Шинэхэн дарга нарын шинэ томилгоо
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн хамтарсан Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл яамдуудын тоог нэмэхгүйгээр хуучин хэвээр үлдээж, зөвхөн Шадар сайдын тоог нэмж, зарим яамны нэршил болон чиг үүргийн зохицуулалтыг шинэчлээд буй юм. Монгол Улсын Засгийн газарт яамны зохион байгуулалтын бүтцийг холбогдох хуульд заасан эрхлэх асуудлын хүрээ, яамны стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгод нийцүүлж оновчтой тодорхойлж, яам, агентлагийн чиг үүрэг шилжсэн бол орон тоог хасаж, бууруулахгүй байх, Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, халахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Тэгвэл Ньюс.мн сайт өнгөрсөн хугацаанд хийгдсэн томилгоонуудыг нэгтгэн хүргэж байна.
Т.ПҮРЭВХАТАН АЖИЛТАЙГАА ЗАЛГАВ
Хамтарсан Засгийн газарт Ардчилсан намаас найман сайд орж ажиллаж буй. Тухайлбал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар АН-ын жагсаалтад багтаж, УИХ-д дахин сонгогдсон Ж.Батсуурь томилогдсон. Тэрбээр өөрийнхөө орон тооны зөвлөхөөр Т.Пүрэвхатаныг томилсон юм. Т.Пүрэвхатаны хувьд УИХ-ын 2024 оны сонгуултд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон. Тэрбээр, Ардчилсан намын дэд даргын албан тушаалтай.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ ТНБД-ЫН ҮҮРГИЙГ С.ТӨМӨРХҮҮ ГҮЙЦЭТГЭНЭ
УИХ-ын сонгуулийн VI тойрогт нэр дэвшээд мөн л өвдөг шороодсон хүн бол С.Төмөрхүү. Тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн нэр дэвшигчдийн хувьд ялалт байгуулж чадаагүйн цаана сэтгэлзүйн болоод санхүүгийн хувьд давхар дарамтад ордог. Тойрогт нэр дэвшихийн тулд намдаа хандив өргөхөөс гадна тойрогтоо тэрбум төгрөгөөр хэмжигдэх хэмжээний мөнгө зарцуулсан нөхөдөө гаргуунд нь гаргах боломжгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар хуралдааны 5.2 дахь тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 02 дугаар тушаалыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг С.Төмөрхүүгээр түр орлон гүйцэтгүүлэхээр 2024.08.01-ны өдөр томиллоо.
ЦЕГ-ЫН ДЭД ДАРГААР ЦАГДААГИЙН ХУРАНДАА Н.МӨНХЗУЛЫГ ТОМИЛЛОО
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар О.Ганбат, Т.Ганзориг нар ажиллаж байсан билээ. Тэгвэл Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан Дэд дарга Т.Ганзоригийг чөлөөлж, Н.Мөнхзулыг томилжээ. Тэрбээр, хууль сахиулах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх ажилд 22 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд хууль зүйн доктор, дэд профессор цолтой юм. Тэрбээр, цаашид дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцан ажиллах юм.
ТНБД Б.БАТЦЭЦЭГИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ, ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛЛОО
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр/2024.08.07/ боллоо. Хуралдаанаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны ТНБД Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байна. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм аж
ЕРӨНХИЙ САЙДАД РЕППЕР Б.ГАНТУЛГА ЗӨВЛӨНӨ
Реппер Сексцагаанбогд буюу Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Гантулгыг томилсон. Залуучуудын асуудал хариуцаж ажиллана" хэмээн мэдэгдсэн юм. Б.Гантулгаас залуучуудын асуудалд дээр хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах талаар тодруулахад ажлын төлөвлөгөө гаргаад эргэн хариу өгөх талаараа мэдэгдсэн юм. Түүнийг сонгуулийн үеэр МАН болон өнөөгийн Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн агаад үүнээсээ болж олон нийтийн шүүмжлэлийн бай болж байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр, Ерөнхий сайдын зөвлөх болтлоо дэвшиж ямартай ч албан тушаалд хүрч чадлаа.
