“Торгоны зам” раллид оролцох тамирчдыг гарааны зурвас руу үдлээ
Улс дамнасан ралли уралдаануудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогддог “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли долдугаар сарын 6-16-нд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан үргэлжилнэ.
Раллигийн маршрутад Монгол Улс анх удаа орж байгаа бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” олон улсын раллиг зохион байгуулах улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд нарын албаны хүмүүс оролцов.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргье. “Торгоны зам”-2019 уралдаанд оролцох Монголын тамирчдаа үдэн гаргах ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. ОХУ-Монгол-БНХАУ-ын нутгаар 5000 км уралдах уралдаанд Монгол Улсын баг тамирчид анх удаагаа 15 хүний бүрэлдэхүүнтэй буюу олуулаа оролцох гэж байна. Нутагтаа болж буй уралдаанд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Амжилт гаргахын ерөөл дэвшүүлье” гэлээ.
Монгол Улсаа төлөөлж автомашины төрөлд:
–Олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх
-Спортын дэд мастер Э.Оргил
-Спортын дэд мастер Б.Сайнбаяр
-Спортын дэд мастер А.Бүрэнтогтох
-Спортын мастер Г.Эрдэнэсүрэн
-Спортын мастер С.Ариунболд
Мотоциклын төрөлд:
-Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар
-Олон улсын хэмжээний мастер Б.Баттөр
-Олон улсын хэмжээний мастер Э.Амгалан
-Спортын мастер Б.Өнөрбаяр
-Спортын мастер Б.Бат-Ундрал
-Спортын дэд мастер Д.Энхсаруул нар оролцох юм.
Энэ жилийн уралдааны нийт урт 5007,96 км бөгөөд тусгай үе шатуудын нийт зай 2593,15 км байх юм. Мөн энэ оны хамгийн урт зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр үргэлжлэх юм.
Уралдааны бүс нутгийг ийнхүү өөрчилснөөр тамирчид уур амьсгалын таван өөр бүсээр дайрч өнгөрөх бөгөөд Монгол дахь хэсэгт элсэн манхан хийгээд хайрга чулуутай замын сорилт болох болно хэмээн тодорхойлж байна.
Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн их үзүүлэлт болж байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч тэмцээнийг сурвалжлахаар мэдүүлсэн байна.
“Торгоны зам” авто ралли-2019 нь өмнөх жилүүдийн раллиг бодвол тамирчдаас асар их тэвчээр, ур чадвар шаардсан сорилт болно гэж мэргэжлийн уралдаанч нар хүлээж байна. Учир нь, энэ жил шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутыг өөрчилсөн нь мотоциклчдын хувьд ур чадвар шаардсан хамгийн урт замд тооцогдож байгаа юм.
16 сэтгэгдэл