгэлтэй мах цус, оюун билигт нь дээдсийн өгөгдөл гүн бат суусан застав, сумангийн цөөхөн цэргүүд хязгаар нутгийн гар нүцгэн, гал халуун сэтгэлтэй иргэдтэйгээ хавсран эх орныхоо сөөм газрын төлөө амь хайргүй тулалдсан үнэн түүх үргэлж хөврөх нь гайхалтай. Энэ тухай бидний туурвисан баримтат кинонд нэн тодорхой өгүүлэх тул илүү харж билүү долоосноо хуваалцъя.
Баруун монголчууд харьцангуй урт насалдаг нь илт анзаарагдав. Тэр тусмаа Ховдынхон онцгой. Бадам баатарын төрсөн ах Бямбын хүү 98 настай Шилэг гуай энх тунх хуучилж сууна. Зуу татчихаж байна. Оюун санаа нь гайхалтай цэлмэг. Орсон гарсныг ч андахгүй. Уг нь дайны ул мөр өрөөсөн нүдийг нь хорин хэдхэн настай байхад нь аваад явчихаж. Ижийгээ бурхан болоход уйлаагүй байж Бадам ахыгаа яаж тамлуулсан бол гэж бодохоор сохор нүднээс нь нулимс гараад тогтдоггүй тухай ярина билээ.
Үгээгүй ядуу өссөн гэж өөрийгөө тодотгосон захчин Монгол гуай: Манайх Ховог Сайр луу нүүж хоёр жил илүү зовлонтой нүүр тулсан юм гэнэ лээ. Би мэдэхгүй л дээ. Таргийн таван ямаа, саалийн дөрөв таван үнээгээ өдөр шөнөгүй манаад туйлдахын эрхэнд нутаг зүглэсэн гэдэг. Уушигийн застав орчим ирээд аминаасаа илүү манасан арав таван малаа алджээ. Алтан нутгийнхаа хэдэн бул чулууны ард нуугдмар болж Алтангэрэл судар хоёр лам ах минь зогсоо зайгүй уншсаны хүчинд бид хэд амь мэнд гарч ирсэн гэж ижий аав минь үргэлж ярьдаг байсан. Би Ховог Сайрд олдож Монголдоо мэндэлсэн хүн. Тэгээд хоёр лам ахын минь надад хайрласан нэр Монгол. Манайх үгээгүй ядуу амьдралтай. Баян хүний мал маллана. Жилд нэг удаа шүдлэн, төлөг өгнө. Нэгийг нь малтай болох гэж баяныхаа хонинд тавина. Нөгөөгөөр нь тэр жилийнхээ махсааг гаргана. Арвайн гурил устай зуурч идэж өссөн. Үндсэн хоол маань тэр. Би бас баян байж үзсэн. Яаж гээч… Нэгдэл нийгмийн үед 75 малтай болж байлаа. Ижий минь хөл хүрэхгүй хөөрсдөг байсан сан. Нам засгийн минь буян байжээ.
– Та нар чинь хасгуудыг зарж байсан гээ биз дээ? Тэд бас тань шиг үгээгүй ядуу байжээ?
– Үгүй чиш… биднээс бүр ядуу. Арвайн гурил ч идэж үзээгүй.
– Тэгээд юу иддэг байсан юм?
– Эрдэнэ шиш, улаан буудай, малын тэжээл… хөөрхийс тийм л амьдралтай байсан юм. Сүүлдээ ацаг хөлсөө чамладаг болсоон. Цадахад цагаан хурганы сүүл хатуу гэдэг л болцгоосон.
– Одоо та нартай л адилхан амьдарч байна шд. Юу ингэж өөрчлөв?
– Захчин хүн залхуу болсон. Хасаг хүн хөдөлмөрлөсөн байхгүй юу… Хоромхон зуур өрнөсөн энэ яриа 75 жилийн хувьсал өөрчлөлтийг өгүүлэх мэт.
Үенч сумын Цагаан Түнгэ багийн малчин 80 хол давсан настан Баашгаа өглөө хониндоо мордоод үд хэвийж байхад ирэв. Тэднийх 300 гаруй бог, 20, 30-иад үхэр, мөн тооны адуу, тэмээтэй аж. Энэ хаврын төл хүлээн авалт 20 хүрэхгүй хувьтай.
