iNet.mn дагах

Ц.Төмөр-Очир: Шинэ тогтолцоо руу шилжихэд алдаа оноо гарна, цаг хугацаа шаардана

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм.
Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө баг хамт олонтойгоо уйгагүй ажилладаг учиртай. 
“Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очирыг урьж ярилцлаа.
 

Манай эмнэлэг Эмчилгээ, оношилгооны олон шинэ арга технологи нэвтрүүлсэн

 

-Гуравдугаар эмнэлэгт 30 жил ажиллахдаа хүмүүсийн хэлдэгээр мерит зарчмаар дэвшин эмнэлгийн даргын албыг хашиж байгаа гэгддэг. Монголчуудын эрүүл мэндийн манаанд зогссон шастинчуудын 70 жилийн түүхээр ярилцлагаа эхлэе?
-Улсын гуравдугаар төв эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш Монголын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогод нийцүүлж  хэрэгжүүлэх, хөгжүүлэх, өргөжүүлэх үйл ажиллагааг шат дараатай тасралтгүй хийсээр 70 дахь жилтэйгээ золгож байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хэмжээнд  зүрх болон тархины мэс засал анх хийж,  улсын бодлогоор тус эмнэлэгт Зүрхний мэс заслын тасаг, Тархины мэдрэлийн мэс заслын тасагийг үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн үндэсний лавлагаа, тусламж үйлчилгээ үзүүлэх төв эмнэлэг болсон. Ингээд үндэсний хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн үүргийг өндөр хариуцлага, нэр төртэйгөөр гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, эмчилгээ, оношилгоог олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр хүн бүрийн хүчин зүтгэлээр хамтдаа хийсээр ирсэн. Түүнчлэн тоног төхөөрөмж, хүний нөөцийнхөө чадавхыг бэхжүүлж дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилготой манай хамт олон ажиллаж ирлээ.
Мөн үндэсний хэмжээний чанарын баталгаажилтын төв лаборатори ажиллаад 10 гаруй жил болж байна. Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 290 гаруй лабораторийн үйл ажиллагаанд жилдээ хоёр удаа чанарын баталгаажилт хийж, хяналт тавьдаг. Түүнээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаалаар уушги судлалын үндэсний хэмжээний лавлагаа тусламж үзүүлж байна.
-Монголд зүрх, мэдрэлийн нарийн, хүнд хагалгааг хийдэг ганц эмнэлэг бол танайх. Гэвч манайд хийгдэхгүй заалттай өвчнүүд олон байдаг шүү дээ?
-Эрүүл мэндийн сайдын одоо мөрдөгдөж байгаа гадаад оношилгоо эмчилгээний А370 тушаал бий. Энэ жагсаалтад мэдрэлийн мэс заслын хоёр өвчин, зүрхний мэс заслын дөрвөн өвчний заалт орсон  байдаг. Манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал бол гадаад явж буй урсгалыг багасгах зорилго тавидаг.
Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн хугацаанд гадагшаа явж оношлуулж эмчлүүлэх урсгалыг багасгахын тулд эмчилгээ оношилгооны шинэ арга технологиудыг шат дараатай нэвтрүүлэх бодлого барьж ажилласан. Монголд хийгдэх боломжгүй хагалгааг нэвтрүүлэхийн тулд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жилд дунджаар 15-20 орчим гадаадын зочин профессорын багийг урьж ажиллуулж байна. Тэдэнтэй хамтран зүрхний, мэдрэлийн мэс засал, тархины саажилттай хүүхдүүд, уналт таталттай өвчтөнүүд, нүдний мэс засал, зүрхний хэм алдагдал, судас дотуурх тархи мэдрэлийн оношилгоо эмчилгээг хийж, туршлага судлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадсан.
Тухайлбал, тархины саажилттай хүүхдүүдийн булчин шөрмөсний чангарлыг хөнгөвчлөх мэс засал Монголд хийдэггүй байсан. Эрүүл мэндийн сайдын туушаалаар Мэдрэлийн мэс заслын үндэсний баг бүрдүүлж, мэс заслын шинэ арга технологиудыг нэвтрүүлж байна. Энэ хүрээнд Туркийн эмч нартай хамтарч таван хүүхдийн мэс заслыг амжилттай хийсэн. Мөн “Дельта групп”-ийн захирал Мөнхжаргалын дэмжлэгээр Японы Токио хотын Хүүхдийн төв эмнэлгийн профессоруудыг Монголд урьж зургаан хүүхдэд мэс засал хийсэн нь амжилттай болсон. Эдгээр мэс заслыг гадны зөвлөхүүдийн зөвлөмжөөр манай эмч нар гардаж хийсэн. Зөвлөхүүд сайн зааж зөвлөсний үр дүнд эмч нарын баг бие даан мөн гурван хүүхдэд амжилттай хагалгаа хийснийг хэлэх нь зүйтэй байх. Одоо дараагийн хоёр хүүхдийг хагалгаанд бэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай эмнэлгийн эмч мэргэжилтний баг хагалгааг нутагшуулан ажиллаж байна.
 

