iNet.mn дагах

Ж.Гүррагчаа: Нисэж байхдаа анхны үүрийн туяаг Номхон далай дээр харж байлаа

Монгол хүн анх сансарт ниссэний 40 жилийн ойн энэ өдөр Монголын сансрын нислэгийн анхны багийн гишүүд тэртээ он жилүүдийг “Тэмүүлэл” нэвтрүүлгээр дурсан ярьж байна. 

Монголын сансрын нислэгийн анхны багийн гишүүд бол БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч М.Ганзориг, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог, Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавьяат эмч, академич багийн эмч Л.Лхагва, Монгол Улсын гавьяат нисэгч агсан Д.Сүрэнхорлоо нар юм. Ярилцлагад Ж.Гүррагчаа, С.Сайнцог, Л.Лхагва нар оролцсон нэвтрүүлгийн 2 дахь хэсгийг хүргье.

Ж.Гүррагчаа: Монголчууд билгийн нүдээрээ аль эрт сансарт
байсан хүмүүс гэж ойлгодог

-ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийг яагаад заавал 3 дугаар сарын 22-ний өдрийг сонгон хийсэн юм бол?
Ж.Гүррагчаа: -Тэгэхээс өөр аргагүй юм. Москвагийн цагаар цаг минутыг нь хүртэл нарийн төлөвлөж байсан. Хөлөг маань 17 цаг 58 минут 59 секундэд хөөрсөн. Бид сансарт байгаа Владимир Ковалёнок ахлагчтай "Салют-6-Т-4" сансрын станцтай холбогдох ёстой. Энэ цаг хугацаа нь 2-3 дугаар сард нэг удаа тохирч байсан. Тийм учраас 3 дугаар сарын 22-ны өдрийг сонгож ниссэн юм. Өөрөөр хэлбэл, бид 23-нд  хөөрсөн бол сансрын станцтайгаа холбогдож чадахгүй байсан гэсэн үг.
-Эх дэлхийгээс сансрын уудамд хөөрөхөд бэлтгэл сургуулилт хийж байснаас өөр байсан уу?
Ж.Гүррагчаа: -Яг л бэлтгэл сургуулилт хийж байгаа юм шиг санагдсан. Сансрын гараанд гараад тойрог замд ортол газрын станцаас өгч байгаа үүрэг даалгаврууд л сонсогдоод байна. Сансрын тойрог замд орсны дараа Байконур орчимд байсан "Салют-6" сансрын станцаас холбогдож байгаа юм. Нислэг, сургуулилтын ялгаа гэвэл жингүйдлийн хувьд сансарт бол шал өөр, амаргүй байсан.  Хүн жингүйдэж үзэх юмсан, бие хөнгөрөөд гоё байхдаа гэж ярьдаг. Тэгвэл жингүйднэ гэдэг цаанаа бас ярвигтай, дэгээтэй ажил.
-Дэгээтэй гэдэг нь? 
-Тэнд дасахгүй, тэнцвэрийн ажиллагаа тааруухан хүн бол тэгсхийгээд ажиллах чадвараа алдана. Тэгээд хөдөлгөөнгүй болоод царай зүс нь хачин болоод нэг буланд сууж байхаас өөр аргагүй. Хүний зүрх ажилладгаараа ажиллана. Газрын татах хүч байхгүй учраас хамаг цусыг нь толгой руу шахаж орхино. Минчийсэн улаан юмнууд харагдана. Тийм нөхцөлд ажиллана, судалгаа тооцоогоо хийнэ, зураг авч газар дэлхий рүү дамжуулна.
-Та хөлгийн цонхоор харах зав байгаагүй гэж өмнө нь хариулж байсан гэсэн. Энэ талаараа тодруулна уу? 
