iNet.mn дагах

Б.Оюунгэрэл: Нэг ээжийн амины цаана нийгмийн “амь” яригдаж байгаа

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч байгаа мянга мянган эмэгтэйчүүдэд зориулж “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг санаачилсан. Тэгвэл багагүй хугацаанд зорьж хичээсэн ажил биелэлээ олж төслийн багийнхан эдгээр өдрүүдэд Алтай хотыг зорьж байна. “Зууны мэдээ” сонин “Трэнд зочин” буландаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг урьж, ярилцлаа. 
 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ШҮГЭЛ ҮЛЭЭЖ, ШИЙДЭЛ ГАРГАЖ ТАВИНА

 
-Юуны өмнө монголчуудад, монголын эмэгтэйчүүд, ээжүүдэд сайхан мэдээ дуулгаж байгаад талар­хал илэрхийлье. Нэлээн хугацаа ч шаардах шиг боллоо. Та бүхний санаачилж, бодож төлөвлөсөн ажил хэр урагштай байна вэ?
-Аливаа зүйл гэнэт нэг өдөр санааг нь олоод маргааш, нөгөөдөр нь бүтчихгүй. Хугацаа, хөрөнгө, мөнгө шаардана.
“Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг 2020 оноос бодож төлөвлөж нэлээдгүй хугацаа зарцууллаа. Цар тахлын үед хэдийгээр амаргүй байсан ч төслийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сумдын эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдрын эсрэг сургалтуудыг цахимаар зохион байгуулах зэргээр хөрсөө бэлтгэх, мэдлэг ойлголт өгөх ажлуудыг эхлүүлсэн. Харин албан ёсны нээлтийг энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хийж, хөрөнгө босгох анхны арга хэмжээгээ зохион байгуулсан.
Хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал гээд сэтгэл зовоосон маш олон асуудал байхад яагаад заавал хавдаргүй монгол эмэгтэй гэж, гэр бүлийн гишүүн бүрт чиглэсэн ажил хийгээгүй юм гэж олон хүн асуудаг. Гэхдээ эрүүл байх юм бол бусдыг нь зохицуулж, хийж бүтээж, өөрчилж болно. Эрүүл аюулгүй амьдрах, амьд байх бол Үндсэн хуулиар олгогдсон жам ёсны эрх. Мөн бүх хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй гэж заасан ч яг үнэндээ бодит байдал ямар байгааг бүгд мэднэ. Тэр дунд хөдөөгийн эмэгтэйчүүдийг онцолж хэлмээр байгаа юм. Монгол Улс тархай, бутархай, өргөн дэлгэр нутагтай. Тэр бүр уулын мухарт, сум бригадад аж төрж байгаа хүмүүст эрүүл мэндийн нарийн үзлэг оношлогоо хийх боломж хомс. Хүний нөөц ч дутмаг байдаг юм билээ. Хөдөөд умайн хүзүү, хөхний хавдрын илрүүлэг оношлогоо хийсэн тохиолдол бараг байдаггүй юм билээ. Сонгуульд нэр дэвшиж байгаа ганц нэг хүмүүс л эмч нарыг аваачаад нэг удаагийн үзлэг оношлогоо хийснээс биш төрөөс зохион байгуулаад урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн тохиолдол маш цөөн. Тэр утгаараа Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хөдөөгийн эмэгтэйчүүдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг нь эдлүүлье. Олон ээжүүд, эмэгтэйчүүдийн амь нас яригдаж байгаа учраас “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг эхлүүлэхээр  болсон. Эмэгтэй хүний асуудал бол нэг хүний асуудал биш, нэг улсын ч асуудал биш. Нийт хүн төрөлхтний асуудал юм аа. Айд гэрийн ээжтэй хамт бүх зүйл яригдаж байдаг. Хүүхэд эрүүл, боловсролтой байх, гэр орон цэвэр цэмцгэр байх, нөхөр нь тав тухтай байгаа юу гээд бүгд л ээжтэй холбоотой. Нэг ээжийн амины цаана нийгмийн “амь” яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ирээдүйн Монгол Улсыг авч явах иргэдийн эрүүл, жаргалтай сэтгэл тэнүүн, элэг бүтэн өсөх асуудал юм. Тэр утгаараа нэг ээжийн амины цаана бүхэл бүтэн нийгэм тэр чигээрээ багтаж байна.