Монгол Улсад анх удаа Зүрхний хэм судлалын төвийг байгууллаа


-Зүрхний хэм алдагдах өвчин түгээмэл болохын зэрэгцээ залуужиж байгааг эмч нар анхааруулдаг. Мөн энэ төрлийн мэс заслын эмчилгээ ихэссэн статистик тоон мэдээлэл гарах боллоо?
-Монголчуудын дунд зүрхний хэм алдагдах өвчин хурдацтай нэмэгдэж байна. Гурван жилийн өмнө 100 гаруй хүнд хэм алдагдлын мэс заслын эмчилгээ хийж байсан бол одоо жилд 400-500 орчим хүн оношлогдох болсон. Зүрхний хэм алдагдлын эмгэг байгаль цаг уурын өөрчлөлт, экологийн тэнцвэрт бус байдал, агаарын бохирдол, тоосжилт, хотжилт, дуу чимээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ зарим олон улсын судалгаа шинжилгээнээс харахад ковидын дараа ихсэх хандлага ажиглагдаж байгааг дурдсан байдаг.
Манай улсын хувьд 2015 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Монгол Улсад анх удаа Зүрхний хэм судлалын төвийг тус эмнэлгийн санаачлагаар нээсэн. Энэ төвөөр жилдээ 1000-1200 орчим хүн үйлчлүүлж байна. Нийтдээ 10 гаруй төрлийн хэм алдагдлын оношлогоо, эмчилгээ, мэс заслыг өндөр хөгжилтэй орны хэмжээнд хийгээд нутагшуулж чадсан.
Зүрхний хэм алдагдал үүсгээд байгаа эмгэгийг олж, түлэх аргаар мэс засал хийж эмчилдэг байсан бол өнгөрсөн 2023 онд зүрхний хэм алдагдлын үед эмгэг сэрэл өгч буй цэгийг илрүүлж, хөлдөөх замаар засах эмчилгээний технологийг Монгол Улсад шинээр нэвтрүүлж чадсан.
Мөн тосгуурын параксизмаль жирвэгнээ оноштой өвчтөн хэм алдагдлын үед зүрх гэнэт зогсох өндөр эрсдэлтэй учир гадагшаа явж эмчлүүлэхийг зөвлөдөг байсан. Харин одоо хөлдөөх аргыг нэвтрүүлснээр 9 өвчтөнд хагалгааг амжилттай хийсэн.
Тархи мэдрэлийн болон зүрхний хэм алдагдлын дэлхийн түвшин үзүүлж буй мэс заслыг Монголдоо хийдэг болсноор гадаад руу явж оношлуулж, эмчлүүлэх өвчний жагсаалтаас 2017 онд гурван өвчнийг хасуулж чадсан.
-Зүрхний төрөлхийн гажиг, зүрхний төрөл бүрийн мэс засал болон мэдрэлийн гаралтай өвчлөл эрс нэмэгдэж байна. Гэхдээ дотооддоо эмчлүүлэх, мэс засал хийлгэх хандлага давамгай болсон нь анзаарагдаж байна л даа? 
