iNet.mn дагах

Хөрөг | “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай...”

Багшийн дээдийн буудлаас өөдөөс харсан сандалд лагхийсэн шинэ зорчигчийн зүгт толгой дөнгөж хандуулах зуур зүрх палхийв. Түүний нүд. Архины нэвширсэн үнэрийг сэтэлж, сэлхийн хүндэрсэн зовхин дороос өөдөөс яг таг мэлрэх атлаа танихгүйн гүнд хөшиж орхижээ. Яг одоо ямар ч хөдөлгөөнгүй буй харц гучаад жилийн тэртээ анх учрахад бахдан цоргиж байсансан. Инээчихсэн, зураас төдий онийчихсон л... Өхөөрдөн энхрийлж, өчнөөнийг өгүүлэн гялалзаж л явдагсан... 
Одоо нэг л үг дуугарвал тэр сэрнэ. Түүний сонсгол хэзээ ч андуурдаггүй. Ганц авианаас танина. Харин таньчихвал троллейбусаар дүүрэн хэн бэ гэдгийг минь зарлана, дуулна, эсвэл уйлна. Гурван зогсоолын дараа буух газар хүртлээ таних, танихгүй хоёр болж хэсэгхэн ч гэсэн ингээд л явах минь. Энэ хүн гэрээсээ гараад 15 жил, хамгийн сүүлд таарснаас хойш бараг арван жил өнгөрч дээ. 
Хоёрхон буудлын өмнө цонхоор харж явахаар олзолсон энэ сандал дээрээс дурсамжид олзлогдоод харьж явна. “Адараа байна шүү дээ”, “Адарааг харав уу”, “Адараа мөн үү” хэмээн троллейбуснаас буусан улс өвөр зуураа шивнэлдэх үгсийг ардаа үлдээв. Өмнө нь ч ийм л байсан. Бүх зүйл орвонгоороо эргэчихсэн байхад зарим зүйл өөрчлөгддөггүй юм шив. Тэднийг сугадалцан явааг харсан улс шивнэлдэн нудралцаж, музейн үзмэр харж байгаа аятай сонирхон зогсоцгоодогсон. “Мөөн мөн, энэ бол Адараа. Ар халхын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн гэдэг чинь яг мөн. Миний амьдралын анхны эр хүн, анхны хань ижил, таван хүүхдийн минь эцэг”. 
***
1964 оны намар юм. Долоотой сургуульд орсон болохоор аравдугаар ангийн намар гэдэг маань миний 16 нас. Би бол Ховд аймгийн Булган сум, нэгдлийн дарга Адуучийн 10 хүүхдийн хоёр дахь охин билээ. Манай суманд Монголын радиогоос Цог гэж хүн ирж сумын амьдрал, аавын ажил төрлийг сурвалжилж явахдаа нэг хүүхдээр дуу дуулуулан бичиж авахаар болсон юм. Сургуулийн концерт миний тайз байлаа. Би хөтөлнө, дуулна, бүжиглэнэ. Хожим “Үнэн” сонины сэтгүүлч болсон, тухайн үед манай дуу хөгжмийн багш Х.Ганбат бага гарын баянхуур тоглоод, надаар торгууд ардын дуу дуулуулах болжээ. Багшийн хөгжмийн өнгө, хэмжээ миний хоолойтой нийлдэггүй дээ.
Өндөр өндөр ууландаа
Өнгийн будан татна
Өсөж төрсөн торгууд нутаг нь
Өндөө мандаа санагдана гээд л багш бид хоёр үзээд байлаа. 