-Сансарт хөөрөх үед шөнө байсан. Ингээд миний хувьд сансрын уудмаас дэлхий ямар харагдах бол гэж их бодож, хоёр удаа цонх руу хялам хийхэд хөлгийн ахмад болохгүй, юу ч харагдахгүй гэж сануулсан. Эх орноо харах юмсан, Улаанбаатар ямар харагдах бол гэж бодож байсан. Гэхдээ сансарт байгаа хүн нутаг орон, аймаг сум гэхээсээ илүү эх дэлхийн тухай их бодож явдаг юм болов уу гэж бодсон. Анхны үүрийн туяаг Номхон далай дээр харж байлаа.  
-Сансрын уудмаас дэлхийг олж харсан анхны сэтгэгдэл ямар байв? “Уяхан замбуу тив” гэж монголчууд ямар гайхамшигтайгаар нэрлэж дуундаа мөнхөлсөн юм бол гэж гайхаж байсан гэдэг..? 
-Дэлхий яг л нэг нялх цэнхэр яргуй шиг харагдсан. Бөв бөөрөнхий, цэв цэнхэр. Ер нь дэлхийг сансрын уудмаас харсан монгол хүн “Уяхан замбуу тив” гэж уулга алдмаар тийм л байсан. Уяхан замбуу тив гэдэг бол монголчуудын ойлгож байгаагаар хорвоо дэлхий л гэсэн үг. Ингэж яруу онож хэлэх нь дэлхийг холоос харсан хүний сэтгэлд буух үг болов уу гэж боддог. Тийм учраас монголчууд бол билгийн нүдээрээ аль эрт сансарт байсан хүмүүс гэж ойлгодог. 
-Сансарт нэг хоногт 17 удаа өдөр шөнө солигддог гэж байгаа. Тийм нөхцөлд хэзээ нь унтаж, хэзээ нь ажлаа амжуулах вэ? 
-Яг Москвагийн цагаар ажиллаж байсан. Өглөө 08:00 цагт босоод орой 22:00 цагт унтах байдлаар ажлаа зохицуулна. Хоол ундаа ч гэсэн тэр цагаараа идэж ууна. Яагаад өдөр шөнө хурдан солигдоод байна гэхээр дэлхийн наран талд явахаар өдөр, сүүдэр талд нь гарахаар шөнө болж таарна. Шөнө богино. Хамгийн урт шөнө нь 35 минут. Зарим тохиолдолд байнга нартай байх ч үе бий. 
-Сансарт 7 хоноод дэлхийг 124 удаа тойрохдоо ямар ямар судалгаа туршилт хийж байсан талаар хүүхэд залуучууд тэр бүр ойлголтгүй байх. Энэ талаараа Та тодруулна уу? 
-Ерөнхийд нь манай сансрын багийн судалгаа туршилтыг 3 төрөлд хувааж болно. Мэдээж нэгдүгээрт, технологийн судалгаанууд хийгдэнэ. “Алтай” 1-2, “Эрдэнэт” 1-2 гэсэн туршилт судалгааны ажлыг хийж байсан. Хоёрдугаарт, биологийн судалгаанууд. Одоо ч гэсэн сансрын нисэгчид энэ талаар судалж л байгаа. Судалгааны нэг объект нь сансрын нисэгч өөрөө байдаг. Хоол унд ямар байх, бие организмд гарч байгаа өөрчлөлт гээд бүх зүйлээ хянаж тэмдэглэж байх ёстой. Гуравдугаарт, бид Монгол орны газар зүйн онцлог байдал, агаарын бохирдлыг судлах, ашигт малтмалын орд газруудыг олж тэмдэглэх, газрын гадаргуу дээрх хагарлуудыг судлах байсан. 
Манай улсын газар нутаг нэлээд идэвхтэй хагарлын бүсэд оршдог. Яагаад гэхээр Байгаль нуур, Хөвсгөл нуурыг дагасан эртний хагарлууд бий. Өргөн нь хэдэн 10 км үргэлжилнэ. Газар дээр байгаа хүн түүнийг ажиглаж чадахгүй. Харин сансраас бол дурайтал харагддаг. Тэр хагарлуудын огтлолцож байгаа цэгүүдийг олж тэмдэглэнэ. Нэг нь Эрдэнэтэд байхад нөгөөх нь Оюу толгой дээр байх жишээтэй. Тэр их хагарлуудын огтлолцол дээр ашигт малтмалын орд газар байх боломжтой гэж үздэг. Нефть, хий, төмрийн хүдэр, нүүрс, зэс, алт гээд юу ч байж болно. Тэгэхээр тэр болгоныг тэмдэглэж авах шаардлагатай. Тухайн газруудын зургийг нягт авах хэрэгтэй. Тэр бүгдийг бид хийсэн. 