 Монгол Улс хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхий, бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлттэй байдаг. Гэхдээ элэг, ходоодны хавдрын тал дээр сүүлийн жилүүдэд нэлээн ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, элэгний вакцин орж ирлээ. Эх орондоо элэг шилжүүлэх хагалгаа хийдэг боллоо. Урьдчилан сэргийлэх ажил нэлээдгүй хийгдэж байна. Гэтэл умайн хүзүүний хавдрын нас баралтаар монгол эмэгтэйчүүд бүс нутагтаа тэргүүлдэг. Умайн хүзүүний хорт хавдрын 67 хувь нь хожуу шатандаа оношлогддог харамсалтай мэдээ байна. Энэ бол аймшигтай тоо. Мөн хөхний хорт хавдар залуужиж, маш их нэмэгдэж байна. Тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүд энэ төрлийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч болсноос хойш 21 аймгаар гурван удаа бүтэн тойрлоо. Давхцаагүй тоогоор 100 гаруй мянган хүнтэй уулзалт, лекц хийлээ. Өнгөрсөн хавар гэхэд арван аймаг, зургаан суманд ажиллаж 25000 хүнтэй нүүр тулж уулзсан. Үнэхээр байж сууж чадамгүй сэтгэл зовоосон асуудлууд байна. Түүнийг тэр бүр төр олж харахгүй, хүрэлцэхгүй байх шиг.
-Төсөл эхэлж байгаа учраас иргэдэд мэдээлэл хэрэгтэй байна. Таны хэлдгээр тархай бутархай уулын мухарт байгаа малчин эмэгтэйчүүдийг үзлэг оношлогоонд хэрхэн хамруулах вэ. Бас эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудал ч яригдана. Хугацаа ч нэлээдгүй орох нь?
-Нэг аймгийн түвшинд сарын хугацаатай ажиллахаар тооцож байна. Гэхдээ сумдын хоорондох зай, замын нөхцөл байдлаас шалтгаална. Говь-Алтай аймаг 17 сумтай. Олон хүн явах учраас алжааж ядрах зэргээр сумдаар 20 гаруй хоног, аймагт 5-6 хонох төлөвлөгөө бий. Үлдсэн долоо хоногт нь аймгийн төв дээр ажиллаж болно.Ийм байдлаар энгийн тайван нөхцөлд 330 суманд ажиллана гэж тооцвол гурван жил гаруй болох байх. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал, жилийн дөрвөн улирлын онцлогоос шалтгаалаад өвөл, зуны зарим сард түр зогсож мэднэ. 
Мэдээж айл болгоны гэрийн гадна хүрч очиж чадахгүй. Тодорхой цэг дээр төвлөрч үзлэг оношлогоо хийнэ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, 330 суманд салбар зөвлөлтэй. Тэд маань сумдын эмэгтэйчүүдийг цуглуулах, нэгтгэх маш том үүрэг хүлээж байгаа. Дээр нь нийгмийн хариуцлагын төсөл гэдэг утгаараа аймаг, сумын ЗДТГ дэмжиж ажиллана гэж найдаж байгаа. Эхнээсээ Говь-Алтай аймаг дэмжихээ илэрхийлсэн. Нэгэнт хэдэн зуу, мянган км зорьж очиж байгаа болохоор зөвхөн хавдрын оношлогоо, шинжилгээ хийгээд зогсохгүй сэтгэлзүйн болоод хууль зүйн зөвлөгөө тусламж үзүүлнэ. Хажуугаар нь соёлын арга хэмжээг давхар зохион байгуулахаар өргөн бүрэлдэхүүнтэй ажиллахаар бэлтгэж байна.
Бидний санал тавьсан байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд таатай хүлээж авч байгаа. Хавдар судлалын үндэсний төв гэхэд мэргэжлийн эмч нараа гаргаж өглөө. Дараа дараагийн удаад гавьяаны амралтдаа суусан эмч нар сайн дураараа явъя гэсэн хүсэлт ирж байгаа учраас хүний нөөцөд санаа зовохгүй байна. Говь-Алтайгаас ирээд дүүрэг, захын хороололд ажиллах бодол бий.
-Бүхэл бүтэн яам байхад эмэгтэйчүүдийн холбоо хавдрын үзлэг оношлогоо хийлээ. Эмэгтэйчүүдийн холбоо яг юу хийдэг байгууллага вэ гэж их шүүмжлүүллээ. Мөн хөрөнгө мөнгөтэй холбоотой хандив тусламжийн асуудал ч сөхөгдлөө?
-ТББ гэдэг төр хийж чадахгүй, хүрэлцэхгүй байгаа зүйлд дэмжлэг үзүүлж нийгмийн сайн сайхны төлөө хамтарч ажилладаг. Бусдаар бол төрийн өмнө тангараг өргөж үүрэг хүлээсэн, төсвөөс мөнгө авч цалинждаг байгууллага биш. Нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж, энэ том төслийг эхлүүлж хөдөлгөж чадсанаар нэг ч гэсэн эмэгтэйн амийг аварч, айлыг элэг бүтэн амьдруулахын төлөө юм. Үүний төлөө нэг байтугай хэдэн ч ТББ ажиллаж болно шүү дээ.
