Улаанбаатар хотын 380 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой өнөөдөр тохиож байна
Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударт 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьших хүртлээ 20-иод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөжээ.
Анх 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт нуур гэх газар шашны тэргүүнээр өндөр гэгээн Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулан орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг юм. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улстөрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байв. Энэ үеэс Өргөө нь жинхэнэ хот болон дэгжин хөгжих шинэ үедээ оржээ.
Өргөө нэртэй, анх ханаа дугуйлсан нийслэл хотын нэрийг Номын хүрээ хэмээн өөрчилж байв. Энэ үеийн онцлог нь Их Хүрээ суурьшиж хот болон хөгжиж ирсэн явдал гэж түүхчид үздэг. Их Хүрээ нь 1706-1911 он хүртэл одоогийн Улаанбаатар хотын төв Сэлбэ голын хөндийд төвлөрчээ. 19-р зууны үед Их Хүрээ нь шашны төв төдийгүй худалдаа харилцааны зангилаа, жинхэнэ хот болсон юм. Энэ үед Их Хүрээний хүн ам 15-20 мянга байсан гэж үздэг. Их Хүрээ хотод Гандан, зүүн Хүрээ, Баруун дамнуурчин, Наймаа, консулын яам, Дамбадаржаа гэсэн газрууд хамрагдаж байв. Их Хүрээ нь 19-р зууны эцэс гэхэд Монгол орны шашин, улстөр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол төв байлаа.
Ардын хувьсгал ялсны дараа, 1924 оны 10-р сарын 29-нд улсын нийслэл гэдгийг давтан хуульчилж, хотын нэрийг Улаанбаатар болгон өөрчилсөн юм. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ. 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн хэмээн зааж, нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болж байв. Өнөөдөр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлтийг боловсруулаад байна.
Б.Болд
317 сэтгэгдэл