-Ингээд эх дэлийхийгээ тойроод даалгавруудаа гүйцэтгэж дуусаад эх дэлхий рүү бууна гэдэг бас том даваа биз? 
-Тэгэлгүй яах вэ. Хөөрөх, буух хоёрын аль нь хэцүү вэ гэж хүмүүс асуудаг юм. Буух нь хэцүү. Яагаад гэхээр хүн хөөрөхдөө бэлтгэл сургуулилт ханаад торгон ирэн дээрээ явна. Олимпын наадамд оролцох гэж байгаа тамирчин жингээ, бэлтгэлээ тааруулаад очдог шиг л сансрын замд гарна.
Харин сансарт олон хоног ажилласан хүн ямар нэгэн байдлаар сульдах, эрч хүч нь муудах гээд бие мах бодь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байна. Тухайлбал, жингүйдлийн нөхцөлд удаан байсан учраас миний өндөр 3 см-ээр өссөн. Яагаад гэхээр хүний нурууны яс хоорондох зөөлөн эд нь даралт байхгүй учраас сунах, хөөх байдлаар томорсон хэрэг. Энэ мэт биеийн ерөнхий үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Техник талаасаа ч гэсэн хүндрэлтэй зүйлүүд байж таарна. Хөөрөхдөө сансрын хөлөг гадна талаараа дулааны хамгаалалтай, ямар нэгэн саад бэрхшээл тулгарлаа гэхэд аврах хөдөлгүүрүүд нь бүгд ажиллана. Харин бууж ирэхэд тэр бүхэн байхгүй гэхээр эрсдэл их. 
-450 км-ийн өндөрөөс ямар хурдтай бууж ирэх вэ. Яг оносон буух газраа газардах боломжтой юу? 
-Хаана буухаа тооцно. Хүн ам багатай Казахстаны уужим талд буухаар тооцсон. Буухдаа хаана тоормос гишгэх, хурдаа сааруулах, шүхрээ дэлгэх гээд олон үйлдэл гүйцэтгэнэ.
-Зурагтаар харж байхад галтай бууж ирдэг. Хөлгийн дотор гал хэр  мэдрэгдэх вэ? 
-Мэдрэгдэнэ. Халуун, хүйтэн, дуу чимээ гээд бүх зүйл мэдэгдэнэ. Хөөрөх үед харьцангуй гайгүй. Буухад харин их мэдрэгдсэн. Яагаад гэхээр хөлгийн давхар хамгаалалтууд байхгүй болсон учраас тэр. Дууны хурдыг давж байгаа тэр мөч бол их тодорхой мэдрэгдэнэ. Угаалгын нидрүүлэг дээр суулгаад, аль эсвэл арьсан дээр суулгаад чулуун дээгүүр чирээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. 
Бид дэлхийн хаана ч бууж болох тул сансрын нисэгч бидэнд НҮБ-ын 5 хэл дээр бичсэн үнэмлэх өгдөг. Биднийг буухад таарсан хүмүүс тусламж үзүүлэхийг хүссэн тийм агуулгатай үнэмлэхтэй.
-Бууж ирэх хугацаа ямар байсан бэ? 
-Хөөрөх хугацаа маш тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, сансрын тойрог замд орох хугацаа ердөө 9 минут. Харин бууж ирэх хугацаа тийм тодорхой биш. Ямар өнцгөөр дэлхийн татах хүчинд орж ирэх вэ гэдгээс их хамаарч байгаа юм. Эгц  босоо орж ирвэл халах аюултай, хэт налуу орж ирвэл агаар мандал руу нэвтэрч чадахгүй буцаад шидэгдэх аюултай. 14.40 цаг минутад буух ёстой. Тэр цагтаа товлосон газраа буусан. Хэдий хугацаанд бууж ирснээ нарийн санахгүй байна. 