Тэгтэл хаалгаар Ховдын энэ хязгаарт урьд хожид харагдаагүй цэв цэх офицер тэвхийтэл ороод ирсэн. Монхор хамартай, онигор нүдтэй, шаравтар царайтай залуу хүн инээмсэглэн зогссон. Булган сум Ярантын заставтай ойр тул аавтай ажил хэргээр цэргийн улс уулзаж явахыг би мөн олон харсан. Тэдэн дунд лав ийм жавхаатай хүн үзэгдээгүй л. Цэргийн малгайнаас нэг л өөр малгайтай юм аа, саравчийг нь зориуд богиносгосноос тийн содон үзэгдэж. Гутлынхаа түрийг гармошкалсан байгаа, нугалаа бүр нь нэгд нэгэнгүй гялалзаж байгаа гэж хачин. Тэр үеийн эрчүүдийн олонх богино мөчтэй, майгыг хэлэх үү, цэргийн өмд өвдгөө хүртэл бариу, гуя хэсэгтээ огцом дугуйрч ирсэн эсгүүртэй байсан нь над их л инээдтэй санагдана. Гэтэл тэр хүнд огт өөр, харин ч тун зохьсон ажээ. Энэ бол би Ярантын заставын холбооны шифрлэгч радист Адарсүрэнг амьдралдаа анх харсан мөчийн зураг. Тэр өөрийгөө баянхуур тоглодог гэлээ. Багш “Хаана байна тэр баянхуур чинь” гэхэд “Танай нэгдлийн агуулахад цоо шинэ баянхуур хэвтэж байх чинь билээ, олоод ирвэл тоглоод л өгье” гэв. Би аавдаа хэлж тэр хөгжмийг бушуухан аваад ирлээ. Ингэж би дуулж, Адараа хөгжимдсөнийг Цог сурвалжлагч дуу хураагчдаа бичсэн нь радиогоор явсан юм. 
Үүнээс яг сар гаруйн дараа Октябрийн баярыг тохиолдуулан Ярантын заставынхан суманд ирж концерт тоглолоо. Гэтэл өнөө тэвхгэр эр баянхуур тоглоод зогссонгүй, дуулж, бүжиглэж, бүр илбийн номер хүртэл үзүүлдэг байгаа. Над бол жинхэнээсээ ид шидтэй хүн юм шиг л санагдаж сүрхий гайхаж билээ. “Хүрэн толгойн сүүдэр”-ийг ямар сайхан дуулна вэ” гэж торгуудуудын дунд насаараа амьдарсан Увс аймгийн Зүүнхангайн уугуул халх ээж минь Адарсүрэнг шүтэн суусансан. Тухайн үед аавын маань удирдсан Булган сум Ховд аймагтаа төдийгүй БНМАУ-д ажил үйлсээрээ тэргүүлж, ид мандаж байлаа. “Ховдын Адууч хаана байна” гэж Ардын их хурлын депупатуудын хүлээн авалт дээр Ю.Цэдэнбал дарга зориуд нэрээр нь хайж очин хундага тулган хүндэлдэг эрхэм удирдагч явсан юм, миний аав. Тиймээс үр хүүхэд бид сурлагаараа ч, урлаг соёл, хөдөлмөр, спортын амжилтаараа олон түмний ажлаас хойш суух бүү хэл, тэргүүн эгнээнд оролцож, аавынхаа ажил хэргийн нэр төрийг өндөрт өргөлцөх сайн дураараа хүлээсэн үүрэгтэй амьтад явав аа. 
Заставынхны концертын дараа сумын клубээс гарахаар дүүтэйгээ хөтлөлцөн явахуйд “ид шидтэн” үүдэнд таараад, “Орой бүжигтэй шүү, хүрээд ирээрэй, та хоёр” гэвэй. Дүү охин минь надаас насаар ганцхан дүү юм. “Хоёулаа тэр бүжгэнд нь орой очъё гэвэл аав ээж юу гэх бол” гэж хөөрөлдсөөр гэрийн зүг алхаж явлаа. Харин гэрийнхээ үүдэнд иртэл аав хашааны хаалган дээр нэг мотоциклтой хүнтэй ярилцан зогссон нь “ид шидтэн” байх нь тэр. Тэдний дэргэдүүр гэрээдээ орлоо. Аав гаднаас орж ирэхдээ “9, 10-р ангийн хүүхдүүдэд энэ үдэш болох бүжигт идэвхтэй оролцоорой гээд зарла” гэлээ. Дүү дотуур байрны ахлах ангийнханд зарлаж, би ангийнхаа хэдээр бусдад нь уламжлуулсан юмдаг. Шидтэй залуу баянхуураа тоглон хүмүүс эргэлдэн бүжиж, ахлах ангийн бидэнд томчуудтай хамт үдэшлэгт оролцох соньхон байлаа. Адарсүрэн “За одоо бүжгийн аварга хос шалгаруулна” гэж зарлаад тайзнаас буухдаа шуудхан намайг чиглээд ирэх нь тэр. “Үгүй, би чадахгүй”. “Үгүй ээ, чи бид хоёр л чадна”. Үнэхээр бид тэр үдэшлэгийн аварга хос болсон юм. 
Тэр үдшээс хойш хэр хугацаа өнгөрснийг бүү мэд, нэг өдөр тэр манай гадаа хүрээд ирсэнд би их гайхсан, надад тийм ч таатай санагдаагүй юм. 
-Яах гэж ирсэн юм?
-Чамайг харах гэж.
-Яаж ирсэн юм?
-Энэ хоёроороо...(тэшүүрээ мөрлөчихсөн)
Ярантын заставаас Булган сум хүртэл 45 км зайг голоор тэшээд хэдэнтээ ирсэн ч хэд гурван үг солиод л буцна. Би түүнийг мөрөөдөөгүй, түүнд дурлаагүй юм. Шагайн суудаг романуудаар дамжаад миний төсөөлөл ирээгүй цаг хугацаа руу нисчихсэн л явсан. Миний нөгөө сэргэлэн цовоо гэгддэг минь ганцхан түүнтэй уулзах мөчид хувиран, хэг ёг хийчихдэгтээ өөрөө ч гайхах болов. Надад сургуулиа төгсөөд Улаанбаатарт очиж Анагаахын дээдэд сурч, эмч болохоос өөр мөрөөдөл үгүй. 
1965 он гарлаа. Шуугиант сурагч насны сүүлчийн өвөл, тэгээд хавар, гуравдугаар сарын 18. Цэргийн баяраар Ярантын застав руу сумаас концертын цомхон бүрэлдэхүүн очиж тоглох юм болоод явчив. Намайг дуул гэнэ. “Би гэрээсээ хэн нэгэнтэй л хамт явна” гээд охин дүүгээ дагуулахаар болсон юм. Аав цэргүүдэд өгөөрэй гэж модон хайрцаг жигнэмэг, сумын төвөөс цуглах хэмжээгээр нь хуучин сонин хэвлэлийг хамж дайсан билээ. Харин би зуны дэрэвгэр хормойтой даашинзаа ээжийн нүдийг хариулан баадандаа хийгээд шалав хумив. Концертоо тоглож, би дуулж Адарсүрэн хөгжимдсөн. Үдэш нь 1964 онд залуусын дунд ихэд түгээд байсан “Жаргаах зүрхэн” дууны үг, нотны хамт хуучин сонинд нийтлэгдсэнийг Адарсүрэн хуурдаж, хамтдаа мөр мөрөөр нь цээжлээд дуулж сурлаа. Шөнө нь манай концертын баг сум руугаа хөдлөхөд Адараа нэг их хүчтэй дуурийн ч гэмээр хоолойгоор тэр дууг дуулаад байсан нь чихэнд тэр чигтээ хүнгэнэсээр харьж билээ. 
Намайг гайхашруулсан зүйл заставт мөн болсон. Адарсүрэн дүү бид хоёрт чихэр өгнө гээд гэртээ дагуулж орсон юм. “Манайд чихрийн таваг алга л даа” гээд дунд гарын чемодан ширээн дээр тавиад товчийг нь түлхүүрдэн нээхэд дүүрэн “Барбарис”. Адараа намайг учирсан цагаасаа үргэлж гайхашруулсан цорын ганц хүн.    
“ХО 10-05” дугаартай Дүйнхэр жолооч аавтай уулзах гэж ирээд буцахдаа гарт сэм захиа атгуулсанд “Хоёулаа захидлаар харилцаж байя” гэж Адарсүрэн бичсэн байв. Бичгийн хэв, гарын үсэг хоёр нь таалагдаж байна гэж. Дараагийн удаад түүнээс тэмдэглэлийн цоо шинэ хар дэвтэр жолоочоор дамжин ирсэн бөгөөд надад зориулан дурлалын шүлэг зохиочихсон байж билээ. Би юу гэхээ ч мэдэхгүй дэмий л “Тийм гэж үү?” гэж даргын цохолт маягийн ташуухан бичээд хариу илгээчихсэн. Хэгжүүрхлийн ард үнэмшил, итгэл төрөөд байгаагаа нууцалж л байсан хэрэг. Дурлалд тэмүүлж байгаагүй ч учирч гэмээнэ зугтаж гэрэвшихээргүй зоригтой болчихсон байснаа би яахин мэдэх.
58 жилийн тэртээх 16 насаа овор бага, хөнгөн тэнхлүүн эмэгтэй нэхэн сууна. Монгол Улсын гавьяат багш Адуучийн Гантогтох Пэлжээгийн Адарсүрэн агсантай 17 жил ханилж, тэд таван хүүхдийн эцэг эх болсон юм. Түүнээ ярьж өгөхөөр ирэхдээ хөх өнгийн хослол өмсөж, мөн тийм өнгөт гоёл зүүжээ. “Намайг Адараа дэгжин чамин хувцаслахад их дуртайсан. Ерөөс гоё сайханд гярхай хүн дээ”. 
***
Арав төгсөх хавар сурагчид шуудуу ухах ажилд дайчлагддаг юм. Хүнд юм өргөснөөс миний нүдний өвчин сэдэрч Улаанбаатар орж үзүүлэхээс аргагүй боллоо. Төв эмнэлгийн нүдний эмч Нямаа гэж алдарт Бямбын Рэнчиний охин намайг эмчилж байлаа. Би эмч болох хүсэлтэй, шалгалтад бэлтгэж байгаагаа түүнд хэлэхэд Нямаа эмч зүүн гараа алгаар нь над харуулаад нөгөө гарынхаа долоовроор “Ганцхан энэ алганы хонхорхойд 200 нэр томъёо бий. Хүний биеийн эд эс бүрийг нэвт шувт тогтоон нэрлэж байж эмч болдог. Чиний нүд дийлэхгүй дээ, охин минь” гэсэн. Гэсэн ч уралдаант шалгалтад ороод АУДС-д тэнцэлгүй л яах вэ. Тэгээд анагаахын сургууль дээр очтол декан нь нөгөө Нямаа эмч сууж байдаг байгаа. “Чамд эмчийн ажил таарахгүй гээд байхад яасан хачин хүүхэд вэ” гээд хөөгөөд гаргав. 
Надад МУИС-ийн англи хэлний ангид сурах сонголт үлджээ. Хүргэн ахындаа үлдэж хүүхэд харах, гэр орны ажилд нь тусалж, ямар ч шийдгүй хэрнээ дэмий л есдүгээр сарыг хүлээж байлаа. Тэр үед аав нутгаас нэгдэлдээ машин цохуулах ажлаар ирж, Адараа ч миний араас амралтаа аваад гарсан нь яг таарч билээ. Адараа намайг аваад нутаг буцахын түүс. Адараа “Ийм сурлагатай хүүхдийг хот газар үлдээж яаж болох вэ. Нэгэнт эмчээр сурч болохгүй, өөрөө тэр англи хэлийг нь сонирхохгүйгээс хойш ирэх жил өөр шийдтэй ирсэн нь дээргүй юү” гэж аавыг ятгаад л... 
Чингээд бид манай нэгдэлд хуваарилсан цоо шинэ ачааны хоёр тэргэнд хуваагдаж суугаад наймдугаар сарын сүүлчээр нутгаадаа шуугилаа даа. Баянхонгорын Баацагаан, Бууцагаан хавиас хоёр машин зам будилан төөрч орхисон. Нар шингэсэн тул замын суманд хоноглохоос аргагүйдэн Адараа бид хоёр анх удаа нэг өрөөнд хоёулхнаа үлдэж билээ...
Харин Адараа намайг Улаанбаатарт байх хойгуур “Ханьтай боллоо” дууныхаа үг, аяыг зохиочихсон байж. 
Нарны гэрэл саранд хугарч
Найман зовхист туяа цацлаа
Насны сэрэлд жолоо алдаж
Нартын хорвоод ханьтай боллоо...
***
Адарсүрэнг энэ хорвоод угтсан түүх, бага насны амьдрал энгийн бус, ээдрээтэй. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Мухар цуурайн амны Хярын зуслан гэдэг газар 1942 оны гуравдугаар сарын 1-нд ганц бие эмэгтэй Цэвэгжавын гэрт нэгэн хүү мэндлээд долоохон хонож байхад саахалтын эхнэр Даваахүү үрчлэн авахаар эр нөхрөө ятгаж, гэрлэснээс хойш хүүхэдтэй бололгүй олон жилийг үдсэн эр эм хоёр гурвуул болох бөлгөө. Өргөж авсан эцэг бол үнэндээ хүүгийн төрсөн эцэг Санжийн Пэлжээ эмч байж. Даваахүү энэ учрыг хэнээр ч эс өгүүлүүлэн гадарлаж, тийн хүүг авахаар зорьсон байлаа. Хүүгээ Мягмарсүрэн хэмээн нэрлэжээ. Мягмарсүрэн хоёр ой нэлээд дөхөх үест энэ айлд нэгэн явдал тохиолдсоноор хүүгийн нэр солигдох юм. Хээр тавьсан хүүхдийн сэг зэм нохой зууж тэдний гадна ирэхтэй тоглож явсан хүү тааран айж нэг их бархирчээ. Тэр оройноо хүү өндөр бүлээрч, удалгүй ам хамраар нь яр шарх битүү шавжээ. Сэг зэмээс нян тарав хэмээн Пэлжээ эмч сэтгээд хүүгээ гайгүй сайн эмчилсэн ч тусыг эс олсон тул арга ядан нутгийн лам Адарсүрэнг залж хүүгээ үзүүлэхэд “Хатуу гаригийн нэртэй хүү юм, Адарсүрэн гэж өөрийн нэрийг өгье” гэснээр хүү Адарсүрэн болжээ. Яр шарх ч даруй эдгэж. 