Сүүлийн 45 жил болоогүй хүйтэн боллоо. Цас их уналаа. Цасанд өеөдөж унасан адуу босож чадахгүй нүд аниж байна. Тэмээ ганц бөхтэй болтлоо эцлээ. Энэ муу хэдэн хонь ширүүхэн туухын ая даахгүй өнхрөөд өгнө. Ногоо үзтэл хол байна. Яаж шүү амь тээнэ дээ гэж хүүрнэх.
Зөөг цай уунгаа тогоо дүүрэн мах үйж суугаа самгантайгаа хэд гурван үг сольж алдсанаа гарсан юм. Харуй бүрий болтол үзэгдсэнгүй. Тэгэх нь хэдэн тэмээнийхээ араас явсан байж. Борви бохисхийх завгүй 80 нас. Морь унаж сурч байгаа аятай номхон хээр мориндоо мордох. Морь унаж сурч байгаа аятай намхан хээр мориноосоо буух. Яс сайтай, хэзээнээсээ хөштөлөө хөдлөх хөдөлмөрч улсын араншин. Гантай зуныг үзээгүй, хахир өвлийг ажраагүй, хаврын уртыг анзаараагүй юм шиг дэлгэр сэтгэл. Эднийх 12 хүүхэдтэй. 11 нь энх тунх торниж, өнөржин батжиж, өтөл болсон ижий аавынхаа жишгээр амьдралын мөр хөөцгөөж байна. Малаа хэдэн хүүхдэдээ даатгаад сум суурин бараадаж болно оо доо. “Тэр ёстой дэмий хэрэг. Хонь ямаагаа, үнээгээ, ингээ бүгдийг саана. Айргаа бүлэн цагаан тосоо авч, галын бурхан мишээлгэсэн тогоогоо тавина. Дарайсан өрөм зөөхийгөө хурааж тос даасан ааруул хуруудаа хатаана. Амь тээж үлдсэн хэдэн ямаагаа самнаж банкны өрөө дарна. Чухамдаа гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарна. Хүний царай харахгүй. Хүүхдийн ая даахгүй” гэж самган нь ярина.
Тоохуу гутлаа урлаж өмсөнө. Торго дурдангаар гоёж гангална. Тав гэзэг шиг ёроол нь үлдсэн дэрсний уг ургаж тээглэж унамаар тэсэг, шаваг, бударганы бут цэцэглээд намар манай энд ачаатай машин хагас харагдах өвс ургадаг юм гэж элстэй түнгэ, хужир мараа нь цайрсаар хөхөртөх үсгүй туужуур шиг хөндийг заан бахархангуй ярина.
Булган сумын нутагт баримтат киноны тавилттай зураг авах болов. Ганц мотоцикл, тав зургаан машин байх. Дийлэнх нь манай багийн төмөр хүлгүүд. 50, 60-аад торгууд морьтойгоо иржээ. Нэлээд нь жороо юм. Тэд бидэнтэй цуг эртлэн ирээд шөнө дөл болтол хамт байв. Хэн нь ч ардаа ажилтай ч бидэнд тийм юм ярьж төвөг удсангүй.
“Ган төмрийг дэвтээж болно. Элдэж давтаж болно. Хад чулууг хагалж буталж болно. Хааш нь ч зөөж холдуулж, зайлуулж болно. Харин хүмүүс эвлэж нэгдвэл ингэх боломжгүй. Эв нэгдэл бол бат цайз юм. Энэ торгууд, захчин, хасаг, дөрвөд, халх, урианхай нар чинь эвтэй байсныхаа хүчинд эх орноо авч үлдсэн юм” гэж нам төрийн ахмад ажилтан, нутгийн унаган хүү, шилдэг сэхээтэн Баавдай гуай хэлсэн. Оносон үг олоод ир гэвэл одоо цагт энэ л байна. Энэ үг “Эх орон” амь дууны санаа болон төлжсөнийг хэлэх нь зүйтэй санагдана.
Одоо ч бид, бидний улс бусдын идэш болохгүй байя гэвэл энэ үгийн ид шидийг үзүүлэх хэрэгтэй мэт санагдана. Мал дагасан хүн мал болдоггүйн саруул ухааныг сахин суугчид энэ нутагт нэгээр тогтохгүй нэжгээд байдаг нь сайшаалтай. Зун ган гачиг нүүрлэж, өвөл өн дагуулахгүй нь тодорхой болохыг олон жилийн малч, ажигч, ажил хичээнгүй уламжлалаараа таньсан зарим малчид намар хонь, ямаандаа, хуц ухнаа тавиагүй байна. Тарга тэвээрэг муутай мал хээлтэй бол тамираа барна. Жилбэ муутай, жилбэгүй төллөнө. Нэг амь мэнд үлдвэл дараа нь болно гэсэн монгол ухаан ялан дийлсэн хавар болж байна билээ.