-Сансрын хөлөг газардахад гадна талаас нь онгойлгож нисэгчдээ буулгаж байсан. Түлхүүр нь энд байгаа хүмүүст байсан хэрэг үү. Та бүхэн дотроосоо онгойлгох боломж байсан уу? 
-Дотроос нь онгойлгох боломж бий. Тэгж байсан тохиолдлууд ч байгаа. Ер нь Зөвлөлтийн сансраас буух төхөөрөмжүүд хуурай газар дээр ч, усан дээр ч аль алин дээр нь буух чадвартай. Ямар ч тохиолдолд эх дэлхий дээр газардах ёстой. Бидэнд НҮБ-ын 5 хэл дээр бичсэн үнэмлэх өгдөг. Дэлхийн хаана ч буусан бидэнтэй таарсан хүмүүс тусламж үзүүлэхийг хүссэн тийм агуулгатай үнэмлэхтэй. Далай дээр бууж болно, АНУ, БНХАУ гээд хаана ч бууж болно. Тийм учраас бүх бэлтгэлийг хангадаг.
-С.Сайнцог хурандааг хойно бэлтгэл сургуулилт хийж байгаад эх орондоо ирэхэд ямар ажил албанд томилж байв?
С.Сайнцог: -Би 1977 онд сансрын сонгон шалгаруулалтад орохдоо МАХН-ын гишүүн, ахмад цолтой, БХЯ-ны Инженерийн хэлтэст ахлах офицерын алба хашиж байсан. Хуучин хийж байсан ажил дээрээ ирсэн. Тэр үед хойно сансрын бэлтгэл сургуулилт хийж байгаад ирсэн тухай, тэнд ямар байсан тухай тэр бүр яриад байхгүй. Ерөнхийдөө нууц хэвээрээ. Гүрээг нисээд ирсний дараа л яригдаж эхэлсэн. 
Ж.Гүрррагчаа: -Тухайн үед манай Сайнцог, Сүрэнхорлоо хоёр намын гишүүн байсан. Намын гишүүн гэдэг бол том хөзөр. Гэтэл намын орлогч гишүүн, эвлэлийн үүрийн гишүүн хоёрыг нь авч үлдээд намын гишүүдээ нааш нь татсан байгаа юм. 
С.Сайнцог: -Тухайн үед энэ хоёрыг аваад ирсэн бол уйлна гээд намын ахмад гишүүдээ татсан байх. (инээв).

Ж.Гүррагчаа, М.Ганзориг нараас гадна В.А. Жанибеков, Владимир Ляхов нарын гарын үсэгтэй, Монгол хүн сансарт нисэхэд зориулан гаргасан “Болор” архи одоо надад хадгалаастай бий

-Монгол хүн сансарт нисэх болсон тухай мэдээлэл сонсоод энд бөөн хөл хөөр  баяр болж, радио, телевиздээ чих тавьж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр үед танд бас л тийм догдлол хүлээлт байсан бэ? 
С.Сайнцог: -Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би тэнд (ЗХУ-д) тодорхой хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн болохоор зах зухаас нь гадарлаад л байгаа юм. Яг сансарт нисэх мөчид би Дорноговь аймгийн Зүүн баянгийн цэргийн ангид сургуулилт хийнэ гээд галт тэргэнд явж таарсан. Эцсийн мөч хүртэл Гүрээ, Ганаа хоёрын хэн нь нисэх вэ гэдэг үндсэндээ тодорхойгүй байсан. Ингээд радиогоор Гүррагчаа нислээ гэх мэдээллийг сонсоод маш сайхан байсан. Бидний үеийнхэн гэдэг бол дайны хүнд жилүүдэд төрж, өссөн, өмсөж зүүх, идэж уухаар хангалуун байгаагүй. Эрчимтэй хөгжлийн он цагт өсөж өндийсөн болохоор бас ч юм үзсэн толгойнууд гэж боддог.
