2500 орчим хүүхдээс 1980 нь цэцэрлэгт хамрагдаж байна
Баруун-Урт сумын хэмжээнд 2-5 насны 2450 хүүхэд бий. Эдгээрээс дээрх цэцэрлэгүүдэд нийт 1980 гаруй хүүхэд хамрагдана. Цэцэрлэгүүдийн бүртгэл өнөөдөр нэгэн зэрэг эхэлсэн. Одоогоор бүртгэлийн ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна.
2019-2020 оны хичээлийн жилд Баруун-Урт суманд 11 цэцэрлэг ажиллана. Сумын хэмжээнд цэцэрлэгт хамрагдвал зохих хүүхдийн 80 орчим хувь нь хамрагдаж, 400 гаруй хүүхэд цэцэрлэгээс гадуур үлдэж байгаа юм.

Сумын 11 цэцэрлэгээс дөрөв нь хувилбарт сургалтын үйл ажиллагаа явуулах гэр болон бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан. Үүнийгээ түшиглээд цэцэрлэгээс гадуур үлдсэн хүүхдүүддээ СӨБ эзэмшүүлэх үйл ажиллагаагаа намар, хаврын улиралд явуулна. Үүнээс гадна БСШУСЯ-наас энэ жилээс байгууллагын дэргэд цэцэрлэг ажиллуулах чиглэл гарсан. Үүнийг энэ хичээлийн жилд орон нутагт хэрэгжүүлэх боломжгүй. Харин ирэх жилээс зарим албан байгууллагын дэргэд цэцэрлэг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Баруун-Урт сумын цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт өнгөрсөн жил 90 гаруй хувьтай байсан бол энэ жил 80 хувь болж буурсан. Энэ нь төрөлт ихэссэнтэй холбоотой гэж Баруун-Урт сумын ЗДТГ-ын Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Шинэтуяа хэллээ.
Цэцэрлэгүүд бүртгэлийн ажлаа өдөрлөг хэлбэрээр явуулж, харьяа багийнхаа хоёр настнуудыг шинээр бүртгэх, эцэг эхчүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, гурвалсан гэрээ байгуулах, цэцэрлэг болон анги танхимын тохижилт засвар үйлчилгээтэй танилцуулах зэрэг үйл ажиллагааг өрнүүлсэн юм.







14 сэтгэгдэл