Уул уурхайн салбарт ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад тэтгэмж олгоно
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х. Буянжаргал мэдээлэл өгсөн. Тухайлбал, тус салбарт ажиллагсдад нэмэлт амралт олгох, сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгох, байгууллагын жилийн үр дүнг харгалзан жилд нэг удаа үндсэн цалингаар тооцож зургаан сар хүртэл сарын цалинтай тэнцэх жилийн дүнгийн үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг хамтын гэрээгээр шийдвэрлэх, тэтгэврээ тогтоолгох тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, ажилласан жилээр нь үржүүлж нэг удаа тэтгэмж олгох тухай заасан аж.
Мөн уул уурхайн салбарт орон тоог цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд дараах тэтгэмж олгохоор зааж өгчээ. Үүнд:
- 1-4 жил ажилласан бол 1-4 хүртэлх сар
- 5-10 жил ажилласан бол 6 сар хүртэл
- 11-15 жил ажилласан бол 12 хүртэл сар
- 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 хүртэл сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно хэмээн тусгажээ.
Уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сарынх нь 640 мянган төгрөг болжээ. Гэвч тус салбарт ажиллагсад хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ хангалттай цалин авч чаддаггүй юм байна. Уурхай бүрийн цалин өөр, өөр. Иймээс салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах зорилгоор өмч харгалзахгүйгээр энэхүү хэлэлцээр мөрдөгддөг байхаар тусгаж өгчээ.
Б.ЕСҮХЭЙ
48 сэтгэгдэл