Сансрын нисэгч бэлтгэх сургуульд явсан 4 хүний нэг нь гэхээсээ илүүтэй бидний үеэс сансарт нисчихлээ шүү гэж бодоход хүртэл сайхан байдаг. Би найзаараа бахархдаг, баярладаг. Бид тэр үед олдсон боломжийг ашиглаж чадсан. Өнөөдрийн залуучуудад бидний тавьсан тэр шатыг ахиулах боломж бий. Хичээгээсэй, цаг хугацааг битгий дэмий зүйлд зарцуулаасай гэж хүсдэг.
Тэрнээс гадна сонгон шалгаруулалтад ороод явж байхад бидний тархи, зүрх сансрын чиглэлд ажиллаж байлаа. Өөрсдөө тэр талын мэдээ мэдээллийг цуглуулах, олж мэдэх хүсэл эрмэлзэл их байлаа. 
Сонгон шалгаруулалтад орж байсан 13 залуу бүгд Их дэлгүүрийн хажууд байсан номын дэлгүүрээс ном авч байлаа. Зөвлөлтийн сансрын нисгэгчдийн гарын үсэгтэй тэр ном өнөөдрийг хүртэл надад бий. Тэр байтугай сансрын нисгэгчдэд зориулан гаргаж байсан чихэр байж байгаад алга болсон. Одоо нэг шил “Болор” архи бий. Тэр архин дээр мөн Ж.Гүррагчаа, М.Ганзориг нараас гадна В.А Жанибеков, Владимир Ляхов нарийн гарын үсгийг зуруулсан юм. 
-Их ховор цуглуулга байна даа. Уулгүй хадгалаад л байгаа гэсэн үг үү?
-Тиймээ. 40 жил дарсан байна. (инээв)
Ж.Гүррагчаа: -Чи тэр хөзөр хийсэн тухайгаа яривал их сониндоо. 
С.Сайнцог: -Бид нэг удаа Тэрэлжид очоод дээшээ харж хэвтээд “Хэн олон хиймэл дагуул олж харсан нь сансарт ниснэ” гэж хоорондоо яриад тоолоход Ж.Гүррагчаа хамгийн олныг олж харсан байдаг. Цанаар хамт гулгана, мөсөн дээр хоккей тоглоно. Ганаа Гүрээ хоёр нэг баг, Сүрэнхорлоо бид хоёр нэг баг болж байгаад тоглоно. Гутлын тосны саванд шороо хийж таглаж байгаад тоглодог байсан.  Зарим үед нууцаар зураг даруулж баримт цуглуулдаг байлаа. Анх шалгуулах гэж байхдаа 13-уулаа нэгдүгээр эмнэлгийн цонхоор гарч яваад Их дэлгүүрийн хажуу номын дэлгүүр орж зураг даруулсан. 
Энэ эхний зураг. Дараагийнх нь Улс төрийн товчооны хурлаар орчихоод талбайн баруун талд одоогийн ТЕГ байгаа тэр хавьд байсан нэг зурагчингаар сүүлд нислэгт шалгарсан 4 очиж зураг даруулж байлаа. Сүрэнхорлоо бид хоёр суугаад Ганаа, Гүрээ хоёр хойно зогсоод даруулж байсан. Сүүлд сансарт ниссэний 20 билүү 30 жилийн ойгоор бид дөрөв тэр байрлалаараа бас нэг зураг даруулсан. 


Хөзрийнхөө тухайд бид 4 хойно очоод жинхэнэ бэлтгэл сургуулилт эхлэхийн өмнө эмнэлгийн үзлэгт орох гээд хэд хоног зав чөлөөнөөс их юмгүй. Өдрийн цагаар эмнэлгээр, орой байрандаа ирээд хийх юм олдохгүй байсан хэрэг. Биднийг гадуур дураар нь явуулахгүй, Лхагва эмчид хөзөр захиад бас авчирдаггүй. Тэгээд нэг орой өөрсдөдөө байсан номоо ашиглаад хөзөр хийлээ. Дөрвүүлээ л гар бие оролцож үзсээр байгаад хийж дуусгаад тоглож байсан юм. Дөчин хэдэн жилийн настай тэр хөзөр одоо ч гэсэн надад байна.    