-Өнгөрсөн онд тус эмнэлэг 4 чиглэлийн 6 шинэ оношилгоо эмчилгээний технологи нэвтрүүллээ. Хүүхдийн зүрхний мэс засал буюу зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн мэс засал, мөн тархины мэс засал, судас дотуурх мэс засал хийх өндөр технологиудыг нэвтрүүлж, нутагшуулж ажилласан.
Дөнгөж төрсөн буй нярай хүүхдүүдэд зүрхний хавсарсан хүнд гажиг, тухайлбал, тосгуур ховдлын, зүрхний том судасны гээд гуравласан, дөрөвлөсөн, тавласан гажгууд их тохиолдож байна. Тус эмнэлэг шат дараатайгаар шинэ арга технологиудыг нэвтрүүлснээр 2023 онд 0-16 насны 120 хүүхдэд зүрхний төрөлхийн гажгийн мэс засал амжилттай хийж, төгс эмчилж чадлаа. 
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа нэг жилийн хугацаанд 375 зүрхний нээлттэй мэс заслыг тус эмнэлэгт хийлээ. Зүрхний нээлттэй мэс заслыг өнөөдөр улсын түвшинд зөвхөн тус эмнэлэгт хийгдэж байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад технологио сайжруулж, чадамжаа нэмэгдүүлж, хүний нөөцөө бэхжүүлэх ажлыг богино хугацаанд бий болгосноор эмчилгээ, оношилгооны чанарын түвшин олон улсын түвшинд хүрсэн гэдгийг хэлмээр байна.
Учир нь жилд 300-аас давсан тоон үзүүлэлтээр зүрхний нээлттэй мэс засал хийж байгаа бол олон улсын жишигт хүрсэн Зүрхний төв ажиллаж байна гэж үздэг дэлхийн жишиг байдаг юм билээ.
Тиймээс бид дэлхийн жишигт хүрсэн Зүрхний төв ажиллуулж байгаа учраас эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Тухайлбал, Тайванийн Үндэсний их сургуульд зүрхний мэс заслын хоёр жил сургалтад эмч нараа хамруулж одоо ч хоёр эмч суралцаж байна. БНСУ-ын Сөүлын их сургуулийн эмнэлэгт хүүхдийн зүрхний мэс заслын чиглэлээр зургаан сараас нэг жилийн хугацаатайгаар эмч нараа сургасан. Мөн манай эмнэлэгт жил бүр Люксембург, Франц, Солонгос, БНХАУ-ын 10 гаруй мэс заслын баг ирж ажиллаж байна. Энэ мэтчилэн олон жилийн хамтын ажиллагаа, бүх талын оролцоог хангаснаар эмч мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдсээр байна. Зөвхөн гадагшаа явж сурснаар ур чадвар нэмэгдэнэ гэж харж болохгүй учрааас ажлын байран дээр сургах ажлыг зочин профессорын багуудтай хамтарч хийдэг. Энэ арга барил ихээхэн үр дүн өгч байгаа. Өөрөөр хэлбэл, гадны мэргэжлийн баг манай нөхцөлд, байгаа орчинд нь хамтарч мэс засал хийх нь илүү өгөөжтэй.
 

