Парисын Эх дагинын сүмд гал гарлаа
Парис хотын нэрийн хуудас болсон алдарт Нотр Дам буюу Дарь эхийн сүмд орон нутгийн цагаар өчигдөр орой /2019.04.15/ их хэмжээний гал гарлаа. Одоогоор /2019.04.16-ны 06.00 цаг/ галыг намжаагаад байгаа ч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан байна. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, сүм дээр иржээ.

Нүдэн дээр нь дүрэлзэн шатаж буй Нотр Дам сүмийн хажууд залбиран зогсох Парисын иргэд “Нотр Дамгүйгээр Парис хот юу ч биш шүү дээ” хэмээн халаглаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.Францын тэрбумтан алдарт Gucci, Saint Laurent брэндүүдийн толгой компани “Kering” группын ерөнхийлөгч Хенри ПинальтФранцын төдийгүй дэлхийн шашин, соёлын өв болсон Нотр Дам сүмийг сэргээн засварлахад хувиасаа 100 сая еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.
Энэхүү сүм нь XIII зуунд баригдсан архитекторын гайхалтай бүтээл бөгөөд дэлхийн соёл урлаг, шашны түүхэн дурсгалт газруудын нэг билээ. Уг сүмийг үзэж сонирхохоор жилд 13 сая жуулчин Парис хотыг зорьдог.Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүм галд автсаны дараа сүмийг дахин сэргээн засварлах болно хэмээн мэдэгдээд уг ажилд үндэсний хэмжээнд хандив цуглуулах кампанит ажил өрнүүлнэ хэмээн хэлсэн юм. Ингээд энэ кампанит ажлын хамгийн анхны хандивлагч Хенри Пинальт болж түүхийн өвийг хадгалж үлдэхэд үлэмж хувь нэмрээ оруулж байна.

Нотр Дам сүмд ажиллаж буй албаны хүмүүсийн мэдээллээр хүмүүсийн ярьж байгаа шиг сүм тэр чигтээ шатаагүй, зөвхөн дээвэр хэсэг нь шатсан бөгөөд гол чулуун байгууламж руу гал ороогүй байна.

Гэхдээ галыг унтраахад их хэмжээний ус ашигласан учир олон зуун жилийн настай чулуун байгууламжид ус шингэж хэтэрхий хүндэрснээс нурах аюул нүүрлэж магадгүй байгаа аж.
Тиймээс аврагчид сүмийн үзмэрүүдийг аврах ажиллагааг явуулж байгаа гэв. Мөн сүмийн ойр орчимд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж, замуудыг түр хугацаагаар хаагаад байна.

Гал гарсан шалтгааныг албан ёсоор тодруулаагүй байгаа ч сүмийг сэргээн засварлах ажил явагдаж байсан нь галын шалтгаан болсон байж магадгүй гэсэн таамаг байгаа юм байна.








16 сэтгэгдэл