-Нэгдүгээр эмнэлгээс нууцаар гарч зургаа авахуулж байсан талаар Л.Лхагва эмч маргааш нь мэдсэн байдаг билүү? 
Л.Лхагва: -Ер нь эрүүл хүмүүсийг хорино, дэг журамтай байлгана гэдэг төвөгтэй ажил. Би гарч болохгүй, яг эндээ байж байгаарай гээд сувилагч, эмч нарт захиад явна. Гэтэл цонхоороо гарч яваад маргааш нь миний ширээн дээр 13-уулаа авахуулсан зургаа үлдээсэн байсан. 
С.Сайнцог: -Бэлтгэл сургуулилт эхэлчихсэн, бид Тэрэлжид байрлаж байлаа. Амьдрал үргэлжилж л байсан. Тухайн үед 12 дугаар сарын 1-нд Ж.Гүррагчаагийн том хүү, Сүрэнхорлоогийн хоёр дахь охин төрж байсан нь бас сонин тохиолдол болж байлаа. Тэр үед манайх гурван хүүтэй, Ганаагийнх хоёр хүүтэй байсан. Тэр өдөр Гүрээ эхнэр дээрээ очмоор байдаг. Яах вэ гэж байгаад “Шүд өвдөөд байна” гэж хэлээд ум хумгүй явсан юм даг. Тэгж худлаа ярьсныг нь Лхагва эмч, бусад нь мэдэж л байсан юм билээ. 
-Үнэн учраа хэлсэн бол явуулахгүй байсан юм уу? 
Л.Лхагва: -Явуулалгүй яах вэ. Худлаа хэлснийг нь ч мэдэж байгаа юм чинь. Гэтэл энэ хэд шүд нь өвдөөд байна гээд сүйд. Яг царайг нь харахаар шүд өвдсөн хүн биш л байгаа байхгүй юу. 
Бид чинь тусгай бэлтгэл сургуулилт хийгээд цэргийн зохион байгуулалттай байлаа. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар хичээл үзнэ. Физик, математик, биохимийн талаар тодорхой мэдлэг олгох хичээлүүд ордог байсан. Би залуучуудаа цанаар гулгах, хоккей тоглоход нь гар хөлөө хугалчих вий, бэртэж гэмтчих вий гэж их санаа зовно. 
Тэгэж бэлтгэл хийж байгаад явах болсон чинь биднийг "Улаанбаатар" зочид буудалд байрлуулсан. Маргааш Москва явах гээд байдаг гэр орноор ч оруулах янзгүй буудалд байрлууллаа.
Тэгээд Сайнцог нэг УАЗ-469 машин олоод 5-уулаа сууж аваад гэр гэрээрээ ороод Гүрээгийнх Налайхад учраас очиж чадаагүй. Бусад нь гэртээ очсон. Тэгээд буудалдаа ирээд амарч байсан чинь шөнө 02.00 цагийн үед үүд тогшоод нэг хүн орж  ирснээ “Өө та хэд ирчихсэн үү” гэдэг юм. Манай ШУА-ийн ажилтан зогсож байсан. Аминдаа нууцаар явж ажлаа амжуулчхаад ирсэн чинь аль эрт мэдсэн байж билээ.
-Ж.Гүррагчаа баатрыг бууж ирэхэд Ганзориг нисгэгч та ойр байсан уу? 
Л.Лхагва: -Ойр яг хажууд нь байгаагүй. Тэднийг тосоход тусгай эрх мэдэлтэй хүмүүс дэргэд нь байсан. Харин буух замд гараад газар дээрх станцтай холбогдсоноос хойш Ганаа бид хоёр хамт байсан. Нэг хэсэг холбоо тасрахад нь би санаа зовж л байлаа. Харин хажууд Ганаа байсан учраас учрыг нь тайлбарлаад, сүүлд нь амжилттай газардсан тухай мэдээ аваад их сайхан болсон. 