Хөрөнгө оруулалтын нөлөөгөөр тусламж үйлчилгээний төвлөрөл саарах ёстой


-Сайн эмч байж болох ч технологийн дэвшил, шинэчлэл алга гэдэг шүүмжлэл гардаг. Нэг үеийг бодоход техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байгаа ч хангалтгүй байна уу гэж анзаардаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тус эмнэлгийн хөгжилийн стратеги төлөвлөгөөний хүрээнд тоног төхөөрөмжийг сайжруулах шат дараатай ажлуудыг хийхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж ажилладаг. Үр дүнд нь хүнд хавсарсан эмгэгтэй тохиолдлуудыг эмчилж, гадагшаа явах урсгалыг бууруулж байгаа.
Нөгөөтэйгүүр “Монгол Улсын Зүрх судасны төв” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл Люксембургийн их гүнт улсын буцалтгүй тусламжаар 20 жил тасралтгүй хэрэгжсэнээр 21 аймаг есөн дүүргийн үндэсний хэмжээний зүрх судасны тогтолцоог бий болгож чадсан. Тэгэхээр зүрхний эход харуулахын тулд хөдөө орон нутгаас гуравдугаар эмнэлгийг зорьдог үе ард үлдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд MN кардио буюу Монголын зүрхний сүлжээ бий болсон юм. Энэ төслийг амжилттай, хариуцлагатай 20 жил хэрэгжүүлсэн учраас дахин таван жил сунгасныг онцолмоор байна.
-Бүхий л салбарт хөрөнгө оруулалтын асуудал тулгардаг. Танай салбарт  ч мөн ялгаагүй технологийн шинэчлэл болон эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэхэд санхүүжилт шаардагдана. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Тархины цус харвалт, зүрхний шигдээс төсөл манай эмнэлэг дээр сүүлийн 10 жил хэрэгжиж байна. Төслийн хүрээнд манай эмнэлэг олон улсын стандартад хүрсэн тархины цус харвалт, зүрхний шигдээсний цогц тусламж үйлчилгээг үзүүлэх төв болж чадсан.
Одоогоор орон нутгуудад бүсчилсэн байдлаар мөн Улаанбаатар хотын дүүргүүдэд тархины цус харвалт, зүрхний шигдээсний жижиг, бичил төвүүдийг байгуулах хэрэгтэй байна. Учир нь эдгээр өвчин хүний амь нас эндэг өндөр эрсдэлтэй. Тиймээс хамгийн ойр байрлах эмнэлэгээс шууд тусламж үйлчилгээ авах ёстой. Бүр тодруулбал, зүрхний шигдээс болсон, харвасан өвчтөнөө гуравдугаар эмнэлэгт авчирдаг байдлыг халах цаг хэдийнээ болсон.
Нөгөөтэйгүүр, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 21 аймгийн эмнэлэгт компьютер томографийн аппарат тавигдсан. Тэнд эмч нар маш богино хугацаанд тархины компьютер хийгээд өвчтөний харвалтыг оношлох боломжтой. Зарим аймгууд, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд Ангиографийн лабораторитой болсон. Тэгэхээр зүрхний шигдээс оношлогдвол хүлээж аваад эмчлэх боломж бүрдсэн.
Гэтэл одоо болтол манай эмнэлгийн тархины харвалт, зүрхний шигдээсний ачаалал буурахгүй байна. Тиймээс аймаг болон бүсэд хийсэн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр тусламж үйлчилгээний төвлөрөл саарах ёстой. Хамгийн гол нь тоног төхөөрөмж нь бэлэн болсон ч хүний нөөцийн хувьд чадавхжуулах шаардлага бий. Мөн эмнэлгийн болон өндөр өртөгтэй мэс заслын хэрэгслийг тасралтгүй хангах бодлого, дэмжлэг чухал. Тухайн бүс нутагт ямар өвчлөл их байна, тэр чиглэлд хөрөнгө оруулалтуудыг бодлогоор хийвэл монгол хүн эрүүл мэндийн шалтгаант эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх боломжтой.
 