Мянга мянгаар нь мал хотлуулчхаад толгойгоо цардсан манай орны зарим малчид олж уншаад оюундаа залбал хэрэгтэй санаа шүү. Миний бие хасаг хувцастай торгууд малчин Шийлэгийн Баттөмөртэй улаан гараараа чоно агнасан тухай лайв хийсэн нь маш олон хандалт авч, зарим нэгнийх нь дургүйг их хүргэсэн. Тавилттай зурагт оролцож байсан Баттөмөрт хувцсаа солих боломж олдоогүй юм. Хязгаар нутгаа хамгаалан эрслэн боссон мятаршгүй зоригтой зуу зуун торгуудуудын үр сад Шийлэг гуайн үр тийм цөстэй байхаас ч аргагүй юм билээ.
Монголын хэдэн толгой баячууд торгуудаас төрсний нууц энэ мэтэд байх шиг. Хаан эзний “Өөрсдийн зэхсэнийг идэж, өөрийн хийснийг өмсөж бай” гэсэн өрх бүр үйлдвэрлэлийн ахуй энд оршиж сэтгэл нь ивлэсээр байна уу даа гэлтэй. Ер нь хөгжил дэвшлээс алслагдмал, идээшсэн ахуй соёлдоо ойр дөт, байгальтайгаа ойрхон зарим талаар захирагдаж буй хүмүүс монголоороо, дангааршлаараа байж биднийг гоёж хэв загварт маань барьж байна уу даа гэх бодлыг “үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлтэй” энэ нутгаас түүж ирлээ.
Ховд аймгийн бас нэг өвөрмөц давуу тал бол засмал зам. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжсэн зам 840 гаруй км үргэлжилнэ. Хоёрхон сум засмал замаар холбогдоогүй. Ховдын хол ойрхон юм шиг, Ховдын уулс тал юм шиг хөгжил дэвшилд хөтөлсөн засмал зам бусад аймагт яагаад, тэр тусмаа манай зүүн бүс нутагт хэрж сүлжиж болоогүй юм бол доо. Хэн үүнийг санаачлах юм бол доо гэсэн атаач бодол намайг дагаж ирснийг нуух юун.
Ховд бол аньсага чийгтүүлсэн нулимс нэрэхээс аргагүй сайхан нутаг. Нуух эрхгүй үнэн түүхтэй. Тэмцэл тулаанд тэнцвэрээ бат олсон ширээ ат юм. Нүүдэлчдийн хамгийн сүүлчийн их нүүдлийг Халимагаас эхлүүлж Тэнгэр уул, тэгээд энд ирсэн хамгийн сүүлчийн хөсөг тэрэг юм. Зорьсон түмнийхээ ихэнхийг хядуулж зовлонгоо тээж биш гээж ирсэн, тэмээнийхээ цусыг ханаж Тэнгэр уулаа бараадсан торгуудын түүх юм. Хосгүй сайхан Ховд нутагт хожмын өдрийг хүлээлгүй дахин зочлохын ерөөл тавья.
– ОЛОМ ТАТААГҮЙ ОМГОЛОНГИЙН ОРОН ДЭЛХИЙ АЛТАЙ МИНЬ ЭЭ –
АЛТАЙ
Хүрэн товонгийн дээгүүр
Хүүгэх салхи бадрангуй
Хүрэн товонгийн доогуур
Хүдэнтэх уулс амирлангуй
Алаг хайрханы дээгүүр
Асарлах үүлс бадамлангуй
Алаг хайрханы доогуур
Анирлах уулс цогшингуй
Ээж хайрханы дээгүүр
Элих бүргэд янцгаангуй
Элгэн цохио чулууд нь
Энэрч хайрлах янзгүй
Алтай гэмээнэ араншин юм
Алаг хорвоогийн анирлан юм
Баян-Өлгийд дэнхэр дэнхэр хайнагийн шар шиг, сарлагийн бух шиг уулсын хүрээлэлд явж Бардам, Цэнгэл, Цамбагарав хайрхандаа сүслэн мөргөсөөр Бодончийн хавцал уруудсан билээ. Байгалийн, архелогийн музейд үзмэр үзэж яваа юм шиг буган чулуу, хиргисүүр, голын тохой, усны цохио, сэнжит хад, өвөрмөц тогтоц, шургаж хэвтмээр торлог, бургасан шугуй, харахад нүдэнд дасаагүй хавтгай дээвэртэй сууцууд харж явсаар аймгийн төв шиг Булган сум руу орж байсан бол Говь-Алтай аймаг руу Тоомойн Очирхүү найрагчийн төрсөн хонд бууц Тонхил сумын нутаг захлаад Алтан соёмбо хэмээх ховорхон гоё нэртэй багийн төвөөр дамжин орж ирлээ.