“Би есөн настай байв. Нэг өдөр гэртээ сууж байтал ээж гаднаас хормойноосоо доош шажигнасан мөс болчихсон орж ирсэн. Томчууд надаас нуугаад л цустай даавуу шуувуу авч явж газарт булаад байсныг би бүдэг бадаг санаж үлджээ. Түүнээс хойш ээжийн бие өөдлөхгүй байсаар бурхан болсон юм. Хойно дуулах нь ээ, ээж тэр үед жирэмснээ мэдэхгүй адуу малдаа явж байгаад хайлмагтсан мөс цөмрөхөд усанд унаад зулбачихсан юм билээ. Ээж минь их дор орсон байхдаа надаар хоймрын авдраас мөнгөн аяга гаргуулж сүү хийгээд өгөхийг гуйсан. Сүү хийгээд барихад ганцхан жаахаан балгалснаа “Миний хүү ав” гэж нэг их огцом хэлээд л амьсгал хураасан даа” хэмээн Адарсүрэн гэргий Гантогтохдоо дурсан өгүүлж байжээ. “Би есөн настайдаа ээжээсээ өнчирч, аавтайгаа үлдсэн. Аав дахин гэрлэхэд би гэртээ барагтай л тогтохоо больсон. Арван хэдтэй бүстэй хүүхдэд хойд ээж нь болж ээнэгших хэцүү байх л даа. Чингээд би гэж хүн хөвгүүдтэй нийлж Улиастайн хятад гуанзнаас гөөхий хулгайлж Чигэстэйн голдоо дүрж идчихээд л тэнэж явах нь ихэссэн. Тэгж яваад төрсөн ээж дээрээ очиж амьдарсан юм. 17 хүрмэгц насаа нэмж 18-тай гэж хэлээд цэрэгт татагдан Улаанбаатарт очиж, НАХЯ-ны тусгай хороонд алба хаахдаа офицерын курс төгсөөд 1963 онд халагдсан хүн шүү дээ”.   
***
Адараа бид хоёрын суусан шинэ тэрэг Улаанбаатараас гарч Баянхонгорт нэг төөрч аваад Ховд орох хүртэлх замыг арав хоног туулж хүрсэнсэн. Энэ аялал миний хувьд түүнтэй амьдралаа холбох тов тодорхой шийд болсон юм. Гэртээ хариад би сургуульдаа бага ангийн багшаар орж, Адараа маань заставтаа буцсан ч хоёр биенээ санаж мөрөөдсөн, уулзах гэж яарсан, ирж очсон нэгэн намар, өвөл сум шиг л харван өнгөрлөө.    
П.Адарсүрэн үе үе дуугаа хураан бодлогоширно, тэмдэглэлийн дэвтэр дүүрэн шүлэг биччихсэн байна. Тэдгээр шүлгийн дунд 1965 оны долдугаар сарын 5-нд бичсэн “Дуучин болох юмсан” хэмээх шүлэг бий.
Найрын түрлэгт хоолой шалгахыг 
Надаас шаардав уу, дуучин хорвоо
Найруу авиан налархай аясыг
Наран шингэтэл дуулах юмсан
Хүрэн толгойн сүүдрээр эхлэхийг 
Хүсээд байна уу, дуучин хорвоо
Хөвчин дэлхийн чагнах сонорт
Хоногшин шингэтэл дуулах юмсан
Уяхан замбуу тивийн наран
Уралдан дуулахыг уриалаад байна уу
Учран ханилсан чамайгаа би
Уйлан ягштал дуулах юмсан.
Хойтон хавар нь би оюутан болохоор бус, ээж болохоор зэхэж, бидний хуримыг тавдугаар сарын 15-нд хийхээр товлосон юм. Гэтэл дөрөвдүгээр сард дутуу төрж, анхны үрээ алдав. Адараа намайг л их өрөвдөж, боссон ч суусан ч халамж анхаарлаа зориулан сэтгэлд их зориг, хат өгч билээ. Сарын дараа хурим товлосноороо болж, Ховд, Завханаас ураг барилдсан хөлтэй найрын эхэнд 18 настай би, 24-тэй тэр бид хоёр ижилссэн. Биднийг ямар учрал, хагацал хүлээж байгааг гадарлах ч үгүй ерөөл бүхэнд үнэмшин байх тэр мөчийн жаргал дахиж давтагдахгүйг ч мэдэхгүй... 1967 онд бид охинтой болж, жил гаруйн дараа бас нэгэн охин бидэнд мэндэллээ. Хилийн цэргийн бага дарга хоёр охины аав болсон тэр жилээ тун чиг санамсаргүйгээр улс төрийн “гэмт хэрэг” өдүүлэх болно. 
Хилийн ээлжит уулзалтын үеэр Хятадын төлөөлөгчид монгол даргаас ая барихыг хүсэхэд нь “Дорно зүгт наран мандлаа Хятадад Мао Зэдун төрлөө“ гэсэн үгтэй дуугаар хариу өргөснийг тэнд байсан хүмүүсийн нэг НАХЯ-нд мэдээлж, хоёр улсын харилцаанд баримталж байсан хөндий уур амьсгалыг эвдэн найрсаг хандсан П.Адарсүрэнг армиас хөөх хүртэл арга хэмжээ авчээ. Ийнхүү Адарсүрэн 1968 оноос эхнэр хүүхдүүдийнхээ хамт Ховд аймгийн Булган суманд суурин сууж, нэгдэлдээ цаг уурчаар ажиллах болов. “Адараа дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг, шүлэг бичдэг, барилддаг, бильярд тоглодог, хоол сайхан хийдэг, гэр орон цэвэрлэчихдэг, үс хүртэл засна. Сонирхол нь хатгавал хувцас ч оёчихдог гээд олон талын авьяастай хүн гэдгийг хамгийн сайн мэдэх хүн би. Гэтэл тэр намайг гайхашруулж дуусаагүй байсан. Адараа маш сайн зураач байсан юм билээ. Манай сумын төв баяр болохоор л Адараагийн зурсан самбаруудаар гудамж, талбайдаа өнгө нэмдэг болов. Хэдийдээ амжуулдаг юм гэмээр түргэн зурчихна. Хэмжээ дамжаа алдана гэж байхгүй. Уран гоё сийлнэ. Над аавын найзын Оросоос ирэхдээ бэлэглэсэн их гоё хээ хуартай хүрэн указка байлаа. Тэр үед минийх шиг тийм гоё указкатай багш ховор. Би түүнийгээ хугалчхаад нэг их харамсахгүй юү. Тэгсэн нэг орой хичээлээсээ иртэл нөгөө указка маань бүтэн болчихсон байх юм. Адараа бургасаар дуурайлгаж хийгээд, эргэн тойрон хурц хутгаар битүү сийлж зүмбэрлээд, марганцаар өнгө оруулаад бүр яг адилхан хүрэн болгоод тавьчихсан байлаа. Тэр указкийг харсан багш нар Адараад захиалж хийлгээд, сургуулиараа гангарсан даа. Адараа бас хөдөө айлын хүүхэд эх барьж, хүний амь аварч явлаа. Энэ хорвоо дээр надаас өмнө мянган жил амьдарчихсан юм шиг гаажтай хүн. Дэргэд нь байгаа мөртлөө л гайхашрахгүй байх аргагүй эр явсан даа”. 
***
1970 он бидний гэрлэлтээс эргэн сөхөхөд хамгийн түвэгтэй, эмзэг цаг хугацаа болж үлдсэн юм. Том охин маань гурван ой хүрээд өвчний улмаас өөд болов. Энэ явдал гэнэтийн, бас анхны охиноо алдсан уй гашууг сэдрээсэн, сэтгэл санаа эргэшгүй, нөхөгдөшгүй, ерөөс яагаад ч нэмэргүй болгосон доо. Яг тэр үед би амаржиж, бид хүүтэй болсон. Зөөлөн цагаан, хайр халамжтай, дандаа л чанга дуугаар хөхөрч явдаг Адарсүрэн хачин дүнсгэр, хүнтэй харилцахаас цааргалсан, нэг л ойлгомжгүй, өөр хүн болчихсон. Надад үнэндээ түүнийг ойлгох бүү хэл, өөрийгөө яая гэсэн өдрүүд үргэлжилж байсан. Хүүг маань садангийн айл өргөж авахыг гуйхад Адараа бид хоёр өгөөд явуулж л байгаа юм. Адараа Улаанбаатарт очиж амьдарна гэнэ. Тэгээд нэг өдөр яваад өгсөн. Бид хоёр салж сарних тухай юу ч яриагүй, эргэж хэдийд хэрхэн нийлэх талаар ч тохироогүй. Ямар ч амлалт байхгүй, яагаад гэвэл бидний хэн хэн маань ирээдүйн талаар бодох төлөвлөх зайгүй уначихсан байсан. Ингээд би 22-хон настай, хоёр хүүхдээ алдсан, нэг хүүхдээ хүнд өргүүлсэн, эр нөхрөө үдсэн хүүхэн нутагтаа үлдсэн дээ, тэр жил. Надад хоёр настай охин, багшийн үнэмлэх, “Чи их сайн багш болно” гэж Гэгээрлийн сайд Д.Ишцэрэнгийн хэлсэн магтаал, “Би яасан ч муу багш байж болохгүй” гэсэн зорилго л байсан даа. 