Төрд хүлээсэн үүрэг бий. Мөн иргэнд ч байгаа. Асуудлыг алсаас биш ойроос, хэн нэгнээс биш өөрөөсөө хайж сурмаар байгаа юм. Үндсэн хуульд иргэн эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй гэж заасан. Тиймээс иргэн үүргээ ухамсарлаж, ярьж байх хэрэгтэй. Нөгөө талаас эрхийг нь эдлүүлж, үүргийг нь сануулах гэхээр энэ яагаад миний өмнөөс ярьдаг, асуудалд оролцдог юм бэ гэдэг. Эрүүл мэнд бол юугаар ч үнэлшгүй баялаг. Гэтэл хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажил, амьдрал,  ажлын байдлаас эхлээд асуудал их өөр байдаг. Хоёр нарны хооронд ажил, амьдрал нь өрнөж байгаа эмэгтэйчүүд хотноосоо холдож чадахгүй байна. Хот, аймагт ирж жил бүр шинжилгээ өгөх боломж тааруу. Мөн тогтмол цалин, гар дээрээ бэлэн мөнгө алга. Ер нь бол сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ТББ иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалахаар үйл ажиллагаа явуулж байхад шүүмжилнэ гэдэг инээдтэй. Төрийн хүрч, хийж чадахгүй байгаа орон зайг ТББ, иргэний нийгмийн байгууллагууд нөхөж байгаа шүү дээ. Жишээлбэл, Ч.Ганжавхлан гэж залуу байна. Тэр хүн хүүхэд хамгааллын сайд биш. Төрийн өмнө тангараг өргөсөн албан тушаалтан биш. Гэхдээ л тэр төрийн өмнө тангараг өргөж, үүрэг хүлээсэн албан тушаалтан шиг ажилладаг. Гэтэл бид дэмжиж, урам зориг өгч чадахгүй юм гэхэд шүүмжлэхгүй, дэвслэхгүй байж сурах хэрэгтэй. Нийгмийн сүлжээнд хэн нэгнийг шүүмжилж, доромжлохын оронд би яаж оролцох вэ гэдэг соёлтой болмоор байна.
Энэ төслийг хөдөлгөхийн тулд хэдэн хүний хаалганы өмнө сууж хэчнээн цаг хүлээснийг хэн ч мэдэхгүй. Эцсийн ганц зорилго бол хэдэн хүний л амь амрах юм. Яг үнэндээ хандив тусламж үзүүлсэн хүмүүс нь ажлаа нэхэж шаардаагүй байхад нийтийн сайн сайхны төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж гүтгэж, доромжлох утгагүй. Өнөөдөр Монголд 27000 ТББ үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 1.4 хувь нь татварт тайлангаа өгдөг буюу 200 ширхэг нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Яагаад төр энэ хэдэн ТББ-аа дэмжиж, өөрсдийнхөө хүрч чадахгүй газартаа хүргэе гэсэн байдлаар зохион байгуулж чадахгүй байгаа юм. Төрийн чиг үүргийг ТББ гүйцэтгэнэ гэсэн хууль бий. Жилдээ 60-70 тэрбум төгрөг ТББ-д өгдөг гэсэн. Цаас хувилж өгөөд мөнгө халаасалж байгаа ТББ-ууд ч байдаг. Тэр мөнгө нь хаана, хэнд очиж юунд зарцуулагдаж байгааг ил тод болгох ёстой.
Хэдэн зуун сая төгрөгийн төслийг босгохын тулд тусалъя гэсэн хүний дэмжлэгийг авна. Хэн ч байсан хамаагүй. Ингэлээ гээд улс төржүүлбэл тэр л биз. Айх юм алга. Мянга мянган хүний эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байгаа нь л илүү чухал байна.
Анх төслөө нээхдээ 600 мянган төгрөгийн тасалбартай хандивын арга хэмжээ зохион байгуулж 70 гаруй сая төгрөг цуглуулсан. Энэ мөнгөөрөө үзлэгийн машин авч тохижуулаад дуусч байна. Хөрөнгө мөнгө босгоход үнэхээр амаргүй байгаа. Үзлэгийн машин авах, тохижуулах, түрээслэх, ажиллах хүмүүсийн цалин орлогыг босгох гээд бэрхшээлтэй нүүр тулж байна. Наад зах нь машин дээрээ наах стикер, шатахуун, ажиллах хүмүүсийн хоол унд, амаа арчих цааснаас эхлээд амаргүй зохион байгуулалт шаардаж байна. Тэглээ гээд амаргүй байна гэж хойш суух, шүүмжлэлээс айхгүй. Зорилгынхоо төлөө урагшаа хараад явна. Асуудал, бэрхшээл, шүүмжлэлээс айх байсан бол энэ том төслийг эхлүүлэхгүй байсан. Ямар ч байсан хийх ажил, хэлэх үгтэйгээр төсөл маань эхэлж байна.  Дараагийн санхүүжилтээ олохын тулд олон улсын байгууллагад төслөө өгөхөөр бэлтгэж байгаа. Мөн дотоодынхоо бизнесийн байгууллагууд руу хандсан. Найр, наадам гээд зуны урт амралт таарсан учраас хүлээгдэж байна. Угаас энэ бүгдийг нэг өдөр, 10 хоногийн дотор шийддэг зүйл биш юм билээ.