Өнгөрсөн оны судалгаагаар 20 тэрбум төгрөгийн урсгалыг зогсоосон


-Гуравдугаар эмнэлэг зөвхөн тархины болон зүрхний өвчлөлд сайн гэгддэг шүү дээ. Зөвхөн энэ чиглэлээр илүү мэргэшсэн байх. Гэхдээ улсын томоохон эмнэлгийн нэг учраас бүхий л эмчилгээ, оношилгоог хийж байгаа гэж ойлгосон?
-Гуравдугаар эмнэлгийн хувьд олон чиглэлд шинэ технологиуд нэвтрүүлсэн. Түүгээр ч барахгүй Хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулж, эмч мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулан элэгний болон ходоодны хавдрын мэс заслыг амжилттай хийж эхэлсэн. Цаашид мэс заслын эмч нараа илүү нарийн мэргэшүүлж, чадавхжуулахын зэрэгцэээ урологи, бөөр, шээсний замын хавдруудын мэс заслыг өрөгжүүлхээр зорьж байна.
Мөн нүдний мэс засал, торлог бүрхүүлийн эмгэгүүд, нүдний хавдрын мэс засал болон хүүхдийн нүдний эмгэгүүд, торлогийн хавдрын мэс заслыг амжилттай хийж, шинэ технологиудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн энэ онд олон улсын эмч нарын нисдэг эмнэлэг буюу “Орбис” Монголд ирнэ. Дэлхийн өндөр түвшний эмч нарыг маш өндөр шалгуураар сонгож авдаг сайн санааны эмч нарын үйлс юм. Онгоцондоо хичээл сургалт нь явагдаад гуравдугаар эмнэлэг дээр гол хагалгаанууд нь хийгдэнэ.
-Та яриандаа гадагш гарах урсгалыг бууруулж байгаа талаар дурдсан. Магадгүй хэдий хэмжээний мөнгөний урсгалыг дотооддоо үлдээсэн бол. Тооцоо байдаг уу?
-Өнгөрсөн оны судалгаагаар 20 тэрбум төгрөгийн урсгалыг зогсоосон гэсэн дүн гарсан байгаа. Гэхдээ бидний хийсэн мэс заслыг гадаадад хийсэн бол нэг удаагийнх нь 20-50 мянган ам.долларын өртөгтэй. Ялангуяа тархины болон зүрхний судас дотор хийгдэж байгаа нарийн мэс заслууд 100 мянган ам.доллараас дээш өртөгөөр хийгддэг. Ингээд тооцвол өвчтөндөө ч зардлын хэмнэлт гаргаж байгаа нь бидний ажлын амжилт. Эх орондоо дэлхийн түвшний хагалгааг нутагшуулахаар бид хичээнгүйлэн ажиллаж багаггүй амжилтад хүрсэн.
Сүүлийн гурван жилд оношилгоо, эмчилгээний 16 чиглэлийн 55 шинэ технологи нэвтрүүлсэн байна. Бид салбартаа шинэ технологи нэвтрүүлэгч байгууллагаар  манлайлж байгаагийн үр ашиг нь монголчууд эх орондоо өндөр түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломжийг улам бүр бүрдүүлсээр байна.
-Хамгийн сүүлийн үеийн технологиор оношлуулахыг өвчтөн хүсдэг. Харин үүнийг нэвтрүүлэхэд санхүүжилт хэрэгтэй шүү дээ. Үүнийг хэрхэн шийддэг вэ. Түүнчлэн эмчилгээний шинэ арга нэвтэрлээ гэхэд цаг алдалгүй нутагшуулах боломж бий юу?
-Сүүлийн гурван жилд 16 чиглэлийн 55 технологи нэвтрүүлсэн гэдэг маань яг одоо хийж байгаа хагалгаануудаа илүү сайжруулж, цоо шинэ оношилгоо эмчилгээний арга нэвтрүүлсэн гэсэн үг. Энэ дээр тухайн эмнэлэг санхүүжилтээ өөрөө дааж, эрсдэлээ ч мөн хүлээж ажилласан тал байгаа.