Одоо ингээд эргээд бодоход Адарсүрэн яагаад явсныг би ойлгож чадах болжээ. Тэр хүүхдүүдийнхээ үхлээс цочирдсон. Адараа хувь тавиланд итгэл алдарсан. Тэр үнэндээ өөрөөсөө зугтсан. Адараа бид хоёр эцэг эх байх гэж юу болохыг мэддэггүй, хайр дурлал гэж хачин сайхан л гэх төсөөллөөс өөрийг мэдэхгүй гэгэлгэн, гэнэн хүүхдээрээ байж дээ, хөөрхийс.  
Би аав ээж, дүү нар гээд Адарааг гэсэн халуун сэтгэлтэй хүмүүсийн дунд цөхрөл гутралаа үлдэн хөөх, гэр бүл, хайр сэтгэлийнхээ төлөө дахиад нэг оролдоод үзэх итгэлтэйгээ үлдсэн юм билээ. Нэг жилийн дараа 1971 оны зургадугаар сарын 8-нд би охиноо аваад Улаанбаатарт суугаа Адараа дээрээ очсон. Бид хоёрыг очиход бэтгэртлээ саначихсан байж билээ. “Ай, миний шулганаа бялзуухайнууд” гээд л. Ингэж манайх Улаанбаатарын айл болсон юм. Адараа модны үйлдвэрт клубийн эрхлэгчээр ажиллаж, би дунд сургуульд багшаар орсон. Энэ хотод бид бүл нэмсээр, ам бүл зургуул болон аж төрж, амьдран суух болно.
***
Авьяас билэгтнүүдийг улс даяар эрэн хайдаг “Бүх ард түмний урлагийн их наадам” хэмээх томоохон арга хэмжээ БНМАУ-д 4-5 жил тутамд зохиогддог байв. 1971 оны наадамд П.Адарсүрэн оролцож, эхний шатнаас мэргэжилтнүүдийн анхааралд торов. Эмнэлэг гэгээрлийн ордонд болсон үзлэгийг тухайн үед Гавьяат жүжигчин, хожим Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар болох Л.Цогзолмаа шүүж байв. Л.Цогзолмаа гуай Адарсүрэнг анх сонссон сэтгэгдлээ огт мартаагүй юм. “Нэлээд хөдөлгөөнтэй байрын шөвгөр хөх залуугийн ээлж ирлээ. Түүний хоолойноос гавьяат жүжигчин уртын дуучин Лувсангомбын гаргадаг их гоё нугалаанууд шууд л нэхэн санагдсан. Тэгээд өмнөх танилцуулгаа харахад П.Адарсүрэн гэж бичсэн байлаа”. Энэ үзлэгт П.Адарсүрэн хожим Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин болох Д.Мяасүрэнгийн “Дээвэр дэвсэн салхи” зэрэг хоёр дууг дуулахад тэр жил Багшийн сургууль дөнгөж төгсөөд байсан Н.Жанцанноров хэмээх залуу төгөлдөр хуурт өнгө хөгийг нь тааруулан хоршжээ. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров ч бас ийнхүү Адарааг их урлагийн зам руу орохоос өмнөх тэр торгон мөчийн гэрч болсон түүхтэй. Хожим түүнд зориулан дууны хөгжмүүд зохиох бөгөөд хамгийн их алдаршсан нь Адарсүрэнгийн дуулсан “Сэвтээ нь үгүй сэтгэл”, “Чандмань эрдэнэ” билээ. 
Энэ үзлэгээс ердөө хэдхэн сарын дараа “Урлагийн мэргэжлээр тэнцсэн Пэлжээгийн Адарсүрэнг 1971 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дуучнаар ажиллуулсугай” гэж Улсын ардын дуу бүжгийн чуулгын даргын тушаал гарлаа. Ажилд орсноос долоо хоногийн дараа болсон концертын үеэр Адарсүрэн хөгжимчдийн сандлыг тайз руу зөөн аятайхан тавиад цэмцгэр гэгч буцах даалгавар авав. Цаг нь болоход Адарсүрэн сандлаа аваачиж тавиад орохдоо үзэгчид рүү харан цэмцгэр гэгч дор бөхийн ёслоод орхитол үзэгчид хөхрөлдөн алга ташиж, тэрүүхэндээ хошин үзэгдэл тавьснаа гэнэт мэдээд балмагдан зогслоо. Энэ тайзан дээр тун удахгүй түүний алдар цуу түгэх эгэлгүй цадиг эхлэх болно. 
“Энэ олон сайхан дуучин дуулж байхад ганц энэ Адарсүрэн хүүгийн хоолой л хаалганы цаанаас хадаад байх юм” гэж Адараатай уулзахаар дасгал дуусахыг нь хүлээгээд үүдэнд сууж байтал УАДБЧ-ын жижүүр Н.Дулмаа гуай намайг эхнэр нь гэж мэдэхгүй хэлэхэд би их гайхаж, бас дотроо онгирч ганцаараа инээчихсэн л сууж билээ”.