-Сансарт амжилттай нисээд ирлээ. Дахин нисэх хүсэл мөрөөдөл байсан уу?
Ж.Гүррагчаа: -Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Миний хувьд сансарт нисэж ирсний дараа саран дээр нэг оччих юмсан гэдэг бодлыг олон жил тээж явсан. Одоо бол сар тэр үеийнх шиг хол биш болсон байна. АНУ-аас 10 гаруй хүн саран дээр очсон, Хятадууд тоног төхөөрөмж туршиж байна. Сарны хөрснөөс дээж авч ирээд турших ажил хийж байна. Энэ бол хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл байсан. Түүндээ хүрч чадаж байна. 
-Монголын хоёр дахь сансрын нисгэгч удахгүй нисэх байх. Та бүхний төсөөлж харж байгаагаар энэ цаг мөчийг хэзээ гэж таамаглаж байна вэ? 
Ж.Гүррагчаа: -Залуучууд бодож л байгаа байх. Газар дээр ажиллах, сансрын уудамд ажиллах хоёр шал өөр, сонирхолтой санагдах нь ойлгомжтой. Ер нь сансар судлал бол хүн төрөлхтний ирээдүй гэдэг утгаар нь ч ойлгодог байх. Дэлхий бол хүн төрөлхтний өлгий юм. Хүн өлгийдөө удахгүйтэй адил гэрэл, хурд руу тэмүүлж байгаад хүн өөр гараг нээж нүүх байх гэсэн үг байдаг. 
Яг энэ чиг баримжаагаар өөр гараг эрхсийн талаар маш хурдацтай судалж, тэмүүлж байна. 2030 он гэхэд Ангараг гараг дээр хүн буух тухай яриа, дуулиан монголын залуучуудын чихэнд хүрч байна. “МАРС V” гэсэн төслийг санаачлаад эхлүүлсэн байгаа нь монголчууд Марс дээр очих замын бэлтгэл суурийг хангах нэг оролцогч байх боломжийг эрэлхийлж байна гэсэн бодол надад төрсөн. 
Үүнээс гадна сансрын хиймэл дагуул хөөргөх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай залуучууд дэлхийн энгээр сэтгэж, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байгааг харахад сайхан байна. Монгол залуучууд сансрын хиймэл дагуулаа Монголын говиос хөөргөх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Энэ бол ганцхан хиймэл дагуул хөөргөх тухай асуудал биш. Газар дээрх мэдээлэл хүлээн авах, дамжуулах станц байгуулах, цаашлаад шинжлэх ухааны бусад салбарын туршилт судалгаанд онцгой ач холбогдолтой зүйл гэж ойлгож байгаа. 
Л.Лхагва: -“Саваагүй нохой саранд хуцна” гэгчээр монгол эмэгтэй хүнийг сансарт нисгэх тухай төр засгийн удирдлагуудад уламжилж байсан юм. Хамгийн сүүлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид ярилцлага хэлбэрээр энэ саналаа тавьж байсан. Гэвч надад ямар ч хариу өгөөгүй. Одоо Монгол хүн сансарт нисээд 40 жил боллоо. Энэ их ойг тохиолдуулан дараагийн сансрын нисэгч тэдэн онд ниснэ гэсэн зорилго, зорилтыг манай төр, засгийн тэргүүнүүд тавьдаггүй юм байх даа гэсэн бодол төрдөг. Монголчууд тэрүүгээр яах юм гэж хэлэхгүй байх. 
Би өөрөө нисэхгүй ч гэсэн юмыг яаж мэдэхэв, манай залуучуудаас боломж гарвал сансарт нисэхэд хэрэг болох байх гээд АНУ болон бусад улс орны сансарт нисэх хүний шалгалт, шалгуурын талаар судалж үздэг юм. Ингэхэд нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт хэлний мэдлэг, гуравдугаарт компьютер болон сансрын технологийн талаарх мэдлэгийг чухалчилж байна. Үүнд тэнцэх монгол залуучууд олон бий. 
