В вирүсийн эсрэг вакцин 15 мянган төгрөг, хамгаалах хугацаа 15 жил
Бид өмнө нь элэгний вирүсийг хэрхэн илрүүлэх, ямар шинжилгээ өгөх, ялгаа нь юу болох, халдварлах замын талаар мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл энэ удаад В вирүсээс хэрхэн хамгаалах талаар мэдээллийг хүргэж байна. В вирүсээс хамгаалах хамгийн өвөрмөц, найдвартай арга бол В вирүсийн эсрэг вакцин.
В вирүсээс хамгаалах хамгийн өвөрмөц, найдвартай арга бол В вирүсийн эсрэг вакцин
В вирүсийн эсрэг вакцинд хамрагдсанаар элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдраас сэргийлэх боломжтой юм байна. В вирүс илрүүлэх шинжилгээг өгсний дараа вирүсгүй тохиолдолд энэ вакциныг хийлгэх боломжтой. Илрүүлэх шинжилгээг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан үнэгүй өгч болно.
Харин вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэх юм. Нийт гурван удаа хийлгэх бөгөөд эхний тарилга хийлгээд сарын дараа 2 дахийг, зургаан сарын дараа 3 дахийг хийлгэснээр Та В вирүсээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш өөрийгөө хамгаалж чадна.
Вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын тасаг ажлын өдрүүдийн 08.00-15.00 цаг хүртэл ажилладаг юм байна.
Орон нутагт ч энэ вакциныг хийдэг бөгөөд вакцин хадгалах боломжтой сум, аймгийн нэгдсэн эмнэлэгт хандаж болно.
17 сэтгэгдэл