-Та эмэгтэйчүүдийн холбоо шүгэл үлээж, шийдэл гаргаж танилцуулна гэсэн. Тэгвэл зөвхөн энэ төсөлтэй холбоотойгоор бодлогын хэмжээнд  ямар үр дүн, шийдэл харж хүлээж байна вэ?
-Бид 21 аймаг 330 сумаар нэг удаа тойроод асуудал шийдэгдэхгүй. Гэхдээ “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл олон ажил амжуулна. Нэгдүгээрт, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоно. Хоёрдугаарт, сумын эмч нарт ажлын байран дээр нь хавдар  оношлох сургалт хийнэ. Үндсэндээ хөдөөд хүний нөөц бэлдэж байгаа хэрэг. Гуравдугаарт, өргөн хүрээнд үзлэг оношлогоо хийнэ. Эцэст нь үндэсний хэмжээний судалгаа хийнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндтэй холбоотой маш том дата бааз бүрдэнэ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ТББ учраас бодлого бичиж, шийдвэр гаргахгүй. Гэхдээ шүгэл үлээнэ. Төр засгийн бодлогод тусгах шийдлийг нь гаргаж тавина. Нөгөө талдаа иргэд олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх, соён гэгээрлийн ажлуудыг хийнэ. Хууль эрхзүйн хувьд ийм л эрх, үүрэгтэй. Үүнийгээ биелүүлнэ.
Бодлогын түвшинд ярьж байгаа хамгийн эхний шийдэл бол умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг Монголд оруулж ирэх алхмыг хийх юм. Энэ вакциныг оруулж ирэх талаар өмнө нь яригдаж байсан ч ямар нэг үр дүнд хүрч байгаагүй. Байнга эсэргүүцэлтэй тулгардаг. Дэлхийн 140 гаруй улс орон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг судалж нэвтрүүлсний үр дүнд нас баралтыг бууруулсан. Дэлхий нийтээр шинжлэх ухаанд итгэж үр шимийг нь хүртэж байхад бид яагаад болохгүй гэж. Нэг ёсондоо вакцины ач холбогдлыг таниулж, хөрсөө бэлтгээгүй учраас иргэд эсэргүүцэж, дайрч доромжилж гүтгэдэг байдал бий болжээ. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх цор ганц арга бол вакцин гэдгийг иргэдэд ойлгуулж мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна төр засаг шийдвэртэй алхам хиймээр байна. Элэгний В, С вирусээс сэргийлэхийн тулд вакцин, эм л хэрэглэж байгаа шүү дээ. Үүнтэй л адил. 
Эмэгтэй хүний хөх бол эрүүл мэнд, гоо зүйн талаасаа их чухал. Хавдрын улмаас хөхөө тайруулахдаа эдийн засаг, сэтгэлзүй, эрүүл мэндийн маш том хохирол амссаны улмаас нийгэмд олон асуудалтай нүүр тулдаг. Сөрөг үр дагавар их. Тиймээс хөхийг нь тайрах хагалгаа хийсэн ч гэсэн дараа нь имплантын шийдлийг эрүүл мэндийг даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, анхаарч ажиллахыг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад санал болгож байгаа. Даатгалын сангийн мөнгө хэмжээ хязгаартайг ойлгоно. Гэхдээ хөхний хавдрын хувьд жилдээ 100 гаруй эмэгтэй асуудал яригдаж байгаа учраас ойлгож дэмжих хэрэгцээ шаардлага байна. Яг үнэндээ умайн хүзүүний хавдраар өвчилж байгаа хүйс нь эмэгтэй боловч вирус тээгч нь эрчүүд байдаг. Хүйс хамаарахгүйг мэдэхгүйгээс болж гэр бүлийн харилцаан дээр асуудал үүсдэг, эмэгтэй нь хохирогч болсон кейс бий. Тиймээс нэг талд бодлогын шийдэл, нөгөө талд нийгмийн хөрс суурийг бэлтгэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатай.
 