С.Сайнцог: -Ер нь боломж нөхцөл байна. Монгол залуучууд хэл усны хувьд, программ хангамж, техник технологийн чиглэлээр мэргэшиж байна. Хоёрт, манай улс чинь сансар судлалын чиглэлээр хийсэн зүйлтэй, тодорхой туршлагатай. Манайхаас сансарт нисэхээр боллоо гэвэл Гүрээ, Ганаа хоёр маань залуучууддаа хэлэх зүйл их байгаа байх. Эрүүл мэнд талаас нь бол Лхагва доктор зааж зөвлөөд явчихна.Энэ бол манай улсын нэг давуу тал. 
Ж.Гүррагчаа: -Монголын дараагийн сансрын нисэгч хөөрөх тухай бодол хүн бүхэнд байгаа байх. Өнөөдөр техник технологийн хөгжил ямар төвшинд хүрэв, ОХУ, АНУ, БНХАУ гээд манайхтай ойр дотно харилцаатай улсуудын сансар судлал нь өргөжин тэлсээр л байна. 
Дэлхийн сансрын нисэгчдийн холбоо гэж байгууллага бий. Энэ холбоо жил бүр нэг улсад хурлаа хийж, асуудал шийдлээ ярилцдаг. Би нэг удаа хуралд явж ирээд төр, засгийн удирдлагуудад захиа бичиж байсан. БНХАУ-ын техник технологийн хурдтай өсөлт, сансар судлалын салбарт гаргаж байгаа ололт амжилтын талаар бичээд энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэйг уламжилсан. Яагаад үүнийг ярьж байна гэхээр магад бид сансарт нисэхдээ Хятадад үйлдвэрлэсэн сансрын хөлөг ашиглаж болох юм. 
Зөвлөлт-Монголын сансрын баг сансарт ниссэний 40 жилийн ой тохиож буй энэ үед энэ нэршлийн талаар та бүхэн маань анзаарч байх ёстой. Заримдаа Монгол-Оросын сансрын баг, Монгол хүн сансарт ниссэний гээд янз бүрээр бичдэг. Энэ Монгол гэсэн нэрээ тод үлдээх гэсэн монголчуудын хүсэл байх. Гэхдээ л Зөвлөлт-Монголын найрамдалт харилцааны үр шимээр Монголчууд бид сансрын уудамд мөрөө үлдээсэн ард түмэн. Бид энэ ойгоо тэмдэглэхдээ, үр хүүхэд залуу үедээ хэлж ярихдаа тэр сайхан нөхөрлөлийн тухай заавал ярьж дурсах ёстой юм. 
Л.Лхагва: -Монголчууд ХХ зуунд олон гайхамшгийг бүтээсэн. Алдсан байсан эрх чөлөөгөө олж авсан, газар тариалан, аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжилд хүрсэн. Үүний дотор сансарт ниссэн нь өнгөрсөн зууны чухал амжилтын нэг. Дараагийн зуун буюу өнөөдрийн залуучууд энэ амжилтыг буухиалж урагшлуулах учиртай. Монгол хүн удахгүй сансарт нисэх байх. Магадгүй олон улсын багт ороод нисэх ч боломжтой. 
Монгол залуучууд бие даан сансрын хиймэл дагуулаа хөөргөхөөр ажиллаж байна. Энэ ажил амжилттай урагшлаад сансрын технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаасай л гэж хүсэж суудаг. Хүний хүсэл тэмүүллийг байнга хөтөлж байдаг энэ сонирхолтой салбарын шинжлэх ухаанд залуучууд маань шимтэн дурлаж, танин мэдээсэй гэж уриалж байна. скачать dle 12.0

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

Өчигдөр, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

Өчигдөр, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

Өчигдөр, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

Өчигдөр, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

Өчигдөр, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19