Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?
Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлтгэсэн аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, хойд болон зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын дунд үед ихэнх нутгаар дулаан байх ч гэнэт хүйтэрч, салхи шуурга ихтай байх магадлалтай байна. Иймд малчид дулаан өдрүүдийг ашиглан хадлан тэжээлээ бэлтгэж, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг шуурхай хийж дуусгах, хураасан үр тариа, төмс хүнсний ногоог хайрагдахаас хамгаалах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн нойтон цас орох үед зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлийг тооцоолж, хол замд гарахын өмнө цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг авч ашиглахыг анхааруулж байна.Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.Хур тунадасны хувьд Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд сэрүүн байх төлөвтэй байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байж болзошгүй. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр сэрүүн байх төлөвтэй байгаа аж. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.Зүүн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджын орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар хур тунадас дунджийн орчим орох төлөвтэй. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан. Харин нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй. Мөн нэгдүгээр арав сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд хур тунадас орж, салхи ширүүсч болзошгүй байна.Говийн аймгуудын нутгаа: Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, зарим газраар шороон шуурга шуурч болзошгүй байна.
Эх сурвалж:www.polit.mn
Эх сурвалж:www.polit.mn