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРТ Д.ГАНТУЛГА ЗӨВЛӨНӨ
Боловсролын сайдын зөвлөхөөр Д.Гантулга томилогдов. Боловсролын сайд П.Наранбаяр нь 2020 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д Д.Гантулгын хамт сонгогдож, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-д тохой нийлүүлэн суусан. Д.Гантулга нь олон улсын зэрэгтэй актуарч, бизнесийн үнэлгээчин бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн гол мэргэжилтэнүүдийн нэг. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн юм.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД Г.ДАШНЯМ ЗӨВЛӨНӨ
Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг томилсон. Тэрбээр, 2023 онд “JET sharing Mongolia”-г үүсгэн байгуулсан юм. Улс төрийн хувьд 2023 оноос Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны Тэргүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон билээ. Өвдөг шороодсон шалтгаанаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс болсон гэж буруутгаж байсан тэрбээр ийнхүү нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллахаар болов.
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ТНБД-ААР НДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.МӨНХЗУЛЫГ ТОМИЛЛОО
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзулыг томилох шийдвэр гаргасан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэг бол Нийгмийн даатгалын ерөнхий газар. Тус газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Мөнхзулыг 2023 оны аравдугаар сарын 26-нд НДЕГ-ын даргын албан тушаалд томилсон байдаг. Түүний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байжээ.
“20 МИНУТЫН ХОТ“ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Б.БАТБОЛД ТОМИЛОГДЛОО
Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн сайд Ажлын албаныхаа даргаар 2012-2016 онд нийслэл Улаанбаатар хотод “Гудамж төсөл”-ийн захирал гэдгээр олон нийтэд танил доктор Б.Батболдыг Ажлын албаны даргаараа томилсон байна.
Б.Батболд нь архитектор, хот төлөвлөгч бөгөөд 2001 онд Японы Хоккайдогийн Их сургуульд энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байдаг. Өнгөрөгч хугацаанд тэрээр Америкийн архитектурын “Кристиан Бергум”, Японы тэргүүлэх “Никкейн сэккэй” компани, мөн “Пассифик консалтинг”, “Альмек” зэрэг компаниуд, Азийн хөгжлийн банкны дэд бүтэц, хот төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх, багийн ахлагчаар тус тус ажиллаж байжээ.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ ТНБД-ААР Э.БАТТУЛГА ТОМИЛОГДОВ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо. Эл шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Тэрбээр өмнө БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн УИХ-ын Тамгын газрын дэд дарга, нийслэлийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.
УИХ ДАХЬ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ БҮЛЭГТ Ц.ЦЭРЭНПУНЦАГ, Б.САРАНЧИМЭГ НАР ЗӨВЛӨНӨ
УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тус бүлэг нь Олон улсын байгаль хамгаалах сангийн консервацтай хамтран “Эрүүл ой” төсөл болон ойн хөнөөлт шавжийн үндэсний менежментийг хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг даргалж, УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн нийт 19 гишүүн ажиллаж байжээ. Шинэ парламент бүрдсэнтэй холбогдуулан бүтцийн зарим өөрчлөлтийг хийхээр тогтсон аж. Учир нь энэ удаагийн УИХ-д таван намын төлөөлөл сонгогдсон учраас бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс олон намын төлөөллийг хангах, байгаль хамгаалах чиглэлд улс төрийн харьяаллаас үл хамааран хууль тогтоох чиглэлд хамтран ажиллахыг эрхэмлэжээ.Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргалж, зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар ажиллахаар тогтжээ.
ДӨРВӨН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН ТУЛ ТЭДНИЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ НАРЫГ ТОМИЛОВ
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шинэ бүрдсэн парламентын гишүүнээр сонгогдсон тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж өнгөрсөн оны наймдугаар сард засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан Ц.Дэнээдоржийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.Тэрбээр МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. УИХ-ын Тамгын газар, Даланзадгад сумын тамгын газарт тус тус ажиллаж байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч юм.
- Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын ээлжит сонгуульд хоёрдугаар тойргоос УИХ-д нэр дэвшин гишүүнээр сонгогдсон тул аймгийн засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Чинбатыг томилжээ.
- Шинээр бүрдсэн ес дэх удаагийн парламентад Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа УИХ-ын II тойрогт нэр дэвшин гишүүнээр сонгогдсон билээ.Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган Ховдын Засаг даргын үүргийг гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилсон байна. Х.Батболдын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу аймгийн Засаг дарга Э.Болормаагийн захирамжаар орлогч даргаар томилогдож байсан аж.
- Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Говийн бүсэд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр М.Анхбаярыг томилжээ.М.Анхбаяр нь 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.