Японы консулын газарт хууль бусаар нэвтэрсэн зургаан иргэнээ Өмнөд Солонгосын цагдаа баривчилжээ
Японы консулын газарт хууль бусаар нэвтэрч, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан зургаан иргэнийг өчигдөр Өмнөд Солонгосын цагдаа нар баривчилжээ.
Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост Японы эсрэг хөдөлгөөн эрчимжээд байгаа. Өнгөрсөн Баасан гарагт 78 настай эрэгтэй Сөүл хот дахь Японы элчин сайдын яамны гадна өөрийгөө шатааж амиа бүрэлгэсэн юм.
Өчигдөр өглөө Бусан хот дахь консулын газрын байр руу зургаан хүн харуулыг залилан нэвтэрсэн байна. Тэд эхлээд консулын газрын дэргэдэх номын санд ороод дараа нь хашаа руу дамжиж нэвтэрсэн гэнэ.
Консулын газрын хашаанд орсон иргэд “Абэ уучлал гуйх ёстой” гэсэн зурагт хуудаснууд гарган зогсож, эсэргүүцлийн уриа хашхирч эхэлжээ.
Өмнөд Солонгосын дээд шүүх дайны үеэр боолчлогдож байсан хоёр иргэнд Японы компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасны дараа Сөүл-Токиогийн харилцаа муудсан юм.
Үүний дараа хариу арга хэмжээ болгож Японы засгийн газар Өмнөд Солонгост нийлүүлдэг химийн бодисын экспортоо хязгаарлах арга хэмжээ авсан. Уг бодис нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг тул Өмнөд Солонгосын технологийн компаниудад том цохилт болсон байна.
Энэ хоригийн дараа Өмнөд Солонгосын иргэд Японы бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах хөдөлгөөн өрнүүлж эхлээд байгаа юм.
Хоёр орны маргаан зөрчил эрчимжсэнтэй холбоотой АНУ-ын засаг захиргаа эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон өчигдөр Токиод ирж энэ асуудлаар албаны хүмүүстэй уулзаж ярилцжээ.
Эх сурвалж: Associated Press
121 сэтгэгдэл