ТББ-ААС ТӨРИЙН ЯАМНЫ АЖИЛ НЭХЭХ ХЭРЭГГҮЙ

 
-Эмэгтэйчүүдийн холбоог гурван жил тэргүүллээ. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх болгонд эмэгтэйчүүдийн холбоо хаана байна вэ гэдэг. Өнгөрсөн хугацаанд эрх мэдлийнхээ хүрээнд эмэгтэйчүүдийнхээ төлөө юу хийв?
-Эрхээ нэхдэг байгууллагатай болсон нь сайн. Намайг Эмэгтэйчүүдийн холбооны ажлыг авахад энэ байгууллагыг мэддэг, эрхээ нэхэж шаарддаг хүн ховор байсан. Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол 100 жилийн түүхтэй.
1990 оноос өмнө Монголын эмэгтэйчүүдийн хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Удвал дарга улаан номертой машин унадаг байлаа гэж хүмүүс ярьдаг. Тухайн үед Монгол Улсад 7-8 хүн улаан номертой машин унадаг байсны нэг нь эмэгтэйчүүдийн байгууллагын дарга байж. Мөн төрийн маш өндөр шийдвэр гаргах түвшинд буюу АИХ-ын тэргүүлэгч, одоогийн Засгийн газрын гишүүний статустай ажилладаг байсан. Төрөөс санхүүжүүлж, тэр хүний амнаас гарсан үг бараг хууль шахуу байлаа. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага ийм л өндөр эрх мэдэл, ач холбогдолтой байлаа. Одоогийнхоор зүйрлэвэл, яамны түвшинд ажиллаж байлаа.
1990 оны ардчилал гарсны дараа эмэгтэйчүүдийн байгууллага Монголд хэрэггүй гэж үзэж төрийн статусыг нь болиулаад ТББ болгосон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл амаргүй 30 жилийн туулж ирсэн юм билээ. Хоёр нийгмийн шилжилтийн давлагаан дахь энэ хугацаа Монгол Улсын хувьд ч амар байгаагүй. Өнгөрсөн 30 жилд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагууд “гал”-ыг нь яаж таслахгүй авч үлдэх вэ гэж хичээсэн. Олон янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн ч үндэсний хэмжээнийх ховор. Тодорхой зорилго, чиглэлийн дагуу л үйл ажиллагаа явуулдаг учраас нэг ч хүний цалин мөнгийг зарцуулах боломжгүй. Ийм л цаг хугацаа байлаа. Харин өнгөрсөн гурван жилд охид эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн асуудалтай холбоотойгоор нөлөөллийн ажлууд зохион байгуулсан. Бодлогын түвшинд хууль эрхзүйн өөрчлөлт хийхэд чиглэж ажиллалаа.
2019 онд ажил авсны дараа тухайн үеийн УИХ-д Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах таван саналыг гаргаж хүргүүлсэн. Мөн 2020 онд шинээр байгуулагдсан УИХ болон хууль санаачлагчдад саналаа хүргүүлсэн байдаг. Бид санал уриалга гаргаж, шаардаж, хүсэлт хүргүүлэх зэрэг хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд ажиллаж байна. Түүнээс дунд нь ороод хуулийг нь батлалцаж, шийдвэр гаргах түвшинд ажиллах эрхгүй.
Нийгэм биднийг маш өндрөөр хүлээж авч тэр хэрээрээ их зүйл хүсч, шаардаж байна. Энэ бол сайн. Гэхдээ нөгөө талд төр, ТББ гэдэг ялгаагаа ойлгох хэрэгтэй. Б.Оюунгэрэл гэдэг хувь хүн шүүмжлүүлэх өөр. Шүүмжилж ч болно. Харин Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын эрх, үүрэг статусыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Хүүхэд хамгаалахгүй байна эмэгтэйчүүдийн холбооны дарга хаана байна гэдэг. Мэдээж бид дуу хоолойгоо нэгтгээд явж байгаа. Цаашдаа ч явах болно. Гэхдээ нэг хүний асуудлаар нийтээр нь улс төржүүлж болохгүй. Төрөл бүрийн урьдчилан сэргийлэх ажил, төсөл хөтөлбөрүүдийг бүх шатандаа боломжийн хэмжээнд хийж хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Европын холбооны дэмжлэгтэйгээр ХЭҮК-той хамтраад дэмжих бүлгээр дамжуулан туслах малчны хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчүүлэхгүй байх төслийг дөрвөн аймгийн 12 суманд хэрэгжүүлж хаалтаа хийлээ. Хэдийгээр дөрвөн аймгийн 12 сумыг хамарсан ч түүгээр төлөөлүүлж нийт малчдын асуудлыг гаргаж тавилаа. Үүний үр шимээр Хөдөлмөрийн хуульд малчидтай холбоотой бүтэн бүлэг орлоо. Өмнө нь Хөдөлмөрийн хуульд малчдын эрх ашгийг хамгаалсан зүйл заалт байгаагүй. Жишээлбэл, өмнө нь боол мэтээр ханддаг байсан туслах малчны эрх ашгийг хамгаалсан. Тэнд бүхэл бүтэн хөдөлмөрийн эрхзүйн харилцаа явж байгааг хэн ч ойлгоогүй. Боолчлол, мөлжлөг явагдаж байсныг таслан зогсоож, цалин мөнгөнөөс эхлээд эрх ашгаа хамгаалах боломж бүрдлээ. Малчны хотонд бизнес, үйлдвэрлэл явагдаж маш том баялаг бүтээж байгааг анхаарч ойлгож, шаардлагатай зохицуулалтыг хийх цаг болсон.
Төсөл хэрэгжсэн дөрвөн аймгийн 12 суманд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 144 хүний эрхийн сургагч багшийг гэр бүл, хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлт гээд найман чиглэлээр бэлтгэсэн. Төсөл дууссан ч тэд сум орон нутагтаа үлдэж хүний эрхийг хамгаална. Ходоодны хорт хавдар үүсгэдэг хуванцар савыг халах төслийг Увс аймгийн бүх суманд хэрэгжүүлсэн. Архангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл олон улсын байгууллагатай хамтарч хүүхэд хамгааллын байр барьж төрд хүлээлгэж өглөө. Энэ мэтээр аймаг бүрт эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлүүд орон нутаг, олон улсын байгууллагатай хамтарч үр шим нь үлдэж ажил үйлс нь үргэлжилсээр байгаа төслүүдийг олноор хэрэгжүүлсэн. Тэр бүрийг тоочвол, заримыг нь ч би санахгүй байх. Та, бид хоёрын яриа ч дуусахгүй. 
 