Газрын байц, байдал аймгийнхаа хилийн цэсээр өөр байдаг юм уу гэмээр санагдав. Тонхил сумын нутаг танхил бүсгүй шиг гоо ажээ. Энэ сумын талаар Тоомойн Очирхүү гуайгаас өөр мэдэх зүйл таг.
“Хүмүүсээ надад урам хайрла
Хүсэл зориг тэтгэх бүлээн дулаан үг хайрла” гэж бичсэн Расул Гамзатов шиг уулын найрагч тэрбээр Тонхилоо Дагестан шиг эх орондоо зүсэлж өгсөн нэгэн байжээ. Тоомой панз гэж Тонхилдоо байтугай Алтайдаа багтахгүй том хүн байжээ. Хүний эцэг том байхад хүү нь яаж жижигхэн байх билээ. Моринд дуртай болгон Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Морин заводод тахь байсан тухай сонссон нь лавтай. Миний хадам ээж Жаргалантад торнисон нэгэн. Морин заводын тахийн азарга хүн барьчих гээд байхаар нь буудаж алсан тухай ярьж байсан. Тэнд тахийн азарга ч байж, гүү ч байж. Нэг хоёр биш нэг хэсэг байж. Жаргалантын сангийн аж ахуйн Чүлтэм гэдэг хүний тахийн гүүнээс гарсан унага бага гурван насандаа улсад түрүүлж байсан тухай тэмдэглэл бий.
Төв аймгийн Доржсүрэнгийн алдарт хээр морийг ч Морин заводын тахийн адууны цустай гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгсэн чинь тэр тахийн адууг барьж номхроож өгсөн амьтан чинь ээ базарваань хунпад нөгөө Тоомой панз байдаг байна шүү дээ. Өрлөг жанжин маршал Х.Чойбалсангийн тушаалаар 1944, 1945 онд Тоомой панз тэргүүтэй нутгийн иргэд Тахийн шар нуруу, Тахийн тал, Хонин усны говиос тахийн 18 унага барьж шүдлэн үрээ, байдсан гүү болтол маллаж уналга эдэлгээнд зүгшрүүлж байгаад 1949 онд Жаргалантын Сангийн аж ахуйд хүргүүлсэн нь тэр байжээ.
Хязгаар нутгийн иргэд хэн байхаас үл хамааран төр засгийнхаа өгсөн үүрэг даалгаврыг төвөг чирэгдэлтэй байсан ч нэр төртэй биелүүлж гүйцэтгэж ирсний нотолгоо бол энэ. Олом татаагүй омголонг олноор нь барьж сургаж гаршуулна гэдэг хэрийн хүний хийх ажил яав ч биш. Төрд тоогдож явсан Тоомой панз төрийн хэрэгт өөрөө ч оролцож, өрөөлийг ч оролцуулж, хүүгээ ч бэлдэж өгсөн хүндтэй гавьяатан байжээ.
Монгол адууг хулан тахийн цустай л гэдэг. Домог ч юм уу, үнэн ч юм уу эргэлзсээр ирсэн. Үнэн болохыг Очирхүү найрагчийн аав Тоомой, түүний нөхөд баталж өгснөөрөө хосгүй гавьяатай юм. Тоомой гуай тахь сургаад зогссонгүй морь сайн таньдаг, сайн адуутай энэ хэргийн эрдэм төгс хүн байж. Хэрэгтэй цагт хэрэг болох газар гар таталгүй өгдөг нүнжигтэй баян, тос даасан буян явжээ.
