Хар тамхины наймаачдын хөлөг живэхэд баглаатай кокайн дээрээ хөвж амьд гарчээ
Колумб улсын тэнгисийн цэргийнхэн олон тооны баглаатай кокайн дээр хөвж байсан гурван этгээдийг далайгаас аварсан байна.
Тус улсын Номхон далайн эргийн Тумако хотоос 50 км зайд уг аврах ажиллагаа болсон байна. Янз бүрийн хэмжээтэй савлаж, багласан нийтдээ 1,265 кг кокайныг энэ үеэр хурааж авжээ.
Хар тамхины наймаачид хулгайгаар кокайн тээвэрлэж явах үеэр хөлөг нь живсэн байна.
Аврагдсан Колумбын иргэн гурван хүн одоо хар тамхи үйлдвэрлэж, наймаалсан хэргээр шалгагдаж эхэлжээ. Колумб улс нь кокайны үйлдвэрлэлийн чухал төв болдог. Энд үйлдвэрлэсэн кокайныг Төв Америкийн орнууд болон Карибын тэнгисээр дамжуулан Умард Америкт гаргадаг юм.
НҮБ-ын тодорхойлсноор Колумб улс кокайны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол АНУ, Канадад хамгийн олон кокайн хэрэглэгч оршин суудаг ажээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Нью Жерсигийн боомтоос нийт 1,450 кг орчим хэмжээтэй кокайн хулгайгаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн нь АНУ-ын түүхэнд хоёрт орох том илрүүлэлт болсон байна.
Хар захын ханшаар $77 саяын үнэ хүрэх уг ачааг Колумбын Буэнавентура хотоос АНУ руу илгээсэн чингэлэгт нуусан байв.
Нэгдүгээр сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео кокайны тариалангийн хэмжээг 2023 онд 50 хувиар бууруулахын төлөө Колумбын талтай хамтран ажиллах болсноо мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: CNN
19 сэтгэгдэл