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ХЭДЭН ЗУУН МЯНГАН ЭМЭГТЭЙН ХҮЧ, НӨӨЦИЙГ ТӨР АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

 
-Хүн амын дийлэнх болсон эмэгтэйчүүдийн төлөө дуугарахад ТББ-ын эрх мэдэл, хөрөнгө мөнгө хүрэлцдэггүй юм байна. Тэгвэл үнэхээр маш чухал бүлгийн эрхийг үр дүнтэй хамгаалахын тулд буцаагаад төрийн статустай болгох, шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй ажиллах боломжоор хангая гэвэл та ямар байр суурь илэрхийлэх вэ. Өмнөх шиг  төрийн харьяанд авья гэвэл та дэмжих үү?
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн салбар зөвлөлийн дарга нар нэг ч төгрөгийн цалин авдаггүй. Цалин авдаггүй хүнийг өглөө болгон, өдөр бүр цагаа бүртгүүлээд ирж ажилла, нийгмийн төлөө зүтгэ гэж хэлж чадахгүй. Тийм ч боломжгүй. Өөрсдөө хүний эрхийг хангана, хамгаална гэсэн хэрнээ нийгмийн төлөө сайн дураараа явж байгаа хүмүүсийн эрхийг зөрчиж болохгүй. Гэвч эмэгтэйчүүдийн холбооны гишүүд гэр бүл, үр хүүхдэдээ зориулах цагаа нийгмийн төлөө зарцуулж байна. Түүгээр ч зогсохгүй өөрсдөөсөө мөнгө санхүү гаргаад бусдын төлөө, болгож бүтээхийн төлөө явж байгаа. Хэрэв би цалин өгдөг байсан бол тодорхой үүрэг өгч далайцтай ажил зохион байгуулах боломж бүрэн бий. Тэр хэрээрээ ч маш сайн үр дүн авчрах нь эргэлзээгүй. Энэ байгууллагад нөөц боломж байгаа. Харамсалтай нь тэр их нөөцийг ашиглах боломжгүй байгаад эмэгтэйчүүдийн байгууллага юу хийсэн юм бэ гэсэн шүүмжлэлийн гол бай яваад байна.
Намайг ингэж ярихаар эрх мэдлийн төлөө явлаа, мөнгө төгрөг нэхлээ гэж хэлж магадгүй. Гэхдээ энэ бол их мөнгөний тухай биш. Үндэсний хэмжээний сүлжээ болж, хэдэн зуун мянган төлөөллийн хүчийг төр зөв ашиглаасай. Тэгэж чадвал төрийн хүрч чадахгүй газарт хүрэх нөөц, боломж бидэнд байгаа. Харамсалтай нь энэ боломжийг харж, ашиглаж чадахгүй байна. Орон нутгаар явахад заалнаас босоод Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын статусыг өөрчилж өгөөч гэж захын эмэгтэй хэлдэг. Төсвийн нэг ч төгрөгийн дэмжлэггүй. Манай ажлын алба төрөөс нэг ч төгрөг аваагүй. Хааяа төсөл бичиж өгөөд тэр нь төсөлдөө зарцуулагдаад дуусдаг.
Төр, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид малчны хотонд айл болгоны гэрт орж чадаж байгаа юу. Үгүй. Түүнийг нь мэргэшсэн ТББ-ууд хийдэг юм. Ялангуяа, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, мэдлэг ойлголт өгөх сургалт сурталчилгааны ажилдаа ТББ-уудаа чадавхжуулж, өргөжүүлж, дэмжиж, хяналт хариуцлагаа тавиасай. Маш олон хууль баталж байна. Гэтэл хэрэгжилт алга. Иргэд хуулийг мэдэхгүйгээс цаас болоод үлдэж байна. Хуулиа мэдсэн хүн хэрэгжүүлэхийг шаарддаг. Маш их бодлого “үйлдвэрлээд” байгаа хэрнээ хөрсөн дээрээ хүн болгонд хүрч чадахгүй байгаа. Иймэрхүү ажлууд дээрээ ТББ-ыг зохион байгуулж чадвал маш том нөөц байгаа учраас айл болгонд орох боломжтой.
-Ганцхан манай улсын эмэгтэйчүүд ийм “хөөрхийлөлтэй” дүр зурагтай байгаа юм уу. Бусад улс орны жишиг, туршлага ямар байдаг юм бол?
-Миний хувьд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр тодорхой хугацаанд ажиллаад явна. Энэ байгууллагын жаргал, зовлонг мэдрээд, үүрэлцээд явж байгаа хүний хувьд төр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлээсэй гэж хүсдэг. Төр чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ том хүч, нөөц боломжийг ашиглаасай гэж боддог. Орон нутагт яваад очиход төрийн ажилтан байхгүй үед эмэгтэйчүүдийн холбооны 10 бүсгүй зогсч л байдаг. Тэднийг салбар салбарынх нь үйл ажиллагаанд бодлого хэрэгжүүлэхэд ашиглаасай. Дэмжиж туслаасай гэж боддог. Эмэгтэйчүүд тууштай, сайхан сэтгэлтэй, маш хөдөлмөрч. Өөрийнхөө хоолны мөнгөнөөс бусдын төлөө зориулж чаддаг тийм л сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс. Тэр их сэтгэл энэ байгууллагад орж ирээд үнэ цэн болдог. Нэг ч төгрөгийн цалингүй хэрнээ нийгмийн төлөө загнуулаад явж чаддаг хүмүүс бол эмэгтэйчүүд юм шүү. Харин тэр их сэтгэл, зүтгэлийг багахан дэмжиж, дэмнээд өгөхөд дэлхийг өөрчилж чадахаар хүмүүс. Ний нуугүй хэлэхэд тэдэнд тухтай суух ажлын байр, төслөө бичээд өгөх цаас, цай, принтерийн хор, тог цахилгааны мөнгө дутмаг байна. Энэ бол тийм ч их зүйл биш.
Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо гэж бий. Төв байранд нь 2000 хүн сууж, 70 мянган ажилтан үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. ОХУ-ын эмэгтэйчүүдийн холбоо тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх комиссыг даргалдаг. Тэр комисст Нийгмийн хамгаалал, соёл, эрүүл мэндийн сайд нар багтдаг. Комисс гэр бүл, эмэгтэйчүүд жендэрийн бодлого гаргадаг. Солонгос улс Эмэгтэйчүүд гэр бүлийн яам, судалгааны томоохон төвтэй. Төв нь асуудлыг судалж, яам, эмэгтэйчүүдийн холбоо нь бодлого гаргаж нийгэм рүү хүртээдэг. АНУ-д тусгай зөвшөөрөлтэйгээр ажиллуулж үйл ажиллагааг нь төрөөс дэмждэг. Гэтэл манай улсад төрийн дэмжлэг алга. Эсрэгээрээ ажил хийх гэж яваа залуус доромжлуулаад дуусч байна.
 

ДЭЛХИЙ НИЙТ АЛЬ НЭГ ХҮЙС ДАВАМГАЙЛСАН БИШ ТЭНЦВЭРТЭЙ “НҮД”-ИЙГ  ХАРЖ, ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