Хилчид 1946 оны намар Тахийн шар нурууны дэргэд дээрэмчидтэй тулалдаж зугтсан дөрвөн дээрэмчний хоёрыг нь нэхэн хөөсөөр буудаж алаад бүрэн хэрэглэлтэй хоёр морийг нь олзлон авчирч байжээ. Хасгууд морь сайтай, сайн морио гэрт маллана. Эрхэмлэн хайрлахын сацуу хулгай дээрмээс хамгаалж байгаа нь тэр. Тэдгээр дээрэмчдийг алдалгүй нэхэн хөөж намнасан байлдагч Бадарчийн бор морь арван өдрийн ая даадаг гэж алдаршсан шандаст хурдан хүлэг юм санжээ. Түүнийг дааганд нь Тоомой панз заставын агтанд бэлэглэж байж. Очирхүү гуайн аавын тухай мартахын аргагүй сайхан дурсамж сонссон надад хамгийн сайхан мэдээ энэ байсан юм. 1967 онд хамгийн сүүлчийн тахь харагдсан хэмээн бүртгэгдсэн Тахийн тал, Тахийн шар нуруу, Тахийн усанд европ болон азийн зарим орноос эх нутагтаа ирсэн тахь үржиж өнөржөөд 400 гаруй болжээ. Унаган нутагтаа ээнэгшин дассан, хатуу ширүүн уур амьсгалыг нь үгүйлэн байсан мэт идээшсэн тахийн түрүүч нь 26, 27 хүрч эх нутагтаа хөл тэнцсэн унаганууд ижил сүргээ хэдийнээ сэлбэжээ. Хоёр хоногийн өмнө тэнгэр тавгүйрхсэнээс тахийн сүрэг говийн гүн руу буцжээ.
Тахь үржүүлгийн баазын хашаанд тахийн өнчин ганц унага биднийг тосов. Тэр өхөөрдөм эгдүүтэй амьтанд хэн нэгнээс зөвшөөрөл эрэлгүй Чоноголынхоо нэрийг хайрлаж орхилоо. Хээлэнд явсан унага нь хэзээ хойно нутгаа тэмцдэг монгол адууны зөн совинг өдөөгч байж магадгүй тахийн унаганд энэ нэрийг өгсөн минь учиртай. Үлгэр домогт баатар эрийн унаа чон хүрэн морь гэж гардаг. Манай нутагт чон чулуу Чоноголын эхэн дээр байдаг учраас Чоногол биш Чонгол нэр өгсөн нь учиртай юм билээ. Чон чулууг мэдэхгүй Чоноголын эхэнд тийм чулуу байдгийг ч мэдэхгүй хүмүүс Чоногол гэж нэрлэсээр өдгөө хүрчээ. Аль аль нь сайхан нэр, арга байхгүй тахийн нэр.
Тахь үржүүлгийн газрын дээд талд алаг хайрхан дүнхийнэ. Уулын савдаг, ан амьтнаа энэрэн хайрлахдаа зүсээр нь хүртэл ижилсүүлдэг юм уу гэлтэй. Нас гүйцсэн аргаль угалзыг шаазгай алаг гэж нэрлэдэг. Би шаазгай алаг угалзыг Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзтийн нуруунд анчин хүнээр заалгаж байсан. Сүрдмээр агуу, сүсэглэхээс аргагүй гайхамшигтай. Алаг хайрхан уул яг Шаазгай алаг шиг зүстэй юм гээч.
Хилийн цэргийн түүхэнд хүний зиндаанд хүндлэгдэж яригддаг хүлэг бол Баатар Тэгшээгийн хүрэн халзан. Энэ морь Бугат сумын иргэн Хувийн Шагдар буюу олны хэллэгээр Цээмэн хэмээх Шагдарын унаган адуу аж. Ардууд эх орны дайнд агт морио бэлэглэхэд Цээмэн Шагдар хүрэн халзан морио өгчээ. Намар нь хаа хүрээд “оргосныг” бүү мэд нутагтаа, ижил олон сүрэгтээ гүйгээд ирсэн гэдэг. Дараа жил нь буюу 1945 онд Ховдын хязгаар түгшүүртэй байсан тул өнөөх хүрэн халзан морио эх орноо мануулахаар илгээсэн нь Нэхийт баатрын унаа болж таарчээ. Монгол цэргийн түүхэнд унасан хоёр эзнээ Улсын баатар болгосон цорын ганц хүлэг бол энэ хүрэн халзан морь. Баатар Тэгшээгийн хүрэн халзан морь дуу болж Байтаг богдын тулалдаанд шуурхай хэл хүргэсний учир хүндлэгдэн эрхэмлэгдэж хожим нь морин тойруулгад асран тойлуулж байгаад нүд анихад нь маллаж байсан хүн нь чихмэл хийгээд нутгийнхаа Орон нутгийн музейд залсан түүхтэй.
