Улаанбурхан өвчний халдвартай гадаад иргэн бүртгэгдлээ
Гадаад улсын иргэн Улаанбурхан өвчин тээж Монгол Улсад орж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ өнөөдөр мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,“Оюутолгойд ажиллахаар ирсэн Энэтхэг Улсын инженер халуураад, биед нь тууралт гарсан тухай манай төвд өчигдөр мэдээлсэн. Энэ дагуу бид тухайн өвчтөнөөс шинжилгээ авсан юм. Шинжилгээ 16 цагийн үед гарсан бөгөөд Улаанбурхан өвчний вирус илэрсэн нь батлагдсан байна. Тиймээс Улаанбурхан өвчин дэгдэхээс өмнө сэргийлэх ажлын баг гаргалаа” гэв.
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт өвчтөнийг тусгаарласан бөгөөд ойрын 12 хүнийг мөн тусгаарлаж, шинжилгээ авахаар болжээ. Ажлын баг Оюутолгой компани, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөлтэй цахимаар холбогдон хуралдаж, заавар зөвлөгөө өгсөн байна. Мөн өглөө 7.40 цагт тус ажлын баг Өмнөговь аймаг руу онгоцоор ниссэн байна.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа,“ДЭМБ өнгөрсөн сард Улаанбурхан өвчин дэлхий даяар дэгдэж байгаа тухай сэрэмжлүүлэг өгсөн. Энэ хүрээнд ЭМЯ-наас иргэддээ санамж, зөвлөмж хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд Энэтхэг, Тайланд, Бангладеш Филипини, Малайз, Япон, Украйн, Итали зэрэг оронд тус өвчин дэгдэж байгааг ДЭМБ мэдээлжээ. Түүнчлэн манай урд, хойд хөршид ч уг өвчин гарч байгааг мөн дурдсан байна.
Тиймээс ХӨСҮТ бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд 08-17 насны хүүхдийг дархлаажуулах тун, вакциныг холбогдох байгууллагаас захиаллаа. Мөн ХӨСҮТ-д иргэд сайн дураараа ирээд Улаанбурхан өвчний вакцинд хамрагдах боломжтой юм” гэв.
ДЭМБ-ын мэдээлснээр, Энэтхэгтт 64 мянга 900 , Пакистанд 33 мянга 200 хүн Улаанбурхан өвчнөөр бүртгэгдээд байгаа аж. Тус байгууллагын 2017 оны мэдээлснээр, дэлхийн хэмжээнд 0-5 насны 110 мянган хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас барсан байна. Монгол Улсад Улаанбурхан өвчин хамгийн их дэгдсэн нь 2015, 2016 онд өвчний шинж тэмдэг илэрсэн 50 мянган хүн бүртгэгджээ.
44 сэтгэгдэл