Саяхан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг бодлогын хүрээнд Эрүүл мэндийг дэмжих сангаас оношилгоо эмчилгээний шинэ технологиудыг нэвтрүүлэх санхүүгийн дэмжлэг өгөх шийдвэр гаргасан. Энэ нь Засгийн газраар ороод тусгай сангийн зардлаас Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчин буюу жагсаалтад ороогүй олон өвчнийг эмчлэх чадамжийг бүрдүүлэх, техник технологи, санхүүгийн дэмжлэг туслалцаа авах, эмч мэргэжилтнүүдийг сургах санхүүжилтийн төслүүд дээр дэмжихээр болсон. Ингэснээр эмнэлгүүд технологийн шинэчлэлийн төслүүдээ бичээд санхүүжилтээ авах боломж нээлттэй болж байгаа юм.
-Манай эмч нар чадвараараа дэлхийд үнэлэгдэх болсон. Танай эмнэлгээс гадны улсад уригдан ажиллаж байгаа эмч нар бий юу?
-Манай эмнэлэгт олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн, гадаад оронд ажиллах эрх бүхий дипломоо үзүүлээд ажиллах бүрэн боломжтой эмч нар цөөнгүй бий. Тухайлбал, манайд Казакстан, Гүрж болон европын улсуудад ажиллах эрхтэй зүрхний хэм судлалын эмч нар байна. Мөн тархины судсан доторх оношилгоо эмчилгээний чиглэлээр ОХУ болоод Германы эрдэмтэдтэй хамтарсан мэс засал хийсэн гээд олон сайн эмч нартай. Гэхдээ манай эмч нар эх орондоо ард түмэндээ тусламж үзүүлэх хүсэл зорилго нь илүү их байдаг нь бахархалтай.
-Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж бага байгааг бүгд мэднэ. Хэдийгээр монгол хүний эрүүл мэндийн “манаач” гэгдэж байгаа ч хувь хүнийхээ хувьд нийгмийн амьдралаас хол байхгүй шүү дээ. Та эмнэлгийн удирдлагаар ажиллаж байгаа хүний хувьд цалин хөлс, шагнал урамшуулал, ахуй хангамжийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Би эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил, тэр дундаа сүүлийн 10 жил Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байна. Удирдлагын түвшнээс харахад зайлшгүй цалин хөлс өндөр байж эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарт,  эмнэлэгтээ тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ. Төр засгаас цалин хөлсийг нь нэмэгдүүлэх бодлого бариад 10-20 хувиар нэмж байгаа ч өнөөдрийн Монголын эрүүл мэндийн салбарт эмч нарын гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй харьцуулахад үнэхээр бага.
Манай эмч нар бусад улс оронд 50, 100, 200 мянган ам.долларын үнэтэй хийгддэг хагалгааг дэлхийн түвшинд дуйцэхээр хийдэг ч  сард ердөө л хоёр сая төгрөг хүрэхгүй цалинтай байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг нэмэх зайлшгүй шаардлагатай. Хүн эрүүл байж ажиллана. Харин аль ч салбар хүний хүч, хөдөлмөрөөр хөгждөг. Эцэстээ энэ бүхэн улс орны хөгжлийг тодорхойлно л доо.
 