 
-Төрийн ордонд ажиллаж байгаа эмэгтэй гишүүд холбоог хэрхэн дэмждэг юм бол. Та бүхэн тэдэнтэй хэр ойр байж, жаргал зовлонгоо хуваалцдаг юм бэ?
-Хүнийг шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Сүүлийн хоёр парламент бол 30 жилийн хугацаанд Монгол Улсын түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсон тохиолдол боллоо. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бүс нутгийн хувьд манайх доогуур байдаг. Дэлхийн дундаж 40 хувиас дээш гарсан байхад бүс нутагтаа манай улс 17 хувьтай байх жишээтэй. 2008 оноос хойш улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо баг багаар нэмэгдэж байна. Түүнээс хойшх дөрвөн парламентад эмэгтэй гишүүд орж ирснээр Монголын нийгэмд юу өөрчлөгдсөн юм бэ. Жендэрийн үндэсний хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, агентлагтай боллоо. Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Тамхины эсрэг хуультай боллоо. Нийгмийн чанартай эмэгтэйчүүдийн нүдээр шийдэгддэг төрийн бодлогууд хөдлөөд эхэлсэн. Алдаа, оноо бий. Гэхдээ ахиц дэвшил гэж харах ёстой. Одоо харин хаана алдаа байгаа, аль хэсгийн сайжруулж шинэчлэх вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Тухайлбал, Гэр бүлийн хуулийг батлах ёстой. Хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг бол хүчирхийлэл юм гэдгийг олон нийтэд ойлгуулах нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд хийж чадсан. Хүчирхийлэл гэдэг үг бол гэмт хэрэг. Гэтэл бид өдөр бүр яриад дадчихаж байгаа юм биз гэдгийг ойлгуулахыг хичээсэн.Нөгөө талд хуулиа шинэчилж өгөөч гэсэн саналыг гаргаж эмэгтэй гишүүд хаврын чуулганд өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэгдэх байх гэж найдаж байна.
Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх суурь нь Гэр бүлийн хууль юм. Байшингаар яривал хундаам нь маш олон газраа цуурчихаад байна. Энэ байшинг нурааж болохгүй. Харин яаж нэмж цууруулахгүй байх вэ, ан цав үүсгэхгүй байх вэ гэдгийг бодож олох ёстой. Одоогийн хэрэгжүүлж байгаа бодлогоор яривал шил, толийг нь л солиод байхаас биш  цууралтыг зогсоож чадахгүй байна. 23 жилийн өмнөх гэр бүлийн харилцаа, соёл огт өөр болсон. Гэтэл нийгэм өөрчлөгдөөд байхад хууль нь бахь байдгаараа байж болохгүй биз дээ. Манай улсад жилд 20 орчим мянган гэр бүл шинээр батлуулж, 4-5 мянга нь салдаг гэсэн тоо бий. Албан бусаар дахиад 20 мянга цуцлуулж байгаа. Гэвч нийгмийн чанартай хамгийн том суурь хуулиа яагаад хойш нь тавиад яваад байгаа юм бэ. Гэр бүлийн тухай хууль анх 1999 онд батлагдаж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 30-аад жилийн хугацаанд таван парламентад өргөн баригдсан ч батлалгүй хойшлуудж, буцааж, хойрго хандсаар ирсэн. Суурь хууль батлагдчихвал араас нь дагалдах хуулиуд хүлээгдэж байна. Хөдөлмөрийн хуулийг хэрэлдэн, хэлцэн байж 13 жилийн дараа батлах жишээтэй. Нийгмийн чанартай маш чухал асуудалд заавал нэг ТББ орилж, хашхирч, дэвхцэж байж батлах ёстой юм биш. Бодлого боловсруулагчдын үүрэг. Хэн нэгнээр шахуулахгүйгээр нийгмийн захиалгаар хийгдэх ажил.
Эрүүгийн хуулийг өөрчлөхийн тулд бүжингийн чимээгүй хашгираан нөлөөллийн ажлыг парламентын танхимд зохион байгуулж байлаа. Магадгүй Монгол Улсын түүхэнд бүжин туулай УИХ-ын гишүүдийн ширээн дээр “суугаад” намайг авраач гэж хашхирч, уйлж байсан түүх байхгүй байх. Дараа нь 330 бүжингийн чимээгүй суултыг төв талбайд тавьсан. Энэ тоо бол 2020 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд. Зүрх сэтгэлтэй, эцэг эх бол эрэгтэй, эмэгтэй ялгалгүй тэр тоо баримтыг хараад сэтгэл нь өвдөх учиртай. Гэтэл тийм зүйл болоогүй. Иргэний нийгмийн байгууллагын хувьд олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж шүгэл үлээж, санал, шийдлийг гаргаж тавьсаар байх болно. Шаардлагаа ч нэхсээр байх болно.
Өнөөдөр манай улсад хэрэгжиж байгаа ихэнх бодлого таслан сэргийлэх чанартай. Уг нь урьдчилан сэргийлдэг улс болмоор байгаа юм. Ниргэсэн хойно биш ниргэхээс нь өмнө урьтах ёстой. Хавдрын хагалгаа хийгээд байхаас биш урьдчилан сэргийлэхэд анхаардаг болох ёстой. Эцэстээ эрүүл байх ухамсар, хандлага, мэдлэг ойлголтыг иргэдэд суулгаж өгөх л асуудал юм. Урьдчилан сэргийлэхийг төр, иргэний аль нь ч хийх үүрэгтэй.
-Салбар бүрт хамгийн үр дүнтэй ажиллах боломж бол шийдвэр гаргах түвшинд төлөөллөө гаргаж ирэх. Гэтэл удирдагчдыг эмэгтэй дүрээр харах нийгмийн хандлага дутмаг байгаа. Дайрч доромжлуулахаас айгаад эмэгтэйчүүд зориг гаргаж чадахгүй байна уу гэж хардаг. Энэ замыг тойроогүй дайрч ирсэн хүний хувьд юу хэлэх вэ?
