“Талын түмэн адуу 2019” наадамд өргөнөөр оролцохыг уриалав
“Талын түмэн адуу 2019” ээлжит наадам /Эвент/-ыг зургаа дахь жилдээ Хэнтий аймагт 11 дүгээр сарын 1-3-нд зохион байгуулах талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
Нүүдэлчин ард түмний ахуй, соёлын салшгүй нэг хэсэг болсон морьтон монголчуудын уламжлалт адууны өв соёл, ахуйгаа өнөө үеийнхэнд таниулан сурталчилах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулдаг. түүхэн аялал жуулчлалын бүс нутаг хэмээгддэг Хэнтий аймагт болох “Талын түмэн адуу” наадам нь ЕБС-ийн сурагчдын амралтын үеэр тохиож байгаа бөгөөд иргэд гэр бүлээрээ эрүүл цэвэр агаарт гарч Монголын түүх, адууны өв соёлоо танин мэдэж, уламжлалт малчин ахуйг бие, сэтгэлээрээ танилцах төдийгүй сонирхсон ахуй соёлын уралдаанд оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой.
Энэ удаагийн наадмыг БОАЖЯ, Соёл урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров болон бусад хувийн хэвшлийн нэгжүүдийн дэмжлэгтэй “Мөнх харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. “Талын түмэн адуу” эвентэд улс, аймгийн аварга адуучид болон адуу сохирхогч залуус 2000 адуун сүрэгтэйгээ оролцох юм.
“Тус наадмыг Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2015 оноос жил бүр тэмдэглэж байна. Мөн Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах төдийгүй өвлийн улиралд адуу маллах нүүдэлчин өв соёл уламжлалыг хадгалж үлдэх, орон нутагтаа адуучны ур чадвар, ухааныг алдаршуулан өвлүүлэх чухал ач холбогдолтой” гэдгийг Соёл урлагийн газрын ажилтан Н.Болормаа онцоллоо.
“Талын түмэн адуу” наадмын хөтөлбөрийг танилцуулахад: Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын уралдаан, “Торгон тар” морьдын богино зайн бооцоот уралдаан, Хэнтий аймгийн хэмжээнд “Шилмэл гүү” шалгаруулалт, Адууны зүс нэршлийн танилцуулга, Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа, Уран уургач шалгаруулах “Шургуу 2019” тэмцээн, Эмнэг булгиулах үзүүлбэр тэмцээн, Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн хийцийн нэгдсэн үзэсгэлэн, Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт, “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн, Удамт Монгол хүүхдийн морьтой жагсаал /парад/, Наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт зэргийг зохион явуулах бөгөөд сонирхсон иргэд эдгээр уралдаан, наадам, тэмцээн, үзэсгэлэнд оролцон өөрийн ур чадвараа сорих нь нээлттэй аж.
19 сэтгэгдэл