Улсын хамгийн том чуулгад үндсэн ажилтнаар шууд тэнцсэн ганц хүн П.Адарсүрэн болсон бөгөөд тайзнаа гоцлон дуулсан анхны дуу нь “Малчнаараа торойно” байлаа. “Би өнөө орой гоцлоно” гээд Адараа намайг концертдоо урьлаа. Охин бид хоёрыг хамгийн эхний эгнээнд суулгачихсан. Концерт эхэллээ, Адарааг зарлалаа, манай хүн дууллаа. Гайхамшиг гэж байдаг бол тэр нь Адараа юм шиг. Гэтэл ганцхан надад л тэгж санагдаагүй, хүмүүс алга ташсаар байгаад Адарааг гаргаад ирсэн, дахиулсан. Би концертын дараа хөшигний араар орж Адараад баяр хүргээд зогсож байтал “Энэ ямар танай тэр сумын чинь клуб юм уу? Хүн дебютээ хийж байхад яг урдаас нь мэлрээд сууж л байдаг, өнөөх нь бүр сандраад хачин царайтай юм болчихсон дуулаад л...” хэмээн нэгэн хүн биднийг айхтар зэмлэлээ. Тэр хүн нь гавьяат жүжигчин Д.Булхүү гэж концертын найруулагч аж. Бид хоёр биес рүүгээ харж, гэмээ хуваан цайраад Дэнжийн 1000-д хөлслөн суудаг жижигхэн цагаан байшин руугаа бөөн хөөр дуулалдан харьсан”.
Ц.Цэрэнжавын үг, О.Цэндийн ая “Малчнаараа торойно” хэмээх энэхүү уран бүтээл гавьяат жүжигчин Д.Банзрагчийн урын санд байсан дуу боловч түүнээс хойш үзэгчид П.Адарсүрэнгийн дуулснаар таашаан сонсох болжээ. Д.Банзрагч гуай ч энэ дуугаа Адараад найр тавихаас аргагүй болов. Ганцхан энэ дуу биш, Г.Чойжилжавын хөгжим “Дөрвөн улирлын аялгуу” дууг Д.Банзрагч 1969 онд анх радиод бичүүлсэн байтал хожим 1973 онд П.Адарсүрэнгийн хоолойгоор жигүүр ургаж энэ цагт ирэх хувь заяатай болсон түүхтэй. 
“Анхныхаа дуугаар дахиулдаг дуучин гэж байдаггүй юм” гэж өөртэй нь хамт тоглож, өөрөөс нь дутахгүй догдолсон ятгачид тэврэлдэн баяр хүргэцгээж байлаа. Тайз, тэр дундаа мэргэжлийнхний хормой нь чичрэн байж гардаг тэр орон зай бол авьяастай болгоны хүрдэг, хүрмэгцээ тодорч болдог газар биш. Тайз гэмээнэ үзэгчдийн харцанд өртөхөд хамгийн ойр мөртлөө зүрх сэтгэлд нь хүрэхэд их хол газар аж. “Энэ шалыг таван жил “зүлгэж” байж би энэ зэрэгт ирсэн юм шүү” гэж алдартай нэгэн дуучин Адараад хэлсэн учир нь их тайзан дээр түүнээс арван жилийн өмнө ирсэн хүний үнэн түүх байв. П.Адарсүрэнд зориулан цаг үеийнх нь сор болсон хөгжмийн зохиолчид дуу зохиох болно. Д.Мөрдорж, Д.Лувсаншарав, З.Батсүх, Г.Бирваа, Г.Дарамзагд, Ж.Шараа, Х.Билэгжаргал, Ч.Сангидорж, Н.Жанцанноров, Х.Сэргэлэн... Мэргэжлийн том тайзыг эзэгнэхэд Адарсүрэнд амархан байсан шигээ орон зайгаа үлдээгээд орхиод явах хүртэл ганцхан арван хангалттай байсан түүх одоо энд оршино. 
П.Адарсүрэнг УАДБЧ-д орсон цагаас эхлэн түүнтэй ажилласан хормейстэр, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Алтантуул “Адарсүрэн бол байгалиас заяасан дуучин. Си бемоль авахгүй бол ямар баритон байх вэ гээд л эхэлсэн хүн шүү дээ. Танхимд үзсэн, сурсан хөгжмийн боловсролгүй мөртлөө ая зохиочихдог, европ зэмсгүүдээр тоглочихдог, 29 настай хүн ирж байлаа. Би түүнтэй ажиллахад засаж залруулах ямар ч өө сэвгүй, байгалийнхаа өвөрмөц өгөгдлөөр, яг өөрийнхөөрөө л тайзнаа гарсан” гэв.  
П.Адарсүрэнгийн дуунууд радиогоор эгшиглэж, энэ нэр 1973 он гэхэд амнаас аманд яригдаж, ая дуу болгон нь чихнээс чихэнд хоногшиж, үзэгчид түүний зүг хошууран бүчиж эхэлсэн юм. “1960-1970-аад оны хөгжмийн ертөнцийн гол төлөөлөгч Ардын жүжигчин Б.Зангад, Д.Банзрагч, В.Оросоо нар бүгд их дээгүүр хоолойгоор дуулдаг байсан. Ийм цаг үед баргил хоолойтой Адарсүрэн шууд өндрөө авсан юм. Адарсүрэн гуайн хилэн хоолой нийтийн дууны толгой дээр сахиус болон заларсан гэдэгтэй хэнбугай ч маргаж чадахгүй” хэмээн Н.Жанцанноров өгүүлжээ. 
Ийм тодорхойлолтыг тэр цаг үед мэргэжилтнүүд дууны урлагийн шүүмж, судалгаанд онцолж байгаагүй. Тэр үед хэн нэгнийг сахиус гэх бүү хэл од болгон гялалзуулах нь байж боломгүй явдал байв. Гэвч ард түмэн П.Адарсүрэн урлагт төвөргөөнийг буй болгож байгааг, нийтийн дуунд үзэгдэл авчирч байна гэдгийг алга ташилтаараа илэрхийлдэг байлаа. Улаанбаатар хотод тоглох концерт домогт Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл нарыг сонсох, Ц.Сэвжидийн дэглэсэн бүжгүүдийг сонирхох үзэгчдээ соронзодсоор байсан ч хөдөөгүүр аялан тоглоход Адараагүй бол дургүй, Адараатай бол танхим дүүрдэг ёс нэгэнт хатуу тогтов. Чуулгын орлогын төлөвлөгөөг 100 хувиас давуулан биелүүлэхийн тулд орон нутагт аялан тоглох бригадууд Адарсүрэнтэй хамт явах хэрэгтэй. УАДБЧ таван бригадад хуваагдан нэг жилд 12-15 аймгийн сумдад урлагаар үйлчилж байв. Хөдөөгүүр нэг бригад 30-60 хоногоор, жилд хоёр удаа явна. Адарсүрэн явж ирээд гэртээ нэг хоёр хоноод төлөвлөгөө нь биелэхгүй байгаа дараагийн бригад руу гарах болдог. Түүнийг аль болох олон газарт дуулуулж амжихын тулд нэгээс нөгөө рүү онгоцоор нисгэсэн нь бишгүй.   
Алдарт Түмэндэмбэрэлийн нэгдүгээр ятгачин гэдгээрээ алдаршсан Г.Цогзолмаа “Адараатайгаа УАДБЧ-ын тайзнаа ч, хөдөөгүүр ч тоглож явлаа. Дуучин, хөгжимчин хоёр нэгнээ маш сайн сонсох ёстой байдаг юм. Хөгжимдөхөд наалддаг дуучин байна, наалдаж өгөхгүй нь ч бий. Адарсүрэн бол наалддаг. Дуулах тусмаа хоолой нь нуугитал тослогтоод, хөгжим шиг дуугардаг нь үнэнхүү өвөрмөц. Хөгжимчин хүний гар ийм дуучинд өөрөө тоглоод байх шиг санагддаг юм. Ятгын дөрвөл гэдэг чинь одоогийнх шиг дөрвүүлээ нэг ижил юм дон донхийлгээд суудаггүй л учиртай юм л даа. Адарсүрэн ятгатай дуулж алдаршсан нь дөрвөн ятгаар тоглож буй дөрвөн өөр хөг данг хоолойгоороо нийтгэн уусгах чадварт нь байсан юм шүү” хэмээн дурсав. “Завханд тоглох үеэр мань эр надад хэлж байна аа. “Цооцоо, өвгөн чинь “Тэмээн дээрээс наран ойрхон”-ыгоо 16 бадаг дуулна шүү” гэнэ. Тоглож байгаа байлгүй дээ, шууд л 16 бадаг дуулна гэж юу байдаг юм гэсхийгээд тайзнаа гарлаа. Гэтэл тэр үнэхээр надаас нүүр буруулан жишүүдүү зогсоод шууд 16 бадаг дуулсан. Дуусгах байх гээд харахаар л үргэлжлүүлээд л дуулаад байгаа хэрэг шүү дээ. Үзэгчид дуучныг маань сайхан хүлээж авахад хөгжимчин бидэнд ямар гоё байдаг гэж санана. Адарсүрэнгийн фэнүүд дахиулах гэж танхимын хана, шал доргитол алга ташдаг байж билээ. Адараа чин сэтгэлээсээ дуундаа орж дуулна, үгээ маш тод хэлнэ, дууныхаа хамгийн сэтгэл хөдлөм үгэн дээр толгой, гараа донжтой хөдөлгөнө. Ёслоод орохдоо зүрхнээсээ мэхийж байгаа нь тайзан дээр хамт байгаа бидэнд хүртэл мэдрэгддэгсэн. Биднийг нэг газраас нөгөө рүү хөдлөх болохоор морьтой, мотоциклтэй залуучууд шавчихаад автобус хөдөлгөхгүй. Арайхийж хөдлөхөөр араас дагаад давхиад л байна. Адарааг хайрлаж хүндэлж, бишрэн шүтэж байгаагаа гар барих, ганзагалаад ирсэн шимийн архиа өвөрт нь хийж явуулах, барааг нь тасартал дагахаас өөрөөр илэрхийлэх арга байсангүй л хэрэг шүү дээ”.  
“Бригад нэг сууринд буухад хүмүүс ёс мэт “Адараа ирсэн үү” л гэж асууна. Өдөрт гурав тоглоход ахин дахин үзнэ, Адарааг дахиулаад ханахгүй. 15 дахиулж байж арай гэж сална. Адарсүрэн сүүлдээ хоёр шанааных нь хөлс цувсаар эрүүнээсээ дээлийнх нь энгэр рүү урсаад норчихсон байдаг байж билээ. Тэглээ гээд хоолой нь цуцахгүй. Хүн л болсон хойно ганцаараа бүтэн цаг дуулаад ядардаг л байсан байх. Өвөл бид баруун аймгуудаар тоглож явлаа. Нэг суманд тоглочихоод дараагийн сум руу бүх хөгжим хэрэгслээ ачаалан хөдлөхийн даваан дээр морьтой улс давхин ирлээ. Холоос яваа оторчид. Өөрсдөө ч, морьд нь ч бөмбийсөн цагаан цан болчихсон, нүд нь л гялалзаад байгаа юм. Тэгсэн гавьяат жүжигчин, нэрт уртын дуучин Б.Ламжав гуай маань сандраад л “Одоо яадаг билээ, хүүхдүүд минь. Алив ах нь дуулж өгье” гээд морин хуураа ачаанаас буулгуулах гэтэл тэд “Одоо тэгж түвэг удаад яах вэ, бид нэгэнт хоцорсон хойно Адарааг хараад л мордъё доо” гэсэн. Адараа их нинжин, зөөлхөн хүн шүү дээ. Ятга бүр далд ачаалсан байлаа. Нулимс нь мэлтэгнэчихсэн “Ламжав ах аа, дүү нь дуулъя” гээд оторчдод гурван дуу хөгжимгүй дуулж өгөөд хөдөлж билээ” хэмээн Адарсүрэнгийн ятгачин Д.Янжинлхам дурслаа. “Адарсүрэн бид хэд Завханы сумдаар тоглохоор хөгжим хэрэгсэл, дээл хувцсаа зэхэж байсан үе л дээ. Адараа нэг хар, нэг ягаан хоёр л тоглолтын дээлтэй. Над дээр монхойтол инээчихсэн хүрч ирээд миний чихэнд “Өвгөн чинь Банзрагчийн нөгөө гоё эрээн дээлийг хувцасны эрхлэгчтэй хуйвалдаад авчихлаа. Нутагтаа ганган дуулна шүү хө” гэж билээ. Бид автобусандаа суучихсан яг хөдлөх гээд байж байтал Лувсаншарав гуай автобусны урд хаалгаар шагайгаад “Адарсүрэн, буугаад ир” гэхтэй зэрэг миний санаанд “За нөгөө эрээн дээл” гэх түгшүүр зурсхийсэн. Тэгтэл Адараа автобусанд эргэж орж ирээд мөнөөх баадантай дээлээ аваад бууж билээ. Одоо тэр зураг үе үе нүдэнд харагдахад муу Адараагаа өрөвддөг юм. Хувцасны хүн айсандаа хүний дээл өгөөд явуулж байгаагаа улайж орхисон байж”.