-Эмэгтэй хүн бол улстөрч  биш. Гэрийн сайн эзэгтэй шүү гэдэг хэвшмэл ойлголттой. Энэ зөвхөн Монголын зовлон биш. Бүс нутгийн хэмжээний асуудал. Үүнийг сүүлийн хэдэн өдөр улам тод харлаа. Эмэгтэй хүн Засаг дарга болох гэхээр залуу, хөөрхөн, өндөр боловсролтой байгаад нь буруутгаж байна.Эмэгтэйчүүдийг хөлийнх нь үзүүрээс үснийх нь ширхэг бүрээр доромжилдог. Аав, ээж, үр хүүхэд, ах дүү хамаатан садан гээд үнэт зүйл рүү нь ордог. Гэтэл яг адилхан эрэгтэй хүн байсан бол ямар мундаг залуу, яасан их баялаг бүтээгээ вэ гэж магтаж, дэмжиж хүлээж авна. Эрэгтэй хүн дээр сөрөг сэтгэгдэл хэлэх цөөн үгтэй. Харин эмэгтэй бол үс, зүс, нүүрний будаг, харц, гарын хөдөлгөөн, өмссөн хувцас, гэр бүл, үр хүүхэд, хөрөнгө мөнгө гээд доромжлохгүй зүйл байхгүй. Сүүлдээ хэн нэг эрэгтэйд хамаатуулдаг. Нэг үгээр бол эмэгтэй хүнийг ямар нэг байдлаар хэн нэгний хараат болгож хардаг. Үүнээс болж хэдэн айлын гэрт маргаан гарч, хэд нь салсныг үгүйсгэхгүй. Эмэгтэй учраас гэж хүйсийн ялгаатай байдлаар ялгаварлан гадуурхаж байгаагаас маш олон бүсгүй ухарч байна. Улс төрд ороход зориг, зүрх дутаж байгааг нуух зүйл биш.
Монголд улс төрд орж байгаа эмэгтэйчүүд тэгш бус гараанаас гарч байна. Ингээд ярихаар хүйсийнх нь хувьд эмэгтэйчүүдийг тусгайлан дэмж гэлээ гэж шүүмжилдэг. Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийг бүх түвшинд, жендэрийн харилцаа алдагдсан салбар бүрт тусгайлсан бодлого гаргадаг. Өөрөөр хэлбэл, тодорхой түвшинд аваачиж тэгш байдал руу оруулахын тулд дэмжлэг үзүүлдэг төрийн бодлого юм. Жишээлбэл, Солонгос улс парламентын сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн сонгуулийн зардлыг нам хамаарахгүйгээр төрөөс гаргадаг. Эмэгтэйчүүд нөхөн үржигддэг хүйс учраас хүүхэд гаргаад гэрт суухаар эдийн засгийн хараат байдалд ордог. Цаг хугацааны хувьд өсөж дэвжих боломж хойш нь татагдаж байдаг. Эрэгтэй хүнтэй харьцуулах ч боломжгүй.
Өнөөдөр Монголд маш өндөр боловсрол, чадвартай эмэгтэйчүүд бий. Тэд улс төрд ороход эдийн засаг, гэр бүлийн дэмжлэг чухал байна. Эхний хоёр асуудал шийдэгдлээ гэхэд олон нийтийн өмнө гараад гэр бүл, үнэт зүйлээ доромжлуулах вий гэсэн айдас бий. Дэлхий нийтийн хандлагыг харахад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд гаргаж дэмжсэнээр ажилгүйдэл, ядуурал, архидалт, авлига буурна гэдгийг судлаад тогтвортой хөгжлийн зорилт болгож дэвшүүллээ. Хөгжсөн  улс орнууд аль хэдийнэ хэрэгжүүлж үр шимийг нь хүртээд эхэллээ. Гэтэл манай улсад сандал суудал, эрх мэдэл булаацалдсан мэтээр хардаг. Дэлхий нийт бол хүйсийн онцлог шинжээс хамаарч эрэгтэй, эмэгтэй хүний өнцгөөр төрийн бодлогод тусгах нүд, сэтгэлийн тухай яриад байгаа юм. Аливаад аль нэг хүйс давамгайлсан биш тэнцвэртэй “нүд”-ийг  харж, чухалчлаад байгаа юм. Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал зэргээр эмэгтэйчүүдийн нүдээр харах зүйл бол жижиг мэт боловч хамгийн том суурь асуудал, цаашлаад улс орны тусгаар тогтнолын хэмжээнд яригдах зүйлс байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ бодлого орхигдсоны хор уршгийг өнөөдөр харж байна.
-Ярилцлагын төгсгөлд сүүлийн үеийн сонин сайхнаас сонсоё. Нүүр номоос тань харвал энэ зун их завгүй байх шиг боллоо. Ямар ажил амжуулав?
-Ер нь бол жилийн жилд амарч үзээгүй. Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч болоод гурван зуныг өнгөрүүлж байна. Амралтаа авдаг ч амарч үзээгүй. Тэр жишгээрээ энэ зун хоёр хоног л амарлаа. Малайзад болсон дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд оролцох замдаа БНСУ-д ажиллаж уулзалтууд хийгээд ирсэн. Бидний өмнө нь хамтарч ажиллаж байсан, одоо парламентад сонгогдсон гишүүнтэй уулзаж Солонгосын гэр бүлийн хуулийн талаар мэдээлэл солилцож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. Мөн Монгол Улсаас тус улсад суугаад Элчин сайдтай уулзаж тэнд амьдарч байгаа 50 гаруй мянган монголчууд руу чиглэсэн олон ажил зохион байгуулахаар санал солилцсон. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сөүл хотын салбар зөвлөлийн төлөөлөгч, бизнесийн байгууллагуудтай уулзах зэргээр чамлахааргүй ажил амжуулаад ирлээ. Малайзад дэлхийн бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн чуулганд оролцох үеэр 20 гаруй эмэгтэй шагнал хүртсэний нэг нь Монголын эмэгтэйчүүдийн холбоог төлөөлөөд би байсан. Малайзад болсон чуулганы үеэр уулзаж танилцсан эмэгтэйчүүд удахгүй монголд ирж хөрөнгө оруулалт хийх, үйлдвэр байгуулах тал дээр санал солилцоно.  Ирснийхээ дараа Говь-Алтай аймагт очиж “Хавдаргүй Монгол эмэгтэй” төслөө танилцууллаа. Үүний үр дүнд төслөө Говь-Алтай аймгаас эхлүүлэхээр болж бүх сумдад үзлэг оношлогоо хийх бэлтгэл ажлаа хангаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 172 (6904)скачать dle 12.0

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

Өчигдөр, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

Өчигдөр, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

Өчигдөр, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

Өчигдөр, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

Өчигдөр, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19