Эргэж хургасан хүнд хэцүү жилүүдэд Бугатынхнаас нэг ч хүн урваж шарвасангүй. Ус нутгаа орхиж нүүсэнгүй. Гавшгай сэргэлэн, гаргуун сийргээрээ гайхагдаж, онч мэргэн буудаж олон хасаг цааш нь харуулснаараа бахархагдаж явсан түүхтэй юм билээ. Энэ хавийн хууччуул Дамбийжанцанг ихэд хүндэлдэг аж. Хасгийн дээрэмчдэд талхиулж байх нэгэн үед нь тэрбээр хасгуудыг айдаст автуулж, зүрхээр нь туг тахиж Өлийн өндөр даваан дээр олон хасгийн толгойг авсны учир арав гаруй жил энэ нутгийнхан амар амгалан амьдарсан түүхтэй ажээ. Алтай нутгийнхан дээрэм тонуул, дайн самууны хөлд залхтлаа талхиулсан ч мал малын захтай, май гээд бариад өгөх сэтгэлтэйгээ үлдсэн байжээ. Тухайлбал энэ нутгийн ард Мятавын Бат мянган ямаагаа фронтод бэлэглэж байсан бол 1945 оны Монгол улс тусгаар болохоо батлах ард түмний санал асуулгын дүнг ард Оросын Цэвээнжав 200 гаруй км замыг мориор шөнөжин туулж аймгийн төвд хүргэж өгч байсан бахдам жишээ олон. Нээрээ Тахийн талд Бижийн урдхан “Талын таван толгой” хэмээх жижигхэн толгой “Би би гэлтэй биш” гэсэн аятай биеэ барин цомцойж угтсан юм.
“Талын таван толгой
Таана мангирын ургамалтайяа хө
Сэтгэлийн амрагаа бодохоор
Цэргийн хугацаа гайгүй л байна аа хө” олны танил дуу төрсөн нутаг гэнэ. “Эрдэнэ засгийн унага” дуу ч энэ нутагт төрсөн. Уртын дуу дуулдаг хүн хайснаас дуулдаггүй хүн хайсан нь амар мэт. Манай Д.Заяабат, Ш.Даваадорж, Цагаан бороо /Б.Номинчимэд/ гурав уртын дууг дуулах гэж шаглаж өгнө.
Гүнбулаг хэмээх гоё нэртэй намар айл хотлоороо хүн шавж, мал сүрэг налайдаг баймаар сайхан нутагт ирж Доржийн Ишбат хэмээх Улсын аварга малчин, хилчдэд туслах хүчний гишүүн, нүнжиг нь тос дааж нүдэнд нь гал гэрэлтсэн Буучийн овгийн айлд буув. Мэнд усаа мэдэлцэн цай ууж идээ амсах зуур гэрийн эзэгтэй тогооны халив сөхөхүйд чанаж байсан хонины гэдэсний ходоод хагарч аяны дөрөө эвхэгсдийн ам бэлгэтэй сайхан үгээр мялаалга өргөв. Хариг хатууг ажралгүй давсан малчны малын цариг тогоонд буцалж, гэрийн эзний гаанс цохилуур, зочидтой хөөрөг зөрүүлэх манан хөөрөг Ишдамбын зэрэг зиндаа, эрэмбэ суудлыг хэлж эдэлж ирсэн буян заяаг нь хэлмэрчилнэ. Ёстой нөгөө
“Манай нутгийн өвгөд
Машины үнэтэй гаанс зуудаг” гэсэн мөнөөх Тоомойн Очирхүү найрагчийн аархал ханх тавина. Ханх тавина гэснээс тэр жил би Өмнөговь аймгийн Ханбогд суманд нэгэн тэмээчнийд зочлохуй дан чүнчигноров чулуугаар тэмээндээ хороо барьсан байхыг хараад дээрх хоёр мөрт харван орж ирж энгүй баян эх оронтойгоороо бахархаж байснаа эрхгүй дахин санахад хүрэв.