Үзэгчид УАДБЧ-ын концертын хөтөлбөрөөс Адараа дуулах, эсэхийг заавал хардаг бүхэл бүтэн 10 жил ийн үргэлжилсэн юм. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа “Дуучин чинь их олон янз. Сайхан хоолойтой, их гоё дуулдаг мөртлөө хүнийг дулаацуулдаггүй дуучин байна. Зөөлхөн хоолойтой мөртлөө хүнийг атгаад байдаг, чагнахгүй байж болохгүй, өөр тийшээ харж болдоггүй тэгж их хүн татдаг дуучин байна. П.Адарсүрэн бол яг л тийм дуучин байсан. Өөрөөр хэлбэл, Адарсүрэн дуучин бөгөөд жүжигчин хүн байлаа. Адарсүрэнг Монголын ард түмэн даяараа, нялх хүүхдээс аваад хөгшид хүртэл хүндэтгэдэг. Урлагийн хүн бүр ингэж хадгалагдаж үлддэггүй л дээ. Одоо хүртэл олон түмний дунд амьд сэрүүн байгаа мэтээр хадгалагдаж байна гэдэг чинь олон түмний хайрыг маш их авсан хүний шинж тэмдэг юм. Хүн магтагдаж болно. Их том гавьяа шагнал авч болно. Харин олон түмний хайрыг авна гэдэг хүн бүрт олдохгүй хувь заяа. Тийм учраас Адарсүрэн болбол Монголын ард түмний хайрыг авч, зүрх сэтгэлд нь үлдсэн сайхан дуучин гэж би бодож явдаг” хэмээн дурсдаг билээ.  
П.Адарсүрэн хаа яваа газраа хүмүүсийн дунд байх болов. Хүмүүс өөрийг нь зорин ирснээ хэлдэг байв. Архиар хайр хүндэтгэлээ илчилдэг өвөрмөц соёл ид дэлгэрсэн үе байлаа. Хүмүүст өгье гээд ч өөр зүйл үгүй цаг үе. Хэнд итгэдэг түүндээ өгдөг, аз таарвал хувааж уудаг идээ Адарсүрэнгийн замд эгээ л гол ус шиг урссан. Түүний хүү А.Амартайван “Аав минь дуртайдаа хүний аваад ирсэн архийг хувааж суугаагүй. Бусдын төлөө өөрийгөө зольсон юм шүү дээ. Архи их уувал биe нь муудна, амжилт нь уруудна гэдгийг аав мэдэхийн дээдээр мэдэж байсан. Аав өөрийг нь зориод ирэгсэдтэй зовлон жаргалыг нь хуваадаг эгэл үнэн нөхөр нь байя, цааргалбал гомдчих вий гэсэндээ л ганц юмыг нь хувааж уудаг байсан” гэв. “Зөвхөн архинаас ч биш, өөрийг нь харъя, уулзъя гэсэн хүмүүст ер татгалзаагүй. Чуулгын бүжигчин Зоригоо ах надад аавтай хамт бригад явсан дурсамжаасаа ярьж үлдээсэн. Хөдөө тоглолтоор очоод байтал нэг залуу ирээд хэвтэрт орсон өндөр настай ээж нь “Адарсүрэнг гэртээ дагуулаад ирээч дээ” гэж хүүгээсээ гуйсныг учирлаж. Тэгтэл аав Зоригоо ахтай хамт яваад л очиж. Аав дуугаа дуулж өгөөд харих болоход тэр ээж хараагүй хүн байсан учраас аавын минь царайг илж илж, духан дээр нь үнсээд үдэж. “Ээж минь нэг их баярлаж билээ. Тэгээд маргааш нь өөд болсон. Ээжийгээ амжиж баярлуулахад тусалсан Адараа ахдаа маш их баярлалаа, дүү нь хэзээ ч мартахгүй” гэж аавд минь хожим захидал ирсэн гэдэг”.   
УАДБЧ-ын алдар хүндийн оргил цаг дотор П.Адарсүрэнгийн алтан цаг цахилж байлаа. Монголын их урлаг социалист ард түмнийг соён гэгээрүүлэх ариун сүм байх үүргээ сайн дурынхнаас мэргэжлийнхний гарт бүрэн шилжүүлсэн 1970-аад он. Чуулгын удирдлагаас авахуулаад Хөгжим бүжгийн дунд сургуулийг дөнгөж төгсөөд ирсэн 18 настнууд хүртэл урлагийг хагас цэргийн зохион байгуулалттай хөдөлмөрлөж байж цаг үеийнхээ үзэл суртлын дуу хоолой болж, нийгмээ ухуулан сэнхрүүлнэ гэж итгэсэн хүмүүс цугласан байлаа. 1975 оноос УАДБЧ-ын дарга, уран сайхны удирдаачаар ажилласан нэрт хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав авьяасыг 10 хувь, хөдөлмөр 90 хувь гэх байр сууриар бүгдэд ижил тэгш, чингэхдээ сахилга бат алддаггүй, хөдөлмөрч тууштай хэсэгт нааштай хандаж байв. Арван хувиас хавь илүү авьяастай хүн учраас Адарсүрэнд арай зөөлөн хандаж болох юм гэх тохиргоо Д.Лувсаншарав гуайд ч, тухайн цагт урлагийг хөгжүүлж байсан бодлогод огт байхгүй. БНМАУ-д урлаг ийм л итгэл үнэмшил, нөр их хөдөлмөр, хариуцлага, сахилга бат дээр хөгжсөн нь үнэн юм. 
Дөнгөж эхлэлээсээ л алга ташуулсан П.Адарсүрэн өөрөө ч мэдэлгүй их өрсөлдөөнд уригдсан байлаа. Өрсөлдөөн гэдэг нь заримдаа атаархал болдгийг П.Адарсүрэн шиг хилийн цэрэг, эгэл ардын дундаас гэнэтхэн орж ирсэн, урлагийн харгис ширүүнийг мэдэхгүй, урлагийг зөвхөн сайн сайхан, ариун дээдээр төсөөлж явсан хүнд ойлгомжгүй, өчүүхэн жижиг гэмээр сэдэв санагдана. Итгэл, нөхөрлөлд үнэнч, далд санаагүй, атаа жөтөөгүй ил сэтгэлийг эрхэмлэнэ. Гэтэл өрсөлдөөн бол урлагийн амьдрал, урлагийн хүний хувь тавилан, тайзны дүрэм гэнэ билээ. Тэрхүү зүй ёсны өрсөлдөөн зүгээр ч үгүй атаа хорсол, матаас, хов жив болон хувирсаар байв. Өөртөө эрхэмлэн буй, бусдаас хүлээн байдаг тэр сэтгэл гээч нь тайзны өрсөлдөөнд хүүхдийнх шиг гэнэдэж, балчирдаж буйг Адараа ойлгоогүй юм. Дуу хуур хэнийг ч ялгадаггүй. Харин үзэгчид дуулаачийг ялгана. Эхний дуунаас нь танхим босож алга ташдаг, 10 дахиулсан ч дахин сонсохооор хөлөө дэвсдэг үзэгчид дуучдыг аймшигтай ялгаад тавьчихдаг. Адилхан авьяастай, чадалтай дуучин хүнд үүнийг харах, хүлцэх, зөвшөөрөх, тэвчих маш хүнд. Алга ташилт дуучдын хувьд өөрийгөө Адараагийн дэргэд хэн болохоо мэдрэх мэдрэмж, тогтоох хэмжүүр, хүсээгүй байхад өөрийг нь оролцуулах бодит харьцуулалт болсоор...
П.Адарсүрэнгийн алдар нэр ард түмний дунд тэнгэрт тулах хэрээр Д.Лувсаншарав гуай тэр хоёрын дунд бусдын тарьсан хов дийлдэхээ болив. Урд өдөр нь хамт архи уусан байтлаа маргааш нь ганцхан Адарсүрэн буруутаж хоцрох, өөрийнх нь амнаас гараагүй үг хамт олны дундаас нэргүй хийсэж удирдлагын чихэнд хүрэх гэх мэт авч ч болдоггүй, хаяж ч болдоггүй явдлууд зүрх сэтгэлийг нь сэмлэн хүчгүйдүүлж байлаа. “Данхар толгойт” (Лувсаншарав гуайн хоч ) над дургүйцээд байдаг нь тун аргагүй юм байна, энэ нэргүй матаас, хов живийг би ер яах ёстой юм бэ” хэмээн эхнэртээ хэлдэг байжээ. Д.Лувсаншарав гуай нэгэнтээ хормейстр Д.Алтантуултай ажил ярьж байхдаа “Адарсүрэнг та нар худал үнэн өмөөрдөг. Цаана чинь архи дарсыг нь хаацайлдаг хүмүүст ер нь ямар ашиг сонирхол байна вэ. Энэ хүн л өөрийгөө баллаад явна уу” хэмээн ихэд уурсан өгүүлж байв.
“Аав эр хүнийхээ хувьд өндөр нуруутай, хүчирхэг гар хөлтэй, том дуутай, чанга инээдэг их л сүртэй хүн юм шиг хэрнээ удирдлага, хамт олон дотроо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, ойлгуулах, бодол санаагаа тулгах мэтэд хэлгүй, чихгүй, хэнэггүй ч дотогш шатаж явсан даа”. 
“Тэр үед хөгжмийн зохиолчид, яруу найрагчид Адарсүрэнгээр дуугаа дуулуулах гэж, хүмүүс Адарсүрэнгийн шинэ дуунуудыг сонсох гэж өдөр шөнөгүй хүлээдэг байв. Сүүлдээ Адарсүрэнд дуугаа өгөх, шинэ төрсөн дуугаа бичүүлэхэд архи аваачиж өгдөг гэж дуулдаж байсан. Би ч “Дуучин бүсгүй”-г дуулуулахдаа шил архи өгч л байсан юм. Тэгэхээр хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, хөөрүүлэгч фэнүүд Адарсүрэнг архи руу явуулжээ. Адарсүрэн шиг ард түмэнд тэгж их хүндлэгдсэн дуучин яг тэр үедээ байгаагүй учраас гавьяа шагналгүй үлдсэндээ сэтгэл нь их гонсойсон. Гэвч Адарсүрэн өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгон үлдээсэн юм” гэж Н.Жанцанноров дурссан. 