Эмийн чанарын хяналтыг улам чангаруулах шаардлагатай


-Эм эмнэлгийн хэрэгсэл, эмийн үнэ өндөр байгаа нь иргэдэд эдийн засгийн дарамт учруулдаг. Нөгөөтэйгүүр үнэтэй авсан эм нь хуурамч, үр нөлөөгүй байгаа талаар яригдах боллоо?
-Монголд эмийн бодлого эм, эмнэлгийн хэрэгслийн хууль хэрэгжиж байгаа боловч зах зээлийн нийгэмтэйгээ уялдуулан сайжруулах, шинэчлэлийн бодлого чухал. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарын эм эмнэлгийн хэрэгслийн хангалтын үйл ажиллагаа 100 хувь эм ханган нийлүүлэгчдээс хамааралтай байна. Манай улсад улсын мэдлийн эмийн үйлдвэр байхгүй, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц сан байхгүй. Ер нь хуурамч эм, чанаргүй эм гэсэн асуудлууд маш их гарч байна. Эмийн чанарыг шинжилж тогтоодог үндэсний хэмжээний лабораторийн чадавх нь сул.
Эм гэдэг хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй. Гэтэл хэн дуртай нь, хаанаас ч эм оруулж ирж зардаг болсноос үүдэн эмийн замбараагүй хэрэглээ бий болсон. Одоо иргэд дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн сонгож байгаа юм шиг эм авч хэрэглэж байна. Тиймээс эмийн зохистой хэрэглээнд онцгойлон анхаарч улсын хэмжээний нэгдсэн тогтолцоотой болох ёстой.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмнэлгүүд нэг л эх үүсвэрээс эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бүтээгдэхүүнээ татан авдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Тэгэхгүй бол дуртай үнээрээ зардаг, үнэ багатай нь үйлчилгээ багатай зэрэг асуудлууд гарсаар байна. Тиймээс эмийн чанарын хяналтыг улам чангаруулах шаардлагатай.
-Монголчууд зүрх, тархи, амьсгалын замын өвчлөлөөс үүдсэн нас баралт нэмэгдсээр байна гэх юм?
-ДЭМБ-ын жил бүрийн тоон мэдээнээс харахад зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин, халдварт бус өвчнүүд хавдар, амьсгалын замын архаг өвчнүүд дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Монголын хувьд ч агаарын бохирдол, машины угаар, уул уурхайгаас үүдэлтэй уушгины хавдар үүсгэх өндөр эрсдэл бий болж байна. Уушгины завсрын эдийн эмгэгүүд өдрийн од шиг цөөн оношлогддог байсан бол өнөөдөр өдөр тутамд оношлогдож байна. Уушгины эмч хүний хувьд судалгаа шинжилгээнүүдийг харж байхад уушгины архаг бөглөрөлт өвчин дэлхийн хүн амын нас баралтын зургаадугаарт эрэмбэлэгддэг байсан бол одоо гуравдугаар байрт орсон. Тэгэхээр дэлхий нийтээрээ уушгины өвчлөлд зайлшгүй анхаарах шаардлагатай болж байна.
Монголын хүн амын 38 хувь буюу 1.5 сая хүн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдахад 70 гаруй хувь нь 3-5 төрлийн өвчлөлтэй гарсан судалгаа мэдээллэгдсэн. Тэгэхээр иргэдээ эрт оношлох, эмчлэх чиглэлд анхаарах шаардлагатай. Хувийн хэвшлийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ тарифаа буулгаж тодорхой хугацаанд иргэдийг эрүүлжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажиллаасай гэж эмч хүний хувьд боддог. Тэгж чадвал олон хүнд тусалж, эрт үед нь оношлох, эрсдэлийг тодорхойлж эмчилгээ оношилгоон дээр анхаарах боломж бүрдэнэ.
 

Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдсан нь том дэвшил

 
-Тэгвэл төрийн бодлогын түвшинд ямар гарц гаргалгаа байна вэ. Системийн өөрчлөлт хийх тухай ярьсаар байгаа ч үр дүн харагдахгүй байх шиг?
-2017 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх  хоёр үе шаттай төсөл хэрэгжсэн.
Төслийн хүрээнд Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үндсэн өмчлөгчөөр, олон нийтийн төлөөлөл, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл, эмч, сувилагч, ажилчдын төлөөлөл гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөлтэй, менежментийн хувьд хагас бие даасан байдлаар ажиллах эмнэлгүүдийг сонгосон.
2016 онд эмнэлгийн тусламжийн тухай хууль батлагдаж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв гэсэн гурван эмнэлэг анхны бие даасан байдлын төслийн туршилтын эмнэлэг болж, гүйцэтгэлээрээ санхүүжих үйл ажиллагаа эхэлсэн. Төсөл хэрэгжих явцад хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийг ижил тарифаар санхүүжүүлсэн  нь хүндрэлтэй байдалд хүргэсэн.
Шинэ тогтолцоо руу шилжихэд тодорхой хэмжээний эрсдэл, алдаа оноо гарна, цаг хугацаа шаардана. Тэгэхээр тодорхой хугацааны дараа голдиролдоо орох болов уу гэж найддаг.
Ер нь эмнэлгийн бие даасан байдал, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог бүрэн утгаар нь нэвтрүүлж, хяналттайгаар ажиллуулснаар эмнэлэг өөрсдөө хөгжих, бие даах бололцоо бий болно. Гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг болвол тоног төхөөрөмжөө засах, шинэчлэх, баталгаат засвар үйлчилгээг нь хийлгэх, шинэ технологиудыг нэвтрүүлэх, эмнэлгийн хэрэгслээ худалдаж авах чадамжтай болно. Хамгийн гол нь эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг нэмэх, бүтээмжийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ.
-Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил ямар замаар явж байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын ерөнхий чиглэл бодлого, тогтолцооны хувьд зөв зам руугаа орсон гэж боддог. Гэхдээ гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог илүү боловсронгуй болгох, чанаржуулах, хяналтыг нь сайжруулах шаардлагатай. Салбарын бодлогын гол шинэчлэл болсон Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдсан нь маш том дэвшил. Бид өвчилсөн хүмүүсээ л эмчилдэг байсан бол одоо эрүүл хүмүүсээ хамгаалах, эрт оношилгоо, шинжилгээнд хамрагдах, эрүүл зан үйлд сургах, эрүүл амьдралын хэвшилд дадах аргыг бүх түвшинд сургах, хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрэн бүрдлээ.
-Манай улсын Зүрхний төв нөөц боломж, ур чадвараараа дэлхийд биш юм гэхэд Азидаа үнэлэгдэх түвшинд хүрч хөгжжээ гэсэн бодол төрж байна. Та бүхэн ирээдүйд хүрэх зорилгоо хэрхэн тодорхойлж байна вэ?
-Манай эмнэлгийн ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна гэдэгт бүрэн итгэдэг. Засгийн газар Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв барихаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ оны тавдугаар сард барилгын ажил эхэлнэ. Дэд бүтэц газар доорх шугам сүлжээний ажлуудыг 2.3 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон улстай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан Монгол Улсын Зүрх судасны төвийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон. Эрүүл мэндийн яамны харьяа улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн хүн амын 70-80 хувь нь дундаас доош орлоготой манай орны хувьд эдийн засгийн эрсдэл хүндрэлгүйгээр Зүрх судасны үндэсний төв баригдсанаар монгол хүний өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон зүрхний өвчлөл, тархины харвалт, эрсдэл, нас баралтыг бууруулах боломжтой. Тэгэхээр улсын мэдлийн Зүрх судасны үндэсний төв байгуулагдаж байж нийт иргэддээ эрүүл мэндийн даатгалын хүрээнд тэгш хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэнэ. Хэрэв хувийн хэвшлийн Зүрх судасны үндэсний төв байгуулагдлаа гэж бодоход тэнд зөвхөн эдийн засгийн боломжтой тодорхой түвшний хүрээллүүдэд үйлчлэх хязгаарлагдмал үйл ажиллагаа хэрэгжих учраас энэ нь ДЭМБ-аас тавьсан гол зорилготой нийцэхгүй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (7279)скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

Өнөөдөр, 15:11

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

30/09/2024, 20:29

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо

30/09/2024, 20:25

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

30/09/2024, 20:10

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

30/09/2024, 11:34

Д.Дуламсүрэн: Аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна

30/09/2024, 11:32

МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

30/09/2024, 11:30

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

30/09/2024, 11:28

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

30/09/2024, 11:26

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

30/09/2024, 11:23

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

25/09/2024, 09:53

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

25/09/2024, 09:51

“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохирчээ

25/09/2024, 09:49

"Баавгай болохсон" киног улс төрийн зорилгоор цензурдэж байна"

25/09/2024, 09:48

“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

25/09/2024, 09:47

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа

25/09/2024, 09:45

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 20:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

18/09/2024, 20:20

Зуслангийн бүсийг Шаргаморьт хот, Партизан-Жаргалант тосгоныг хотын хүнсний хангамжийн хөнгөлөлттэй бүс болгоно

18/09/2024, 20:17

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

18/09/2024, 20:16

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байраар урагшилжээ

18/09/2024, 20:13

Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

18/09/2024, 13:52

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 13:48

Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

18/09/2024, 13:46

Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна

18/09/2024, 13:44

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

17/09/2024, 12:10

ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

17/09/2024, 12:06

Өнөөдөр болох үйл явдлууд

17/09/2024, 12:03

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ

17/09/2024, 12:01

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

17/09/2024, 11:57

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19