Тэднийхээс шөнөжин зүтгэсээр Алтайн хилийн хороонд ирж хоноглов. Шатарбалын Даваадоржийн маань алба хаасан анги юм санж. Хоёр жилийн цэрэг. Мянган цэрэгтэй хилийн хорооны атаман Жа.
Анд Д.Заяабатын маань хүй цөглөсөн нутаг. Төрсөн эмнэлгээр нь очив. Баян Овоон дээр нь гарч идээ цагаа өргөцгөөв. “Цагаан бороо”-гоороо гурвуулаа дурсгалын зураг татуулав. Аж богдын нуруу ард дүнхийж, өмнө этгээдэд Тэнгэр уул сүүмэлзэнэ. Домгийн орон зай. Догдлон гайхширсан гурван өдөр. Даваа хөл алдаж, Заяа сүслэн залбирч, “Цагаан бороо” дайлж өнжсөн өдрүүд. Тэнд хөгшин залуугүй 3000 нялх заг суулгаж Алтайнханд ад үзэгдсэн хэр нь хамгийн үнэтэй зарагддаг, эзнээ гурван үеэр нь үзтэлээ урт насалдаг илжиг шохоорхож, Хар цонж, Шар цонж ордог аян жингийн ул мөр болон үлдсэн “Цонж”-ийн учрыг тайлах гэж асууж өнжив. Ачаатай олон тэмээ хэвтүүлж байгаад ачаа бараагаа буулгах, ачих зорилгоор бий болгосон нидрүүлэг шиг үелсэн даланг ийн нэрийдэг аж. Цонж он жилд, салхи савирт идэгдсээр тэмдэг төдий болжээ. Нэг талаар говийн садаргатай төстэй мэт. 3000 заг гэснээс Алтайн түүхт хилийн хороо 100 жилийнхээ ойг угтаж Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих хөдөлгөөн”-ийг дэмжиж Хил Хамгаалах Ерөнхий Газар 16 сая мод улсын хилийн дагуу тарьж ногоон хэрэм барих их санаачилгын нэг хэсэг болох загийн хэрэм босгох шаваа ийн тавьж ажилд дарагдаж байсны учир тэр ажгуу.
За ингээд Хүйсийн, Шаргийн, Хонин усны, Номин цэнхэрийн говийг захлан хэжсэн бидний нөхөд Захуйн говь руу ороод явчихлаа. Захуй Зармангийн говь нэг нэр гэж ташаарч явсан аа энэ хүрч залруулав. Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт харьяалагдах Захуйн говьд Ээж хайрхан онцгойрно. Энэ нутгийн эзэн сахиус Эрдэнэ сумынхан, эх орноор тогтохгүй дэлхийн брэнд болон гайхагдсан монгол ноолуурын эзэн хамгийн шилдэг нь болох Идрэнгийн цагаан ямааны өлгий өөжин. Энэ сум 160 мянган цагаан ямаатай. Уг нь говиос ерөөсөө гарч үзээгүй хэдэн тэмээгээ хавтгай шиг зуугуул болголгүй аяыг нь дагаж, аргыг нь олж, тааваар нь өсгөж ирсэн хэдэн тэмээнийхээ бөөрөнд бөөцийлж бий болгосон тэмээчдийн гарын мал ажгуу. Энэ ямаагаар Баянхонгорын урд талын бүх сумд гоёж, хил залгаа өмнөд хөршийнхөн ч адилсдаг гэсэн. Эрдэнэ сумын 210 мянган малынх нь 80 гаруй хувь нь цагаан ямаа гэхээр хэчнээн чухал эрдэнэ, ямар үнэ цэнтэй амин зуулга болох нь тодорхой. Говийн хээлэнд сувд адил налайх ямаан сүрэг энд ёстой ямбалах шиг болдог нь илт.