Улаанбаатарт барилгажилт өрнөж, аж үйлдвэр хөгжүүлэх социалист хөдөлмөрчдийн урам зоригийг сэргээх БНМАУ-ын урлаг соёлын бодлогын гол чиглэл болсон он жилүүдэд П.Адарсүрэнгийн “Гэгээн жаргалын өргөө”, “Миний нийслэл”, “Хоньчин, барилгачин хоёр” зэрэг уран бүтээл төрж, олны хүртээл болов. Говьд хүмүүс тэмээ маллахаас халшран, тэмээн тоо толгой илт буурах болсны улмаас говь гэдэг сэдвийг урлагаар сурталчлан анхаарлын төвд оруулах бодлогыг мөн төр засгаас барьжээ. Улаанбаатарт тэмээчдийн зөвлөгөөн зохион байгуулж, энэ арга хэмжээний гол нүүр царай нь УАДБЧ-ын гоцлол дуучин П.Адарсүрэн болж, Х.Сэргэлэнгийн хөгжим “Тэмээн дээрээс наран ойрхон” сүлд дуу нь болж байлаа. Гэхдээ П.Адарсүрэн БНМАУ-ын гэхээсээ монгол хүний сэтгэлийг, мэдрэмжийг дуулахыг хүсэж, зарим дуунаас татгалзах, чуулгын удирдлагатай зөрчилдөх шалтгаан ч болж байв. 
П.Адарсүрэн ардын, нийтийн дууны гол нүүр царай болсон хэдий ч хувь хүнийхээ хувьд эстрад хөгжим их сонирхдог байв. Тоглолтын үеийн дээлтэй төрхөөр нь хүмүүс түүнийг хөдөөх маягийн эр явсан болов уу гэж төсөөлдөг. Гэтэл Адараа ховор чамин гутал хувцаст мөнгө татдаггүй нэгэн байв. Тухайн үед “Баянгол” рестораны бааранд Улаанбаатарын гангачуул цуглан хоорондоо наймаалцдаг хамгийн үнэтэй барууны дэгжирхлээс Адараа хоцордоггүй байв. Эхнэрээ “ганган Ганаа” нэр автал гоёдог, “Адарсүрэн гуайн сорочка” гэж яригдталаа хотын имижийг бүрдүүлж явсан үе түүнд бий. 
“Инээмсэглэл” хамтлагийн гитарчин Б.Долгионтой 70-аад оны сүүлээр танилцаж, олон жил дотно нөхөрлөжээ. “Дүү, танай хамтлагтай нэг сонин дуу хийж дуулж үзмээр байна гэж ярина. Адараа ах өөрөө шүлгээ бичдэг, аяа ч зохиочихдог олон талтай уран бүтээлч болохоор түүнтэй орчин үеийн хөгжмийн тухай, урлагийн тухай ярихад залуухан надад их амттай. Тийм болохоор бидний дунд нөхөрлөл үүссэн юм. Надтай уулзахаар ирэхдээ мандарин ч юм уу, баавгайтай чихэр бариад ирэх жишээтэй. Адараа ах хурц ухаантай, дэвшилт үзэлтэй, өргөн сэтгэдэг, яг л дуу хоолой шигээ гайхалтай хүн байсан. Хамт байхад гоё энергитэй. Хүнийг дарга сайд юм, хэн юм гэж ялгадаггүй. Жаахан хүүхдэд, залуу хүнд эрхэм ханддаг нь энэ их хүнээс гарамгүй ховор гоё чанар санагддаг байж билээ. Хувь хүн нь яалт ч үгүй цаг үеийнхээ золиос мөн. Хэрвээ тэр карьер хөөсөн бол түүнд бүх зүйл нээлттэй байсан. Гэтэл амьдарч байсан нийгэм, цаг үеийнхээ дүрэм журмаар биш, сэтгэл зүрхээрээ амьдрал, уран бүтээлээ зохицуулах гэж, бусадтай яг л хүн шиг харилцаж ойлголцохыг урьтал болгочихсон. Тийм болохоор л уран бүтээл нь хүнд тэгтлээ хүрч, өөрөө тэгтлээ хайрлагдсан хэрэг л дээ. 80-ад оны сүүлээр ах хүү намайг “Найрамдал” зуслан тийш хамт яваад ирье гээд дагууллаа. Бид тэнд зусланд слесариар ажилладаг айлд очсон. Адараа ах дуулж өгнө гэж амалсандаа л хүрч яваа нь тэр. Тал хээр, голын эрэг, айлын бор гэр, зоогийн газар, цас бороо, салхи шуурганд ч яг тайзан дээр дуулж байгаа юм шиг өчүүхэн ч өнгө, хэм алдахгүй дуулна. Яг дэргэд нь нүдээ аниад сонсоход хүнгэнээд л, агуйд ер бусын дуу хоолой чагнан суух шиг...”. 
УАДБЧ-ын 30 жилийн ой тохиох 1980 он гармагц П.Адарсүрэнг гавьяат авна, одоо л яг цаг нь гэх хүлээлт бүчсэн байлаа. Харин ойн баяраар тэр хоосон хоцров. Адараагийн баяр хөөр, уйтгар гуниг болгон араасаа хов жив, дуулиан шуугиан дагуулдаг ёсоор Д.Самбууг хэл ам хийж гүйсээр байгаад Адараагийн оронд гавьяат зүүчихлээ гэх үг олны дунд үлджээ. Д.Самбуу П.Адарсүрэнгээс нэг жил гаруйн өмнөөс чуулгад дуучнаар ажиллаж эхэлсэн байлаа. “Тэр үед би дөнгөж 20 гарчихсан, харин Адараа 30 дөхсөн залуу чуулгад ирсэн ч жил хүрэхгүй хугацааны дараа юун надаасаа хол мандаад явчихсан. Үнэхээр гайхамшигтай, чадалтай хоолойтой дуучин байсан. Самбуу л Адараагийнхаа урдуур орчихлоо гэдэг үг олны дунд тарсан учир ийм юм шүү. Чуулгын 30 жилийн ойгоор Түмэндэмбэрэл, Сэвжид гуай хоёр Ардын жүжигчин цол аваад, Цэцэгээ гуай, Цэрэндорж бид гурав гавьяат авсан юм. Харин Хоролсүрэн Алтангадас аваад Нансалмаа, Адарсүрэн хоёр хоосон үлдсэн л дээ. Ой болохоос сарын өмнө Адарсүрэн алга болчихсон. Миний лоббидох гэж юу байх вэ дээ. Адарсүрэн архи их ууна. Фэнүүд нь Адарааг хүндэлж байгаа нь гээд архиар дайлна. Бригадаар явж байхад яг тоглолтын өмнө хөшигний араар, эсвэл байшингийн булан тойроод татчихаад ирнэ. Нэг удаа Онгон суманд тоглолт хийчихээд дөнгөж гараад явж байтал хоёр мотоцикль, нэг УАЗ-69 машин ирээд зам хаагаад зогсчихсон. Таван литрээр нь нэрмэл архи авчраад өгнө. Тэгээд хэдэн жүжигчнийг шахна. Бид чинь ажлаа хийж байгаа хүмүүс болохгүй шүү дээ. Хүндэлж байгаа нэрээр тэр сайхан хүнийг алаад хаячихсан гэхэд болно”. 
Адараа найрал дуучдын өрөөнд орж ирээд цурхиртал уйлав. Тэнд байсан 30 гаруй хүний хэн нь ч ам нээж зүрхэлсэнгүй. Энд элдэв тайлбар илүүц дүр зураг хэдэн хором ноёлсон юм. Бүгд зүрхэндээ ижилхэн мэдрэмжтэй, нүдэндээ нулимстай чимээгүй сууцгааж байлаа. Хаалга онгойн Адараагийн эхнэр Ганаа орж ирээд түүнийг дагуулаад гарав. Адарааг өнөөдөр гавьяат цолоо зүүнэ гэсэн бат итгэлтэй байсан учраас эхнэр нь шинэ костюм, ботинк авснаа аваад ирсэн нь тэр байлаа. “Өвгөн нь тайзан дээрээ дахиж дуулж чадахгүй болсон байх аа. Ямар их гомдоно вэ, би”. Гантогтоход хэлэх өөдтэй хариу ч олдсонгүй. “Чуулгын баяр болж байна, миний хөгшин юу ч гэсэн шинэ хувцсаа өмсчих, хоёулаа харья даа”. 
Яг энэ явдлаас хойш Адараа ажил таслах нь олшров. Хөдөөгүүр бригадаар явж байхдаа айл айлд уригдаад тайзан дээр халамцуу гарч ч үзэв. Чуулгын гаднаас түүнийг нүд ирмэх зуур бултуулан аваад явдаг нь хэвийн үзэгдэл болов. “Чуулга ийм хүнтэй ажиллахыг хүсэхгүй шүү дээ. Тэгээд сүүлдээ өөрөө орхиод явсан” гэж Ардын жүжигчин Д.Самбуу ярьжээ. Одоо чуулгын архивт П.Адарсүрэнгийн анх ажилд орохдоо бичсэн гурван үеийн намтар, ажлын хариуцлага алдсаны улмаас донгодох, халах тухай хурлуудын протокол байдаггүй. Хамгийн сүүлд арга хэмжээ авсан хурлын протоколыг туульч Г.Явгаан үйлдсэнээ өгүүлсэн байдаг ч тэр баримт мөн олддоггүй тухай архивын эрхлэгчээр ажиллаж байсан Адарсүрэнгийн гэр бүлийн найз А.Цэдэн-Иш хэлсэн байна. П.Адарсүрэн 1982 оноос өөрийн тааваар чуулгаар үзэгдэж байгаад 1984 оны нэгдүгээр сард албан ёсоор тойрохоо зуруулан бүртгэлээс бүрмөсөн хасагджээ.
1980-ад оны сүүлчээс баритон хоолойтой залуус өөрийнхөө цаг үеийг тунхаглахаар урлагийн тайзнаа шил даран гарч ирсээр. Чуулгын урын санд П.Адарсүрэнгийн дуунууд үлдсэнийг залуу баритонууд цагаас цагт амьдруулж байв. Гэвч мөнөөх л Адарсүрэнтэй харьцуулах ард түмний хэмжүүр тэднийг угтан тосох болно. “Адараагийн дууг дуулдаг хүүхэд” гэх, “Адилхан юм аа, арай л хүрэхгүй юм” гэх, “Адараад барьж явлаа” гэх архи тэднийг мөн л цаг бусаар сүйтгэж орхисон.  
П.Адарсүрэнгийн амьдралд нэн таагүй эргэлт нүүрлэж эхэлж байх он жилүүдэд ч түүний уран бүтээл ард түмний дунд эрчийг авсаар байлаа. 80-ад оны эхээр хилийн цэргийн нэгэн заставын залуухан дарга Б.Доржпалам охинтой болж, өөрийн сүлд Адарсүрэнгийн дуулсан Г.Чойжилжавын хөгжим, Д.Цэдэвийн шүлэг “Энх улирал” дууны нэрийг хайрлажээ. Сэтгэл нь ихэд догдлон цэргүүдээ жагсааж “Застаав сонсож бай, ноомхон. Энх улирал сэнгэнэсэн энэ эрхэм өдөр би охинтой болов, охиндоо би Энх-Улирал гэж нэр хайрлав. Болно, тарцгаа...” гэсэн гэдээг. Цэргүүд халагдахдаа “Бид цөм эхнэр авч айл гэр болж амьдарна. Бүгдээрээ анхныхаа хүүхдэд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Энх-Улирал гэж нэр өгнө шүү” гэж тохироод нутаг нутгийнхаа зүгт жолоо залжээ. 90-ээд оны эхээр мөнөөх заставын тэр жил халагдсан цэргүүдийн гэр бүлд хориод Энх-Улирал мэндэлсэн байлаа. 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  
скачать dle 12.0

Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо

Өчигдөр, 19:18

Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийн нээлт боллоо

Өчигдөр, 18:51

Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

Өчигдөр, 18:49

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

Өчигдөр, 18:47

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Өчигдөр, 18:39

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ

Өчигдөр, 18:37

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, 4 тэрбумыг залилжээ

Өчигдөр, 18:33

Монголчууд 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарлаж байв

Өчигдөр, 18:32

ОРХОН: Уурхайчдын өдөр тохиож байна

25/12/2024, 18:28

Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна

25/12/2024, 18:25

Гурван онооны шидэлтийн NBA-гийн дээд амжилтыг тогтоожээ

16/12/2024, 20:15

Биткоины ханш 105 мянган ам.доллароос давжээ

16/12/2024, 20:14

Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний чанар муудсан шалтгааныг тодруулж, хариуцагчийг олох үүргийг холбогдох албаныханд өглөө

16/12/2024, 20:12

Сэтгүүлч ёс зүйтэй байж, уран бүтээлээ чанаржуулснаар хуурамч мэдээллийг хязгаарлах боломжтой гэв

16/12/2024, 20:11

Агаарын тээврээр зорчигчдын тоо анх удаа хоёр сая давлаа

16/12/2024, 20:09

Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Манама-2024” ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

16/12/2024, 20:07

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ

11/12/2024, 16:35

13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

11/12/2024, 16:33

Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

11/12/2024, 16:28

Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.

11/12/2024, 16:26

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

11/12/2024, 16:06

Хавдрын эмнэлгийг улсад авахаар төсөвт 25 тэрбум төгрөг суулгажээ

11/12/2024, 16:01

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

11/12/2024, 15:59

Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

11/12/2024, 15:58

“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

11/12/2024, 15:56

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

9/12/2024, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

9/12/2024, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

9/12/2024, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

9/12/2024, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

9/12/2024, 15:24

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19