БАЙ БАЯН ӨНДӨР
Зожиг мазаалай хэрэн тэнэхдээ ч
Зорин очиж чадаагүй уужимтай
Идрэнгээс шилэрсэн гунжин хавтгай
Ижий говио захлаагүй алстай
Алтан, мөнгөн тээг шиг чамин жуулс нь
Аргамжиж бөхөлсөн аравнайт суваргатай
Буурал сэрвээт шиг ханагар нурууд нь
Бууриа тамгалсан гэр шиг онгитой
Хөмөл, таанандаа дуниартаж хөлчүүрэхсэн
Хөндий, хоолойд нь сэндэр сондрын заллагатай
Ариун номын авшиг шүншиг тасраагүй
Амарбуянт нь эргэлчин мөргөлчиний даллагатай
Алсын алсыг Алтай шигээ харуулдсан
Алтан говийг хулан шигээ хулжаасан
Уулын эзэн уруудаж өгсөж домносон
Улсынхаа хөгжилд хөтөч болон дэмнэсэн
Ай миний Байбаян өндөр
Амьдын ерөөл дагшин өндөр
Энэ жил Баян-Өндөр сумынхан түүхт зуун жилийн ойгоо тэмдэглэх гэж буйд талархан өргөл өргөсөн шүлэг минь. Өмнө нь Алтай аймгийн харьяанд байсан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 160-аад мянган толгой малтай. Түүний 110 мянга нь мөнөөх Идрэнгийн цагаан ямаа. 5000 хүрэхгүй үхэртэй гэж байгаа. Мал сүргийн өвөрмөц бүтэц, 7 хошуу нутгийн бараа харсан шиг ээ, далайн төвшнөөс дээш 2400 метрийн өндөрт ханаа шийрлэсэн манай улсын хамгийн өндөрлөгт байрладаг сум. Зармангийн говьтой энд хүрч уулзав. Дээрх гурван сумын нутаг газар нутгийн хэмжээгээрээ улсдаа хамгийн томд орно. Гэсэн ч их говийн дархан газар нутаг дэвсгэрийнх нь ихэнхийг эзэлдэг учраас зарим сум нутгийнхаа 40 хүрэхгүй хувьд нутаглана. Өөрөөсөө ч нууж баймаар эрдэс баялгийн далай нутаг. Алтны нинжа нарын гүйдэлтэй газар. Долоохон хоногийн дотор бүхэл бүтэн толгойг яах ийхийн зуургүй ухаж төнхөөд үгүй болгочихдог “ид шид”-ийн орон. Үржлийн ажлаа умарттал идэш хоолондоо /хармаг жимс/ мансуурч өөрөө өөрийгөө цөөлж “айлгадаг” говийн баавгай мазаалайн нутаг.
Хулан тахь, хар сүүлт сүлэлдэн тоос хатгаж, саамшсан ингэн хавтгай элсэн бөөрөгт уураг сүүгээ өрөм аятай дарайтал асгадаг алтан говь. Уулын эзэн ирвэс хотонд заларч дархан цаазтайгаараа малчдыг дарамталж давуу эрх эдэлдэг дагшин байгаль. Аяа бидний аялсан 19 хоног нүд баясгаж, сэтгэлээ нэрж, эх оронтойгоо илүүтэй мэдэрсэн хайр ивлэсэн хоног өдрүүд.
20 байтугай жил үргэлжилсэн зөрчил тэмцэл, тулгаралт, байлдаан, дээрэм тонуул үүрлэж, хулгай зэлгий нүүрлэж, эзэн нь болсон хязгаар нутгийн ард түмэн зовлонгоо жаргалаараа цоолдож, эр зоригоороо дархалж, хонд бууц, хүй дарсан чулуугаараа тамгалж хайртай бүхнээ харамгүй өгч байж авч үлдсэн нутаг ус минь. Миний, чиний, бидний амь, аз жаргал, зовлон гуниг хуран чуулсан хязгаар нутаг минь. Төвлөрөх биш, хотын буг болох биш, ижилсэх биш, хөгжих ч биш тархаж нүүмээр, тааваар амьдармаар тавилан заяагаар олдсон өлгий өөжин минь. Хөдөө тийш чиглэсэн хөгжлийн бодлогод тулгуурлах сан. Нутаг эзэнтэй бол нулимсаар яах ч юм билээ. Гишгэх газартайгаа байхад хөгжлийг хүртэл эрэмбэлмээр санагдсан. Хөдөө минь, хөдөө минь хөхөө хөхүүлсэн ижий минь.
Баавгай бугуйлдаж саваагүйтсэн, улаан чонотой халз таарсан, алмас байж мэдэх амин яриа сонссон, охин үрээ хасгуудад алдсан эцэг тэр муу гархинаас боллоо хэмээн тэнгэр болтлоо харамссан эгэлгүй сонин баримт түүхийг энэ удаа нөөж үлдье.
Сэтгүүлч МУУГЗ Н.ЛУТБАЯР